“1-р сарын 30-аас 2-р сарын 5. Матай 4; Лук 4–5: ‘Над дээр Эзэний Сүнс байна,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“1-р сарын 30-аас 2-р сарын 5. Матай 4; Лук 4–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
1-р сарын 30-аас 2-р сарын 5
Maтай 4; Лук 4–5
“Над дээр Эзэний Сүнс байна”
Аврагч Сатаны уруу таталтыг эсэргүүцэхдээ ч, Өөрийн бурханлаг үйл хэргийг гэрчлэхдээ ч судруудыг ашигласан (Лук 4:1–21-ийг үзнэ үү). Судрууд нь итгэлийг тань хөгжүүлж, уруу таталтыг эсэргүүцэх хүсэл зоригт тань хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Есүс өсвөр наснаасаа л онцгой, ариун нандин үйл хэргийнхээ талаар мэдэж байсан. Гэвч Есүсийг дэлхий дээрх тохинууллаа эхлэхээр бэлдэж байхад чөтгөр оюун санаанд нь эргэлзээ төрүүлэхийг хичээж байв. Сатан “Хэрэв Чи Бурханы Хүү мөн аваас” (Лук 4:3, налуу бичлэг нэмэгдсэн) хэмээсэн. Гэвч Аврагч Тэнгэр дэх Өөрийн Эцэгтэй харилцаж байсан. Тэрээр судруудыг болон Өөрийнхөө хэн болохыг мэддэг байжээ. Сатаны Түүнд өгсөн “Энэ бүх сүр хүчийг би Чамд өгье” (Лук 4:6) гэх амлалт зүгээр л хий хоосон үг байв. Учир нь Аврагчийн бүхий л амьдралынхаа турш хийсэн бэлтгэл Түүнд “Сүнсний хүчийг” (Лук 4:14) олгосон юм. Есүс Христ уруу таталт, сорилт бэрхшээл, эсэргүүцлийг үл харгалзан “Би Бурханы хаанчлалыг … түгээх ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ” (Лук 4:43) хэмээн хэлж, томилогдсон ажлаасаа хэзээ ч няцаагүй.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Бурхантай харилцах нь Түүнд үйлчлэхэд намайг бэлддэг.
Есүс Өөрийн үйл хэрэгт бэлдэхийн тулд “Бурхантай хамт байхаар” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:1 [Матай 4:1, зүүлт тайлбар b]) цөл рүү явжээ. Та Бурханд илүү ойртохын тулд юу хийхээ бод. Энэ нь Түүний танаар хийлгэх гэсэн ажилд таныг хэрхэн бэлтгэх вэ?
Есүс Христ уруу таталтыг сөрөн зогсож чадсанаар надад үлгэр жишээ үзүүлсэн.
Заримдаа хүмүүс гэм нүгэлд уруу татагдах үедээ гэм буруутай мэт мэдэрдэг. Гэвч “нүгэлгүй” (Еврей 4:15) амьдарч байсан Аврагч хүртэл уруу татагдаж байсан. Есүс Христ бидэнд тулгардаг уруу таталтуудыг мөн тэдгээрийг даван туулахад бидэнд хэрхэн туслахаа мэддэг (Еврей 2:18; Алма 7:11–12-ыг үзнэ үү).
Матай 4:1–11, Лук 4:1–13-ыг уншихдаа уруу таталттай тулгарахад тань тус болох юуг та сурч мэдсэн бэ? Та бодол санаагаа дараахтай адил хүснэгтэд эмхлэн бичиж болно.
Есүс Христ |
Би |
---|---|
Есүс Христ Сатан Христийг юу хийхэд уруу татсан бэ? | Би Сатан намайг юу хийхэд уруу татдаг вэ? |
Есүс Христ Христ уруу таталтыг сөрөн зогсоход хэрхэн бэлтгэгдсэн байсан бэ? | Би Би уруу таталтыг сөрөн зогсоход хэрхэн бэлтгэх вэ? |
Есүс Христ | Би |
Бид Maтай 4-ийн Иосеф Смитийн Орчуулгаас ямар нэмэлт ойлголттой болсон бэ? (Матай 4-ийн зүүлт тайлбаруудыг үзнэ үү).
Мөн 1 Коринт 10:13; Алма 13:28; Мосе 1:10–22-ыг үзнэ үү.
Есүс Христ бол бошиглогдсон Мессиа мөн.
Хэрэв танаас Есүс Христ дэлхий рүү юу хийхээр илгээгдсэнийг дүрслэн хэл гэвэл та юу гэж хэлэх байсан бэ? Аврагч Мессиагийн талаарх Исаиагийн бошиглолуудын нэгийг эш татахдаа Өөрийн үйл хэргийн шинж чанарыг дүрсэлсэн (Лук 4:18–19; Исаиа 61:1–2-ыг үзнэ үү). Та эдгээр шүлгийг уншаад, Түүний үйл хэргийн талаар юу сурч мэдэж болох вэ?
Аврагч Өөрийнх нь ажилд оролцоход таныг ямар арга замаар урьдаг вэ?
Иудейчүүд хэдэн зууны турш Исаиагийн бошиглол биелэхийг хүлээж байсан ч Түүнийг “Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ” (Лук 4:21) хэмээн айлдахад олонх нь Есүсийг Мессиа байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Та Лук 4:20–30-ийг (мөн Maрк 6:1–6-г үзнэ үү) уншихдаа Назарын хүмүүсийн оронд өөрийгөө тавиад үзээрэй. Христийг өөрийнхөө хувийн Аврагчаар бүрэн хүлээн зөвшөөрөхөд танд саад болж байгаа ямар нэгэн зүйл байна уу?
Их Эзэнд итгэж найдахад Тэр надад тэнгэрлэг чадавхдаа хүрэхэд тусалж чадна.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Амьдралаа Бурханд зориулдаг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд Тэрээр тэдний амьдралд өөрсдийнх нь чадахаас хавьгүй их зүйлийг хийж чадна гэдгийг олж мэддэг” хэмээн заасан (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 42). Симон Петр мөн түүнтэй хамт байсан загасчдын амьдралд энэ хэрхэн хэрэгжсэнийг олж харна уу. Есүс тэднээс өөрсдөө харж чадахаас илүү агуу зүйлийг олж харсан. Тэр тэднийг “хүмүүсийн загасчид” (Матай 4:19; мөн Лук 5:10-ыг үзнэ үү) болгохыг хүссэн.
Матай 4:18–22, Лук 5:1–11-ийг уншихдаа Есүс Христ таныг хэн болоход тусалж байгааг тунгаан бод. Өөрийг нь дага хэмээн таныг урьж байгааг та хэрхэн мэдэрсэн бэ? Та Их Эзэнийг дагахын тулд “бүхнийг [орхих]” (Лук 5:11-ийг үзнэ үү) хүсэлтэй байгаагаа Түүнд хэрхэн харуулж болох вэ?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Матай 4:1–2; Лук 4:1–2.Бид мацаг барихын хүчний талаар энэ шастираас ямар ойлголт олж авч болох вэ? Гэр бүлийн гишүүд мацаг барихтай холбоотой туршлагаасаа хуваалцаж болно. Та тодорхой зорилгын төлөө гэр бүлээрээ хамтдаа мацаг барих төлөвлөгөөг залбирч байгаад гаргаж болох юм.
-
Матай 4:3–4; Лук 4:3–4.Сатан Христийг чулууг талх болгоход ятгахдаа “Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол” (Матай 4:3, налуу бичилт нэмэгдсэн) хэмээн хэлж Түүний бурханлаг чанарыг сорьсон. Яагаад Сатан биднийг өөрсдийн болон Аврагчийн бурханлаг чанарт эргэлзэхэд уруу татахыг оролддог вэ? Тэр үүнийг хэрхэн хийдэг вэ? (Moсе 1:10–23-ыг үзнэ үү.)
-
Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:11.Есүс бие махбод, сүнслэг байдлаар соригдсоныхоо дараа, шоронд байсан Баптисч Иоханы хэрэгцээ шаардлагын талаар бодож эхэлсэн. “Мөн эдүгээ Иохан шоронд хаягдсаныг Есүс мэдэв, мөн тэрээр тэнгэр элч нарыг илгээв, мөн, болгоогтун, тэд ирж мөн түүнд тохинуулав” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:11 [Матай 4:11, зүүлт тайлбар a). Бид бусдын талаар бодох тал дээр үзүүлсэн Христийн үлгэр жишээг дагаснаар хэрхэн адислагддаг вэ?
-
Лук 4:16–21.Бид сэтгэлийн шарх авсан эсвэл үүнээсээ “чөлөөлөгдөх” хэрэгтэй хэн нэгнийг мэдэх үү? (Лук 4:18). Бид бусдад Аврагчийн эдгээлт, эрх чөлөөг хүлээн авахад нь хэрхэн тусалж чадах вэ? Та нар мөн ариун сүмийн ёслолуудыг үйлдэх нь хэрхэн “олзлогдогсдод эрх чөлөөг” (Лук 4:18) авчрахад тусалж болох тухай ярилцаж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Ирээд, Намайг дага,” Дуулал, д. 57.