“9-р сарын 23–29. Галат: ‘Сүнсээр яв’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“9-р сарын 23–29. Галат,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
9-р сарын 23–29
Галат
“Сүнсээр яв”
Галатыг уншиж байхад ангийн тань хүүхдүүд юунд суралцах хэрэгтэй талаар танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Гэртээ эсвэл сүм дээр хамгийн сүүлд болсон сайн мэдээний хэлэлцүүлгээс сурсан ямар нэгэн зүйлээ зурах хэдэн минутыг хүүхдүүдэд өг. Зургуудыг хурааж аваад, зураг бүр юуг төлөөлж байгааг хүүхдүүдээр таалга.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Ариун Сүнс надад хайр, баяр баясгалан, амар тайванг мэдрэхэд тусалдаг.
Бага насны хүүхдүүд Сүнсний үр жимсийг таньж чадна. Энэ нь амьдралынхаа туршид Ариун Сүнсний нөлөөг эрэлхийлэхэд тэднийг бэлтгэнэ.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хэд хэдэн төрлийн жимсийг эсвэл жимсний зургийг үзүүлээд, жимс бүр ямар амттай болохыг хүүхдүүдээс асуу. Жимс бүр өөр өөр амттай байдгийн адил бид Ариун Сүнсийг хайр, амар амгалан гэх мэт өөр өөр арга замаар мэдэрч болно. Ариун Сүнс тэдэнд хэрхэн мэдрэгддэгийг тайлбарлахыг тэднээс хүс.
-
Галат 5:22–23-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, мэдэхгүй байж болох үгийг нь тэдэнд тайлбарла. Хүүхэд бүрийг эдгээр шүлэгт дурдсан Сүнсний үр жимсийг сонгож, Сүнсний уг үр жимсийг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцахад урь. Хүүхдүүдийг өөрсдийн туршлагыг харуулсан энгийн зураг зурахад урь.
Есүс Христ намайг тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хүсдэг.
Галат 6:2-т өгсөн удирдамж Мозая 18:8-д баптисм хүртэх гэж буй хүмүүст өгсөн Алмагийн сургаалтай адилхан. Энэ боломжийг ашиглан хүүхдүүдэд баптисмын гэрээнд бэлдэхэд нь тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Баптисм хүртэж буй хүүхдийн зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, ду. 104 гэх мэт). Хүүхэд юу хийж байгааг хүүхдүүдээс асуу. Бид баптисм хүртэхдээ гэрээ байгуулж, амлалт авдаг болохыг тайлбарла. Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлцэх нь бидний хийхээр амладаг амлалтуудын нэг гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд туслахын тулд Галат 6:2 эсвэл Мозая 18:8-ыг унш. Хүүхдүүдийг ачаа үүрч яваа хүмүүст хэрхэн тусалж болохыг харуулсан зураг зурахад урь.
-
Галат 6:2 дээрх “Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц” гэсэн хэллэгийг хүүхдүүдэд уншиж өг. Энэ нь ямар утгатай үг болохыг үзүүлэхийн тулд нэг хүүхдэд үүрэх хүнд юм өг. Дараа нь уг хүүхдэд ачааг нь үүрэлцэхэд сайн дураараа туслах хүүхэд байгаа эсэхийг асуу. Өвдөх, урам хугарах, ганцаардах гэх мэт олон зүйл ачаа үүрсэн мэт мэдрэгддэг гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Бид ийм ачаа үүрч байгаа хүнд хэрхэн тусалж болох вэ?
Бидний сайн, муу үйлдлийн аль аль нь үр дагавартай.
Сонголтууд маань үр дагавартай гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах нь маш чухал. Та Галат 6:7–9-ийг ашиглан энэ үнэнийг харуулж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Үр болон ногооны зураг үзүүл. Галат 6:7–9-ийг хүүхдүүдэд уншиж өг. “Тарих” гэсэн үгийг сонсохдоо үр суулгаж байгаа дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Харин “хураах” гэсэн үгийг сонсохдоо ургамал дундаас хүнсний ногоо хурааж байгаа дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс.
-
Хүүхдүүдэд хэдэн төрлийн хүнсний ногоо үзүүлээд, үрийг нь олоход тэдэнд тусал. Үрүүдийг саванд хийж, хүүхдүүдээр нэг нэгээр нь ээлжлэн сонгуулаад, хэрэв суулгах юм бол ямар ногоо ургахыг хэлүүл. Ямар ногоо авахыг үр тодорхойлдогтой адил бидний хийдэг сонголт эцсийн эцэст хүлээн авах адисалуудыг маань тодорхойлдог гэдгийг олж харахад тэдэнд тусал.
-
Шалан дээр наадаг туузаар шугам тат. Шугамын эсрэг талын төгсгөлд аз жаргалтай, гунигтай царайг байрлуул. Нэг хүүхдийг шугамын дунд зогсоход уриад, бусад хүүхдээр аз жаргал эсвэл уй гашууд хүргэх сонголтуудыг хэлүүл (та хэд хэдэн жишээг өгөх хэрэгтэй байж болно). Дунд зогсож байгаа хүүхдээс сонголт бүрийн хариуд аз жаргалтай эсвэл гунигтай тал руу алхахыг хүс. Уг үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтаад, өөр хүүхдүүдэд шугаман дээр ээлжлэн зогсох боломж олго.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Есүс Христ биднийг эрх чөлөөтэй болгодог.
Зарим хүн Есүс Христийн сайн мэдээ тэдний эрх чөлөөг хязгаарладаг гэж боддог. Үнэндээ энэ нь нүгэл, үхлээс чөлөөлдөг болохыг олж харахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Галат 5:1-ийг уншихад урь. Есүс Христ ямар арга замаар биднийг чөлөөлж, Тэнгэрлэг Эцэг рүү эргэж очих боломжийг олгосон бэ? Есүс хэрхэн биднийг нүгэл болон үхлээс чөлөөлснийг хүүхдүүдэд ойлгуулахын тулд Христийн Гетсемани дахь зовлон шаналал болон Амилалтыг харуулсан зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, ду. 56, 59-ийг үзнэ үү).
-
“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал, х. 38) гэх мэт Аврагчийн тухай дууллыг хамтдаа дуулж, үгийг нь авч үз. Есүс Христ хэрхэн биднийг сүнслэг боолчлолоос чөлөөлдөг арга замыг дүрсэлсэн үгсийг энэ дууллаас олж сонсохыг хүүхдүүдээс хүс.
Хэрэв би “Сүнсээр явах” юм бол “Сүнсний үр жимс[нээс]” хүртэх боломжтой.
Та хүүхдүүдэд Ариун Сүнсийг мэдэрч байгаагаа таньж мэдэхэд нь хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхэд бүрд жимсний хэлбэртэй цаас өгөөд, Галат 5:22–23-т дурдсан “Сүнсний үр жимсийг” олохыг тэднээс хүс. Нэг жимсийг цаасны нэг тал дээр бичээд, нөгөө талд нь эсрэг утгатай үгийг бичихэд тэднийг урь. (Тэдэнд мэдэхгүй үгээ ойлгоход нь тусал.) Тэднийг үр жимсээ ангийнхантайгаа хуваалцахад урь.
-
Галат 5:22–23 дахь Сүнсний үр жимсний талаар уншаад, Ариун Сүнс тэдэнд эдгээр үр жимсний аль нэгийг мэдрэхэд тусалж байсан тохиолдлынхоо талаар бичих юм уу зурахад хүүхдүүдийг урь. Бичсэн зүйлээ эсвэл зурсан зургаа ангийнхаа нэг хүүхэдтэй хуваалцахыг тэднээс хүс. Яагаад үр жимсийг ашиглах нь Сүнсний бидэнд хэрхэн нөлөөлдөг талаар ойлгох оновчтой арга зам байдаг вэ?
Бидний сайн, муу үйлдлийн аль аль нь үр дагавартай.
Бидний үйлдлийн үр дагавар заримдаа шууд ирдэг ч заримдаа “цаг нь болохоор” (9-р шүлэг) ирдэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Галат 6:7–9-ийг хамтдаа унш. Нэг жимсний үрийг тариад, өөр жимс хурааж авч байгаа хүний энгийн зураг зурахад хүүхдүүдийг урь. Ийм зүйл болох боломжтой юу? Буруу сонголт хийж, эерэг үр дүнд хүрэх нь хэрхэн үүнтэй адил боломжгүй зүйл вэ?
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрхтэй адилхан төөрдөг байшинг ангиараа хий. Ариун Сүнснээс ирдэг сайн сайхан мэдрэмжийг эсвэл Түүнийг үлдэн хөөх муу сонголтуудыг төлөөлсөн төөрдөг байшин дахь үгнээс өөр үгсийн талаар бодоход хүүхдүүдийг урь. Бодсон сонголтуудынхаа үр дагаврын талаар авч хэлэлц.
-
Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авахыг хүсэж байгаа зарим адислалаа жагсааж бичихэд хүүхдүүдийг урь. Тэдэнд эдгээр адислалыг “хураахын” тулд ямар “үр” тарих ёстой талаар бодоход тусал.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Энэ долоо хоногт гаргасан сайн шийдвэрийнхээ сайн үр дүн буюу “жимсийг” олж харахад хүүхдүүдийг урь. Тэднийг дараагийн долоо хоногт туршлагаасаа хуваалцаж болно гэж хэл.