“8-р сарын 12–18. Ром 7–16: ‘Бузар мууг сайнаар дийлэгтүн’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“8-р сарын 12–18. Ром 7–16,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
8-р сарын 12–18
Ром 7–16
“Бузар мууг сайнаар дийлэгтүн”
Ром 7–16 дахь сайн мэдээний зарчмуудаас зөвхөн цөөн хэд нь энэхүү тоймд багтсан учраас энд гарсан зүйлсээр өөрийгөө бүү хязгаарла. Сурч байхдаа хүлээж авсан сүнслэг өдөөлтүүддээ анхаарлаа хандуул.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Паул ромчуудад хандан бичсэн захидлаа эхлүүлэхдээ “ариун хүмүүс байхаар дуудагдсан” “Бурханы хайртай” хүмүүс хэмээн Ром дахь Сүмийн гишүүдтэй мэндчилсэн. Тэрээр тэдний “итгэл бүх ертөнц даяар тунхаглагдаж [байсан]” хэмээн онцолсон (Ром 1:7–8). Хэдийгээр Паул захидлынхаа ихэнхийг хуурамч үзлүүд, алдаа дутагдалтай зан байдлуудыг засахад зарцуулсан ч эдгээр шинэ Христийн шашинтан хөрвөгчийг үнэхээр Бурханы хайртай ариун хүмүүс хэмээн илэрхийлэхийг хүссэн мэт санагддаг. Паул бусдын зовлонг ойлгох чанараа даруухнаар илтгэн, зарим үед өөрийгөө “золгүй хүн” (Рoм 7:24) мэт бодож байсан ч Есүс Христийн сайн мэдээ түүнд нүглийг даван гарах хүчийг өгсөн гэдгийг илэрхийлсэн байдаг (Иосеф Смитийн Орчуулга, Ром 7:22–27 [Судруудын удирдамж]-ийг үзнэ үү). Тэрээр хайрлуулдаг гэдгээ мэдэхийг хичээж байгаа, ариун хүн болох нь боломжгүй мэт санадаг бид бүгдэд зориулан хайрын зөвлөгөө өгсөн. Тэрээр дэлхийд болон бидний дотор буй бузар муугийн алиных нь хувьд ч “бузар муугаар бүү дийл,” “харин бузар мууг сайнаар дийлэгтүн” (Ром 12:21) хэмээн хэлсэн.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Хэрэв би Сүнсийг дагавал нүглийг давж, Бурхантай хамт өв залгамжлахад бэлтгэж чадна.
Та баптисмын ёслолоор “шинэ амийн дотор” орсныхоо дараа ч (Ром 6:4) Паулын Ром 7-д дүрсэлсэн эгэл хүн болон бидний зөвт хүслүүдийн хоорондох “дайн” буюу дотоод сөргөлдөөнийг мэдэрч байсан байх (Ром 7:23). Харин Паул Ром 8:23–25-д найдварын тухай мөн ярьсан. Та 8-р бүлгээс энэхүү найдварын ямар ямар шалтгааныг олсон бэ? Түүнчлэн “та нарын дотор орших Бурханы Сүнстэй” (Ром 8:9) хамт байхаас ирдэг адислалуудыг эрж олж болно. Та амьдралдаа Ариун Сүнсний нөхөрлөлийг хэрхэн илүү бүрэн дүүрэн эрэлхийлж чадах вэ?
Итгэлтнүүдийг хүлээж байдаг мөнхийн алдар суу мөнх бус байдлын зовлон бэрхшээлээс хамаагүй илүү агуу билээ.
Паулыг энэхүү захидлыг бичсэнээс хэдхэн жилийн дараа Ром дахь гэгээнтнүүд аймшигт хавчлага мөрдлөгөөс болж зовж шаналсан. Хавчлага мөрдлөгийн үед гэгээнтнүүдэд тусалсан байж болох юуг та Ром 8:17–39-өөс олсон бэ? Эдгээр үг тантай болон одоо танд тохиолдож байгаа зовлон бэрхшээлтэй хэрхэн холбогдож болох вэ?
Эдгээр шүлэг болон Линда С.Рийвс эгчийн хэлсэн дараах үгийн хоорондын уялдаа холбоог ол. “Яагаад бид ийм их сорилттой тулгардаг учир шалтгааныг би мэдэхгүй ч авах шагнал нь агуу, мөнхийн хийгээд үүрдийн, төсөөлөхийн аргагүй гайхалтай учраас бид нигүүлсэнгүй хайрт Эцэгтээ энэ бүхний төлөө ийм өчүүхэн зүйлс шаардагдсан гэж үү хэмээн дуу алдах байх гэж би хувьдаа боддог. Хэрэв бид өдөр бүр Тэнгэрлэг Эцэг, Аврагчийн биднийг хайрлах хайр хэчнээн гүн болохыг санаж, хүлээн зөвшөөрөх юм бол Тэдний дэргэд буцаж очихын тулд ямар ч зүйлийг хийхэд бэлэн байх юм. … Хэрэв энэ амьдралдаа туулах зовлон зүдгүүр маань эцсийн эцэст Тэдэнтэй хамт Бурханы хаант улсад мөнх амьдрал, алдар суугаас хүртэх эрхийг олгох тэр зүйл нь юм бол энд бидний юуг үзэж туулсан нь тийм чухал байна гэж үү?” (“Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139).
Таныг хайрлах Бурханы хайрыг “өдөр бүр санаж, хүлээн зөвшөөрөхийн” тулд юу хийхээ шийд.
Паул “урьдаас тогтоосон”, “сонгогдсон”, “урьдаас мэдсэн” хэмээх хэллэгээр юу илэрхийлсэн бэ?
Паул эдгээр хэллэгийг Бурханы зарим хүүхэд дэлхийн бүх үндэстнийг адислахаар онцгой адислал, үүрэг хариуцлагыг хүлээн авахын тулд урьдаас тогтоогдсон буюу өмнө нь томилогдсон байдаг гэдгийг заахын тулд ашигласан (Судруудын удирдамж, “Сонгогдсон”-ыг үзнэ үү). Энэ нь Есүс Христийг дагаж, Түүнтэй адил болох хүүхдүүдийнхээ хүслийн талаар урьдчилан мэддэг Бурханы мэдлэг дээр тулгуурладаг (түүнчлэн Eфес 1:3–4; 1 Петр 1:2-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч, Паул Ром 9–11-р бүлэгт биднийг Израилийн угсаанд хэрхэн орсон эсвэл хэрхэн Сүмийн гишүүн болсноос үл хамааран бүх хүн Есүс Христэд итгэх итгэл, Түүний зарлиг тушаалуудыг дагах дуулгавартай байдлаараа дамжуулан хувийн авралыг хүлээн авах ёстой хэмээн онцгойлон хэлсэн.
Дэлгэрэнгүй мэдээллийг Алмa 13:1–5; Судруудын удирдамж дахь “Урьдчилсан томилолт,” (topics.lds.org)-ыг үзнэ үү.
Паул намайг жинхэнэ гэгээнтэн, Есүс Христийн дагалдагч болоход урьдаг.
Ромын сүүлийн таван бүлэг гэгээнтнүүд хэрхэн амьдрах хэрэгтэй талаар хэдэн арван тодорхой зааварчилгааг агуулдаг. Та энэхүү зөвлөгөөг бүгдийг нь нэг дор хэрэгжүүлэх боломжгүй байж болох ч Сүнсийг сонс. Тэрээр танд өнөөдөр хэрэгжүүлж эхэлж болох нэг юм уу хоёр зөвлөгөөг олоход тусалж чадна. Залбиралдаа Тэнгэрлэг Эцэгтэй хүслүүдээ хуваалцаж, Түүний тусламжийг хүс.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Энэхүү шүлэгт Паулын дүрсэлсэн “дайтах” талаар илүү сайн ойлгоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд ахлагч Шэйн М.Бөүэний “Agency and Accountability” (New Era, Sept. 2012, 8–9) хэмээх өгүүлэл дэх чонын тухай түүхийг хуваалц.
Ахлагч Вилфорд В.Андэрсэний “Сайн мэдээний хөгжим” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 40–42) нэртэй захиас Паулыг хууль, үйлс, итгэлийн талаар юу заасныг дүрслэхэд тусалж чадна. Танай гэр бүлийнхэнд түүний хэлсэн үгсийн талаар ярилцаж, хөгжимтэй болон хөгжимгүйгээр бүжиглэж үзэх нь таалагдаж болох юм. Хөгжимгүй бүжиглэх нь итгэлгүйгээр сайн мэдээг дагахтай юугаараа адилхан бэ?
Бурханы үгийг судлах нь бидэнд эдгээр шүлэгт дүрсэлсэн адислалуудыг хэрхэн авчирдаг вэ? Гэр бүлийн гишүүд дуртай судраасаа хуваалцаж болох юм (мөн 2 Нифай 25:26-г үзнэ үү).
Өөрсдийгөө “Бурханд тааламжит, амьд, ариун тахил” болгох гэдэг ямар утгатай вэ? (Ром 12:1).
Бусдын хувьдаа эрхэмлэдэг зүйлсийг шүүх, марган мэтгэлцэх тухайд өгсөн Паулын зөвлөгөөг судлах нь танай гэр бүлд тустай байж болно. Та бусдын сонголт таныхаас өөр байх тохиолдолд хэрхэн хариулж болох арга замуудын талаар ярилцаж болох юм. Сонголтууд маань бусдад хэрхэн нөлөөлдөг талаар бид яаж илүү анхааралтай байж чадах вэ? “Бусдыг шүүж байна уу? Боль!”, “Цонхоор харах нь” (LDS.org) видео бичлэгүүд энэ сэдвээр нэмэлт ойлголт өгөх боломжтой.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.