Хуучин Гэрээ 2022
1-р сарын 24–30. Мосе 7: “Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв”


“1-р сарын 24–30. Мосе 7: ‘Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“1-р сарын 24–30. Мосе 7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Олон хүн хайраар харьцаж байгаа нь

Love One Another (Бие биенээ хайрла), Эмма Доналдсон Тэйлор

1-р сарын 24–30

Moсе 7

“Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв”

Мосе 7-г уншсанаар заах бэлтгэлээ эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь энэ бүлгийг ойлгоход танд туслах бөгөөд доорх санаанууд хүүхдүүдэд хэрхэн заах санааг танд өгнө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Бошиглогч Енохын тухай мөн өнгөрсөн долоо хоногийн хичээлээр сурч мэдсэн зүйлээ тантай хамт авч давтах боломж хүүхдүүдэд олго. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлэх нь тустай байж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Мосе 7:18

Бурхан биднийг бие биенээ хайрлаасай хэмээн хүсдэг.

Эдгээр шүлэгт Сионы хүмүүсийн зан чанарыг дүрсэлсэн байдаг. Эдгээр зан чанарыг хөгжүүлж эхлэхэд нь та хэрхэн хүүхдүүдэд тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Бошиглогч Енох” (Хуучин Гэрээний түүхүүд) дээрх Енохын түүхийг хуваалц эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг ашиглан уг түүхийг өөрийн үгээр ярих боломж хүүхдүүдэд олго. Та бас түүхийг авч үзэхдээ “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58) дууны хоёр дахь бадгийг хүүхдүүдтэй хамт дуулж болно.

  • “Нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай” (Мосе 7:18) гэсэн үгтэй холбоотой үйлдлүүдийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Энэ хэллэг нь Енохын хүмүүс бие биенээ хайрладаг, бие биетэйгээ эелдэг байсан гэсэн үг болохыг тайлбарла. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсаа ашиглан хайраа харуулах арга замыг зурахад тэднийг урь.

  • “Гэр бүлийн хайр” (Сүмийн дуулал, 44–45) зэрэг нэг нэгнээ хайрлах тухай дуу дуул. Дууны үгийг цээжлэхэд хүүхдүүдэд туслах түлхүүр үгсийг харуулсан зургуудыг авчир. Түүнчлэн Хүүхдийн хэсэгт болон гэртээ бие биендээ хайраа үзүүлэх арга замын талаар хүүхдүүдээс асуу. Дараа нь санаагаа үйл хэрэг болгох боломж олго.

Настай эмэгтэйтэй жимс хуваан идэж буй охин

Бид “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай” (Мосе 7:18) байхыг эрэлхийлэх ёстой.

Мосе 7:28–33

Бурхан хүүхдүүддээ санаа тавьдаг.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд болон бидний үйлдэлд маш их санаа тавьдгийг мэдэж авахад та хүүхдүүдэд тусалж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Тэнгэрлэг Эцэгийг баярлуулах зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Мосе 7:28 -ыг хүүхдүүдтэй хамт уншаад, хүмүүс маш ёс бус байсан тул Тэнгэрлэг Эцэг гашуудсаныг тайлбарла (32–33-р шүлгийг үзнэ үү).

  • Цаасны нэг тал дээр гунигтай царай, нөгөө талд нь баяр хөөртэй царай хүүхдүүдээр зуруул. Залбирах гэх мэт зарим сайн мөн худал хэлэх гэх мэт зарим сөрөг үйлдлийг тус тус нэрлээд, сонголт бүрийн талаар Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ юу гэж бодохыг баяр хөөртэй эсвэл гунигтай царайг дээш өргөж харуулахыг хүүхдүүдээс хүс.

  • Тэнгэрлэг Эцэгийг баярлуулахын тулд хийж болох зарим зүйлийг үзүүлэх тоглоом тоглоход хүүхдүүдийг урь. Тэдний юу хийж байгааг бусад хүүхдээр таалга. Тэнгэрлэг Эцэгээ баярлуулах ямар зүйл хийж байхыг нь харснаа хүүхэд бүртэй хуваалц.

Мосе 7:59–67

Есүс дэлхийд эргэн ирэх болно.

Енох өөрийн үзэгдэлд Аврагчийн Хоёр дахь ирэлт мөн хожмын өдрүүдийг харсан. Та Хоёр дахь ирэлтийг хүсэн хүлээхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Онцгой зочин тэдэн дээр айлчлан ирж байна хэмээн төсөөлөн бодоход хүүхдүүдийг урь. Айлчлан ирэхэд нь бэлдэхийн тулд тэд юу хийж болох вэ? Мосе 7:60 дээрх “Эцсийн өдрүүдэд … би ирэх болно” хэмээн Енохт хэлсэн Их Эзэний үгийг хуваалцана уу. Есүсийг эргэн ирэхэд бид ямар арга замаар өөрсдийгөө бэлдэж болох вэ?

  • Аврагч хүмүүст үзэгдэж байгааг харуулсан зургуудыг үзүүл Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 60, 82, 83 болон 84-ийг үзнэ үү). Зурган дээрх хүмүүс юу хийж байна вэ? Есүстэй уулзахад хүмүүст ямар мэдрэмж төрж байсан бэ? Есүсийг дахин ирэхийг харахад ямар санагдах талаар хуваалцах боломж хүүхдүүдэд өг.

  • “Түүнийг дэлхийд дахин ирэхэд” (Хүүхдийн дууны ном, 46–47) зэрэг Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тухай дуу дуулаад, Есүсийг дахин ирэхэд ямар байна гэж бодож байгааг нь хүүхдүүдээс асуу.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Moсе 7:18–21, 62–63, 68–69

Бид Сионы хүмүүстэй адил нэгдмэл байж чадна.

Сионы тухай уншихдаа нэгдмэл байдлыг харуулсан жишээг эргэцүүлэн бод. Енохын хүмүүстэй адил эв нэгдэлтэй болоход та хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мосе 7:18-ыг уншихдаа Сион хэмээгдэх Енохын хүмүүсийг дүрсэлсэн үгсийг олохыг хүүхдээс хүс. Эдгээр үгийг самбарын дээд хэсэгт гарчиг маягаар бичээд, гарчиг бүрийн доор Енохын хүмүүстэй илүү адилхан болохын тулд хийж болох зүйлээ бичихэд хүүхдүүдийг урь. Тэднийг хуваалцсаны дараа гэр орноо хэрхэн Сионтой илүү адилхан болгож болохыг хүүхдүүдээс асуу. Тэд 4 Нифай 1:15–18-аас зарим нэгэн санаа олж магад.

  • Мосе 7:18–21, 62–63, 68–69-д “Сион” гэсэн үг хэдэн удаа гарч ирж байгааг тоолохыг хүүхдүүдээс хүс. Үг гарч ирэх болгонд Сионы тухай уг шүлэгт юу гэж өгүүлснийг тодорхойлоход хүүхдүүдэд тусал (мөн Судруудын удирдамж, “Сион,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Бид эдгээр шүлэгт дүрсэлсэн хүмүүстэй хэрхэн илүү адилхан болж чадах вэ?

  • Ямар арга замаар тэд “нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай” ( Мосе 7:18-ыг үзнэ үү) байж болох талаар бодоход хүүхдүүдэд туслахын тулд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла.

Мосе 7:28–37

Бурхан Өөрийн хүүхдүүдийн төлөө уйлдаг.

Бурхан бидэнд болон бидний үйлдэлд санаа зовдог гэдгийг олж мэдэхэд хүүхдүүдэд та хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Юу Бурханыг уйлахад хүргэж болохыг хүүхдүүдээс асуу (Мосе 7:28–31-ийг үзнэ үү). Хариултаа Мосе 7:32–33, 37-оос хайж олоход хүүхдүүдийг урь. Бурхан Өөрийн хүүхдүүдийн талаар юу гэж боддог тухай эдгээр шүлэг бидэнд юу заадаг вэ? Бурхан бидэнд хайртайг бид хэрхэн мэддэг вэ? Бурханы биднийг гэсэн хайрын талаарх гэрчлэлээ хуваалц.

  • Шоштой уут эсвэл бөмбөг хүүхэд рүү шидэж өг. “Би … Бурханыг баярлуулж чадна” гэсэн өгүүлбэрийг гүйцээж хэлээд, дараа нь өөр хүүхэд рүү шидэхийг түүнээс хүс. Хүүхэд бүрд боломж олдох хүртэл давтаж хий.

Moсe 7:60–67

Есүс Христ хожмын өдрүүдэд дахин ирэх болно.

Мосе 7:60–67 дээрх Хоёр дахь ирэлтийн тухай уншихдаа энэ талаар хэрхэн хүүхдүүдэд баяр хөөртэй зааж болох талаар бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мосе 7:60–67-г хамтдаа уншаад, хожмын өдрүүдэд юу болох талаар Их Эзэний хэлсэн зүйлсийг тодорхойлоход хүүхдүүдэд тусал. Эдгээрийн дундаас аль үйл явдлыг, яагаад тэд хүсэн хүлээж байгааг нь асуу.

  • Хэн нэгнийг айлчилж эсвэл эргэж ирэхийг хүлээж байсан талаараа ярихад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдэд ямар мэдрэмж төрж байсан бэ? Үүнд бэлдэхийн тулд тэд юу хийсэн бэ? Бид хэрхэн Есүсийг дахин харахад өөрсдийгөө бэлдэж болох вэ?

  • Аврагчийн Хоёр дахь Ирэлтийн зургийг үзүүл (жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 66-г үзнэ үү). Мосе 7:60–67-оос уншсан зүйл дээрээ үндэслэн Хоёр дахь ирэлтийн талаар өөрийн зургийг зурах боломж хүүхдүүдэд олго.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та гэртээ Хуучин Гэрээнээс үргэлжлүүлэн суралцахад хүүхдүүдийг болон гэр бүлийнхнийг нь хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Жишээлбэл, гэр бүлийн үдшийн хичээлийнхээ нэг хэсэг болгон хүүхдүүд Хүүхдийн хэсэгт зурж, будсан зургаа хуваалцаж болно.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд идэвхтэй оролцоход тусал. “Хүүхдүүдэд зааж байхдаа тэдэнд барьж босгох, зурах, өнгөөр будах, бичих, бүтээх боломж олго. Эдгээр зүйл зөвхөн зугаатай үйл ажиллагаа байгаад зогсохгүй, суралцах явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг” (Аврагчийн арга барилаар заах нь,25).