Ирээд, Намайг дага
4-р сарын 15–21. Христийн амилсны баяр: ‘Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ?’


“4-р сарын 15–21. Христийн амилсны баяр: ‘Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ?’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“4-р сарын 15–21. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Бунхант цэцэрлэг

4-р сарын 15–21

Христийн амилсны баяр

“Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ?”

Христийн амилсны баяр бол Аврагчид баясаж, Түүний золиослолд талархах талархлаа гүнзгийрүүлэх үе гэдгийг харахад нь туслахын тулд хүүхдүүдтэй өнгөрүүлж байгаа цагаа ашигла. Энэхүү тоймд байгаа олон санаа ямар ч насны хүүхдэд заахад тань туслахын тулд өөрчлөгдөж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах нь шигтгээ зураг

Хуваалцахад урь

Есүс Христ ба Түүний Цагаатгалын тухай мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдэд туслахын тулд та Аврагчийн Гетсемани, загалмай дээрх болон амилуулалтын дараах зургийг үзүүлж болно (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дахь энэ долоо хоногийн тойм доторх зураг болон Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 56, 57, 58, 59,  60-ыг үзнэ үү).

заах нь шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүд

Есүс Христ бол миний Аврагч.

Та Есүс Христийн Цагаатгалын талаар уншихдаа Есүс хүүхдүүдэд ямар их хайртайг мэдрэхэд нь тэдэнд хэрхэн тусалж чадахаа тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бид бүгд нүгэл үйлддэг учраас нүглүүдийн маань төлөө зовж шаналсан Аврагчгүйгээр бид Бурхан дээр эргэж очиж чадахгүй гэдгийг хүүхдүүдэд заа. Хэрэв бид наманчилбал Есүс Христ биднийг нүглээс маань аварч чадна. Толь барьж, хүүхдүүдийг ээлж ээлжээр толинд харуул. Хүүхэд бүр харах үед “Есүс [уг хүүхдийн нэр]-д хайртай бөгөөд Тэр [уг хүүхдийн нэр]-ийг аварч чадна” гэж хэл.

  • Дэлхийн нүглүүдийн төлөө Гетсеманийн цэцэрлэгт зовж буй Есүсийн түүхийг ярихдаа Гетсеманийн цэцэрлэгт залбирч буй Есүс (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 56) зургийг үзүүл (Maтай 26:36–46; Лук 22:39–44-ийг үзнэ үү). Есүс Христийн зовлон шаналлаас болж бид буруу сонголт хийсэн үедээ уучлагдаж чадна гэдгийг тайлбарла. Та мөн “Бүлэг 51: Есүс Гетсеманий цэцэрлэгт зовж шаналсан нь,” Шинэ Гэрээний түүхүүд, 129–132, эсвэл холбогдох видео бичлэгийг ашиглаж болно (LDS.org).

  • “I Feel My Savior’s Love,” Children’s Songbook, 74–75-ыг хамт дуул. Дууны ямар үгс Аврагчийн хайрыг дүрсэлж байна вэ? Хүүхдүүдээс Аврагчийн хайрыг мэдрэхэд нь бусдад хэрхэн тусалж чадахыг асуу.

Есүс амилсан учраас бид дахин амьдарч чадна.

Есүс Христийн ачаар бид болон хайртай хүмүүс маань хэзээ нэгэн өдөр амилуулагдах болно гэдгийг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Христийн Гетсемани болон загалмай дээрх мөн амилалтын дараах зургууд болох Сайн мэдээний зургийн цуглуулга (х. 56, 57, 58, 59,  60) болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тойм дээрх бүтэн нүүр зургийг ашиглан хүүхдүүдэд Христийн амилсны баярын түүхийг заа. Та түүх ярьж байхдаа цөөн хэдэн хүүхдээр зургуудыг бариул. Мариа (Иохан 20:1–18-ыг үзнэ үү) эсвэл Tомас (Иохан 20:24–29-ийг үзнэ үү) гэх мэт Есүсийг амилсных нь дараа харсан хэдэн хүний тухай хүүхдүүдэд хэл.

  • Бид яагаад Христийн амилсны баярыг тэмдэглэдэг болохыг хүүхдүүд мэддэг эсэхийг олж мэд. Христийн амилсны баяраар бид түүхэн дэх хамгийн чухал өдөр буюу Есүс Христийн амилсан өдрийг тэмдэглэдэг гэдгийг тайлбарла. Есүс Христийн амилалтыг дурсан санахын тулд гэр бүл нь юу хийдгийг хуваалцах хүсэлтэй хүүхэд байгаа эсэхийг асуу.

  • Амилуулагдах гэдэг нь бид нас барсныхаа дараа дахин амьдрах гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Есүсийн Христийн ачаар бид амилуулагдах бөгөөд нас барсныхаа дараа дахин амьдарч, дахин хэзээ ч нас барахгүй гэсэн гэрчлэлээ хуваалц.

  • Бээлий ашиглан бид бүгдэд бие (бээлий нь төлөөлдөг) болон сүнс (бидний гар төлөөлдөг) байгаа гэдгийг хүүхдүүдэд заа. Биднийг нас барахад сүнс маань амьдарсаар байдаг боловч бие маань тэгдэггүй. Биднийг амилуулагдахад сүнс болон бие махбод маань дахин нэгддэг. Хүүхдүүдээр ээлжлэн бээлийг өмсүүлж мөн тайлуул.

  • Хамтдаа Children’s Songbook номын 64, 70-р дуу болох “Did Jesus Really Live Again?” эсвэл “Jesus Has Risen” гэх мэт Христийн амилсны баярын дууг дуулж, Есүсийн амилсны дараах зургийг хүүхдүүдэд үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 59, 60, 61).

  • Нас барсан мэддэг хүнийхээ зургийг үзүүл. Есүс Христийн Цагаатгал, Амилалтаар дамжуулан уг хүн амилуулагдана гэсэн гэрчлэлээ хуваалц.

  • Хамтдаа “Jesus Is Resurrected” эсвэл “The Risen Lord Appears to the Apostles” (LDS.org) видео бичлэгүүдийг үз. Христийн амилсны баярын нэмэлт захиасуудыг mormon.org/easter-ээс олж болно.

Христ Мариатай хамт хоосон булшин дээр

Грэг Олсэн, Тэр амилсан

заах нь шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүд

Есүс Христ Гетсеманид болон загалмай дээр миний төлөө зовж шаналсан.

Аврагчийн Цагаатгалыг судлахдаа Христ Гетсеманид болон загалмай дээр тэдний нүгэл, өвчин зовлон, уй гашууны төлөө зовсон гэдгийг мэдэж авч мөн санахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ гэдгээ тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй хамт Лук 22:39–44-ийг уншиж, Maтай 27:29–50-иас сонгосон шүлгүүдийг унш. Гетсеманид болон загалмай дээр Аврагчийн туулсан зүйлийг ойлгоход тусалдаг үгсийг хайж олоход тэднийг урь.

  • Хүүхдүүдэд итгэлийн гуравдугаар тунхгийг чээжлэхэд тусал. Есүс Христэд биднийг нүгэл болон үхлээс аврах хүч бий гэдгийг гэрчил.

  • Хүүхдүүдэд Есүс Христийн Цагаатгалын тухай бусадтай хуваалцаж болох богино үг бэлдэхэд тусал. Тэднийг үгэндээ судар болон гэрчлэлээ багтаахад урамшуул. Хэрэв тэдэнд нэмэлт тусламж хэрэгтэй бол Итгэлдээ үнэнч байх нь (91–98)-аас “Есүс Христийн Цагаатгал” хэсгийг уншиж болно.

Есүс нас барж, амилсан болохоор би дахин амьдрах болно.

Таны заадаг хүүхдүүдийн хайртай хүн хэзээ нэг өдөр нас барах болно. Есүс Христ амилсан учраас бид бүгд амилуулагдах болно гэдгийг мэдэхэд тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 57, 58,  59-ийг үзүүлж, зургуудыг Maтай 27:29–38, 59–60; Иохан 20:10–18 дахь хэсгүүдтэй тохируулахыг хүүхдүүдээс хүс.

  • Хүүхдүүдийг Библийн толь бичгийн “Амилуулалт” хэсгийг дор бүрнээ уншаад, уншиж буй зүйлийнхээ тухай асуулт бичихэд урь. Хүүхдүүдэд асуултуудаа нэг нэгнээсээ асууж, хамтдаа хариултууд олох цаг гаргаж өг.

  • Есүс Христийн эсвэл Амилалтын талаар сурахыг хүсэж байгаа дуугаа олохын тулд Children’s Songbook-ийн сэдвийн индексээс харахад хүүхдүүдэд тусал. Дууг хэд хэдэн удаа хамтдаа дуул. Хүүхдүүдээс энэ дуунаас юу сурсныг асуу.

  • Хичээлээс өмнө хэдэн хүүхдийг Аврагчийн Цагаатгал ба амилуулалтын талаар гэрчлэлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Хүүхдүүдийг гэрчлэлээ гэртээ хуваалцахын тулд бичиж авахад урь.

суралцах нь шигтгээ зураг

Гэртээ суралцахыг дэмж

Сурсан зүйлээ гэр бүлтэйгээ хуваалцахад хүүхдүүдэд туслахын тулд тэднийг энэ долоо хоногт Есүс Христийн тухай дууг гэртээ дуулахад урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Аливааг давтан хийх нь хүүхдүүдэд ашиг тустай. Үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү ай. Ялангуяа бага насны хүүхдүүдээр хийлгэж байгаа үед. Давтлага хийх нь хүүхдүүдэд таны заасан зүйлийг санахад тусална.

үйл ажиллагааны хуудас: Би дахин амьдарна