“8-р сарын 5–11. Ром 1–6: ‘Авралд хүргэх Бурханы хүч’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“8-р сарын 5–11. Ром 1–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
8-р сарын 5–11
Ром 1–6
“Авралд хүргэх Бурханы хүч”
Та Ром 1–6-г судалж байхдаа ямар өдөөлт хүлээн авсан бэ? Тэдгээр өдөөлт дараах заах санаануудаас сонгоход тань тусалж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдээс өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр өгсөн урилгын хариуд юу хийснээ хуваалцахыг хүс. Жишээлбэл, тэд Үйлс 27 дээр өгүүлсэн усан онгоцны сүйрэл болон бошиглогчийг дагах талаар гэр бүлийнхэндээ ярьсан уу?
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Би Есүс Христийг дагаснаар Түүнд итгэдэг гэдгээ харуулж чадна.
Сайн мэдээ нь Eсүс Христэд итгэн амьдардаг ямар ч хүнд аврал авчрах хүчтэй гэдгийг Паул заасан. Та Есүс Христийг дагаснаар Түүнд итгэх итгэлээ харуулахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд газрын зураг дээрээс Ромыг олоход тусал. Ром ном нь Паулын Ром дахь гэгээнтнүүдэд итгэл гэх мэт сайн мэдээний зарчмуудыг ойлгоход туслах зорилгоор бичсэн захидал гэдгийг тайлбарла.
-
Ром 1:17-г хүүхдүүдэд уншиж өгөөд, тэдэнд “Зөвт хүн итгэлээр амьдарна” гэсэн хэллэгийг цээжлэхэд тусал. Та хүүхэд бүрд уг хэллэгээс нэг нэг үг даалгаж өгөөд, тэдэн рүү заах үед уг үгээ хэлэхийг тэднээс хүс. Энэ хэллэг нь бид өдөр бүр Есүс Христэд итгэж амьдрах ёстой гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Хүүхдүүд итгэл гэж юу болохыг мэдэх үү? Есүс Христийн зургийг үзүүлээд, бид Түүнийг хараагүй ч Түүний бодит гэдэгт итгэдэг гэдгийг тайлбарла. Бид хараагүй ч ямар нэгэн зүйлд итгэхийг итгэл гэнэ.
-
Бид Есүс Христийг дуулгавартай дагаснаар Түүнд итгэдэг гэдгээ харуулдаг гэдгийг тайлбарла. Есүсийн биднээс хийхийг хүссэн зүйлийг хийж буй хүмүүсийн зургийг өрөөний эргэн тойронд нуу. Хүүхдүүдээр зургуудыг ээлжлэн олуулж, тайлбарлуул. Бид Есүсийг дагахын тулд юу хийж болох вэ?
-
Нэг хүүхдийн нүдийг боогоод, түүнийг өрөөн дотуур чиглүүлэн, Есүсийн зураг руу авчир. Хүүхэд бүрийг энэ үйл ажиллагаанд ээлжлэн оролцуул. Хүүхдүүд таны удирдамжийг дагасны адил Есүсийн сургаалыг дагах ёстой гэдгийг ойлгоход тэдэнд тусал.
Баптисм хүртэх гэдэг нь шинэ хүн болох гэсэн утгатай.
Таны заадаг хүүхдүүд баптисм хүртэхээр бэлдэж байгаа. Тэд “шинэ амийн дотор яв” гэсэн Паулын заавраас баптисмын талаар юу сурч болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Шинэ амийн дотор яв” (Ром 6:4) гэсэн үгийг дагаж хэлэхэд хүүхдүүдийг урь. Баптисм хүртэхэд бидний нүгэл өршөөгддөг гэдгийг тайлбарла. Бид сайн сонголт хийн, алдаа гаргах юм бол наманчилж, Есүстэй илүү адилхан болохыг хичээж урагшлах боломжтой болох болно. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, баптисм нь бидэнд шинэ хүн болоход тусалдаг гэдгийг хүүхдүүдэд заа.
-
Баптисм хүртэхэд танд ямар байсныг хүүхдүүдэд хэлээд, тэднийг баптисмын ёслолд оролцож байсан туршлагаасаа хуваалцахад урь. Тэднийг ирээдүйд болох баптисмын өдрөө зураад, баптисм хүртэхэд өөрсдийгөө бэлдэхийн тулд юу хийж болохоо хуваалцахад урь.
-
Хүүхдүүдтэй хамт “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53) гэх мэт баптисмын тухай дууг дуул. Бид энэ дуунаас баптисмын талаар юу сурч болох вэ?
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Би Есүс Христийг дагаснаар Түүнд итгэдэг гэдгээ харуулж чадна.
Сайн мэдээ нь Eсүс Христэд итгэн амьдардаг ямар ч хүнд аврал авчрах хүчтэй гэдгийг Паул заасан. Баптисм бол сайн мэдээний анхдагч зарчим юм. Энэ нь бидэнд зарлигуудад дуулгавартай байх сэдлийг төрүүлдэг. Та хүүхдүүддээ итгэл гэж юу болохыг илүү сайн ойлгоход нь хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдээс газрын зураг дээрээс Ромыг олоход тусал. Дараагийн хэдэн долоо хоногт тэднийг өөр өөр газар амьдарч байсан Сүмийн гишүүдэд хандан бичсэн Паулын захидлуудыг түүний ромчуудад хандан бичсэн энэ захианаас эхлэн судална гэдгийг ойлгоход нь тусал.
-
Самбар дээр Ром 1:16 дээрх үгсээс хэдэн үг орхиж бич. Судар харж, хоосон зайг бөглөхийг хүүхдүүдээс хүс. “Би сайн мэдээнээс ичихгүй” гэсэн үгийг онцлоод, энэ үг тэдний хувьд ямар утгатай болохыг хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Нэг хүүхдийг Ром 1:17-г уншихад уриад, давтагдаж буй үгийг сонсохыг бусад хүүхдээс хүс. “Итгэлээр амьдарна” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Судруудын удирдамжаас “Итгэл” гэснийг, scriptures.lds.org гэх мэт эх сурвалжаас итгэл гэсэн үгийн тодорхойлолтыг олоход хүүхдүүдэд тусал. Есүс Христэд итгэдэггүй байсан бол бидний амьдрал хэрхэн өөр байх байсан бэ?
-
Хүүхдүүдэд ургамал, үр хоёрыг харуулаад, үрийг ургамал болоход нь бид хэрхэн тусалж болохыг асуу. Үр суулгаж, услах нь үүнийг ургана гэдэгт итгэж байгааг маань харуулж байгаа гэдгийг тайлбарла. Бид Есүс Христэд итгэдэг гэдгээ хэрхэн харуулж болох вэ? Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50) гэх мэт итгэлийн талаарх дуу дуулах талаар бодож үз.
Нүглээсээ өршөөгдөхийн тулд бидэнд Есүс Христ хэрэгтэй.
Паул аврал нь зөвхөн Христ болон Түүний нигүүлслээр дамжин ирдэг гэдгийг ромчуудад ойлгуулахыг хүссэн. Та энэ үнэнийг хүүхдүүдэд хэрхэн зааж болох талаар тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдийг Ром 3:23–24-ийг уншихад урь. Эдгээр шүлэг бидэнд юу заадаг гэж хүүхдүүд бодож байна вэ? 24-р шүлэг дэх “нигүүлсэл” гэсэн үг нь Аврагчийн хайр, нигүүлслийн бэлэг гэсэн утгатай бөгөөд энэ нь бидэнд нүглээсээ өршөөгдөх боломжийг олгодог.
-
Хүүхдүүдийн гар хүрэхээргүй ханан дээр эсвэл өөр газар амттан юм уу үүний зургийг өлгө. Тэдэнд хүрч авах боломж олгоод, үүнийг Паулын Ром 3:23 дээр заасан зүйлтэй харьцуул. Дараа нь тэдэнд хүрч авахад нь тусал. Аврагч өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй юуг бидний төлөө хийсэн бэ? Аврагчийн тэдний төлөө хийсэн зүйлсийг бодохоор тэдэнд ямар мэдрэмж төрж байгаа тухай хуваалцахад хүүхдүүдийг урь.
Баптисм хүртэх гэдэг нь шинэ хүн болох гэсэн үг юм.
Баптисм нь Христийн үхэл болон амилалтын бэлгэдэл болохыг Паул заасан. Энэ нь мөн нүгэлт бидний “үхэл” ба “шинэ амийн дотор явахын тулд” (Ром 6:4) амилж буйн бэлгэдэл юм. Бид ариун ёслолоос хүртэх болгондоо шинэ амийн дотор явах амлалтаа шинэчилдэг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдийг Ром 6:3–6-г уншихад урь. Паул баптисмыг юутай “адил” гэж хэлсэн бэ?
-
Баптисм хэрхэн үхэл болон амилалтын бэлгэдэл болохыг ярилц. “The Baptism of Jesus” (LDS.org) видео бичлэгийг үзүүлэх талаар бодож үз. Яагаад үхэл болон амилалт нь баптисм хүртсэнээр бидэнд тохиолддог зүйлийг сайнаар бэлгэддэг вэ?
-
Ариун ёслолын залбирлыг хамт унш (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү). Бид Есүс Христийг дагана хэмээн баптисм хүртэхдээ өгсөн амлалтаа ариун ёслолоос хүртэх үедээ шинэчилдэг болохыг хүүхдүүдэд сануул. Ариун ёслол нь бидэнд “шинэ амийн дотор явах[ад]” хэрхэн тусалдаг вэ?
-
Хүүхдүүдийн хувьд “шинэ амийн дотор явах” гэдэг нь ямар утгатай болохыг харуулсан зурагт хуудас хийхэд тэднийг урь. Хүүхдүүд сайн сонголт хийхийг өөрсдөдөө сануулах зорилгоор тэдгээр зурагт хуудсаа өрөөндөө өлгөж болно.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүд итгэлтэй гэдгээ харуулсан ямар нэгэн зүйл хийж байгааг нь хараад, өөрсдөдөө сануулж байхыг гэр бүлийн гишүүдээсээ хүсэхэд тэднийг урамшуулан дэмж.