Ирээд, Намайг дага
9-р сарын 9–15. 2 Коринт 1–7: ‘Бурхантай эвлэрцгээ’


“9-р сарын 9–15. 2 Коринт 1–7: ‘Бурхантай эвлэрцгээ’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

9-р сарын 9–15. 2 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Есүс Христ

9-р сарын 9–15

2 Коринт 1–7

“Бурхантай эвлэрцгээ”

2 Коринт 1–7-г уншсанаар заахад бэлтгэж эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаа өгнө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн тань зарим хүүхэд энэ долоо хоногт гэр бүлийнх нь нэг гишүүн Есүс Христийн шавийн сайн үлгэр жишээг хэрхэн үзүүлдэг тухай захиаг бичсэн байж болно. Хэрэв тэд бичсэн бол захиагаа ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс урьдчилан хүс. Эсвэл хүүхдүүдээс сурч мэдсэн өөр зүйлээ хуваалцахыг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

2 Коринт 1:3–4

Тэнгэрлэг Эцэг намайг тайтгаруулдаг бөгөөд би бусдыг тайтгаруулж чадна.

Та Тэнгэрлэг Эцэг тэднийг тайтгаруулна гэсэн итгэлийг хүүхдүүдэд хэрхэн өгч чадах вэ? Та тэднийг бусдыг тайтгаруулахад хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хөнжил эсвэл шархны боолт гэх мэт тав тухтай байдлыг хангах зүйлсийг ангид авчир. Гуниглаж, айсан эсвэл өөр бусад асуудалд орсон үед тэднийг юу тайтгаруулдгийг хүүхдүүдээс асуу. 2 Коринт 1:3–4-ийг хүүхдүүдтэй хамт уншаад, “зовлон” гэдэг нь хүнд хэцүү асуудал гэсэн утгатай өөр үг гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг таныг тайтгаруулж байсан зарим арга замыг хуваалцаж, хүүхдүүдийг ч мөн адил тайтгаруулна гэдгийг гэрчил.

  • 2 Коринт 1:4 болон Мозая 18:8–9-ийг хүүхдүүдэд уншиж өгч байхдаа баптисм хүртэж байгаа хүмүүсийн зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, ду. 103 болон 104-ийг үзнэ үү). Бид баптисм хүртэхдээ бусдыг тайтгаруулна гэж амладаг. Бид “аливаа зовлонд орогсдыг тайвшруул” гэсэн Паулын зөвлөгөөг хэрхэн дагаж чадах вэ?

  • Хүүхдүүдийг тусламж хэрэгтэй хэн нэгэнд тусалж байгаагаар өөрсдийгөө зурахад урь. Эдгээр зүйлийг хийх нь хэрхэн бусдыг тайтгаруулж болох тухай тайлбарлах боломжийг тэдэнд олго.

2 Коринт 2:7–8, 10

Би бусдыг уучилж чадна.

Бусдыг уучилж өршөөх хүүхдүүдийн хүслийг хүчирхэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагаанаас сонгох юм уу өөрийн бодож олсон үйл ажиллагааг хий.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Паул Коринтын гэгээнтнүүдээс нүгэл хийсэн хүнийг өршөөхийг хүссэн гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. 2 Коринт 2:7–8, 10-ыг уншаад, уучилж мөн уучилсан гэсэн үгийг унших бүрд зүрхэн дээрээ гараа тавихад хүүхдүүдийг урь.

  • Ямар нэгэн хүн муу зүйл хийсэн тохиолдолд хэрхэн хариулахаа жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Тэдэнд “Намайг уучил,” “Би чамайг уучилсан” гэсэн үгийг ээлжлэн хэлэх боломжийг олго. Бид өөрсдийг нь уучилсан гэдгийг мэдэхэд хүмүүст хэрхэн тусалж болох вэ? Нэг арга зам нь “хайраа бататгах” эсвэл тэдэнд хайраа үзүүлэх явдал байж болно гэдгийг тайлбарла (2 Коринт 2:8).

2 Коринт 4:1–2

Би шударга байхад итгэдэг.

Христийн үйлчлэгчид бусдад худал ярьдаггүй бөгөөд “ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгс[дэг]” гэдгийг Паул заасан. Бүх зүйл дээр шударга хандах гэсэн хүүхдүүдийн хүслийг хүчирхэгжүүлж болох арга замуудын талаар тунгаан бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • “Шударга байхад бид итгэдэг” гэсэн өгүүлбэрийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал (Итгэлийн тунхаг 1:13). Хүүхдүүд энэ өгүүлбэрийг чимэглэж, гэртээ зүүж болох цаасан бугуйвчин дээр бич. Шударга байна гэдэг нь үнэнийг хэлж байна гэсэн үг юм.

  • Таныг ямар нэгэн үнэн зүйл хэлэхэд гараа дээш өргөж, харин худал зүйл хэлэхэд доош буулгахыг хүүхдүүдээс хүс. “Өнөөдөр ням гараг” эсвэл “Би гурван хамартай” гэх мэт энгийн боловч ойлгомжтой мэдэгдлүүдийг хэл. Үнэн болон худал мэдэгдлийг хүүхдүүдээр ээлжлэн хийлгүүлж, үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтан хийлгэ. Яагаад шударга байх нь сайн бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

2 Коринт 1:3–4

Тэнгэрлэг Эцэг намайг тайтгаруулдаг бөгөөд би бусдыг тайтгаруулж чадна.

Бурхан тэднийг хэрхэн тайтгаруулж байсныг санах нь бусдыг тайтгаруулах сэдлийг хүүхдүүдэд төрүүлж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 2 Коринт 1:3–4-ийг уншиж байхдаа “Бурханы бидний төлөө юу хийдэг вэ?” гэсэн асуултын хариултыг сонсохыг хүүхдүүдээс хүс. Бурхан биднийг тайтгаруулдаг арга замуудыг жагсаахад хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдийг гунигтай, түгшүүртэй, айдастай байхад нь Бурхан тайтгаруулж байсан туршлагаасаа хуваалцахад урь.

  • Бусдыг тайтгаруулж болох арга замаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдэнд тайтгаруулах хэрэгтэй таньдаг хүнийхээ талаар бодох хугацаа өгч, уг хүнд тусламжийн гараа сунгах төлөвлөгөө гаргахад урь.

2 Коринт 2:5–11

Би бусдыг уучилж чадна.

Хүмүүс бидэнд эелдэг бус хандаж байхад тэднийг уучлах хэцүү байж болно. Гэхдээ таны заадаг хүүхдүүд уучилж сурах явцдаа хайр, амар амгалан, аз жаргалыг мэдрэх болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Коринт дахь нэг хүн нүгэл үйлдэж, гэгээнтнүүдийг “гашуудуулсан” гэдгийг хүүхдүүдэд хэл (2 Коринт 2:5-ыг үзнэ үү). Паул гэгээнтнүүдийг юу хийгээсэй хэмээн хүссэнийг 2 Коринт 2:7–8-аас хайж ол.

  • Та хэн нэгнийг уучилж эсвэл хэн нэгэн таныг уучилж байсан туршлагаасаа мөн танд үүний дараа ямар мэдрэмж төрж байсныг хуваалц.

2 Коринт 5:6–7

Би “үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна.”

Хэдийгээр тэд хүссэн адислалуудаа олж харахгүй байгаа ч Бурханы зарлигуудыг дагахад хүүхдүүдийг хэрхэн урамшуулан дэмжиж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 2 Коринт 5:6–7 болон Алма 32:21-ийг хүүхдүүдтэй хамт уншаад, итгэл гэж юу болохыг тодорхойлоход тусалдаг үг, хэллэгийг олохыг тэднээс хүс. Өөрсдийн тодорхойлолтыг бичиж тэмдэглэн, чанга уншиж, самбар дээр байрлуулахыг тэднээс хүс.

  • Нэг хүүхдийн нүдийг боогоод, бусад хүүхдээс түүнд шоогоор хэрэм барих, эвлүүлдэг тоглоомыг эвлүүлэх, өрөөн дундуур явах зэрэг үйлдлийг хийхэд туслах заавар хэлж өгөхийг хүс. Энэ үйл ажиллагаа Бурханд итгэх “итгэлээр алха[х]” гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ?

  • “Pure and Simple Faith” (LDS.org) видео бичлэгийг үзээд, залуу эмэгтэй хэрхэн итгэлээр алхсаныг хүүхдүүдээс асуу. Бурханд итгэх итгэл хэрэгтэй байсан туршлагаасаа хуваалц. Итгэлээр алхахтай холбоотой ямар нэгэн туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь.

2 Коринт 7:8–11

Бурханы хүслийн дагуух гашуудал нь намайг наманчлалд хөтөлдөг.

Хүүхдүүд ямар нэгэн буруу зүйл хийж байгаад баригдах үед ичиж, зовох нь ердийн зүйл юм. Эдгээр мэдрэмж болон жинхэнээсээ наманчлахад хүргэдэг Бурханы хүслийн дагуух гашуудал хоёрын хоорондын ялгааг олж харахад тэдэнд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Паул гэгээнтнүүдэд нүглүүдийнх нь талаар зоригтойгоор сэрэмжлүүлсэн өмнөх захидлаа 2 Коринт 7:8–11 дээр эш татдаг. Эдгээр шүлгийг хамтдаа унш. Паул яагаад гэгээнтнүүдийг гашуудахад баярласан бэ? Ийм гашуудлыг Бурханы хүслийн дагуух гашуудал гэж нэрлэдэг гэдгийг онцол.

  • Хүүхдүүдээс нүдээ аниад, ямар нэгэн буруу зүйл хийж, үүндээ гэмшиж байснаа бодохыг хүс. “Яагаад би гэмшсэн бэ?” гэж өөрсдөөсөө асуухад тэднийг урь. Хүмүүс ямар нэг буруу зүйл хийснийхээ дараа “Би намайг зэмлэх байх гэж айсан,” “Хүмүүс миний талаар юу гэж бодох бол гэдгээс би санаа зовсон” эсвэл “Тэнгэрлэг Эцэг надад урам хугарна гэдгийг би мэдэж байсан” гэх мэтээр хүмүүсийн яагаад гэмшдэг шалтгааныг самбар дээр бич. Самбар дээр бичсэн хариултуудаас аль нь “Бурханы хүслийн дагуух гашуудал”-тай адилхан байна вэ? Бурханы хүслийн дагуух гашуудал нь яагаад ямар нэгэн буруу зүйл хийсний дараа бидэнд төрдөг өөр төрлийн гэмшлээс илүү байдаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Өнөөдрийн хичээлийн аль нэгэн үйл ажиллагааг гэр бүлийнхэнтэйгээ хамт, магадгүй гэр бүлийн үдшээр хуваалцаж болно гэдгийг хүүхдүүдэд хэл.

Заах чадвараа сайжруулах

Судар үзүүл. Танд утга учиртай санагдсан судрын шүлгийг сонгож, ангидаа хүүхдүүдэд харагдах газар байршуул. Хүүхдүүд тавих судраа ээлжлэн сонгож болно.