“2-р сарын 7–13. Эхлэл 12–17; Абрахам 1–2: ‘Зөв шударга ёсыг агуугаар дагагч байх,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“2-р сарын 7–13. Эхлэл 12–17; Абрахам 1–2,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
2-р сарын 7–13
Эхлэл 12–17; Aбрахам 1–2
“Зөв шударга ёсыг агуугаар дагагч байх”
Энэ тоймд орсон бүхнийг заах шаардлагагүй буюу боломжгүй гэдгийг сана. Таны заадаг хүүхдүүдэд хамгийн ач холбогдолтой байх зарчмууд руу хөтлөх боломжийг Сүнсэнд олго.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Таны зааж буй хүүхдүүдийн гэр бүлийнхнийг Абрахам, Сара хоёрын талаар суралцахад урьсан байгаа. Абрахам, Сара хоёрын талаар мэддэг зүйлээ хуваалцах боломж хүүхдүүдэд олго.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс Христ гараараа намайг удирдах болно.
Гэр бүлийн гишүүд нь ёс бус байсан ч Абрахам зөв шударга байхыг хүссэн. Их Эзэн түүнд “Би чамайг гараараа удирдах болно” (Абрахам 1:18) хэмээн хэлсэн. Бурхан Абрахамд тусална хэмээн амласны адилаар таны зааж байгаа хүүхдүүд зөвийг сонгох хүсэлтэй байвал Тэрээр тэднийг удирдах болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Абрахам 1:18 болон 2:8-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, энэ хоёр шүлэгт хоёуланд нь дурдсан биеийн хэсгийг олж сонсоход хүүхдүүдийг урь. Есүс Христийн гараар удирдуулж эсвэл Түүний гараар хамгаалуулах бидэнд ямар санагдах вэ? Есүс Христ биднийг Өөрийн Сүнсээр дамжуулан удирддагийг гэрчил.
-
Абрахамын эргэн тойрны хүмүүс муу зүйл хийж байсан ч Абрахам зөвийг хийхийг хүссэн ба Их Эзэн түүнд тусалсныг хүүхдүүдэд ойлгуулахын тулд “Абрахам ба Сара” ( Хуучин Гэрээний түүхүүд)-г ашигла. Зөвийг сонгоход маань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн тусалдаг вэ? “Хайрын гэрэлд байхыг надад заагаач” (Хүүхдийн дууны ном, 70) зэрэг энэ зарчимтай холбоотой дуу дуул.
-
Аврагчийн хэдэн зургийг үзүүлээд (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 38, 39, 40 ба 41-ийг үзнэ үү), Түүний гараараа хийсэн зүйлийг олж харахад хүүхдүүдэд тусал. Бид бусдад туслахын тулд өөрсдийн гараар юу хийж болох вэ?
Би амар тайвныг тогтоогч байж чадна.
Абрахамын болон Лотын хоньчид бэлчээрийн газраас болж хоорондоо маргалдахад Абрахам амар тайвныг тогтоох нэгэн шийдлийг санал болгосон. Та энэ жишээг ашиглан хүүхдүүдийг амар тайвныг тогтоогчид болоход урамшуулж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Эхлэл 13:5–12 дээрх түүхийг хүүхдүүдтэй хуваалцаад, жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урь. Абрахам, дүүгийнх нь хүү Лотын болон хоньчдын дүрд ээлжлэн тоглох боломж хүүхдүүдэд олго. Найзтайгаа тоглож байхдаа тоглоомоороо ээлжлэн тоглох гэх мэт Абрахамын жишээг даган амар амгалан тогтоогч байх арга замыг санал болго. Эдгээр жишээг жүжиглэн үзүүлэхэд тэднийг урь.
-
Матай 5:9-ийг уншаад, Есүс биднийг амар тайвныг тогтоогч байгаасай хэмээн хүсдэгийг тайлбарла. Гэртээ эсвэл найз нөхөдтэйгөө байхдаа амар тайвныг тогтоогч байхын тулд юу хийж болох талаар бодоход хүүхдүүдэд тусал. Өөрсдийгөө амар тайвныг тогтоогч байгаагаар зурахад тэднийг урь. Есүс Христийн адил амар тайвныг тогтоогч байхад ямар мэдрэмж төрдөг талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Эхлэл 15:1–6; 17:1–8; Абрахам 2:9–11
Амлалтандаа хүрэх нь чухал.
Бурханы Абрахам, Сара хоёртой хийсэн гэрээний талаар мэдэж авах нь амлалтандаа хүрэх нь юу гэсэн үг болохыг ойлгоход хүүхдүүдэд тусална. Энэ нь бас тэдэнд гэрээ байгуулж, түүнийгээ сахихад бэлдэхэд тэдэнд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Амлалт эсвэл гэрээ гэж юу болохыг мэддэг эсэхийг хүүхдүүдээс асуу. Хэн нэгэнд амлалт өгсөн эсвэл хэн нэгэн нь тэдэнд амлалт өгч байсан туршлагаасаа хуваалцахад тэднийг урь. Тус болох бол туршлагаасаа хуваалц. Абрахам, Сара хоёр Бурханыг дуулгавартай дагана хэмээн амласныг хүүхдүүдэд ойлгуул. Бурханы тэдэнд амласан адислалуудын заримыг хуваалцахын тулд Эхлэл 15:1–6; 17:1–8; Абрахам 2:9–11-ээс хэдэн үг хэллэгийг сонго. Үүнд “Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай,” “Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно,” “Дэлхийн бүх гэр бүл адислагдах болно” зэрэг орж болно.
-
Хичээлийн үеэр ямар ямар энгийн амлалт хүүхдүүд өгч болох вэ? Жишээлбэл, хэдэнд минут суудлаасаа босохгүй эсвэл хичээлийн дараа сандлаа хураана гэж амлахыг тэднээс хүсэж болно. Амлалт өгч, амлалтандаа хүрч байснаа тэдэнтэй хуваалцаад, өөрсдийн туршлагаас хуваалцахад тэднийг урь. Баптисм хүртэж, ариун сүмд орохдоо Тэнгэрлэг Эцэгтээ амлалт өгдөг болохыг ойлгоход тэдэнд тусал.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.
Абрахамын аминд аюул нүүрлээд байхад тэрээр Бурханд хандаж аврагдсан. Таны заадаг хүүхдүүдэд залбиралтай холбоотой өөрсдийн гэсэн туршлага байж болох юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Тэнгэр элч Абрахамыг аврав (ChurchofJesusChrist.org) зургийг үзүүлээд, энд дүрслэн үзүүлсэн, Абрахам 1:12, 15–17-д өгүүлсэн түүхийн талаар мэдэх зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Эдгээр шүлгийг уншаад, залбирлын талаар сурсан зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Тэнгэрлэг Эцэг тэдний залбиралд хариулж байсан туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг уриад, өөрийн туршлагаас нэгийг хуваалц.
Би амар тайвныг тогтоогч байж чадна.
Урам хугарч, хэрүүл маргаан хийхэд хүргэх нөхцөл байдалтай бид бүгдээрээ тулгардаг. Абрахам, Лот хоёрын түүх ийм нөхцөлд хэрхэн амар тайвныг тогтоогч байхад хүүхдүүдэд тусалж болохыг бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гол дүрүүд, Нөхцөл байдал, Асуудал болон Шийдэл хэмээн самбарт бич. Эхлэл 13:5–12-ыг чанга уншихад, уг түүхийн самбарт жагсаасан хэсгүүдийг тодорхойлоход хүүхдүүдийг урь. Хэн нэгэн хэрэлдэж эсвэл зодолдох гэхэд нь амар тайвныг тогтоогч нь байж болох нөхцөл байдлын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Үүний дараа эдгээр нөхцөлд хэрхэн амар тайвныг тогтоогч байхыг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урь.
-
Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дээрээс “Амар амгалан эсвэл Амар тайвныг тогтоогч гэсэн сэдвүүдийг олоход хүүхдүүдэд тусал. Амар амгалан байдлын тухай нэг судар сонгоод, сурч мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Лук 22:50–51 гэх мэт Аврагч амар тайвныг тогтоогч байсан зарим жишээг бодоход тэдэнд тусал. Бид хэрхэн Түүний жишээг дагаж чадах вэ?
Би Тэнгэрлэг Эцэгтэйгээ хийсэн гэрээгээ сахиж чадна.
Бурханы Абрахам, Сара хоёртой хийсэн гэрээний талаар хүүхдүүдэд заахдаа өөрсдийнх нь хийсэн гэрээний талаар бодоход тэдэнд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Эхлэл 17:1–8 болон Абрахам 2:8–11-ийг уншаад, Абрахамаас юу хийхийг хүссэн, хариуд нь Их Эзэн юу амласан гэсэн хоёр жагсаалт гаргахад урь. Бид эдгээр шүлгээс Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?
-
Баптисм хүртэж байгаа хүний зураг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 103, 104-ийг үзнэ үү). Баптисм хүртэхдээ хувь хүний өгдөг амлалтуудыг, үүний хариуд Бурханыг тэдэнд өгдөг амлалтуудыг жагсаахыг хүүхдүүдээс хүс. Мозая 18:10; Сургаал ба Гэрээ 20:37, 77, 79-ийг харж, туслалцаа авахыг хүүхдүүдэд санал болго. Баптисмын үеэр хийдэг гэрээгээ сахихын тулд бид юу хийж чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүд амар тайвныг тогтоогч байж, амлалтандаа хүрч, ангид ярьсан ямар нэгэн зүйлээ хийж байгааг ажиглахад гэр бүлийнх нь гишүүдийг урамшуулсан зурвасыг хүүхдүүдээр өгч явуул.