“8-р сарын 26-аас 9-р сарын 1. 1 Коринт 8–13: ‘Та нар Христийн бие’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“8-р сарын 26-аас 9-р сарын 1. 1 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
8-р сарын 26-аас 9-р сарын 1
1 Коринт 8–13
“Та нар Христийн бие”
Таныг 1 Коринт 8–13-ыг уншиж байхад Ариун Сүнс тантай намуухан ярьж болно (Хаадын дээд 19:11–12-ыг үзнэ үү). Эдгээр сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь суралцаж байх үедээ мэдэрсэн мэдрэмж, бодлоо эргэн санахад тус болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Паулын үед Коринт Ромын эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирсэн оршин суугчидтай чинээлэг худалдааны төв газар байсан юм. Уг хотынхны маш олон өөр төрлийн соёл иргэншил, шашин шүтлэг дунд Коринт дахь Сүмийн гишүүд эв нэгдлээ хадгалан үлдэх гэж зовж байв. Тиймээс Паул тэдэнд Христэд итгэх итгэлдээ эв нэгдлийг олоход нь туслахыг оролдож байсан. Энэхүү эв нэгдэл нь зөвхөн амар тайван зэрэгцэн оршихоос илүү зүйл байсан бөгөөд Паул тэднээс ердөө л бие биенийхээ ялгаатай байдлыг тэвчихийг хүсээгүй. Харин тэр Есүс Христийн Сүмд элсэхдээ та нар “нэг бие уруу баптисм хүртсэн” ба биеийн хэсэг бүр нь хэрэгтэй хэмээн заасан (1 Коринт 12:13). Нэг гишүүнээ алдвал нэг эрхтнээ алдаж байгаатай адил бөгөөд үр дүнд нь бие улам сул дорой болно. Нэг гишүүн зовох үед бид бүгдээрээ түүний зовлонг үүрэлцэж, үүнээс ангижрахад нь туслахын тулд хүн бүр өөрт оногдсоноо хийх хэрэгтэй. Энэ төрлийн эв нэгдэлд ялгаатай талууд нь зөвхөн танигдаад зогсохгүй үнэлэгддэг. Учир нь өөр өөр авьяас, чадвартай гишүүдгүй бол бие нь бүрэн бус, хязгаарлагдмал байх болно. Та сүмд байхдаа үргэлж гэртээ байгаа юм шиг санагддаг эсвэл энэ үнэхээр байх ёстой газар минь мөн үү гэж бодож байгаа бол танд зориулсан Паулын захиас эв нэгдэл бол адилхан байх гэсэн үг биш гэсэн захиас юм. Танд гэгээнтэн найзууд тань хэрэгтэй, гэгээнтэн найзууддаа ч та хэрэгтэй.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Бурхан уруу таталтаас ангижрах арга замаар хангадаг.
Сүнслэг туршлагууд, бүр гайхамшигтай туршлагууд ч “хүнд тохиолддог л” (1 Коринт 10:13) уруу таталтуудаас биднийг чөлөөлдөггүй. Энэ нь Мосегийн үеийн израильчууд агуу гайхамшгуудыг харсан атлаа уруу таталттай хэрхэн тэмцэлдэж байсан тухай Паулын бичсэн нэг шалтгаан байж болно (Египетээс гарсан нь 13:21; 14:13–31). 1 Коринт 10:1–13-ыг уншихад израильчуудын туршлагын ямар сэрэмжлүүлэг нь таны хувьд тохиромжтой санагдаж байна вэ? Тэнгэрлэг Эцэг таныг уруу таталтаас “ангижрах” ямар аргаар хангасан бэ? (мөн Aлмa 13:27–30; 3 Нифай 18:18–19-ийг үзнэ үү).
Ариун ёслол нь биднийг Есүс Христийг дагагчдын хувиар нэгтгэдэг.
Хэдийгээр ариун ёслол нь хувь хүн, Их Эзэн хоёрын хоорондын амлалтыг хамруулсан боловч гэгээнтнүүдийн биеийн хувьд бараг үргэлж хамтдаа ариун ёслолоос хүртдэг бусадтай хуваалцдаг туршлага юм. Ариун ёслолын талаар Паул юу гэж заасныг уншаад, энэхүү ариун нандин ёслол нь хэрхэн “олныг” Христэд “нэг” болоход тусалж болох талаар бод (1 Коринт 10:17). Та бусад итгэгчийн хамт ариун ёслолоос хүртсэнээр хэрхэн хүчирхэгжиж болох вэ? Энэ нь ариун ёслолоос хүртэх арга барил, баптисмын гэрээгээ сахихаар хичээж байгаа байдалд тань яаж нөлөөлөх вэ?
Паул яагаад толгойгоо бүтээх тухай болон үсний хэв маягийн талаар бичсэн бэ?
Тэрээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон Их Эзэний хоорондын харилцааны талаар заахын тулд хувцаслалт, цэмцгэр байдлын уламжлалт ёс заншлыг дурдсан. Өнөө үед бид эдгээр ёс заншлыг дагадаггүйгээс гадна 1 Коринт 11:11 дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёулаа Их Эзэний төлөвлөгөөнд гэрлэлт болон сүмд хэрэгтэй байдаг гэсэн Паулын тунхгаас суралцаж болно. Ахлагч Дэвид А.Бэднар өргөмжлөл өөд хамтдаа өсөж хөгжихдөө “эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэсээ суралцах, нэг нэгнээ хүчирхэгжүүлэх, адислах, төгс болгохын тулд бүтээгджээ” хэмээн заасан (“Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50 мөн Maрк 10:6–9-ийг үзнэ үү).
Сүнсний бэлгүүд нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн ашиг тусын тулд өгөгдсөн.
1 Коринт 12–13 дахь сүнсний бэлгүүдийн жагсаалт нь бүгдийг хамраагүй. Гэвч энэ нь Тэнгэрлэг Эцэгийн танд өгсөн сүнсний бэлгүүдийг таньж мэдэн, тунгаан бодож эхлэх тохиромжтой цэг билээ. Судруудын удирдамж дахь “Сүнсний бэлгүүд” (topics.lds.org) хэсэг нь танд эдгээр бэлгийг илүү сайн ойлгоход туслах болно. Та бусдаас болон өөрөөсөө мөн судрууд дахь хүмүүсээс харсан бэлгүүдээ Паулын жагсаалт дээр нэмж болно. Хэрэв та патриархын адислалаа авсан бол энэ нь зарим сүнсний бэлгийг тань дурдсан байж болно. Эдгээр бэлэг нь бидэнд Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн тусалдаг вэ? “Үлэмж агуу бэлгүүдийг” (1 Коринт 12:31) эрэлхийлэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бод.
Түүнчлэн Moронай 10:8–21, 30; Сургаал ба Гэрээ 46:8–26; Итгэлийн тунхаг 1:7-г үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үедээ гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд сүнслэг мэдрэмжийг эрэлхийл. Дараах зөвлөмжүүд тус болж мэднэ.
Паул сайн мэдээний дагуу амьдрахыг уралдаанд гүйхтэй харьцуулсан болохоор түүний гол санааг харуулахын тулд гэр бүлээрээ уралдаж болно. Уралдааныг дуусгасан хүн бүрд титэм гардуулж өгөөд, энэ амьдралд Есүс Христийг дагахдаа дуулгавартай байсан бүх хүн “үл муудах” шагналыг хэрхэн хүртэх тухай ярилц (1 Коринт 9:25 мөн 2 Tимот 4:7–8-ыг үзнэ үү). Гүйлтийн аварга уралдаанд бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Үүний адил бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход бэлтгэхийн тулд юу хийж чадах вэ?
Хүн бүрд гэр бүлийн өөр нэг гишүүний нэрийг дээд захад нь бичсэн цаас өг. Тухайн хүнээс ажигласан сүнсний бэлгүүдийг жагсаан бичихийг хүн бүрээс хүс. Дараа нь хүн бүр гэр бүлийнхээ гишүүн бүрийн бэлгийн талаар бичих хүртэл цааснуудыг тойруулан дамжуул.
Яагаад Есүс Христийн тухай гэрчлэлийг олж авахад Ариун Сүнс хэрэгтэй байдаг вэ? Бид Түүний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд Ариун Сүнсийг урихын тулд юу хийж болох вэ?
Бие махбодын талаарх Паулын адилтгал гэр бүлийн эв нэгдлийн тухай ярилцах дурсгалтай арга зам байж болох юм. Тухайлбал, гэр бүлийн гишүүд зөвхөн нүд эсвэл чихнээс бүрдсэн хүний бие зурахыг оролдож болно (17-р шүлгийг үзнэ үү). Эдгээр шүлэг нь бид гэр бүлийн хувьд бие биедээ хэрхэн хандах талаар юу санал болгодог вэ?
Энэрлийн талаарх Паулын тодорхойлолт танай гэр бүлийг сүнслэгээр өдөөх уриа болж болно. Та гэр бүлийн гишүүн бүрд 4–8-р шүлэг дэх хэллэгүүдийг судлах үүрэг өгөөд, бусад гишүүндээ тодорхойлолт, жишээ, хувийн туршлагаа ашиглах нь ямар утгатай болох талаар зааж болох юм. Аврагч хэрхэн эдгээр зан чанарын үлгэр жишээ болдог вэ? Та мөн эдгээр хэллэг тус бүрийг харуулсан үзүүлэн хийгээд, гэртээ хадаж болно. Бүтээлч бай!
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.