Хуучин Гэрээ 2022
Санах зүйлүүд: Гэрээ


“Санах зүйлүүд: Гэрээ,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Санах зүйлүүд: Гэрээ,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

санах шигтгээ зураг

Санах зүйлүүд

Гэрээ

Хуучин Гэрээний туршид та гэрээ гэдэг үгийг байнга унших болно. Өнөө үед бид ихэвчлэн гэрээнүүдийг Бурхантай хийсэн ариун нандин амлалт хэмээн боддог, харин эрт дээр үед гэрээнүүд нь хүмүүсийн хоорондоо харилцах харилцааны чухал хэсэг байсан. Өөрсдийн аюулгүй байдлын болон оршин тогтнохын тулд хүмүүс бие биедээ итгэж чаддаг байх шаардлагатай байсан бөгөөд гэрээнүүд нь энэ итгэлцлийг хангах арга зам байсан.

Тэгээд Бурхан Ноа, Абрахам мөн Мосе нартай гэрээнүүдийн талаар ярих үедээ тэднийг Өөртэй нь итгэлийн харилцаанд орохыг урьж байв. Хуучин Гэрээнд гардаг бүх хүний мэддэг гэрээний хамгийн сайн жишээ бол Бурханы Абрахам, Сара нартай хийсэн гэрээ бөгөөд үүний дараа тэдний үр удам Исаак, Иаков (мөн Израил гэж дуудагддаг) нартай шинэчлэн байгуулсан гэрээ юм. Хуучин Гэрээнд зүгээр л “гэрээ” хэмээн нэрлэдэг байсан ч бид үүнийг ихэвчлэн Абрахамын гэрээ гэдэг. Үндсэндээ Хуучин Гэрээ нь өөрсдийгөө энэхүү гэрээний өв залгамжлагчид буюу гэрээт хүмүүс хэмээн үздэг хүмүүсийн түүх гэдгийг та нар харах болно.

Абрахамын гэрээ нь ялангуяа хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд өнөөг хүртэл чухал билээ. Яагаад? Бид Абрахам, Исаак, Иаков нарын шууд үр удам уу үгүй юү гэдгээс үл хамааран бид бүдээрээ Их Эзэнтэй гэрээнд ордог (Галат 3:27–29-ийг үзнэ үү). Ийм учраас Абрахамын гэрээ гэж юу болох, энэ нь өнөө үед бидэнд хэрхэн хамаатай болохыг ойлгох нь чухал юм.

Абрахамын гэрээ гэж юу вэ?

Абрахам “зөв шударга ёсыг агуугаар дагагч байхыг” (Aбрахам 1:2) хүсэж байсан учраас Бурхан түүнийг гэрээний харилцаанд орохыг урьсан. Абрахам ийм хүсэлтэй байсан анхны хүн нь байгаагүй, тэр мөн гэрээг хүлээн авсан анхны хүн ч бас байгаагүй. Тэрээр “эцгүүдийн адислалуудыг” (Абрахам 1:2) эрэлхийлсэн бөгөөд энэ нь Адам, Ева хоёрт дараа нь эдгээр адислалыг хичээнгүйлэн эрэлхийлэгчдэд өгөгдсөн адислалууд байсан.

Бурхан Абрахамтай хийсэн гэрээндээ газар нутгийн өв залгамжлал, олон үр удам, санваарын ёслолуудыг хүлээн авах боломж, үе удмын турш алдарших нэр зэрэг гайхамшигтай адислалуудыг амласан. Гэхдээ энэ гэрээний гол анхаарал нь Абрахамын болон түүний гэр бүлийн хүлээн авах адислалуудад бус харин Бурханы бусад бүх хүүхдэд үзүүлэх адислалд төвлөрсөн байсан. “Чи тэгээд ерөөл болтугай, газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно” (Эхлэл 12:2–3) хэмээн Бурхан тунхагласан.

Энэ гэрээ нь Абрахам, Сара хоёрт болон тэдний үр удамд Бурханы хүүхдүүдээс давуу эрх олгосон уу? Зөвхөн бусдыг адислах гэдэгтээ энэ нь давуу эрхтэй билээ. Абрахамын гэр бүл “энэ тохинуулал хийгээд санваарыг бүх үндэстнүүдэд гэрчлэх,” “авралын адислалууд, бүр мөнх амьдралын адислалууд болох Сайн мэдээний адислалуудыг” хуваалцах байсан (Aбрахам 2:9, 11).

Энэхүү гэрээ нь Абрахамын хүсэн хүлээж байсан адислал байсан. Үүнийг хүлээн авсныхаа дараа Абрахам өөрийн зүрх сэтгэлдээ “Үйлчлэгч чинь таныг чин сэтгэлээсээ эрэлхийлсэн бөлгөө; эдүгээ би таныг оллоо” (Aбрахам 2:12) хэмээн хэлсэн.

Энэ нь хэдэн мянган жилийн өмнө байсан ч энэ гэрээ нь бидний өдрүүдэд сэргээгдсэн юм (2 Нифай 22:8–12-ыг үзнэ үү). Энэ нь Бурханы хүмүүсийн амьдралд одоо ч гэсэн биеллээ олсоор л байна. Үнэн хэрэгтээ, гэрээний биелэлт нь хожмын өдрүүдэд Бурханы ажил хөгжин урагшлах эрч хүчийг бий болгож, дэлхий даяар гэр бүлүүдийг адисалж байна. Абрахамтай адил зөв шударга байдлын дагалдагч болохыг хүсдэг хэн ч бай Их Эзэнийг чин сэтгэлээсээ эрж хайдаг хэн ч үүний нэг хэсэг байж болно.

Ариун сүмийн өмнө зогсож буй гэр бүл

Абрахамын гэрээ миний хувьд ямар утга учиртай вэ?

Та бол гэрээний хүүхэд. Та баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулсан. Та тэр гэрээг ариун ёслолоос хүртэх болгондоо шинэчилдэг. Мөн та ариун нандин гэрээг ариун сүмд хийдэг. Эдгээр гэрээ нь хамтдаа таныг Абрахамын гэрээнд оролцогч болгодог бөгөөд үүний бүрэн дүүрэн байдлыг ариун сүмийн ёслолуудаас олж болно. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Эцэст нь, ариун сүмүүдэд Абрахам, Исаак, Иаковт болон тэдний үе удамд амлагдсаны адилаар бид мөнхийн гэр бүлийн адислалын хамтран өвлөгчид болдог”1 хэмээн заасан.

Эдгээр гэрээ мөн ёслолуудаар дамжуулан бид Бурханы хүүхдүүд болдог (Гэтлэл 6:7; Дэд хууль 7:6; 26:18; Eзекиел 11:20-ийг үзнэ үү). Бид эргэн тойрон дахь нөхцөл байдлаасаа өөр болдог. Бидний гэрээнүүд Есүс Христийн үнэнч, тууштай шавь нар болох боломжийг бидэнд олгодог. “Гэрээнүүд маань биднийг Түүнтэй холбож, бидэнд бурханлаг хүч чадал авчирдаг”2 хэмээн ерөнхийлөгч Нэлсон тайлбарласан. Бурхан хүч чадлаараа Өөрийн хүмүүсийг адислах үедээ бусдыг адислах, “дэлхийн бүх гэр бүлд” адислал болох урилга мөн хүлээлтийг хамт өгдөг (Aбрахам 2:9, 11).

Энэ бол бошиглогч Иосеф Смитээр дамжин Абрахамын гэрээний сэргээлтийн ачаар бидэнд өгөдсөн ариун нандин ойлголт юм. Тиймээс Хуучин Гэрээнд буй гэрээнүүдийн талаар уншихдаа зөвхөн Бурханы Абрахам, Исаак, Иаков нартай ямар холбоотой болох талаар бодох хэрэггүй. Түүний та нартай харьцах харьцааны талаар бас бодоод үзээрэй. Тоо томшгүй олон үр удмын талаарх амлалтын тухай уншихдаа (Эхлэл 28:14-ийг үзнэ үү) өнөөдөр Абрахамыг эцэг гэж дууддаг зөвхөн тэр сая сая хүний талаар бодох хэрэггүй. Мөнхийн гэр бүлүүд, мөнх өсөн нэмэгдэх талаар Бурханы танд өгсөн амлалтын тухай бодоод үзээрэй (Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:20–24-ийг үзнэ үү). Газар дэлхийн өв залгамжлалын талаар уншиж байхдаа зөвхөн Абрахамд амласан тэр газар нутгийн тухай бодоод хэрэггүй. Дэлхий дээрх селестиел хувь заяаны тухай бас—“Их Эзэнийг хүлээдэг” “доройчуудын” талаар бодоод үзээрэй (Maтай 5:5; Дуулал 37:9, 11; бас Сургаал ба Гэрээ 88:17–20-ийг үзнэ үү). Бурханы гэрээт хүмүүс “дэлхийн бүх гэр бүлийг адислах болно” (Aбрахам 2:11), хэмээсэн амлалтын тухай уншихдаа Абрахамын номлол эсвэл түүнээс үе дамжсан бошиглогчдын талаар зөвхөн бүү бод. Есүс Христийн гэрээний дагалдагчийн хувьд хийж чадах зүйлээ, таны эргэн тойронд байгаа гэр бүлүүдэд хэрхэн адислал нь болох талаар бас бодоод үзээрэй.