Ирээд, Намайг дага
8-р сарын 19–25. 1 Коринт 1–7: ‘Та нар бүгд нягт нэгд’


“8-р сарын 19–25. 1 Коринт 1–7: ‘Та нар бүгд нягт нэгд’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“8-р сарын 19–25. 1 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Коринт

Балаж Балог, Коринт, Өмнөд Грек, Нээлттэй хэлэлцүүлэг, олон нийтийн төв

8-р сарын 19–25

1 Коринт 1–7

“Та нар бүгд нягт нэгд”

1 Коринт 1–7-г уншихдаа төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Эдгээр сэтгэгдэл нь нэг санааг гүнзгийрүүлэн судлах, сурсан зүйлээ бусадтай хуваалцах эсвэл амьдралдаа өөрчлөлт хийх сүнслэг өдөөлтүүдийг багтааж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Паулын Коринтод өнгөрүүлсэн саруудад “коринтчуудаас олон хүн [түүний] үгийг сонсоод итгэж, баптисм хүртэцгээж байлаа” (Үйлс 18:8). Хэдхэн жилийн дараа Коринтын гэгээнтнүүдийн дунд “хагарал” болон “мэтгэлцээн” бий болсныг мөн түүний эзгүйд тэд “ертөнцийн мэргэн ухааныг” (1 Коринт 1:10–11, 20) анхаарч эхэлсэн тухай сонсох нь Паулын хувьд зүрх эмтрэм байсан нь гарцаагүй. Паул үүнд хариу болгон эдүгээ бидний мэдэх 1 Коринт хэмээх захидлаа бичжээ. Энэ нь маш гүн сургаалаар дүүрэн байхын зэрэгцээ гэгээнтнүүд өөрсдөд нь өгөхийг хүссэн бүх сургаалыг хүлээн авахад бэлэн биш байгаад Паул сэтгэл дундуур байсан мэт харагддаг. Тэрээр “Ах дүү нар аа, сүнслэг хүмүүстэй ярихын адил би та нартай ярьж чадсангүй,” “учир нь та нар одоо хүртэл махан биеийнхээ дагуу байна” (1 Коринт 3:1–3) хэмээн гашуудсан. Бид Паулын үгсийг уншихад бэлдэхдээ Сүнсийг анхааран сонсох, гэр бүл, бусад гэгээнтэнтэй болон Бурхантай нэгдмэл байхыг хичээх хүслээ мөн үнэнийг хүлээж авахад бэлэн байгаа эсэхээ шалгаж, шинжлэх нь тустай байж болох юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

1 Коринт 1:10–17; 3:1–11

Христийн Сүмийн гишүүд нэгдмэл байв.

Бид Коринтын гэгээнтнүүдийн дунд дутагдаж байсан эв нэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдэхгүй ч өөрсдийн харилцаан дахь эв нэгдлийн дутагдлыг мэднэ. Нэгдмэл байдал тус болох амьдралынхаа нэгэн харилцааны талаар бод. Тэгээд Коринтын гэгээнтнүүдийн дунд дутагдаж буй эв нэгдлийн тухай 1 Коринт 1:10–17; 3:1–11 дээр Паул юу заасныг ол. Та бусадтай илүү бат эв нэгдлийг хэрхэн бэхжүүлэх талаар ямар ямар ойлголт олж авч болох вэ?

Түүнчлэн Moзая 18:21; 4 Нифай 1:15–17; Сургаал ба Гэрээ 38:23–27; 105:1–5 мөн Судруудын удирдамж дахь “Эв нэгдэл”, topics.lds.org-ыг үзнэ үү.

1 Коринт 1:17–312

Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд надад Бурханы мэргэн ухаан хэрэгтэй.

Мэргэн ухааныг олж болох хаанаас ч болов эрэлхийлэх нь сайн мөн бүр урамшуулан дэмжихээр зүйл бөгөөд (2 Нифай 9:29; C ба Г 88:118-ыг үзнэ үү) Паул “энэ ертөнцийн мэргэн ухаан” хэмээн нэрлэсэн хүмүүний алдаатай мэргэн ухааны талаар хүчирхэг үгтэй сэрэмжлүүлэг өгсөн. Та 1 Коринт 1:17–25-ыг уншихдаа энэхүү хэллэг нь ямар утгатай болох талаар тунгаан бодоорой. Паул “Бурханы мэргэн ухаан” гэсэн хэллэгээр ямар утгыг илэрхийлсэн гэж та нар бодож байна вэ? Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд бидэнд яагаад Бурханы мэргэн ухаан хэрэгтэй вэ?

Та Бурханы ажлыг гүйцэлдүүлэх үүргээ биелүүлэхээр хичээж зүтгэхдээ Паулын Коринт дахь гэгээнтнүүдэд зааж байхдаа мэдэрсэн “айдас, үлэмжийн чичрэл”-ийг мэдэрч байсан уу? (1 Коринт 2:3). Та 1–5-р шүлгээс танд урам өгсөн юуг олсон бэ? Та “Бурханы хүчинд” “хүмүүсийн мэргэн ухаанаас” илүү итгэдэг гэдгээ хэрхэн харуулж болох талаар эргэцүүлэн бод.

Мөн Сургаал ба Гэрээ 1:17–28-ыг үзнэ үү.

1 Коринт 2:9–16

Бурханы зүйлсийг ойлгохын тулд надад Ариун Сүнс хэрэгтэй.

Хэрвээ та автомашины эд анги эсвэл дундад зууны үеийн уран барилгын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл юу хийх вэ? 1 Коринт 2:9–16-д цэдэглэснээр “хүмүүний бодол санааг” ойлгож сурах нь “Бурханыхыг” сурахаас юугаараа ялгаатай вэ? Бурханы зүйлсийг ойлгохын тулд бидэнд яагаад Ариун Сүнс хэрэгтэй вэ? Эдгээр шүлгийг уншсаны дараа сүнслэг зүйлсийг илүү бүрэн дүүрэн ойлгохын тулд юу хийх хэрэгтэй гэж танд мэдрэгдэж байна вэ? Паулын үгс гэрчлэлээрээ суларч байгаа хүнд хэрхэн тусалж чадах вэ?

1 Коринт 6:13–20

Миний бие махбод бол ариун нандин зүйл юм.

Коринт дахь олон хүн бэлгийн ёс суртахуунгүй байдал нь хүлээн зөвшөөрөгдсөн зүйл бөгөөд бие махбод бол зугаа цэнгэлийн тулд бүтээгдсэн гэж боддог байсан. Өөрөөр хэлбэл, Коринт өнөөгийн дэлхийгээс тийм ч өөр байгаагүй. Паулын 1 Коринт 6:13–20-д заасан зүйлс цэвэр ариун амьдралаар амьдрахыг хүсэж байгаагаа бусдад тайлбарлахад тус болох юуг танд заасан бэ?

Вэнди В.Нэлсон эгч “Хайр ба гэрлэлт” (Залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалт, 2017 оны 1-р сарын 8, broadcasts.lds.org) хэмээх хэлсэн үгэндээ гэгээнтнүүдийг цэвэр ариун амьдралаар амьдрахад хэрхэн урамшуулан дэмжсэнийг харах нь сонирхолтой байж болох юм. Нэлсон эгчийн дүрсэлсэн хайр, бэлгийн харьцааны талаарх үнэн нь дэлхийн захиасаас ямар ялгаатай байна вэ?

Түүнчлэн Ром 1:24–27; Судруудын удирдамж дахь “Ариун явдал,” topics.lds.org-ыг үзнэ үү.

1 Коринт 7:29–33

Паул гэрлэснээс гэрлээгүй байсан нь дээр гэж заасан уу?

1 Коринт 7-р бүлгийн хэдэн шүлэгт гэрлэлт нь хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна ганц бие хэвээр үлдэж, бэлгийн харьцаанаас бүрмөсөн татгалзах нь илүү дээр хэмээн зөвлөж байгаа мэт санагддаг. Гэсэн хэдий ч, Иосеф Смитийн Орчуулга дахь 1 Коринт 7:29–33 (Судруудын удирдамжийг үзнэ үү) нь бидэнд Паул бүрэн цагийн номлогч байхаар дуудагдсан хүмүүс номлолынхоо үеэр ганц бие хэвээр байвал Бурханд илүү сайн үйлчлэх боломжтой гэдгийг ажигласнаар ийн зөвлөсөн гэдгийг ойлгоход тусалдаг. Их Эзэн гэрлэлт нь Түүний мөнхийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд өргөмжлөлийг хүртэхэд шаардлагатай гэдгийг Паул зэрэг үйлчлэгчдээрээ дамжуулан заасан (1 Коринт 11:11; С ба Г 131:1–4-ийг үзнэ үү).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

1 Коринт 1:10–17; 3:1–11

Гэр бүлийн гишүүдээ эдгээр шүлгийг уншиж байхад илүү эв нэгдэлтэй байхад туслах ойлголтуудыг олохыг тэднээс хүс.

1 Коринт 3:1–2

Та бор хоол идэж, сүү ууж байхдаа эдгээр шүлгийг уншаад, нялх хүүхдүүд насанд хүрэн, өсөж том болдог арга замыг бидний сүнслэгээр өсөж хөгждөг арга замтай харьцуулж болох юм.

1 Коринт 3:1–9

Паул номлогчийн хичээл зүтгэлээ үр суулгахтай харьцуулжээ. Түүний харьцуулалт бидэнд бусадтай сайн мэдээг хуваалцахдаа хэрхэн хандах тухай юуг санал болгодог вэ?

1 Коринт 6:19–20

Паулын адил бие махбодоо ариун сүмтэй харьцуулах нь бие махбодынхоо ариун нандин байдлын тухай заах үр дүнтэй арга байж болох юм. Та энэхүү тоймын хавсралт болсон ариун сүмийн зургийг харуулж болно. Ариун сүмүүд яагаад ариун нандин байдаг вэ? Бидний бие махбод ариун сүмтэй хэрхэн адил вэ? Бид бие махбоддоо ариун сүм мэт хандахын тулд юу хийж болох вэ? (“Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Залуучуудын бат бөх байдлын төлөө, 35–37-г үзнэ үү) Хэрэв боломжтой бол хамтдаа ариун сүмд ор эсвэл ариун сүмийн гаднах талбайд оч. Энэ нь ариун сүм, бие махбодынхоо ариун нандин байдлын тухай ярилцах яриаг илүү баяжуулж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөртөө тэвчээртэй ханд. Биднийг сайн мэдээнээс суралцаж байхад бор хоолноос өмнө сүү байдаг хэмээн Паул заасан (1 Коринт 3:1–2-ыг үзнэ үү). Хэрэв зарим сургаалыг ойлгоход хэцүү байвал тэвчээртэй байгаарай. Итгэлтэй байж, хичээнгүйлэн суралцах үед хариулт нь ирэх болно гэдэгт итгэ.

Дөрвөн ариун сүм

Паул бидний бие махбодыг ариун сүмийн ариун нандин байдалтай харьцуулсан. Зүүн дээд талаас цагийн зүүний дагуу: Мексикийн Тихуана ариун сүм, Тайванийн Тайпэй ариун сүм, Гондурасын Тэгусигалпа ариун сүм, Техасын Хьюстон ариун сүм.