“2-р сарын 7–13. Эхлэл 12–17; Абрахам 1–2: ‘Зөв шударга ёсыг агуугаар дагагч бай,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“2-р сарын 7–13. Эхлэл 12–17; Абрахам 1–2,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
2-р сарын 7–13
Эхлэл 12–17; Aбрахам 1–2
“Зөв шударга ёсыг агуугаар дагагч бай”
Абрам, Сараи (хожим нь Абрахам, Сара болсон) болон тэдний гэр бүлийн талаар уншиж байхдаа тэдний үлгэр жишээ танд хэрхэн урам зориг өгч байгааг эргэцүүлэн бод. “Зөв шударга ёсыг агуугаар дагагч байхын” (Aбрахам 1:2) тулд та юу хийж чадах талаар өөрийн сэтгэгдлийг бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Бурхан түүнтэй гэрээ байгуулсан учраас Абрахам “итгэлтнүүдийн эцэг” (Сургаал ба Гэрээ 138:41) мөн “Бурханы анд нөхөр” (Иаков 2:23) хэмээн дуудагдах болсон. Өнөөдөр сая сая хүн түүнийг өөрсдийн шууд өвөг дээдэс хэмээн хүндэтгэдэг бөгөөд бусад хүн Есүс Христийн сайн мэдээнд хөрвүүлэгдсэнээр түүний гэр бүлд өргөгдөн орсон. Абрахам өөрөө асуудалтай гэр бүлээс гаралтай байсан бөгөөд түүний аав нь Бурханы үнэн замыг орхин Абрахамыг хуурамч бурхдад тахил болгон өргөхийг оролдсон нэгэн байв. Үүнээс үл хамааран Абрахамын хүсэл нь “зөв шударга ёсыг агуугаар дагагч байх” байсан (Aбрахам 1:2) ба түүний амьдрал нь Бурхан түүний хүслийг хүндэтгэн биелүүлснийг харуулдаг. Абрахамын амьдрал бол хүн гэр бүлийн түүх нь ямар байснаас үл хамааран ирээдүй нь итгэл найдвараар дүүрэн байхын гэрчлэл юм.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Бурхан итгэл, зөв шударга хүслийн маань төлөө биднийг адислах болно.
Бидний олонхтой адил Абрахам ёсон бус орчинд амьдарч байсан ч зөв шударга байхыг хүсдэг байв. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс зөв шударга хүсэл тэмүүлэлтэй байхын ач холбогдлын талаар ингэж заасан: “Нүгэл үйлдэх аливаа хүслээ орхих нь нэн чухал ч мөнх амьдрал үүнээс илүү ихийг шаарддаг. Бид мөнхийн хувь тавиландаа хүрэхийн төлөө мөнх хүмүүн болоход тавигддаг шаардлагуудыг хангах хүсэлтэй байж, зорилгоо биелүүлэхийн төлөө хичээх ёстой. … Хэрэв эдгээр зүйлийг хийх нь хэтэрхий хэцүү санагдвал дээрх чанаруудыг эзэмших хүслээр эхэлж, бидний энэхүү мэдрэмжид туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүсэх хэрэгтэй [Moронай 7:48-ыг үзнэ үү]” (“Дур хүсэл,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 44–47). Та Абрахам 1:1–19-ийг уншихад эдгээр шүлэг нь ерөнхийлөгч Өүксийн заасан зүйлийг хэрхэн харуулж байгааг бодож үзээрэй. Доорхтой адил асуултууд тусалж болно. Үүнд:
-
Абрахам юу хүсэж, юуг эрж хайж байсан бэ? Тэр итгэлээ харуулахын тулд юу хийсэн бэ?
-
Таны хүсэл юу вэ? Хүслээ цэвэр ариун байлгахын тулд хийх ёстой зүйл байгаа хэмээн та бодож байна уу?
-
Абрахам зөв шударга хүслээсээ болж ямар ямар сорилттой тулгарсан бэ? Бурхан түүнд хэрхэн тусалсан бэ?
-
Эдгээр шүлэгт гэр бүлийн гишүүд нь зөв шударга байдлыг хүсдэггүй хүмүүст зориулсан ямар захиас байна вэ?
Мөн Maтай 7:7; “Deliverance of Abraham” (видeo), ChurchofJesusChrist.org; “Educate Your Desires, Elder Andersen Counsels”-ийг үзнэ үү (ChurchofJesusChrist.org).
Абрахамын гэрээнд хэн хэн орсон байдаг вэ?
Их Эзэн Абрахамтай гэрээ хийхдээ энэхүү гэрээ нь Абрахамын хойч үе эсвэл “үр удамд” үргэлжлэх бөгөөд Тэрээр “сайн мэдээг хүлээн авах болгон нь чиний үр удам хэмээн тооцогддог байх болно” (Aбрахам 2:10–11) хэмээн амласан. Энэ нь Абрахамын удам угсаа эсвэл Есүс Христийн сайн мэдээнд баптисм хүртэж, түүний гэр бүлд орсон эсэхээс үл хамааран Абрахамын гэрээний амлалтууд нь өнөөдөр Сүмийн гишүүдэд хамааралтай гэсэн үг юм (Галат 3:26–29; Сургаал ба Гэрээ 132:30–32-ыг үзнэ үү). Абрахамын үр удам хэмээн тооцогдохын тулд хувь хүн сайн мэдээний ёслол, хуулиудыг дагах ёстой.
Эхлэл 12:1–3; 13:15–16; 15:1–6; 17:1–8, 15–22; Aбрахам 2:8–11
Абрахамын гэрээ намайг болон гэр бүлийг маань адисалдаг.
Сүмийн бүх гишүүн Абрахамын гэрээнд багтсан тул энэ гэрээ таны амьдралд ямар утга учиртай болох талаар эргэцүүлэн бодох цаг гаргаарай. Дараах асуултуудын талаарх өөрийн санаа бодлыг бичиж тэмдэглэ. Үүнд:
Aбрахам 2:8–11-д буй амлалт намайг болон гэр бүлийг маань хэрхэн адислах вэ? (мөн Эхлэл 12:1–3; 13:15–16-г үзнэ үү).
Би Эхлэл 15:1–6; 17:1–8, 15–22 дээрээс Абрахамын гэрээний талаар юу сурч мэдэж болох вэ?
“Дэлхийн бүх гэр бүл адислагдах болно” гэсэн амлалтыг биелүүлэхэд туслахын тулд би юу хийх вэ? (Aбрахам 2:11).
Амласан газрыг өвлөн авах, агуу үр удмын эцэг эх болох мөн мөнхийн холбоотой байх зэрэг Абрахам, Сара хоёрт амласан дэлхийн адислалуудын заримынх нь талаар та бодож магадгүй юм. Эдгээр нь селестиел хаант улсад өв хүлээн авах (Сургаал ба Гэрээ 132:29-ийг үзнэ үү) мөн үүрдийн үр удамтай мөнхийн гэрлэлт (Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:20–24, 28–32-ыг үзнэ үү) зэргийг багтаадаг. Энэ нь “ариун сүм дотор” “Абрахам, Исаак, Иаковын үе удмын хувьд бидний хүлээн авдаг агуу адисал юм” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан (“The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 80).
Мөн Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 15:9–12; 17:3–12 (Библийн хавсралт); Bible Dictionary, “Abraham, covenant of”; мөн энэ эх сурвалж хэсэгт буй “Санах зүйлүүд: Гэрээ” хэсгийг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Эхлэл 13:5–12.Гэр бүлдээ амар амгаланг бий болгохын тулд Абрахам юу хийсэн бэ? Магадгүй гэр бүлийн гишүүд тань Абрахам шиг энхийг сахиулагч болох, гэр бүлд тань гарч болзошгүй маргааныг хэрхэн шийдвэрлэх дүрд тоглож болох юм.
-
Эхлэл 13:16; 15:2–6; 17:15–19.Абрахам, Сара хоёр хараахан үр хүүхэдтэй болоогүй байсан ч тэдний үр удам нь дэлхийн тоос, тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон байх болно гэсэн эдгээр шүлэг дэх Их Эзэний амлалтыг ойлгоход та өөрийн гэр бүлдээ хэрхэн туслах вэ? (мөн Эхлэл 22:17-г үзнэ үү). Магадгүй та гэр бүлийн гишүүддээ элстэй савыг харуулах, оддыг харах эсвэл энэ тоймтой холбоотой зургийг ашиглах хэрэгтэй болно. Бурханы амлалт боломжгүй мэт санагдах үед ч бид хэрхэн Түүнд итгэх вэ?
-
Эхлэл 14:18–20Мелкизедекийн талаар Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 14:25–40-өөс та юу сурч мэдсэн бэ? (Библийн хавсралт; мөн Aлма 13:13–19-ийг үзнэ үү.) Бид Мелкизедекийн адил хэрхэн “зөв шударга байдлыг [бий болгох ] вэ? (36-р шүлэг). Мелкизедекийн тохинууллаас өөр юу бидэнд урам зориг өгдөг вэ?
-
Эхлэл 16.Хагарын тухай унших нь биднийг буруушаасан үед Их Эзэн бидэнд хэрхэн тусалдаг талаар ярилцах боломжийг өгч болох юм. Та “Ишмаел” гэдэг нь “Бурхан сонсдог” хэмээх утгатай болохыг онцолж болно. Буруутай санагдах үед Их Эзэн биднийг сонсож мөн тусалсан гэдгийг бид хэзээ мэдэрч байсан бэ? (Эхлэл 16:11-ийг үзнэ үү).
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.
Санал болгох дуу: “Би сургаалын дагуу амьдармаар байна,” Хүүхдийн дууны ном, 72.