“Иаков ба түүний гэр бүл,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Иаков ба түүний гэр бүл,” Хуучин Гэрээний түүхүүд
Эхлэл 27–33
Иаков ба түүний гэр бүл
Их Эзэн амлалтаа хэрхэн биелүүлдэг вэ
Иаков уурласан Есав ахаасаа зугтахын тулд гэрээ орхив. Иаковын эцэг түүнд Их Эзэнд хайртай, Түүний зарлигуудыг сахидаг эмэгтэйг олж, гэрлэх адислалыг өгөв.
Иаковыг явж байх үеэр Их Эзэн түүнд үзэгдлээр зочлов. Тэрээр Иаковтай үргэлж хамт байх болно хэмээн амласан. Иаков хүлээн авсан бүх зүйлийнхээ аравны нэгийг Их Эзэнд өгнө хэмээн андгайлав.
Их Эзэн Иаковт олон үр хүүхэдтэй болно хэмээн амласан. Иаковын үр удмаар дамжуулан дэлхийн гэр бүлүүд Аврагчийн талаарх мэдлэгээр адислагдах болно. Хожмын үед Иоковын гэр бүлийг Израилын угсаа гэж нэрлэсэн.
Эхлэл 28:3–4, 14; 1 Нифай 10:14
Иаков Харан хэмээх нутаг руу явсан. Тэнд тэрээр Рахел хэмээх зөв шударга эмэгтэйд дурлав.
Хэрвээ Лабан Иаковыг Рахелтай гэрлэхийг зөвшөөрвөл Иаков түүний төлөө долоон жил ажиллахаар тохиролцов. Лабан зөвшөөрөв. Иаков долоон жил ажиллав.
Гэвч Лабан ууган охин Леагаа түрүүлж гэрлэхийг хүсэж байв. Хуримын үеэр Лабан Иаковыг хууран мэхэлж, оронд нь Леатай гэрлүүлэв. Гэвч Иаков Рахелд хайртай байлаа. Хэрвээ тэр түүнтэй гэрлэж болох бол дахин долоон жил ажиллахаар амлав. Лабан зөвшөөрч, Иаковын гэр бүл өнөр өтгөн болж эхлэв.
Эхлэл 29:28–35; 30:3–13, 17–24; Иаков 2:27–30
Лабан Иаковт шударгаар мөнгө төлсөнгүй. Гэвч Их Эзэн Иаковыг олон мал сүргээр адислан, Иаковыг эргээд гэртээ буц хэмээн хэлэв.
Эхлэл 30:31, 43; 31:1–7, 17–18
Гэртээ буцахаар явж байх үедээ Иаков ах Есав нь өөртэй нь уулзахаар 400 хүн дагуулан ирж буйг мэджээ.
Иаков Есавыг өөрт нь уурласан хэвээр байгаа гэж бодож байлаа. Иаков гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байсан учраас тэднийг аюулгүй газарт авчирч, залбирав.
Иаков шөнийн турш, өглөө хүртэл залбирав. Их Эзэн Иаков дээр зочилж, түүнийг адислав. Их Эзэн Иаковыг олон хүний агуу удирдагч байх болно хэмээн хэлэв. Их Эзэн Иаковын нэрийг Израил болгон өөрчилсөн.
Удалгүй Есав, түүний эрс Иаков болон түүний гэр бүлийг олов. Есав Иаковт уурлахаа больсон байв. Тэр Иаков руу гүйж ирээд, түүнийг тэвэрлээ. Тэр түүнийг харахдаа мөн гэр бүлтэй нь уулзахдаа маш их баяртай байв. Иаков мөн адил Есавтай уулзсандаа баяртай байлаа.
Их Эзэн Иаковт өгсөн амлалтаа түүний амьдралынх нь туршид сахьсан. Иаков гэр бүлийнхээ хамт гэртээ ирээд тэнд суурьшсан. Тэр үеэс хойш, Иаковыг Израил, түүний гэр бүлийг Израилчууд гэж нэрлэх болов. Тэрээр үргэлжлүүлэн зарлигуудыг дагаж, Их Эзэнээ шүтэн бишрэв.