Хуучин Гэрээ 2022
1-р сарын 31–2-р сарын 6. Эхлэл 6–11; Мосе 8: “Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг олсон буюу”


“1-р сарын 31–2-р сарын 6. Эхлэл 6–11; Мосе 8: ‘Ноа Их Эзэний мэлмийд ач ивээлийг олсон буюу,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 31–2-р сарын 6. Эхлэл 6–11; Мосе 8,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Ноа, түүний гэр бүл, бүхээг болон солонго

Ноа бүхээгээс гарч байгааг дүрсэлсэн зураг, Сам Лоулор

1-р сарын 31–2-р сарын 6

Эхлэл 6–11; Мосе 8

“Ноа, Их Эзэний мэлмийд тааллыг олсон буюу”

Ноагийн бүхээг дэх амьтдын болон Бабелын цамхгийн талаар сурах нь хүүхдүүдэд зугаатай байж болох юм. Гэхдээ эдгээр түүх нь мөнхийн үнэнийг заахад зориулагдсан гэдгийг бүү март. Хүүхдүүдийг мэдэж аваасай хэмээн Бурханы хүсдэг үнэнүүдийн талаар залбиран эргэцүүлэн бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Эхлэл 6–11 болон Мосе 8 дээрх түүхүүдийг хүүхдүүдэд заахынхаа өмнө Ноа, бүхээг болон Бабелын цамхгийн талаар мэдэх зүйлээ бие биеэндээ заах боломж олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Эхлэл 6:14–22; 7–8; Мосе 8:16–30

Бошиглогчийг дагах нь намайг болон гэр бүлийг маань адисална.

Хүүхдүүд бошиглогчийг дагаж сурснаар адислагдан, Ноагийн гэр бүл Үерээс хамгаалагдсаны адил сүнслэг байдлын хувьд хамгаалагдана.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Өөрийн үүгээр Ноа болон бүхээгний тухай түүхийг ярьж өг (“Ноа ба түүний гэр бүл,” Хуучин Гэрээний түүхүүд; мөн “Бошиглогчийг дага,” Хүүхдийн дууны ном, 58–59, 3-р бадаг). Түүхийг жүжигчилж үзүүлэхэд хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, багаж хэрэгсэл ашиглан бүхээг барьж эсвэл амьтад шиг бүхээг рүү алхан орж үзүүл.

  • Хүүхдүүдэд Мосе 8:19–20-ийг уншаад, Их Эзэн Мосед юу хийхийг тушаасныг онцол. Ноа бошиглогч байсан бөгөөд гэр бүл нь түүнийг дагасан тул Үерээс аврагдсаныг ойлгоход хүүхдүүдэд тусал. Өнөө үеийн бошиглогч хэн болохыг мэддэг эсэхийг хүүхдүүдээс асуу. Түүний зургийг үзүүлээд, нэрийг нь давтан хэлэхэд хүүхдүүдэд тусал.

  • Судар эсвэл ариун сүмийн зураг гэх мэт өнөөгийн бошиглогчдын сургаалыг төлөөлсөн зургийг эсвэл эд зүйлсийг ангид авчир. Хүүхдүүдээр эд зүйлсийг сонгож, энэ талаар мэдэх зүйлийг нь яриул. Эд зүйлс юуг төлөөлж байгааг тэдэнд тайлбарла. Бошиглогчийн заасан зүйлийг дагаж байгаагаар өөрийгөө зурахад тэднийг урамшуул. Бошиглогчийг дагаснаар ирэх адислалын тухай гэрчлэлээ хуваалц.

Эхлэл 9:15–16

Бурхан бидэнд өгсөн амлалтаа биелүүлнэ.

Бурхан өгсөн амлалтаа биелүүлдэг гэдгийг, ялангуяа баптисм хүртэн Түүнтэй гэрээнд ороход бэлдэж байхдаа хүүхдүүд мэдсэн байх нь чухал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Солонго зурахад хүүхдүүдийг урь. Эхлэл 9:15–16-г тэдэнд уншиж өгөөд, санан дурсах гэсэн үгийг сонсохыг тэднээс хүс. Уг үгийг сонсох бүрдээ солонгоо дээшээ өргөхөд тэднийг урь. Солонго бол Бурханы бидэнд өгсөн амлалтыг сануулдаг болохыг тайлбарла.

  • Жишээлбэл, хэрэв бид Есүс Христийг дагах юм бол Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж чадна эсвэл Бурхан биднийг тайтгаруулахаар Ариун Сүнсийг илгээнэ гэх мэт Бурханы зарим амлалтын талаар хүүхдүүдтэй ярилц. Бурхан амлалтаа үргэлж биелүүлдэг тухай гэрчлэлээ хуваалц.

  • Бурхантай гэрээнд орох тухай ярихдаа баптисм хүртэж байгаа хүүхэд, ариун ёслол, ариун сүм гэх мэт зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 104, 108, 120-ийг үзнэ үү).

Эхлэл 11:1–9

Тэнгэрт хүрэх цорын ганц зам бол Есүс Христийг дагах явдал юм.

Бабелын хүмүүс Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын оронд цамхаг барьж тэнгэрт хүрэхийг завдсан. Аврагчийг дагах нь Тэнгэрлэг Эцэг рүү эргэн очих цорын ганц арга зам гэдгийг ойлгоход хүүхдүүдэд та хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бабелын цамхгийн тухай түүхийг өөрийн үгээр ярь эсвэл “Бабелын цамхаг” түүхийг уншиж өг (Хуучин Гэрээний түүхүүд). Уг түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урамшуул.

    Бабелын цамхгийн зураг

    Бабелын цамхгийн зураг, Дэвид Грийн

  • Хүүхдүүдэд угсардаг тоглоомоор эсвэл өөр бусад зүйлээр цамхаг барих боломж олго. Дараа нь Аврагчийн зургийг хүүхдүүдэд үзүүлээд, цамхаг барих эсвэл Есүс Христийг дагах аль нь Тэнгэрлэг Эцэг рүү эргэж очих зам болохыг тэднээс асуу. Аврагчийг дагахын тулд юу хийж чадахаа ярихад хүүхдүүдийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Эхлэл 6:14–22; 7–8; Мосе 8:16–30

Бошиглогчийг дагах нь намайг болон гэр бүлийг маань адисална.

Зарим талаараа Ноагийн амьдарч байсан цаг үед байсантай адил ёс бус дэлхийд хүүхдүүд өсөж байна. Бошиглогчийг дагаснаар сүнслэг хамгаалалтыг олж авах боломжтой гэдэгт итгэх итгэлийг Ноагийн туршлага тэдэнд өгнө.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Зургаар дүрслэн үзүүлж болох шүлгийг Эхлэл 6:14–22; 7–8-аас сонгоход хүүхдүүдэд тусал. Ноагийн түүхийг ярихдаа тэдний зурсан зургийг ашигла. Уг түүхээс сурсан зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

  • Ноагийн (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 7–8-ыг үзнэ үү) болон одоогийн бошиглогчийн зургийг үзүүл. Мосе 8:16, 19–20, 23–24-ийг судалж, өнөө үед манай удирдагчдын заадаг, Ноагийн заасан зүйлсийг олоход хүүхдүүдэд тусал. Бид эдгээр сургаалыг дагаснаар хэрхэн адислагдсан бэ?

  • Өнөө үед бошиглогчийн бидэнд заасан ямар нэгэн зүйлийг хуваалц. Бошиглогчийн заасан ямар нэгэн зүйлийг цаасан дээр бичихийг хүүхдүүдээс хүсээд, цаасыг бүхээгний хэлбэрээр байрлуулахад тэдэнд тусал. Эдгээр сургаал нь хэрхэн Ноагийн барьсан бүхээгтэй адилхан бэ?

Эхлэл 9:15–17

Бид гэрээгээ санах хэрэгтэй.

Бид баптисм хүртсэнээр Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах гэрээг Түүнтэй байгуулдаг. Эхлэл 9:15–17-д солонго нь Бурханы гэрээг сануулдаг болохыг тодорхойлсон. Эдгээр шүлэг Бурхантай байгуулсан гэрээг нь сануулах арга замыг эрэлхийлэхэд хүүхдүүдийг урамшуулж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хуримын бөгж, зураг, өдрийн тэмдэглэл гэх мэт амьдралд тань болж өнгөрсөн ямар нэгэн чухал үйл явдлыг сануулдаг зүйлийг хүүхдүүдэд үзүүл. Хүүхдүүдэд өөрсдийн жишээг хуваалцах боломж олго. Эхлэл 9:15–17-г хамтдаа унш (мөн Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 9:21–25-ыг үзнэ үү [Библийн хавсралт]). Солонго хараад юуны талаар бодоосой хэмээн Тэнгэрлэг Эцэг биднээс хүссэн бэ?

  • Баптисм хүртэхдээ өгсөн мөн ариун ёслолоос хүртэх бүрдээ шинэчилдэг амлалтуудыг нь хүүхдүүдэд сануул (Мозая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү). Гэрээг нь сануулах ямар нэгэн зүйлийг зурах буюу бүтээх боломж хүүхдүүдэд олго.

Эхлэл 11:1–9

Тэнгэрт хүрэх цорын ганц зам бол Есүс Христийг дагах явдал юм.

Хэдийгээр өнөө үед тэнгэрт хүрэхийн тулд хүмүүс цамхаг барихгүй байж болох ч олон хүн Есүс Христийн тавьснаас өөр замаар амар амгалан, аз жаргалыг олохыг хичээдэг. Та энэ зарчмыг заахын тулд Бабелын цамхгийн түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бабелын цамхгийн түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс ( Эхлэл 11:1–9-ийг үзнэ үү). Хиламан 6:28-д цэдэглэснээр хүмүүс яагаад Бабелын цамхгийг барьсан бэ? Энэ цамхгийг барих нь яагаад тэнгэрт хүрэх буруу арга зам байсан бэ? Бабелын хүмүүст бид ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

  • 2 Нифай 31:20–21 болон Хиламан 3:28-аас тэнгэрт хүрэх зөв арга замыг хайж олоход хүүхдүүдийг урь. Аврагч Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалц.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдийн хэсэгт сурсан түүхээ гэр бүлийнхэндээ заах арга замын талаар бодоход хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд зурсан зургаа эсвэл энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсаа ашиглаж болно.

Заах чадвараа сайжруулах

Зааж байгаа хүүхдүүдээ ойлгохыг хичээ. Хүүхдүүдэд заахдаа тэдний асуулт, санал, нэн чухал байж болох түүхэнд эсвэл зарчмуудад онцгой анхаарал хандуул. Эдгээр зүйлийг мэдэх нь тэдний хэрэгцээн дээр анхаарлаа хандуулахад танд тусална.