“Мосе Синаи ууланд,” Хуучин Гэрээний түүхүүд (2022)
“Мосе Синаи ууланд,” Хуучин Гэрээний түүхүүд
Гэтлэл 19–20; 24; 31–34; Дэд хууль 4–7
Мосе Синаи ууланд
Ард түмэнд Их Эзэнийг санахад туслав
Мосе болон израилчууд цөлд аялж байлаа. Тэд Синаи хэмээх нэртэй ууланд хүрч ирэв.
Мосе Их Эзэнтэй ярихаар уул өөд авирчээ. Их Эзэн Мосед хандан израилчуудтай нүүр тулан ярихыг хүсэж байгаагаа хэлэв.
Израилчуудыг Синаи уулын бэлд хүрч ирэхэд Их Эзэн уулыг утаагаар бүрхүүлэв. Их Эзэн утаан дунд байлаа. Тэр тэдэнтэй ярьж, зарлигуудыг өгөв. Түүнийг ярихад уул доргиж байлаа.
Гэтлэл 19:16–19; 20:1–17; Дэд хууль 4:12–13, 33; 5:4–5
Израилчууд айв. Тэд Мосег Их Эзэнтэй ярьж, хүссэн зүйлсийг нь тэдэнд дамжуулан хэлэхийг гуйв.
Мосе Аароныг болон Израилын 70 ахлагчийг авч явж, Их Эзэний заавруудыг хүлээн авахаар уул өөд гарав. Их Эзэн тэдэнд үзэгджээ.
Тэгээд Их Эзэн Мосед ахмадуудыг орхин илүү өндөр газарт гарч ирэхийг тушаав. Moсe дуулгавартай дагалаа. Их Эзэн хуруугаараа чулуун хавтан дээр Өөрийн хууль, зарлигуудыг бичив. Их Эзэн дөчин өдрийн турш олон зүйлийг Мосед заав.
Мосег Синаи уулан дээр байх хооронд Израилын ард түмэн түүнийг хүлээхээс залхжээ. Тэд Египетэд шүтэж байсантай адил хөшөөнүүдийг Аароноор хийлгэхийг хүсэв. Аарон тэдний бүх алтыг цуглуулж, алтан тугал хийж өгчээ.
Израилчууд алтан тугалыг шүтэж, тахил өргөж байлаа. Тэд Их Эзэн бус, харин алтан тугал тэднийг Египетээс чөлөөлсөн гэцгээв.
Израилчууд хиймэл шүтээн шүтэж, Түүнийг мартсан гэдгийг Их Эзэн мэдэж байлаа. Тэр Мосег буцан очиж, хүмүүст наманчлалыг тунхагла гэв.
Мосе уулнаас бууж ирээд, израилчуудыг алтан тугал шүтэж байгааг харлаа. Тэр маш их уурлав. Ард түмэн Их Эзэний хууль, зарлигуудыг дагахад бэлэн биш байлаа. Мосе чулуун хавтангаа хагалж, алтан тугалыг устгав. Тэр израилчуудад наманчилж, үнэн Бурханаа санахад нь тусалжээ.
Мосе Их Эзэнээс израилчуудыг өршөөж, тэдэнтэй дахин гэрээ байгуулахыг гуйв. Мосе тэднийг удирдаж, заана гэдгээ амлалаа.
Их Эзэн Мосег шинэ чулуун хавтанг бүтээж, Синаи уул өөд буц гэлээ. Их Эзэн израилчуудтай шинэ гэрээ байгуулж, тэдэнд Өөрийн Арван зарлигийг өгөв.