“Бошиглогч Иона,” Хуучин Гэрээний түүхүүд (2021)
“Бошиглогч Иона,” Хуучин Гэрээний түүхүүд
Иона 1–4
Бошиглогч Иона
Их Эзэний нигүүлсэлд итгэж сурах
Иона бошиглогч байв. Их Эзэн түүнд наманчлахгүй бол хот нь устгагдах болно гэдгийг Ниневе хотын хүмүүст анхааруул хэмээн хэлэв.
Гэвч Ниневегийн хүмүүс израилчуудын дайснууд байв. Иона тэдэнд номлохыг хүссэнгүй. Иймээс тэр хөлөг онгоцонд суугаад, Ниневегээс явжээ.
Ионаг хөлөг онгоцон дээр байхад хүчтэй шуурга болов. Хөлөг онгоцон дээрх эрчүүд амиа алдахаас айж байлаа. Тэд Ионагаас өөрсдийг нь аврахын тулд Их Эзэнд хандан залбирахыг хүсэв.
Иона Их Эзэний өөрт нь зарлигласан зүйлээс зугтсан учир Их Эзэн шуурга илгээсэн гэдгийг мэдэж байлаа. Иона хөлөг онгоцон дээр байсан хүмүүсийг аврахыг хүсэж байв. Хэрэв тэд өөрийг нь далай руу шидвэл шуурга зогсоно гэж тэр хэлэв.
Эрчүүд Ионаг усанд хаяхыг хүссэнгүй. Тэд эх газар луу хөлөг онгоцоо эргүүлэхийг оролдсон боловч шуурга хэтэрхий ширүүн байлаа. Эцэст нь тэд Ионаг далай руу шидэв.
Шуурга зогсов. Гэвч Иона том загасанд залгиулав.
Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв. Тэр үеэр Иона залбирч мөн наманчлав. Тэр Их Эзэнийг сонсож, зөв зүйл хийхийг хүсжээ. Их Эзэн Ионагийн залбирлыг сонссон ба загас Ионаг хуурай газарт бөөлжин гаргав.
Их Эзэн Ионад Ниневегийн хүмүүст номлохыг дахин зарлиглав. Энэ удаад Иона дуулгавартай дагалаа. Тэр Ниневе рүү явж хүмүүст наманчил эсвэл Их Эзэн хотыг устгана гэж хэлжээ. Хаан хүмүүстэйгээ наманчлав. Их Эзэн тэднийг өршөөж, Ниневе хотыг устгасангүй.
Гэвч Иона хүмүүсийг устгаагүйд сэтгэл дундуур байлаа. Тэднийг уучлагдах ёстой гэж тэр бодохгүй байв.
Ионад заахын тулд Их Эзэн түүнд зориулж нарнаас халхлах ургамал тарив. Дараа нь ургамал үхэж, Ионад гэмшилтэй санагджээ.
Их Эзэн Ионад Өөрийн хүүхдүүдийн талаар заасан юм. Иона хүмүүсийг наманчлаагүй үед харамсаж, харин тэднийг наманчлахад аз жаргалтай байх хэрэгтэй гэдгийг ойлгов.