“9-р сарын 16–22. 2 Коринт 8–13: ‘Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“9-р сарын 16–22. 2 Коринт 8–13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
9-р сарын 16–22
2 Коринт 8–13
“Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг”
2 Коринт 8–13-ыг хүүхдүүдийг бодон, залбирч судлах үед ангийнхандаа заах хамгийн шилдэг санаанууд танд орж ирэх болно. Заах нэмэлт санаануудыг энэ тоймоос олж авч болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Өмнөх хичээлийн үеэр хийхэд урьсан зүйлээ хүүхдүүдэд сануулах нь тэднийг хоорондоо хуваалцахад урих сайхан арга зам юм. Тэднээс туршлагаасаа хуваалцахыг хүс.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Би тусламж хэрэгтэй хүмүүст баяртайгаар өгч чадна.
Бусдад үйлчлэх нь ямар ч үед сайхан байдаг ч баяртайгаар үйлчлэх нь үүнээс ч илүү сайхан. Хүүхэд бүрийг “баяртайгаар өгөгч” болоход юу сүнслэгээр өдөөх вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг “Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг” (2 Коринт 9:7) гэсэн үгийг давтахад урь. “Баяртайгаар өгөгч” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Аз жаргалтай болон гунигтай царайны зургийг үзүүлээд, аль нь баяртайгаар өгөгч мэт харагдаж байгааг хүүхдүүдээс асуу.
-
“Бусдад туслах дуртай” (Хүүхдийн дууны ном, 108) гэх мэт үйлчлэлийн тухай дууг хэд хэдэн удаа давтаж хамтдаа дуул. Эхлээд хүүхдүүдийг баяр баясгалантай дуулж, дараа нь уг дууг гунигтай, ядарсан, уурласан, айсан гэх мэт өөр өөр мэдрэмж эсвэл хандлагатай дуулахыг тэднээс хүс. Тэнгэрлэг Эцэг биднийг бусдад баяртайгаар туслаасай хэмээн хүсдэг гэдгийг хүүхдүүдэд сануул. Дараа нь дуугаа дахин баяртайгаар дуул.
-
Хүүхдүүдэд инээмсэглэж буй царайтай зургуудыг өг. “Инээмсэглээрэй” (Хүүхдийн дууны ном, 128) дууг дуулж байхдаа инээмсэглэ эсвэл инээмсэглэж буй гэсэн үгсийг сонсох бүрдээ зургаа дээш өргөхийг хүүхдүүдээс хүс. Тэд баргар царайны зураг болон барайх, барайж буй гэсэн үгсийг ашиглан адилхан үйл ажиллагааг хийж болно. Баргар царай нь баясгалантай царай биш бөгөөд баяртай байж, бусдад үйлчлэх нэг арга зам бол инээмсэглэж, бусдад туслах явдал гэдгийг хүүхдүүдэд хэл.
-
Хүүхдийн ангид ирдэггүй хүүхдэд эсвэл тусламж хэрэгтэй хөршдөө анхаарал халамж тавих гэх мэт ангийн үйл ажиллагааг төлөвлө. Та хүнийг гэрт нь эргэж очиж, сайхан зурвас бичин, зураг зурж эсвэл амттан хийж өгөхөөр төлөвлөж болно.
-
Хүүхэд бүрийг гэр бүлийнхээ гишүүнд баяртайгаар үйлчлэх төлөвлөгөө гаргахад урь. Ирэх долоо хоногийн хичээлээр хийсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.
Тэнгэрлэг Эцэг бидний залбирлуудад үргэлж хариулдаг ч хүссэн болгоныг маань дандаа өгөөд байдаггүй.
Бурхан заримдаа хүссэн зүйлийг маань өгөхгүй байснаар хайраа бидэнд үзүүлдэг болохыг “махан бие [дэх] өргөс[өө]” авахуулахын төлөө хийсэн Паулын залбирал заадаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Өргөстэй ургамлыг (эсвэл зургийг) хүүхдүүдэд үзүүл. Биендээ өргөстэй удаан явах ямар байхыг төсөөлөн бодоход тэдэнд тусал. 2 Коринт 12:7–10-ыг хүүхдүүдэд зориулан ойлгомжтой үгээр товчхон ярьж өг. Паулын “махан бие [дэх] өргөс” бол бие махбодын сул дорой байдал гэх мэт сорилт бэрхшээл байсныг тайлбарла. Хэдийгээр Паул өргөсийг нь авахыг Бурханаас гуйсан ч Тэрээр аваагүй юм. Харин үүний оронд Бурхан саад бэрхшээл нь бидэнд даруу байж, Түүнд итгэж найдахад тусалдаг гэдгийг Паулд заасан. Ийнхүү Бурхан биднийг хүчирхэг болгодог.
-
Тэнгэрлэг Эцэг бидэнд юу сайн болохыг мэддэг бөгөөд хэдийгээр энэ нь бидний бодож байгаагаас өөр ч хэрэгтэй зүйлийг маань бидэнд өгдөг гэдгийг гэрчил. Мөн таны залбирлыг хүсэн хүлээж байснаас тань өөр арга зам, цаг хугацаанд хариулж байсан туршлагаасаа хуваалцаж болно.
-
Хүүхдүүдтэй хамт “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн хайрын тухай дуу дуул. Хүүхдүүд Тэнгэрлэг Эцэг залбирлыг сонсож, хариулдаг эсэхэд эргэлздэг хүнд юу гэж хэлэх байсныг тэднээс асуу. Дууг дахин дуулаад, Тэнгэрлэг Эцэг бидэнд хэрхэн ханддагийг дүрсэлсэн мөрүүдийг онцол.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Би тусламж хэрэгтэй хүмүүст баяртайгаар өгч чадна.
Паул гэгээнтнүүдийг өөрсдөд нь илүү байгаа зүйлээсээ ядууст өгч туслахад сүнслэгээр өдөөхийг хүссэн. Та түүний үгийг бусдад үйлчлэхэд хүүхдүүдийг сүнслэгээр өдөөхийн тулд хэрхэн ашиглах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбар дээр 2 Коринт 9:7-ийн чухал үгсийг хоосон орхиж бич. Хоосон зайд ямар ямар үг байгааг таахад хүүхдүүдийг урь. Дараа нь судар дээрээс шүлгийг уншиж, хоосон зайг тэднээр бөглүүл. “Харамгүйгээр, албадлага бусаар” өгөх гэдэг нь ямар утгатай вэ? “Баяртайгаар өгөгч” байх гэдэг нь ямар утгатай вэ?
-
Хүүхдүүдийг Аврагчийн бусдад тусалж буй зургийг олоход тань туслахад урь (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дээр хэд хэдэн зураг байгаа). Эдгээр зургаас олж харсан ямар зүйл Есүсийн бусдад хайраар үйлчилж байсныг олж мэдэхэд тусалж байгааг тэднээс асуу. Ирэх долоо хоногт гэр бүлийн гишүүд эсвэл бусад хүн биднээс гэр орны ажилд болон бусдыг асран халамжлахад туслан үйлчлэхийг хүсэхэд тэгье гэж хэлэх зорилгыг ангиараа тавь.
-
Хүүхдүүдэд жижигхэн чулууг чимэглэхэд тусал. Энэ долоо хоногийн турш бусдад баяртайгаар үйлчлэхийг сануулах үүднээс “үйлчлэлийн чулуунууд” халаасандаа авч явахад тэднийг урь.
-
Бусдад олон янзаар туслах сайхан гэдгийг заадаг “Хөгжилтэй” (Хүүхдийн дууны ном, 129) гэх мэт үйлчлэлийн тухай дууны шинэ бадгийг зохиоход хүүхдүүдэд тусал.
Тэнгэрлэг Эцэг бидний залбирлуудад үргэлж хариулдаг ч хүссэн болгоныг маань дандаа өгөөд байдаггүй.
Паул Бурханаас сул дорой байдлыг нь авахыг хүссэн ч сул дорой байдал нь түүнийг даруусгаж, хүчирхэгжүүлнэ гэдгийг Бурхан мэдэж байсан.
Боломжит үйл ажиллагаанууд
-
2 Коринт 12:9–10 болон Ифер 12:27-г харьцуулахад хүүхдүүдийг урь. Ямар үг, хэллэгийг давтсан байна вэ? Эдгээр шүлэг юу зааж байна вэ? (Паул сорилт бэрхшээлээ биед нь орсон өргөстэй харьцуулж байсан гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж магад.) Бурхан Паулд сорилт бэрхшээлийн тухай юу заасан бэ?
-
Хүмүүсийн амьдралд тохиолддог зарим сорилт бэрхшээлийг жагсаахад хүүхдүүдийг урь. Хүн хэрхэн эдгээр сорилт бэрхшээлээс суралцан, адислагдах боломжтой болохыг бодож үзэхэд тэдэнд тусал.
-
Ямар нэгэн зүйлийн төлөө залбирсан ч уг зүйлээ авч чадаагүй туршлагаасаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэднээс уг туршлагаасаа юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс. Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно. Тэнгэрлэг Эцэг үргэлж бидний залбиралд хамгийн ихээр адислах арга зам, цаг хугацаанд хариулдаг талаарх гэрчлэлээ хуваалц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Энэ долоо хоногт гэр орондоо баяртайгаар өгөгч байж, тусламж хэрэгтэй хүнд хэрхэн тусалснаа дараа долоо хоногт тайлагнахад бэлдэж ирэхэд хүүхдүүдийг урь.