“2-р сарын 13–19. Матай 5; Лук 6: ‘Та нар ерөөлтэй еэ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“2-р сарын 13–19. Матай 5; Лук 6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
2-р сарын 13–19
Матай 5; Лук 6
“Адислагдсан болой та нар”
Та Матай 5, Лук 6-г уншихдаа төрсөн сэтгэгдэлдээ анхаарал хандуулж, судлах тэмдэглэл юм уу өөр ямар нэг зүйл дээр бичиж тэмдэглэ. Энэ тойм эдгээр бүлэгт гарч буй зарим чухал зарчмыг тодорхойлоход танд тусалж болох ч судлах явцдаа өөр зүйлийг олж мэдэхэд нээлттэй бай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Тохинууллынх нь энэ цаг үед Есүсийн сургаал тэр үеийн хүмүүсийн сонсож дассан зүйлсээс өөр байх болно гэдэг нь тодорхой болсон. Ядуу хүмүүс Бурханы хаант улсыг хүлээн авна гэж үү? Дөлгөөн хүмүүс дэлхийг өвлөн авах юм уу? Хавчигдсан хүмүүс адислагдана гэж үү? Хуулийн багш нар болон фарисайчууд ийм зүйл заагаагүй. Гэвч Бурханы хуулийг үнэхээр ойлгодог хүмүүс Аврагчийн үг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байв. “Нүдийг нүдээр,” “дайснаа үзэн яд” гэдэг нь доод түвшний хууль байсан (Матай 5:38, 43). Гэсэн ч Христ “Тэнгэрлэг Эцэг [маань] төгс байдаг шиг” (Матай 5:48) бидэнд ч мөн нэгэн өдөр төгс болоход туслах дээд түвшний хуулийг заахаар ирсэн (3 Нифай 15:2–10-ыг үзнэ үү).
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Матай 5:1–12; Лук 6:20–26, 46–49
Үүрдийн аз жаргал Есүс Христийн заасан замаар амьдарснаар ирдэг.
Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг ч аз жаргалыг нэг газраас хайдаггүй. Зарим хүн үүнийг дэлхийн сүр хүч, байр сууриас хайдаг бол бусад нь эд баялаг, биеийн дур хүслийг хангах зүйлсээс хайдаг. Есүс Христ үүрдийн аз жаргалд хүрэх замыг, адислагдах гэдэг нь үнэхээр ямар утгатай болохыг заахаар ирсэн. Та Maтай 5:1–12, Лук 6:20–26-аас үүрдийн аз жаргалыг олж авах талаар юу сурч мэдсэн бэ? Энэ нь аз жаргалын талаарх дэлхийн үзэл бодлоос юугаараа ялгаатай вэ?
Лук 6:46–49-ийн хамт эдгээр шүлэг нь танд Есүс Христийн шавь байх талаар юу зааж байна вэ? Та эдгээр шүлэгт дүрсэлсэн зан чанаруудыг хөгжүүлэхийн тулд юуг хийхэд сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Мөн Судруудын удирдамжийн “Ерөөлүүд”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
“Та нар бол газрын давс.”
Зуун зууны туршид давсыг нөөшлөх, амтлах, ариутгах зорилгоор ашигласаар ирсэн. Давс мөн израилчуудын хувьд шашны утга санаа агуулдаг. Энэ нь Мосегийн хуулиар амьтнаар тахил өргөдөг эртний зан үйлтэй холбоотой байсан (Леви 2:13; Тооллого 18:19-ийг үзнэ үү). Давс амтаа алдахдаа ашиггүй болж, “юунд ч хэрэг болдоггүй” (Матай 5:13). Бусад элементтэй холилдож, бохирдсоноор ийм зүйл болдог.
Та Матай 5:13-ыг тунгаан бодохдоо үүнийг санаарай. Та Есүс Христийн шавийн хувьд амт чанараа хэрхэн хадгалах вэ? Та газрын давсны хувьд нөөшлөх, ариутгах ажлаа хэрхэн гүйцэлдүүлэх вэ?
Мөн Сургаал ба Гэрээ 103:9–10-ыг үзнэ үү.
Христийн хууль Мосегийн хуулийг орлодог.
Есүс шавь нараа Мосегийн хуулийг сайн дагадаг гэдгээрээ өөрсдөөрөө бардамнадаг хуулийн багш нар, фарисайчуудаас (Maтай 5:20-ийг үзнэ үү) илүү зөв шударга байх хэрэгтэй хэмээн хэлсэн нь тэднийг цочирдуулсан байж болох юм.
Та Maтай 5:21–48, Лук 6:27–35-ыг уншихдаа Мосегийн хуулиар шаарддаг байсан зан байдлуудыг болон (“… та нар сонссон”) Есүсийн заасан ямар зүйлс эдгээр зан байдлыг өргөн дэмжиж байгааг тэмдэглэж болно. Аврагчийн арга зам нь яагаад дээд хууль байсан гэж та нар бодож байна вэ?
Жишээлбэл, Матай 5:27–28-д бодлуудынхаа төлөө бидний хүлээх хариуцлагын талаар Есүс юу заасан бэ? Та оюун ухаан, зүрх сэтгэлд орж ирдэг бодол, мэдрэмжээ хэрхэн илүү сайн хянаж чадах вэ? (Сургаал ба Гэрээ 121:45-ыг үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэг үнэхээр биднээс төгс байхыг шаарддаг уу?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
“Төгс гэдэг үг нь грекийн ‘бүрэн’ гэсэн утгыг илэрхийлдэг teleios хэмээх үгээс орчуулагдсан. Энэ үйл үгийн тодорхойгүй төлөв нь teleiono буюу “цаад захад хүрэх, гүйцэд өсөж хөгжих, боловсронгуй болох эсвэл дуусгах” гэсэн утгатай. Энэ үг ‘алдаанаас чөлөөлөгдсөн’ гэсэн утгыг илэрхийлдэггүй, харин “алсын зорилгод хүрэх” гэсэн утгыг илэрхийлдэг болохыг анхаараарай. …
… Их Эзэн ‘Эдүгээ та нар Бурханы оршихуйд ч, … тэсэж чадах нь үгүй; иймийн тул, та нар төгөлдөржих хүртлээ тэвчээрт үргэлжлүүл’ [Сургаал ба Гэрээ 67:13] хэмээн заасан байдаг.
Хэрэв бидний төгс төгөлдөр болох гэсэн хичээнгүй чармайлт одоогоор давагдашгүй бөгөөд дуусашгүй мэт санагдаж байгаа бол бид зовох шаардлагагүй. Төгс байдалд хүрэх хараахан болоогүй байна. Үүнд зөвхөн Амилуулалтын дараа, Их Эзэнээр дамжин хүрэх боломжтой. Энэ нь Түүнийг хайрлаж, зарлигуудыг нь дагах бүх хүнийг хүлээдэг” (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 86, 88).
Мөн 2 Петр 1:3–11; Моронай 10:32–33; Сургаал ба Гэрээ 76:69-ийг болон Жэффри Р.Холландын “Тиймээс та нар эцэст нь төгс бай” үгийг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 28–30-аас үзнэ үү.
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Maтай 5:1–9.Maтай 5:1–9-д заасан аль аль зарчим танай гэр орныг илүү аз жаргалтай газар болоход тусалж чадах вэ? Та ялангуяа гэр бүлд тань чухал санагдаж буй нэг, хоёр зарчмыг сонгож болно. Жишээлбэл, энхийг сахиулагч болоход бидэнд туслах ямар сургаалыг бид олсон бэ? (Матай 5:21–25, 38–44-ийг үзнэ үү). Бид ямар ямар зорилго тавьж болох вэ? Үүнийгээ хэрхэн шалгах вэ?
-
Maтай 5:13.Давсаар амталсан болон амтлаагүй хоолыг хамтад нь идэж үз. Ямар ялгаа анзаарагдаж байна вэ? “Газрын давс” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бид үүнийг хэрхэн хийж чадах вэ?
-
Maтай 5:14–16.Гэр бүлийнхэндээ “дэлхийн гэрэл” байна гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход туслахын тулд та гэртээ болон гудамжиндаа мөн дэлхийд байдаг гэрэл гаргадаг зүйлсийн талаар судалж болно. Та гэрлийг нуухад юу болдгийг үзүүлбэл тустай байж болох юм. Есүс “Та нар бол дэлхийн гэрэл мөн” хэмээн хэлсэн нь ямар учиртай вэ? (Maтай 5:14). Хэн манай гэр бүлийн хувьд гэрэл нь вэ? Бид бусдад хэрхэн гэрэл болж чадах вэ? (3 Нифай 18:16, 24–25-ыг үзнэ үү).
-
Матай 5:43–45.Танай гэр бүл эдгээр шүлгэн дээрх Аврагчийн үгсийг уншихдаа хэнийг ялангуяа хайрлаж, адисалж, залбирч болох талаар ярилцаж болно. Бид тэднийг хайрлах хайраа хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Үргэлж гэрэлт,” Хүүхдийн дууны ном, 96.