Ирээд, Намайг дага
9-р сарын 2–8. 1 Коринт 14–16: ‘Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн’


“9-р сарын 2–8. 1 Коринт 14–16: ‘Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“9-р сарын 2–8. 1 Коринт 14–16,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Ариун сүмийн баптисмын усан сан

9-р сарын 2–8

1 Коринт 14–16

“Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн”

1 Коринт 14–16-г уншихдаа төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Сүнсний заасан зүйлсийн талаар залбирч, Тэнгэрлэг Эцэгээс таныг илүү ихийг сураасай хэмээн хүсэж байгаа зүйл байгаа эсэхийг асуу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Сүм болон Сүмийн сургаал Коринтынхны хувьд харьцангуй шинэ учир Коринт дахь гэгээнтнүүдэд эргэлзээ төрөх нь ойлгомжтой байсан. Өмнө нь Паул сайн мэдээний үндэс суурийн талаар тэдэнд “Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, … гурав дахь өдөртөө амилуулагджээ” (1 Коринт 15:3–4) хэмээн заасан. Гэвч зарим гишүүн удалгүй “үхэгсдийн амилалт байхгүй” 1 Коринт 15:12) хэмээн зааж эхэлсэн байна. Паул заалгасан үнэнээ “баримтлахыг” (1 Коринт 15:2) тэднээс хүссэн. Бид сайн мэдээний үнэний талаар зөрчилдөөнтэй үзэл бодлуудтай тулгарахдаа “Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн” (1 Коринт 14:33) гэдгийг санах нь зүйтэй. Их Эзэний томилогдсон үйлчлэгчдийг сонсож, тэдний ахин дахин заасан энгийн үнэнээс зууран барих нь бидэнд амар амгаланг олж, “итгэл дотроо бат зогсоход” (1 Коринт 16:13) тусалж чадна.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

1 Коринт 14

Би бошиглолын бэлгийг эрэлхийлж чадна.

Та урьд нь бошиглолын бэлэг гэж юу болох талаар бодож байсан уу? Ирээдүйг урьдчилан хэлэх чадвар мөн үү? Ямар ч хүн энэ бэлгийг хүлээн авч чадах уу? Эсвэл энэ нь зөвхөн бошиглогчдод зориулсан бэлэг үү?

Сүмийн ерөнхийлөгч бол бүхэл Сүмийн төлөө бошиглож, Сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авч чадах цорын ганц хүн юм. Харин Судруудын удирдамж дээр бошиглол гэдгийг “илчлэлтээр дамжуулан Ариун Сүнснээс хүлээн авдаг сүнслэгээр нөлөөлөгдсөн үгс болон бичээсүүд. … Хүн бошиглохдоо өөрийнх нь сайн сайхны төлөө буюу бусдын сайн сайхны төлөө Бурханаас түүнд мэдүүлэхийг хүссэн зүйлийг ярих буюу бичдэг” (Судруудын удирдамж, “Бошиглол, бошиглох,” scriptures.lds.org мөн С ба Г 100:5–8-ыг үзнэ үү) хэмээн тодорхойлсон байдаг. Түүнчлэн Илчлэлт 19:10-т бошиглолын сүнсийг “Есүсийн гэрчлэл” хэмээн тодорхойлдог.

Та 1 Коринт 14:3, 31, 39–40-өөс энэхүү сүнсний бэлгийн талаар юу сурах вэ? Паул коринтчуудыг “эш үзүүлэхийн тулд хүслэн болж тэмүүл” гэж урихдаа ямар утгаар хэлсэн бэ? (1 Коринт 14:39). Та энэ урилгыг хэрхэн хүлээн авч болох вэ?

Түүнчлэн Тооллого 11:24–29; Иаков 4:6–7; Aлмa 17:3; Сургаал ба Гэрээ 11:23–28-ыг үзнэ үү.

1 Коринт 14:34–35

Паул яагаад эмэгтэйчүүдийг сүм дотор чимээгүй бай гэж хэлсэн бэ?

1 Коринт 14:34–35 дахь Паулын заасан сургаал толгой эргэм санагдаж магадгүй. Учир нь тэр энэхүү захидлын эхээр эмэгтэйчүүд залбирч, бошиглож байсан гэж бичсэн байдаг (1 Коринт 11:5-ыг үзнэ үү). Иосеф Смитийн Орчуулгад 34, 35-р шүлэг дэх ярих гэдэг үгийг захирах гэдэг үгээр сольсон. Энэхүү залруулга нь Паул Сүмийн цуглаануудад эрх мэдлийг булаан авахыг оролдож байсан эмэгтэйчүүдийг хэлсэн байж болно гэж санал болгодог. (Мөн 1 Tимот 2:11–12-ыг үзнэ үү.)

1 Коринт 15:1–34, 53–58

Есүс Христ үхлийг ялсан.

Есүс Христийн Амилалт Христийн шашны хувьд маш чухал үндэс суурь болдог бөгөөд үүнгүйгээр Христийн шашин гэж байхгүй байх байсан гэж хэлж болно. Паулын хэлснээр “бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм” (1 Коринт 15:14). Гэсэн ч Коринтын гэгээнтнүүдийн зарим нь “үхэгсдийн амилалт байхгүй” (1 Коринт 15:12) хэмээн зааж байсан. Та 1 Коринт 15 дээрх Паулын хариултыг уншихдаа хэрэв та Амилалтад итгэдэггүй байсан бол таны амьдрал хэр зэрэг өөр байх байсан талаар тунгаан бодоход хэдэн хором зарцуулаарай. Энэ нь таныг хэрхэн адисалсан бэ? Есүс Христ амилсны ачаар танд ямар ямар адислал ирэх вэ? (2 Нифай 9:6–19; Aлмa 40:19–23; Сургаал ба Гэрээ 93:33–34-ийг үзнэ үү). “Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ” гэсэн үг хэллэг таны хувьд ямар утгатай вэ? (17-р шүлэг).

1 Коринт 15:35–54

Амилуулагдсан биес мөнх бус биесээс ялгаатай.

Та амилуулагдсан бие ямар байдаг талаар бодож байсан уу? 1 Коринт 15:35-д цэдэглэснээр зарим коринт хүн үүний талаар бодож байжээ. 36–54-р шүлэг дэх Паулын хариултыг уншаад, мөнх бус биес, амилуулагдсан биесийн хоорондын ялгааг дүрсэлсэн үгс, хэллэгүүдийг тэмдэглэж аваарай. Жишээлбэл, 40–42-р шүлэгт амилуулагдсан биес нар, сар, од нь гэрэлтэх байдлаараа ялгаатайн адил өөр өөр зэрэглэлээр алдар суундаа гэрэлтэх болно хэмээн заадаг (мөн Иосеф Смитийн Орчуулга, 1 Коринт 15:40; С ба Г 76:50–112-ыг үзнэ үү).

Түүнчлэн Aлмa 11:43–45; Лук 24:39-ийг үзнэ үү.

Нар мандах

“Нарны алдар өөр” (1 Коринт 15:41).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

1 Коринт 15:29

Бид 29-р шүлгээс өнөө үед бидний хийдэгтэй адил эрт үеийн гэгээнтнүүд ч бас нас барагсдын төлөөх баптисмд оролцдог байсан гэдгийг сурдаг. Бид гэр бүлээрээ өвөг дээдсийнхээ нэрсийг ариун сүмийн ёслолуудад бэлдэхдээ ямархуу байдалтай байна вэ?

1 Коринт 15:35–54

Та мөнх бус биес амилуулагдсан биесээс ямар ялгаатай болохыг дүрслэхдээ Паулын ашигласан зарим хэллэгийг ойлгоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд ямар үзүүлэн эсвэл зураг үзүүлж болох вэ? Тухайлбал, муудах болон үл муудах (52–54-р шүлгийг үзнэ үү) гэсэн хэллэгүүдийн хоорондын ялгааг харуулахын тулд зэвтэй металл (төмөр) болон зэвэрдэггүй метал (ган) үзүүлж болно. Эсвэл ямар нэгэн сул дорой зүйлийг хүчирхэг зүйлтэй харьцуулж болно (43-р шүлгийг үзнэ үү).

1 Коринт 15:55–57

Хэрэв танай гэр бүлийнхэн нас барсан хүнийг таньдаг бол эдгээр шүлгийн талаарх ярилцлага илүү үр дүнтэй болж чадна. Гэр бүлийн гишүүд Есүс Христ хэрхэн “үхлийн хатгуурыг” (56-р шүлэг) авдаг талаар гэрчлэлээ хуваалцаж болно. Ахлагч Пол В.Жонсоны хэлсэн “Тэнд цаашид үхэл байхгүй болно” (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–113) хэмээх захиас ярилцлагад тань боломжийн нэмэлт санаа өгч болох юм.

1 Коринт 16:13

Энэхүү шүлэгтэй өөрсдийгөө холбож ойлгоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд газарт тойрог зураад, гэр бүлийнхээ нэг гишүүний нүдийг боож, бусад хүн түүнийг тойргоос гаргахыг оролдож байх үед тойрог дотроо “бат зогсохыг” түүнээс хүс. Тойрог доторх хүн нүдээ боохгүйгээр “сэрэмжтэй” байх үед ямар ялгаатай байна вэ? Бид буруу сонголт хийхээр уруу татагдах үедээ амьдралдаа “хүчтэй байж” болохын тулд юу хийж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Хэв маягийг олж хар. Бид судруудаас Их Эзэн Өөрийн ажлыг хэрхэн хийдгийг үзүүлсэн хэв маягийг олж хардаг. Та 1 Коринт 14-өөс бие биедээ хэрхэн зааж, сургахыг ойлгоход маань туслах ямар хэв маягуудыг олох вэ? С ба Г 50:13–23-ыг үзнэ үү.

Христ цэцэрлэгт булшны дэргэд Мариад үзэгдэв

Саймон Дүви, Эмэгтэй, чи юунд уйлна вэ?