“9-р сарын 23–29. Галат: ‘Сүнсээр яв’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“9-р сарын 23–29. Галат,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
9-р сарын 23–29
Галат
“Сүнсээр яв”
Та Галатыг уншиж байхдаа хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглээрэй. Ийн үйлдэх нь тэдгээрийг ирээдүйд санаж, тунгаан бодоход танд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Есүс Христийн сайн мэдээ нь сүнслэг боолчлолоос чөлөөлөгдөх боломжийг олгодог. Гэвч заримдаа сайн мэдээний эрх чөлөөг мэдэрсэн хүмүүс эргээд “бүр дахин боолчлогдохыг хүсдэг” (Галат 4:9). Галат дахь гэгээнтнүүд ийнхүү Христийн санал болгосон эрх чөлөөнөөс нүүр буруулж байсан (Галат 1:6-г үзнэ үү). Галатчуудад зориулсан Паулын захидал тэр үед “Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн” (Галат 5:1) тэрхүү эрх чөлөө рүү эргэн ирэхийг хүссэн чухал дуудлага байсан. Энэ нь түүнчлэн бидний сонсож мөн анхаарвал зохих дуудлага юм. Учир нь нөхцөл байдал өөрчлөгдөж байхад эрх чөлөө, боолчлол хоёрын хоорондох тэмцэл хувирдаггүй. Паулын зааснаар “эрх чөлөө уруу дуудагдах” Галат 5:13) нь хангалттай биш, харин бид Христэд тулгуурлан тэнд “бат зогсох” (Галат 5:1) ёстой.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Христийн хууль надад эрх чөлөө олгодог.
Паул Галатын гэгээнтнүүдийг хуурамч сургаалыг даган замаасаа хазайж байгааг сонсоод, тэдэнд хандан бичжээ. Эдгээр сургаалын нэг нь сайн мэдээг хүлээн авсан харийнхан аврагдахын тулд хөвч хөндүүлж, Мосегийн хуулийн бусад уламжлалыг дагах хэрэгтэй гэсэн сургаал байв. Паул эдгээр уламжлалыг “боолчлолын буулга” (Галат 5:1) хэмээн нэрлэсэн учир нь эдгээр нь гэгээнтнүүдийг жинхэнэ эрх чөлөөг авчирдаг Христийн хуулийн дагуу бүрэн дүүрэн амьдрахад саад болж байсан. Та Паулын галатчуудад өгсөн зөвлөгөөнөөс жинхэнэ эрх чөлөө гэж юу болохыг ойлгоход тань тусалж болох юуг олсон бэ? Мөн та амьдралд тань ямар боолчлолын буулга байж болохыг тунгаан бодож болно. Сайн мэдээний өгдөг эрх чөлөөг мэдрэхэд тань саад болж байгаа ямар нэгэн зүйл байна уу? Христ болон Түүний сайн мэдээ хэрхэн “[таныг] эрх чөлөөтэй болгосон” бэ? (Галат 5:1).
Түүнчлэн 2 Нифай 2:27; 9:10–12-ыг үзнэ үү.
Би Абрахамд амлагдсан адислалын өв залгамжлагч мөн.
Галат дахь зарим гэгээнтэн Абрахамын шууд удам (“үр удам”) биш болохоор Абрахамд амлагдсан адислал, тэр дундаа өргөмжлөлийг хүлээн авахгүй хэмээн санаа зовж байсан. Галат 3:7–9, 13–14, 27–29-д цэдэглэснээр хүнийг “Абрахамын үр” гэж юу тодорхойлдог вэ? Абрахамд амлагдсан адислалууд, түүний үр удмын хувьд бидний өвлөн авч болох адислалуудын талаар Судруудын удирдамжийн “Абрахамын гэрээ”-г үзнэ үү.
Абрахамд Есүс Христийн сайн мэдээ байсан уу?
Бошиглогч Иосеф Смит “Эрт дээр үед амьдарч байсан бүх насны хүмүүс тэнгэрийн тогтолцоонд тоомжиргүй ханддаг байсан гэж олон хүн таамагладаг ч бид үүнд итгэж болохгүй. Учир нь бүх цаг үед буюу Христийг ирэхээс өмнө мөн дараа нь амьдарч байсан аврагдсан хүмүүс энэхүү гэтэлгэлийн агуу төлөвлөгөөний хүчээр аврагдсан юм. … Абрахам өргөл өргөсөн. Гэсэн ч түүнд Сайн мэдээг заасан” хэмээн тайлбарласан (“The Elders of the Church in Kirtland to Their Brethren Abroad,” The Evening and the Morning Star, Mar. 1834, 143, josephsmithpapers.org). Мөн Хиламан 8:13–20; Moсе 6:50–66 гэсэн судрууд Есүс Христийн сайн мэдээг Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллаас өмнө номлож байсан гэдгийг харуулдаг.
Хэрэв би “Сүнсээр явбал” “Сүнсний үр жимсийг” хүлээн авах болно.
Эдгээр шүлгийг судлах нь танд Сүнсээр хэр зэрэг бүрэн дүүрэн явж байгаагаа дүгнэхэд туслах боломжтой. Та 22–23-р шүлэгт дурдагдсан Сүнсний үр жимсийг хүртэж байгаа юу? Та сүнслэг амьдралын өөр ямар үр жимс эсвэл үр дүнг анзаарсан бэ? Энэхүү үр жимсийг илүү гүйцэд боловсруулахын тулд юу хийх хэрэгтэйгээ тунгаан бод. Энэ үр жимсийг боловсруулах нь таны амьдралын чухал харилцаануудыг хэрхэн сайжруулж болох вэ?
Та Сүнсээр явахыг хичээсэн ч таны хичээл зүтгэл амлагдсан үр жимсийг ургуулахгүй байгаа мэт санагдаж магадгүй. Галат 6:7–10-ыг унш (ихэвчлэн ургацын хууль гэгддэг). Эдгээр шүлэгт Их Эзэний танд зориулсан ямар захиас байгаа гэж танд санагдаж байна вэ? Та эдгээр шүлгийг сайн мэдээг дагахдаа бэрхшээлтэй тулгарч байгаа хүнийг урамшуулахад хэрхэн ашиглаж болох вэ?
Мөн Aлма 32:28, 41–43; Сургаал ба Гэрээ 64:32–34-ийг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
“Итгэлээр амьдрах” гэдэг нь ямар утгатай вэ? Таныг итгэлээр амьдарч байгаа гэдгийг харуулахын тулд танай гэр бүл юу хийж байна вэ?
Та хааны зарц нар болон түүний хүүхдүүдийн хоорондын ялгааг хэлэлцсэнээр Галат 4-ийг танилцуулж болно. Хааны хүүхдэд зарцад байхгүй ямар боломж, бололцоонууд байдаг вэ? 1–7-р шүлгийг хамт уншихдаа энэ талаар бодоорой. Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэгтэй харилцах бидний харилцааны талаар юу заадаг вэ?
Галат 5:22–23-ын талаарх ярилцлагаа илүү хөгжилтэй болгохын тулд “Сүнсний үр жимсийг” дүрслэхдээ ашигласан Паулын үгсээр өөр өөр төрлийн жимснүүдэд шошго тавьж болно. Тэгээд гэр бүлийн гишүүн бүр нэг нэг жимс сонгон авч, үүнийгээ тодорхойлон, тэр жимс мэт үлгэр жишээ болсон хэн нэгний талаар ярьж болно. Энэ нь Сүнсийг гэр орондоо урих болон уг жимсээ боловсруулж болох арга замуудын талаар ярилцахад танай гэр бүлийнхнийг чиглүүлж болох юм. Ярилцлагын дараа хамтдаа жимсний салад идэж болно.
Танай гэр бүлээс нэг нь “ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн” тохиолдол байж болно. Та тийм тохиолдолд юу хийх талаар Галат 6:1-ээс ямар зөвлөмж олсон бэ?
Танай гэр бүл хамтдаа ямар нэгэн зүйл тарьж байсан бол “хүн юу тарьснаа л хурааж авдаг” (7-р шүлэг) гэсэн зарчмыг дүрслэхдээ тэрхүү туршлагаа ашиглаж болно. Эсвэл та гэр бүлийн гишүүдээсээ ямар жимс эсвэл ногоонд дуртайг нь асуугаад, тэр жимс, ногоог ургуулахын тулд юу хийх хэрэгтэй талаар ярилцаж болох юм. (Энэхүү тоймд хавсаргасан зургийг үзүүлэн болгон ашиглаж болно.) Дараа нь танай гэр бүл ямар адислалуудыг хүлээн авахыг хүсэж байгаа болон тэдгээрийг хэрхэн “хурааж авах” тухай ярилцаж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.