“10-р сарын 14–20. Филиппой; Колоссай: ‘Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“10-р сарын 14–20. Филиппой; Колоссай,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
10-р сарын 14–20
Филиппой; Колоссай
“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна”
Та хэзээ хамгийн сүүлд Шинэ Гэрээнээс суралцах үедээ бичиж авсан сүнслэг сэтгэгдлээ уншсан бэ? Хүлээн авч байгаа сүнслэг өдөөлтүүдээ эргэн харж байх нь тустай байж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Паул филиппойчууд болон колоссайчуудад хандсан захидлуудаа шоронд хоригдож байхдаа бичсэн. Гэвч эдгээр захидал нь шоронд байгаа хүн бичсэн гэмээр өнгө аясгүй. Паул зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлээс илүү баяр баясал, баярлах, талархах тухай илүү ярьсан байдаг. Тэрээр “Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно” (Филиппой 1:18) хэмээсэн. “Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч … Христэд итгэх та нарын итгэлийн бат байдлыг хараад, баярлан би сүнсээрээ та нартай хамт байна” (Колоссай 2:5). Паулын хүнд хэцүү нөхцөл байдалд хүлээн авсан “Бурханы амар тайван” үнэндээ “бүх оюун ухаанаас дээгүүр” (Филиппой 4:7) байсан ч тэр нь жинхэнэ байсан юм. Бид өөрсдийн сорилт бэрхшээлд энэхүү амар тайвныг мэдэрч, “Эзэний дотор үргэлж баярлаж” чадна (Филиппой 4:4). Паулын адил бид ч бас “дотор [нь] золилт [байдаг]” (Колоссай 1:14) Есүс Христэд бүрэн тулгуурлаж болно. Бид Паул шиг “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13; мөн Колоссай 1:11-ийг үзнэ үү) хэмээн хэлж чадна.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Бид “өөрсдийн авралыг биелүүлдэг” үү?
“Өөрсдийн авралыг биелүүлэгтүн” хэмээх хэллэгийг зарим хүн бид зөвхөн өөрсдийн хичээл зүтгэлээр аврагдах болно гэсэн санааг дэмжихийн тулд хэрэглэдэг. Гэвч энэ нь “нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм” (Eфес 2:8) хэмээх Паулын заасан сургаалыг аврагдахад хичээл зүтгэл хэрэггүй гэсэн утгаар ойлгодгийн адил хязгаарлагдмал үзэл юм. Судрууд, тэр дундаа Паулын бичээсүүд авралыг хүлээж авахад Есүс Христийн нигүүлсэл, хувийн хүчин чармайлт хоёул шаардагддаг гэдгийг тодорхой заадаг. Нифайн хэлснээр “ач ивээлээр л бид аврагдаж чадна …, бидний хийж чадах бүхний дараа буюу” (2 Нифай 25:23). Өөрсдийн авралыг биелүүлэх хүчин чармайлтад ч “та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм” (Филиппой 2:13 мөн Филиппой 1:6; Судруудын удирдамжийн “Ач ивээл”-ийг үзнэ үү).
Есүс Христийн сайн мэдээ гаргасан золиослол бүрийн үнэ цэнтэй.
Паул Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхдөө фарисай хүний хувиар иудейчүүдийн нийгэмд эзэлж байсан байр суурь гэх мэт олон зүйлээсээ татгалзсан. Филиппой 3:5–14-өөс Паул сайн мэдээний төлөө золиослол хийхэд бэлэн байснаар юу олж авсныг эрж ол. Тэр золиослолуудынхаа талаар ямар бодолтой байсан бэ?
Дараа нь та өөрөө ямархуу шавь байгаа талаараа эргэцүүлэн бод. Та Есүс Христийн сайн мэдээний төлөө ямар золиослол хийсэн бэ? Та юу хүлээж авсан бэ? Аврагчийн илүү үнэнч шавь болохын тулд нэмж золиослох хэрэгтэй гэж бодож байгаа зүйл танд байна уу?
Түүнчлэн 3 Нифай 9:19–20; Сургаал ба Гэрээ 58:2–5; Роберт C.Гей, “Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 42–45-ыг үзнэ үү.
Би нөхцөл байдлаасаа үл хамааран Христ дотор баяр баяслыг олж чадна.
Паулын амьдрал ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны илэрхийлсэн үнэний тод томруун жишээ юм. “Бид … амьдралаа … Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг” (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–74) хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон илэрхийлсэн.
Та Филиппой буюу ялангуяа 4-р бүлгийг уншихдаа амьдралынхаа ямар ч нөхцөл байдалд баяр баяслыг олоход тань туслах мэдэгдлийг эрж хай. Та хэзээ сорилт бэрхшээлтэй үедээ “Бурханы амар тайвныг” мэдэрсэн бэ? (7-р шүлэг). Та хэзээ хүнд хэцүү зүйл хийхдээ “Христээр” хүч олж байсан бэ? (13-р шүлэг). Яагаад бүх нөхцөл байдалд “сэтгэл хангалуун байх” нь чухал гэж та бодож байна вэ? (11-р шүлэг). 8-р шүлэг дэх зан чанаруудыг хэрэгжүүлэх нь байгаа нөхцөл байдалдаа баяр баяслыг олоход хэрхэн туслах вэ?
Aлмa 33:23-ыг мөн Дийтр Ф.Угдорфын “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь” үгийг 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 90–93-р хуудаснаас үзнэ үү.
Миний итгэл Есүс Христэд суурилдаг.
Дараах суралцах арга барилыг судрын ямар ч бүлгээс суралцахдаа ашиглаж болох ч ялангуяа Колоссай 1:12–23-ыг судлахдаа ашиглавал хамгийн тохиромжтой. Есүс Христийн талаар ямар нэгэн зүйлийг сурах шүлгүүдийг хайж олоод, олсон зүйлсээ жагсаан бич. Аврагчийн талаарх эдгээр зүйлийг мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Есүс Христийн шавь нар Түүний сайн мэдээний дагуу амьдарснаар “шинэ” болдог.
Та Есүс Христийн сайн мэдээ таныг “шинэ хүн” болоход тусалж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Үүнийг мэдэх нэг арга бол Колоссай 3:1–17-г судлаад, нэг жагсаалтан дээр “хуучин хүний” хандлага, зан чанар, үйлдлийг, өөр нэг жагсаалтан дээр “шинэ хүний” хандлага, зан чанар, үйлдлийг бич.
Эдгээр шүлгийг судалсан нь сайн мэдээ таныг хэрхэн өөрчилж байгаа тухай ямар нэгэн бодол төрүүлж байна уу? Ирээдүйд үүнийгээ дахин харж, өсөлт хөгжлийнхөө талаар тунгаан бодож болохын тулд санаа бодлоо бичиж тэмдэглэ.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Танай гэр бүл баяр баясал эсвэл баярлах хэмээх үгс Филиппойд байнга давтагдаж байгааг анзаарсан байх. Эдгээр үгсийн аль нэгийг олох бүрдээ Паул баяр баяслыг хэрхэн олж авах тухай юу заасан талаар ярилцаж болно.
Бид хэрхэн “дэлхийд гэрэл мэт үзэгдэж” чадах вэ?
Танай гэр бүл энэхүү шүлэг дэх дүрслэлд тохирох “бодож санах” юмсыг тодорхойлж болох юм (түүнчлэн Итгэлийн тунхаг 1:13-ыг үзнэ үү). Танай гэр бүл Паулын зөвлөгөөг дагаснаар хэрхэн адислагдах вэ?
Бид “Бурханы жинхэнэ мэдлэгээр” өсөхийн тулд юу хийж болох вэ? Бид сайн мэдээнээс ямар ямар “мэргэн ухаан болоод мэдлэгийн эрдэнэс” олох вэ?
Танай гэр бүл мод тойрон суугаад эсвэл модны зураг (энэхүү тоймд хавсаргасан зураг байж болно) харангаа эдгээр шүлгийг уншиж болно. Христэд “суурилагдсан” ба “бат үндэслэгдсэн” байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид нэг нэгэндээ сүнслэг үндсээ хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.