Ирээд, Намайг дага
9-р сарын 30-аас 10-р сарын 13. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө’


“9-р сарын 30-аас 10-р сарын 13. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“9-р сарын 30-аас 10-р сарын 13. Ефес,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Гэрэл зургуудаа үзэж буй гэр бүл

9-р сарын 30-аас 10-р сарын 13

Ефес

“Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө”

Та Ерөнхий чуулганы захиасууд ба ефесчүүдэд хандан бичсэн Паулын захидлын хоорондох ямар нэгэн холбоог харж байна уу?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Ефест сайн мэдээ түгэх үед энэ нь ефесчүүдийн дунд “багагүй үймээн” (Үйлс 19:23) дэгдээв. Тэрсүүд үзлийн охин тэнгэрт зориулан хиймэл шүтээнүүдийг хийдэг орон нутгийн гар урчууд Христийн шашныг амьдралынх нь амь зуулгад заналхийлж байна гэж үзсэн бөгөөд удалгүй “тэд хилэгнэн уурлаж, … хот үймээн самуунд автжээ” (Үйлс 19:27–29-ийг үзнэ үү). Ийм нөхцөл байдалд сайн мэдээнд шинээр хөрвөгдөж байна гэж төсөөл. Ефесчүүдийн олон нь энэхүү “үймээн самуун” (Үйлс 19:40) дунд сайн мэдээг хүлээн авч, үүний дагуу амьдарч байсан ба Паул тэдэнд “Христ … Өөрөө бидний энх тайван” (Eфес 2:13–14) гэж итгүүлсэн. Эдгээр үг нь “аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг” (Eфес 4:31) хэмээх түүний урилгын хамт тэр үеийнхтэй адил одоо ч цагаа олж, тайтгаруулж байгаа санагддаг. Ефесчүүдийн болон таны хувьд дайсантай нүүр тулах хүч “Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотроос” (Eфес 6:10–13) ирдэг.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Eфес 1:4–11, 17–19

Бурхан зарим хүүхдээ аврахын тулд “сонгосон” эсвэл “урьдаас тогтоосон” уу?

Паул гэгээнтнүүдийн талаар Бурханы хүмүүс байхаар Түүгээр “урьдаас тогтоогдсон” ба “ертөнцийн сууриас урьд … сонгогдсон” хэмээн ярьсан. Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн анзаарснаар маш олон хүн сайн мэдээг хүлээн авах боломжгүй байдалд амьдарч мөн нас бардаг нь зарим хүнийг “Бурхан аль хүүхдээ аварч, алинд нь сайн мэдээнээс сонсох боломж олгохоо урьдаас тодорхойлсон бөгөөд сайн мэдээг огт сонсож байгаагүй хүмүүс ердөө л ‘сонгогдоогүй’ байх гэсэн дүгнэлт хийхэд хүргэдэг. Гэхдээ … Бурханы төлөвлөгөө үүнээс хамаагүй энэрэнгүй. Тэнгэрлэг Эцэг маань гэр бүлийнхнийгээ бүрэн цуглуулж, адислахыг тэсэн ядан хүлээж байгаа” (“Бурханы гэр бүлийг цуглуулах нь,”2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4). Бурханы бүх хүүхэд ариун сүмүүдэд хийгддэг нас барагсдын төлөөх ажлаар дамжуулан сайн мэдээг болон үүний ёслолуудыг хүлээн авах боломжтой.

Хэн ч аврагдана эсвэл аврагдахгүй гэж урьдаас тогтоогдоогүй ч хожмын үеийн илчлэлтэд зарим нь энэ дэлхийд тодорхой үүрэг хариуцлага гүйцэлдүүлэхээр мөнх бус амьдралын өмнөх дэлхийд сонгогдсон эсвэл “урьдаас тогтоогдсон” гэж заадаг. Үүнд бүх хожмын үеийн гэгээнтэн сайн мэдээг хуваалцаж, хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдэд Христэд ирэхэд нь туслах үүрэг багтана.

Ефес 1:10

Бурхан “бүх юмсыг Христ дотор нэгтгэх” болно.

Та “цагийн дүүрнийг гүйцэлдүүлэх” гэж юу болох эсвэл “бүх юмсыг Христ дотор нэгтгэх” гэж ямар утгатай талаар бодож байсан уу? Та эдгээр хэллэгийн тухай тунгаан бодохдоо дараах судруудыг уншаарай. Eфес 4:13; 2 Нифай 30:7–8; Сургаал ба Гэрээ 110:11–16; 112:30–32; 128:18–21. Та эдгээр хэллэгийн талаар өөрийн тайлбарыг бичих сүнслэг өдөөлтийг авч болох юм.

Eфес 2:19–22; 4:11–16

Сүм бошиглогч, төлөөлөгчид дээр суурилагдсан бөгөөд Есүс Христ булангийн чулуу нь юм.

Төлөөлөгчид, бошиглогчдын талаар Паулын заасан зүйлсийг унших нь Ерөнхий чуулганы үеэр өнөө үеийн төлөөлөгч, бошиглогчдын захиасыг сонсоход бэлтгэхэд тань туслах боломжтой. Eфес 2:19–22; 4:11–16-д цэдэглэснээр яагаад бидэнд бошиглогч, төлөөлөгчид байдаг вэ? Тэдний сургаал “аливаа номлолын салхинд … туугдалгүй” байхад тань хэрхэн тусалж байсан бэ?

Мөн Үйлс 4:10–12-ыг үзнэ үү.

Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд

Их Эзэн Өөрийнх нь Сүмийг удирдах бошиглогч, төлөөлөгчдийг дууддаг.

Eфес 5:21–6:4

Би гэр бүлийнхээ харилцааг хүчирхэгжүүлж чадна.

Ефес 5:21–6:4-ийг уншиж байхад тань гэр бүлийнхээ харилцааг хэрхэн хүчирхэгжүүлэх тухай ямар ямар бодол төрж байна вэ?

Ефес 5:22 дахь Паулын үгс түүний үеийн нийгмийн уламжлалын байдлаар бичигдсэнийг анзаарах нь чухал. Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчид эрэгтэйчүүд бол эмэгтэйчүүдийн дарга нь биш, харин хань ижил нь буюу “адил тэгш” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, May 2017 145) хамтрагчид байх ёстой хэмээн заадаг. Гэсэн ч Ефес 5:23–33-аас ялангуяа та гэрлэсэн эсвэл гэрлэхээр бэлдэж байгаа бол чухал зөвлөмжийг олох боломжтой. Жишээ нь, Христ гэгээнтнүүдэд хайраа хэрхэн үзүүлдэг вэ? Энэ нь нөхрүүд эхнэрүүддээ хэрхэн хандах талаар юу заадаг вэ? Та эдгээр шүлгээс өөртөө тохирох ямар захиасыг олсон бэ?

Ефес 6:10–18

“Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх” нь хилэнцээс хамгаалахад надад туслах болно.

Та Ефес 6:10–18-ыг уншихдаа Паул яагаад хуяг дуулгын хэсэг бүрийг ийнхүү нэрлэсэн болохыг эргэцүүлэн бод. “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх” нь биднийг юунаас хамгаалах вэ? Та өдөр бүр хуяг дуулгын хэсэг бүрийг бүрэн өмсөхийн тулд юу хийж чадах вэ?

Түүнчлэн 2 Нифай 1:23; Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Ефес 1:10

Хожмын үеийн Сэргээлтээр дамжуулан Бурхан сайн мэдээний бүх зарчим, ёслол зэрэг бүхий л зүйлийг нэг болгон цуглуулж байна. Энэхүү санааг үзүүлэхийн тулд та өнөө үед сэргээгдсэн зүйлсийг төлөөлөх эд зүйлс эсвэл бичсэн хэллэг зэргийг гэртээ нууж болно (жишээ нь, санваарын түлхүүр, ариун сүмийн ёслол, судар болон сүнсний бэлэг байж болно). Гэр бүлийн гишүүд хамтдаа тэдгээрийг эрж хайн, цуглуулж болно. Бид яагаад “цаг хугацааны бүрэн байдлын эрин үед” амьдарч байгаадаа талархалтай байдаг вэ?

Eфес 2:4–10; 3:14–21

Гэр бүлийн гишүүдээ эдгээр шүлэгт дүрслэгдсэн Бурханы болон Есүс Христийн хайр, нигүүлслийг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад урь.

Eфес 2:12–19

Дэрээр эсвэл гэртээ байгаа ямар нэгэн зүйлээр хана босгоод, дараа нь нураах нь гэр бүлийнхний тань хувьд зугаатай байж болох юм. Өнөөдөр хүмүүсийг ямар ямар төрлийн хана тусгаарлаж байгаа вэ? Есүс Христ Бурхан болон бидний хооронд байсан “хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав”.

Ефес 6:10–18

Танай гэр бүл гэртээ байгаа зүйлсээ ашиглан өөрсдийн гэсэн “Бурханы хуяг дуулга” хийж болно. “Бурханы хуяг дуулга” видео бичлэг нь гэр бүлийн гишүүдэд энэхүү хуяг дуулгыг төсөөлөн ойлгоход тусалж болох ба тэд “Бурханы бүрэн хуяг дуулга” (Лиахона, 2016 оны 6-р сар, 70–71) дээрээс энгийн тайлбар олж болно. Хуяг дуулгын хэсэг бүр биднийг сүнслэг байдлаар хэрхэн хамгаалах вэ? Бид өдөр бүр “Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөхөд” (Ефес 6:11) нь нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Суралцах явцыг тань удирдах боломжийг Сүнсэнд олго. Сүнс таныг өдөр бүр сурах ёстой зүйлс рүү тань чиглүүлэхэд, бүр анх судлахаар төлөвлөж байснаас өөр сэдэв рүү чиглүүлсэн ч Сүнсэнд мэдрэмжтэй ханд.

Шинэ Гэрээний үеийн хуяг дуулгатай хүн

Бурханы хуяг дуулгыг өмсөх нь биднийг сүнслэг байдлаар хамгаална.