Ирээд, Намайг дага
8-р сарын 19–25. 1 Коринт 1–7: ‘Та нар бүгд нягт нэгд’


“8-р сарын 19–25. 1 Коринт 1–7: ‘Та нар бүгд нягт нэгд’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“8-р сарын 19–25. 1 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Коринт

Балаж Балог, Өмнөд Грек, Коринт, Нээлттэй хэлэлцүүлэг, олон нийтийн төв

8-р сарын 19–25

1 Коринт 1–7

“Та нар бүгд нягт нэгд”

Ариун Сүнс танд 1 Коринт 1–7 дээрх сайн мэдээний ямар зарчим таны заадаг хүүхдүүдэд туслахыг олж мэдэхэд тусална. Та эдгээр хэсгийг залбирч судлахдаа Сүнснээс ирсэн бодол, мэдрэмжээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хэдэн хоногийн өмнөөс нэг эсвэл хэд хэдэн хүүхдийг 1 Коринт 1–7-оос ангийнхантайгаа хуваалцаж болох нэг шүлгийг олоход урь. Хэрэв шаардлагатай бол та тэдний эцэг эхийг туслахад урьж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

1 Коринт 2:11–14

Ариун Сүнс надад сайн мэдээний үнэнийг заадаг.

Ариун Сүнсний нэг үүрэг бол бидэнд үнэнийг заах явдал юм. Та хүүхдүүдэд үүнийг ойлгоход туслах ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бидний дэлхийн талаар суралцдаг арга замуудыг төлөөлсөн эд зүйлс эсвэл зургуудыг үзүүл (сургууль, ном, гар утас гэх мэт). Бид эдгээр зүйлийг ашиглан юуг сурч болох вэ? 1 Коринт 2:11, 14-т Паул бид зөвхөн Бурханы Сүнс буюу Ариун Сүнсээр дамжуулан Бурханы талаар суралцах боломжтой гэдгийг заасан байдаг. Бид “Бурханы зүйлс[эд]” суралцахын тулд юу хийж чадах вэ?

  • “Ариун Сүнс бидэнд үнэнийг заадаг” гэсэн өгүүлбэрийн үг бүрийг хэлэхдээ алгаа таш. Хүүхдүүдээс алгаа ташин, үгийг давтахыг хүс. Ариун Сүнс ямар нэгэн үнэнийг олж мэдэхэд тусалж байсан тохиолдлоосоо хүүхдүүдтэй хуваалц.

  • “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хамтдаа дуул. Уг дуунаас Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьж мөн бидэнд юу заадаг талаар өгүүлсэн үг, хэллэгийг олоход хүүхдүүдэд тусал.

1 Коринт 3:10–11

Есүс Христ бол миний суурь мөн.

Хүүхдүүд гэрчлэлийнхээ суурийг тавьж байгаа бөгөөд та тэдэнд Есүс Христ дээр үндэслэсэн бат бөх суурийг тавихад нь тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд 1 Коринт 3:11-ийг уншаад, Есүс Христ бол бидний суурь гэдгийг тайлбарла. Бид гэрчлэлтэй болж чадах зүйлсийнхээ хэд хэдэн зургийг хүүхдүүдэд үзүүлж болно. Жишээ нь, Есүс Христийн зураг. Христийн зургийг суурийн адил хамгийн доор нь, харин бусад зургийг Түүний талаарх гэрчлэл дээр “суурилсан” байдлаар байрлуулахад тэдэнд тусал.

  • “Мэргэн хүн, мунхаг хүн хоёр“ (Хүүхдийн дууны ном, 130) дуунд зориулан хөдөлгөөн зохиож, дууг хүүхдүүдтэй хамт дуул. “Есүс Христ бол миний суурь“ гэж бичсэн чулуу хүүхэд бүрд өг. Тэдэнд сурсан зүйлээ санахад нь туслах зорилгоор чулууг гэрт нь өгч явуул.

  • Аврагчийн амьдралын тухай өгүүлсэн зарим дуртай түүхийг тань харуулсан зургуудыг хуваалцаад, зурган дээр юу болж байгааг хэлж өгөхийг хүүхдүүдээс хүс. Тэдэнд Есүсийн тухай дуртай түүхээсээ хуваалцах боломж олго. Есүс Христ итгэлийн тань суурь болох талаар гэрчлэлээ хуваалц.

1 Коринт 6:19

Миний бие ариун сүмтэй адилхан.

Хүүхдүүд бие махбодоо Бурханы бэлэг гэж хандан бие махбоддоо талархаж, биеэ арчлах илүү их хүсэлтэй болоход нь та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд ариун сүмүүдийн зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх энэ долоо хоногийн тойм-ыг үзнэ үү), 1 Коринт 6:19 дээрх “Та нарын бие бол Ариун Сүнсний сүм” гэсэн үгсийг уншиж өгнө үү. Тэнгэрлэг Эцэг биднээс бие махбодоо ариун сүмтэй адил цэвэр, ариун байлгаасай хэмээн хүсдэг болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Нэг хүүхдийн зургийг үзүүлээд, бидний биед сайн болон муу зүйлсийн зургийг тойруулж тавь. Хүүхдүүдийг нэг нэгээрээ ээлжлэн, сайн зүйлийг олж тогтоон, муу зүйлийг авахад урь.

  • “Толгой, мөр, өвдөг, хөл” (Хүүхдийн дууны ном, 129) гэх мэт бие эрхтний тухай дууг дуулж, яагаад тэд бие махбодтой болсондоо талархах ёстойг хүүхдүүдээс асуу.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

1 Коринт 1:23–25

Бурхан хүнээс илүү мэргэн тул би Түүний сургаалд итгэснээр жинхэнэ мэргэн ухааныг үзүүлдэг.

Зарим хүн Бурханы мэргэн ухаантай харш зүйлийг заадаг болохыг таны заадаг хүүхдүүд хараахан олж мэдээгүй байгаа бол олж мэдэх болно. 1 Коринт 1:23–25-ыг судлах нь Бурхан хүмүүнээс мэргэн ухаантай болохыг хүүхдүүдэд ойлгоход тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 1 Коринт 1:23–25-ыг хамтдаа уншаад, мэргэн ухаан болон мунхаглал гэсэн хоёр үгийг олоход хүүхдүүдэд тусал. Олон хүн Паулын сургаалыг мунхаглал гэж боддог байсан ч тэрээр Христийн сайн мэдээнд итгэх нь жинхэнэ мэргэн ухаан гэдгийг тайлбарласан. Яагаад Бурханы заасан зүйлд итгэх нь ухаалаг зүйл вэ?

  • Аврагчид итгэх, Мэргэн ухааны үгийг сахих эсвэл аравны нэгний хуулийг дагах гэх мэт Сүмийн сургаалуудыг мунхаг зүйл хэмээн боддог хүмүүст хэрхэн хариулахыг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, тэд эдгээр сургаалын дагуу амьдарснаар хүлээн авах адислалуудын талаар гэрчилж болно.

  • Бусад хүн таны итгэлийг мунхаглал гэж байсан тохиолдлоос эсвэл судар дээрх жишээнээс хуваалц. Хүүхдүүд үүнтэй адил туршлагаасаа хуваалцаж чадах уу? 1 Коринт 1:25 нь бусад хүн бидний итгэлийг мунхаглал гэж хэлэх үед бидэнд хэрхэн итгэлтэй хэвээр үлдэхэд тусалж болох вэ?

1 Коринт 2:11–14

Ариун Сүнс надад сайн мэдээний үнэнийг заадаг.

“Бурханы зүйлсийг” ойлгоход Ариун Сүнс хэрэгтэй гэдгийг хүүхдүүд хүлээн зөвшөөрөхөд та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ном, сургууль, интернэт гэх мэт бидний дэлхийн талаар суралцдаг арга замуудыг жагсаа. Дараа нь 1 Коринт 2:11–14-ийг хамтдаа унш. Эдгээр шүлэг бид “Бурханы зүйлсийг” хэрхэн суралцдаг талаар юу зааж байна вэ?

  • “Бурханы Сүнс” хэмээн нэрлэгддэг Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрч байсан үеэ хуваалцахад хүүхдүүдийг урь (1 Коринт 2:11–14). Үүнд тэдний сүм дээр байсан, залбирч, судраас уншиж байсан үеүд орж болно. Ариун Сүнс Паулын тайлбарласнаар тэдэнд үнэнийг зааж байсныг ойлгоход тэдэнд тусал.

  • Хүүхэд бүрийг дараах судрын нэгийг уншихад урь. Үүнд: 1 Коринт 2:11–14; 1 Нифай 10:17; Моронай 10:3–5 болон Сургаал ба Гэрээ 8:2–3. Эдгээр судраас Ариун Сүнс хэрхэн бидэнд заадаг талаар юу сурснаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэднийг судрынхаа захын зайн дээр эдгээр эшлэлийг тэмдэглэхэд урамшуулан дэмж.

1 Коринт 6:19–20

Бид бие махбодоо хүндэтгэж, ариунаар нь хадгалах ёстой.

Бие махбод маань Тэнгэрлэг Эцэгийн өгсөн бэлэг гэдгийг ойлгох нь хүүхдүүдийг уруу татагдах үед ч гэсэн тэднийг бие махбодоо ариунаар нь хадгалахад тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдийн зураг болон ариун сүмийн зургийг боосон бэлгийг ангид авчир. Хүүхдүүдийг 1 Коринт 6:19–20-ийг уншаад, бэлгэн дотор юу байгааг таахад урь. Тэдэнд бэлгийг нээх боломж олгон, бидний бие хэрхэн ариун сүмтэй адилхан болохыг ярилц.

  • Бид ариун сүмд хэрхэн хандах ёстой талаар хүүхдүүдтэй ярилц. Хэрэв бидний бие ариун сүм юм бол бид биедээ хэрхэн хандах ёстой вэ? “Их Эзэн надад ариун сүм өгсөн” (Хүүхдийн дууны ном, 73) гэх мэт ариун сүмийн талаарх дууг дуулж, үгийг унших нь энэ талаарх асуултад хариулахад тусална. Бид алдаа гаргавал хэрхэн өөрсдийн “ариун сүмийг” дахин ариун болгож болох вэ?

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Бие махбод ба сэтгэл зүйн эрүүл мэнд” (2011, 25–27) хэсгийг хамтдаа унш. Хүүхдүүдийг бие махбодоо хэрхэн арчилж хамгаалах талаар олж мэдсэн зөвлөгөөгөө самбар дээр жагсаахад урь.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангидаа дуулсан дуунаасаа болон үүнээс сурсан зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Есүс Христийн тухай гэрчил. Багшийн хувьд хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг бол Есүс Христийн талаар гэрчлэх явдал юм. Энэ нь хүүхдүүдэд гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Аврагчийн тэднийг гэх хайрыг мэдрэхэд тусална.

Хэвлэх