“9-р сарын 9–15. 2 Коринт 1–7: ‘Бурхантай эвлэрцгээ’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“9-р сарын 9–15. 2 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
9-р сарын 9–15
2 Коринт 1–7
“Бурхантай эвлэрцгээ”
Та Паулын коринтчуудад хандаж бичсэн захидлуудыг судлахдаа олж мэдсэн сайн мэдээний зарим зарчмаа бичээд, амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар тунгаан бодоорой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Заримдаа Сүмийн удирдагч байснаар зарим хэцүү зүйлийг хэлэх хэрэгтэй болдог. Энэ нь өнөө үеийн адил Паулын үед ч үнэн байсан. Коринт дахь гэгээнтнүүдэд хандан бичсэн Паулын өмнөх захидал зэмлэлийг багтаадаг ба энэ нь тэдний сэтгэлийг өвтгөсөн. 2 Коринт гэж нэрлэгдсэн захидалдаа тэр хатуу ширүүн үг хэлэхэд нь юу нөлөөлснийг тайлбарлахыг оролдсон байдаг. “Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм” (2 Коринт 2:4). Та удирдагчаасаа залруулгын үг хүлээн авах үедээ энэ нь Христийнхтэй адил хайраар нөлөөлөгдсөн юм шүү гэдгийг мэдвэл тустай байх нь гарцаагүй. Хэдий нөхцөл байдал тийм биш байсан ч бид бусдыг Паулын мэдэрч байсан шиг хайраар харах хүсэлтэй байвал ямар ч дайралтад зохистой байдлаар хариулахад илүү хялбар болдог. Ахлагч Жэффри Р.Холландын зөвлөснөөр “Иймээс хүмүүний алдааны тухайд аядуу зөөлөн хандаж сур, өөрийн алдаа байна уу эсвэл сайн дураараа үйлчилж буй мөнх бус хүмүүсээр удирдуулдаг энэ Сүмд чамтай хамт үйлчилдэг бусад хүний алдаа байна уу хамаагүй. Түүний цорын ганц төгс Хүүг эс тооцвол Бурхан төгс бус хүмүүстэй л ажиллаж ирсэн” (“Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
2 Коринт 1:3–7; 4:6–10, 17–18; 7:4–7
Миний сорилт бэрхшээлүүд адислал байж болно.
Паул үйлчлэлийнхээ үеэр олон зовлон бэрхшээлийг амссан учраас зовлон бэрхшээлийн зорилго, адислалын талаар маш их зүйлийг бичсэн нь гайхмаар зүйл биш юм. Та 2 Коринт 1:3–7; 4:6–10, 17–18; 7:4–7-г уншихдаа сорилт бэрхшээлүүд тань адислал байж болох арга замуудын талаар бодоорой. Жишээлбэл, Бурхан хэрхэн “[таныг] бүх зовлон дотор [тань] тайвшруулдаг” хийгээд хариуд нь та хэрхэн “аливаа зовлонд орогсдыг тайвшруулж” чадах талаар тунгаан бодож болно (2 Коринт 1:4). Эсвэл та “зовсон,” “сандарсан” үедээ ч “бидний зүрхэнд гэрэлтсэн” Есүс Христийн гэрэлд анхаарлаа хандуулж болно (2 Коринт 4:6–10).
Түүнчлэн Moзая 24:13–17-г үзнэ үү.
Би уучилснаараа адислалуудыг хүлээн авч, бусдыг адисалдаг.
2 Коринт 2:5–11-д Паулын дүрсэлсэн эрэгтэйн талаар бид түүнийг зөрчил үйлдсэн (5–6-р шүлэг), Паул түүнийг өршөөхийг гэгээнтнүүдээс хүссэн (7–8-р шүлэг) гэдгээс өөр зүйлийг мэдэхгүй. Биднийг гомдоосон хүний “төлөө хайраа бататгахдаа” бид заримдаа яагаад бүтэлгүйтдэг вэ? (8-р шүлэг). Уучлахаас татгалзах нь бусдыг болон биднийг хэрхэн хохироодог вэ? (7, 10–11-р шүлгийг үзнэ үү). Бусдыг уучлахаас татгалзах нь “биднийг Сатан мэхэлж далимдуулах” нөхцөлийг бүрдүүлдэг гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ? (11-р шүлэг).
Мөн Сургаал ба Гэрээ 64:9–11-ийг үзнэ үү.
Би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай эвлэрүүлэгдэх боломжтой.
Паул “шинэ бүтээл” болох нь ямархуу байдгийг өөр хэний ч адил мэдэж байсан. Тэрээр Христийн шашинтнуудыг хавчин гадуурхагч байснаа Христийн эрэлхэг өмгөөлөгч болсон. Тэрээр “нүглийг үл мэдэгч” Есүс хэрхэн бидний нүглийг авч, биднийг Бурхантай эв нэгдэлтэйгээр сэргээн, Өөрийн “зөвт байдлыг” бидэнд өгч чадахыг мэдэж байсан. Та эдгээр шүлгийг уншихдаа өөр хүнтэй эвлэрүүлэгдэх нь ямар утгатай болохыг бодоорой. Энэ нь Бурхантай эвлэрүүлэгдэх нь ямар утгатай болохыг ойлгоход танд хэрхэн тусалдаг вэ? Таныг Бурханаас холдуулж байж болох зүйлийн талаар тунгаан бод. Та Түүнтэй бүрэн дүүрэн эвлэрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Мөн 2 Нифай 10:23–25-ыг үзнэ үү.
Бурханлаг харуусал наманчлалд хүргэдэг.
Бид харууслыг ихэвчлэн сайн зүйл гэж боддоггүй боловч Паул “бурханлаг харууслыг” наманчлалын чухал хэсэг болох талаар ярьсан. Та дараах судруудаас бурханлаг харууслын талаар юу сурах вэ? 2 Коринт 7:8–11; Aлмa 36:16–21 болон Moрмон 2:11–15. Та бурханлаг харууслыг хэзээ мэдэрсэн бэ? Энэ нь таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Гэр бүлийн тань гишүүд ажлын эсвэл сургуулийн өргөдөл бөглөхдөө хэн нэгнээс итгэмжлэлийн захиа бичиж өгөхийг хүсэж байсан уу? Тэднээс энэхүү туршлагынхаа талаар болон захиан дээр тэдний талаар юу гэж бичсэн байсан тухай ярихыг хүс. Паул гэгээнтнүүдийн амьдрал бол Христ өөрөө “бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр бичсэн” сайн мэдээний итгэмжлэлийн захиатай адил хэмээн заасан. 2 Коринт 3:1–3-ыг уншихдаа бидний үлгэр жишээ хэрхэн “бүх хүнээр уншигдаж, мэдэгдэх” боломжтой сайн мэдээний итгэмжлэлийн захиатай адил болох талаар ярилц. Магадгүй гэр бүлийн гишүүн бүр өөр нэгнийгээ хэрхэн Есүс Христийн шавийн сайн үлгэр жишээ болж байгааг тайлбарласан захиа эсвэл “захидал” бичиж болох юм. Тэд захиануудаа гэр бүлийнхэндээ уншиж өгөөд, тухайн хүндээ өгч болно. Яагаад бидний амьдрал бол “Христийн захиа[нууд]” гэдгийг ойлгох нь чухал вэ?
“Үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхах” гэдэг нь ямар утгатай вэ? Бид харж чадахгүй зүйлсдээ итгэж байгаагаа үзүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?
Гайхалтайгаар өөрчлөгдөж, шинэ бүтээл болдог зүйлсийн жишээг танай гэр бүлийнхэн бодож, олж чадах уу? (энэ тоймын хавсралт болсон зурагнуудыг үз). Эдгээр жишээ Есүс Христийн сайн мэдээ биднийг хэрхэн өөрчилдөг талаар бидэнд юу зааж байна вэ?
Эдгээр шүлэгт цэдэглэснээр “Бурханы үйлчлэгчид” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Бид эргэн тойрныхоо хүмүүст сайн үлгэр жишээ үзүүлэхийн хажуугаар “[ёс бусчуудын] дундаас гарч тусгаар бай” гэсэн Паулын зөвлөгөөг хэрхэн дагаж чадах вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.