“Абрахам, Сара хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд (2021)
“Абрахам, Сара хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд
Эхлэл 11–15; 17; Абрахам 1–2
Абрахам, Сара хоёр
Хүмүүний гэр бүлийг адислах амлалт
Абрахам Ур хотод амьдардаг байв. Уг хотын ёс бус тахилчид хиймэл шүтээнүүддээ түүнийг тахил болгон өргөн золихыг хүсэв. Абрахам залбирч, Их Эзэн түүнийг аварчээ.
Тэгээд Их Эзэн Абрахам, түүний эхнэр Сара хоёрт Ур хотыг орхин алс холын нутаг руу явахыг зарлиглав. Тэрээр тэдэнд аян замыг нь адислах болно хэмээн амлав.
Абрахам, Сара хоёр Их Эзэнд итгэж, Ур хотыг орхив. Гэвч Абрахам, Сара хоёр үр хүүхэдтэй болох боломжгүй байсан учир гунигтай байлаа. Их Эзэн тэднийг тайтгаруулав. Тэрээр тэдэнд хүүхэдтэй болно хэмээн амлажээ.
Эхлэл 11:30–31; 15:1–6; 17:2–16; Абрахам 2:6–9
Абрахам Их Эзэний тухай илүү ихийг мэдэхээр Түүнд хандан залбирав. Их Эзэн Абрахам дээр зочилж, Өөрийгөө Иехова хэмээн хэлжээ. Иехова Абрахамтай гэрээ байгуулсан. Тэрээр Абрахамд санваартай болох болно хэмээн амлав. Тэрээр түүнчлэн Абрахамын гэр бүлээр дамжуулан дэлхийн бүх гэр бүл адислагдах болно хэмээн амлажээ.
Абрахам, Сара хоёр аялж явахдаа хоол хүнсний эрэлд гарах хэрэгтэй болов. Тэд Канаан нутагт амьдрахыг оролджээ. Тэнд ямар ч хоол унд байгаагүй учир тэд Египет рүү явах хэрэгтэй болов. Гэвч Египетэд амьдрах нь тэдний хувьд аюултай байлаа.
Эхлэл 12:10–20; Aбрахам 2:21–25
Абрахам, Сара хоёр Египетийг орхин, Канаанд амьдрахаар буцаж явав. Тэд Египетээс хоол хүнс, мал сүргээ авч явав. Канаан бол Их Эзэний тэдэнд амласан газар нутгийн нэг хэсэг байсан юм.
Эхлэл 13:1–4, 12; Абрахам 2:19
Их Эзэн Абрахамд санваар хүлээж авах болно гэсэн амлалтаа биелүүлсэн. Нэгэн өдөр Абрахам, Сара хоёр Мелкизедек хэмээх зөв шударга хаантай уулзав. Абрахам түүнд аравны нэг төлдөг байжээ.
Абрахам Мелкизедекээс санваар хүлээн авав. Энэ нь Адам, Ноа зэрэг бошиглогчдын авч байсан санваар байв.
Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:36–40; Абрахам 1:2–4; Сургаал ба Гэрээ 84:14
Абрахам, Сара хоёр Канаанд аз жаргалтай байсан боловч үр хүүхэдтэй болж чадахгүй байгаадаа санаа зовж байв. Хэзээ нэгэн цагт тэдний гэр бүл өсөж үржин, бүх дэлхийг адислах болно хэмээсэн Их Эзэний амлалтад тэд итгэх хэрэгтэй байлаа.