“1-р сарын 17–23. Эхлэл 5; Мосе 6: ‘Эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэй заа,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“1-р сарын 17–23. Эхлэл 5; Мосе 6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
1-р сарын 17–23
Эхлэл 5; Мосе 6
“Эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэй заа”
Эхлэл 5 болон Мосе 6-г уншсанаар таны заах бэлтгэл эхэлнэ. Ингэхдээ хүүхдүүдийн сурах ёстой зүйлийн талаар Ариун Сүнсний удирдамжийг сонс.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Жижигхэн цаасан дээр энэ долоо хоногт гэртээ эсвэл Хүүхдийн хэсгийн өмнөх хичээлээр сурсан ямар нэгэн зүйлээ хүүхдүүдэд санахад нь туслах чухал үгсийг бич. Хүүхдүүдээр үгсийг сугалуулж, тухайн үгтэй холбоотой ямар нэгэн зүйлээ хуваалцахад тэднийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бурхан надад хэцүү зүйлсийг хийхэд тусална.
Сайн мэдээг номло хэмээн дуудахад Енох чадахгүй байх гэдгээс санаа нь зовниж байсан. Гэвч Бурхан түүнд агуу зүйлсийг хийж бүтээхэд нь тусалсан юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдээс ямар нэгэн хэцүү зүйлийг хийх хэрэгтэй болсон тохиолдлоо хуваалцахыг хүс. Мосе 6:27, 31–34 дэх Енох бошиглогчоор дуудагдсан түүхийг хуваалцана уу (мөн Енох,” Хуучин Гэрээний түүхүүд-ийг үзнэ үү). Хэдийгээр Енох бошиглогч болоход бэлэн биш гэж бодож байсан ч Бурхан түүнд туслахаа амласан. Хүнд хэцүү зүйл хийх шаардлагатай болох үед маань Бурханы тусалдаг зарим арга замыг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
Жишээлбэл, Ноа завь барьсан, Давид Голиаттай тулалдсан, Аммон хааны сүргийг хамгаалсан, Лемен үндэстэн Самуел номлосон гэх мэт хэцүү үүрэг даалгаврыг биелүүлэхэд нь Бурхан хүмүүст тусалж байсан тухай судрын зарим жишээг хуваалцана уу. (Бошиглогчдын зураг, судрын эшлэлийг Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 7, 19, 78, 81-ээс авна уу). Их Эзэн ямар нэгэн хэцүү зүйл хийхэд тань тусалж байсан туршлагаасаа хуваалц.
Сайн мэдээ хэрхэн Тэнгэрлэг Эцэг рүү эргэж очихыг надад заадаг.
Итгэлтэй байж, наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах замаар бид хэрхэн Өөрт нь эргэн ирж болохыг Бурхан Адамд заасан. Та эдгээрийн талаар суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлгийг төлөөлсөн зургуудыг олж эсвэл зур (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Есүс Христийн зураг руу чиглэсэн байдлаар зургуудыг байрлуул. Мосе 6:52 -ыг хүүхдүүдэд уншаад, тухайн үгийг төлөөлсөн үгийг сонсвол зөв зургийн дэргэд очиж зогсохыг тэднээс хүс (энэ шүлэгт “итгэл” гэдэг үгийн оронд “итгэж” гэх үгийг ашигласан байгаа).
-
Мосе 6:52 дахь зарчмуудыг заадаг “Итгэл,” “Эцэг минь гуйя, надад туслаач” (2-р бадаг), “Намайг баптисм хүртэхэд,” мөн “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном 50–51, 52, 53, 56) зэрэг дуу дуул. Дуунд заасан зүйлсийг хийх нь Тэнгэрлэг Эцэг рүү эргэн очиход бидэнд тусална гэдгийг хүүхдүүдэд ойлгуул.
Эцэг эхчүүдийг үр хүүхдүүддээ заагаасай хэмээн Тэнгэрлэг Эцэг хүсдэг.
Адам, Евагийн үеэс эхлэн эцэг эхчүүдэд сайн мэдээг үр хүүхдэдээ заа хэмээн зарлигласан. Та эцэг эхийнхээ зөв шударга сургаалыг сонсож, дагахад хэрхэн хүүхдүүдийг урамшуулж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мосе 6:58-ыг хүүхдүүдэд уншаад, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь Адам, Ева хоёрын гэр бүлийн зургийг үзүүл. Хүүхдүүдэд “эдгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэй заа” гэдэг хэллэгийг давтаж хэлэхэд тусал. Үр хүүхдэдээ Есүс Христийн болон Түүний сайн мэдээг заах замаар Адам, Ева хоёрын үлгэр жишээг дагахыг Бурхан бүх эцэг эхээс хүсдэгийг тайлбарла. Эцэг эх нь болон бусад хүн тэдэнд сайн мэдээг заахад тэд юу хийж болохыг хүүхдүүдээс асуу.
-
Өөрсдийнхөө зургийг эцэг эхийнхийнхээ эсвэл амьтны үр төлийн зургийг нас бие гүйцсэн амьтны зурагтай тааруулахад хүүхдүүдэд тусал. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн тусалдаг вэ? Тэд тэдэнд юу заадаг вэ? Гэр бүлээ судраас хамтдаа уншиж, залбирч, идэж байгаа гэх мэт эцэг эх нь хүүхдүүдэдээ зааж сургаж байгаа зураг зурахыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Бурхан хүнд хэцүү зүйлсийг хийхэд надад тусалж чадна.
Хэдийгээр Енох хүч хүрэхгүй гэж бодож байсан ч Бурханд түүнд бошиглогчийн дуудлагаа хийж гүйцэтгэхэд нь тусалсан. Бурхан мөн таны заадаг хүүхдүүдэд хүнд хэцүү гэгдэх зүйлсийг хийхэд нь тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдтэй хамт Мосе 6:26–34-ийг унш. Яагаад Енох сайн мэдээг номлож чадахгүй гэж бодож байсан бэ? ( Мосе 6:31-ийг үзнэ үү). Бурхан Енохт хэрхэн тусалсан бэ? ( Moсе 6:32–34; 7:13-ыг үзнэ).
-
Үеийнх нь хүүхдүүдийн заримдаа хийдэг хүнд хэцүү зүйлийг нэрлэхэд хүүхдүүдийг урь (хичээлийн даалгавраа хийх, муухай ааш гаргасан хүнтэй эелдэг харьцах эсвэл алдаа гаргахад нь үнэнийг нь хэлэх). Тэдэнд туслах үг хэллэгийг Moсе 6:32–34-өөс олоход хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдээс ямар нэгэн хэцүү зүйл хийхэд нь Бурхан тусалж байсан тохиолдлын тухай хуваалцахыг хүс. Өөрийн туршлагаасаа бас хуваалц.
Итгэл, наманчлал, баптисм болон Ариун Сүнсийг хүлээн авах нь намайг Бурханд эргэн очиход бэлддэг.
Адам, Енох хоёр хүмүүстээ итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах зэрэг сайн мэдээний анхдагч зарчим, ёслолыг заасан (мөн Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү). Эдгээр зарчим, ёслол тэдний амьдралд ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Moсe 6:52, 57-г уншаад, итгэлийн тунхгийн дөрөв дэх догол мөрөнд дурдсан сайн мэдээний зарчим, ёслолуудыг олохыг хүүхдээс хүс.
-
Итгэлийн тунхгийн дөрөв дэх догол мөрийг самбарт бичээд, уншихад хүүхдүүдийг урь. Дараа нь нэг эсвэл хоёр үгийг нь арилгаад, уг үгийг нөхөн оруулж дахин уншихыг тэднээс хүс. Хүүхдүүдийг итгэлийн тунхгийг цээжилтэл нь энэ үйл явцыг давтан хий.
-
Итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах тухай гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болох богино үг бичиж ирэхэд хүүхдүүдийг урь. Үг болгонд судар, туршлага, гэрчлэл багтсан байна. Үгэнд зарчим нь хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэгт эргэн очиход тусалдаг талаар тайлбарлаж болно.
Эцэг эхчүүд үр хүүхдэдээ заах үүрэгтэй.
Бурхан эцэг эхчүүдэд гэр бүлдээ сайн мэдээний анхдагч багш нь байж чадна гэсэн итгэл хүлээлгэдэг. Та хүүхдүүдийг эцэг эхдээ энэ үүргээ биелүүлэхэд нь тусалж дэмжихэд хэрхэн урамшуулж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдээс Мосе 6:58-ыг уншихыг хүс. Энэ шүлэгт Тэнгэрлэг Эцэгийн ямар зарлигийг эцэг эхчүүдэд өгсөн бэ? Адам, Ева хоёр хүүхдүүддээ зааж байгаа зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм-ыг үзнэ үү), уг зургаас харж буй зүйлээ хуваалцах боломж хүүхдүүдэд олго. Гэр бүлийнхнээсээ мэдэж авсан сайн мэдээний чухал үнэнүүдийн талаар ярилцахад тэднийг урамшуулан дэмж.
-
Эцэг эхдээ талархлын зурвас бичихэд эсвэл талархлаа илэрхийлэхэд өөр энгийн арга замыг төлөвлөхөд хүүхдүүдэд тусал. Гэр бүлийн тухай “Бидэнд хайр байдаг юм” (Хүүхдийн дууны ном, 102–103) зэрэг дуу дуул. Гэр орондоо хайр энэрлийн уур амьсгал бий болгоход нь бид эцэг эхдээ хэрхэн тусалж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Та хичээлээс гадуур үргэлжлүүлэн суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ? Энэ долоо хоногт ямар нэгэн хүнд хэцүү зүйлтэй тулгарах юм бол Енохын түүхийг санаарай хэмээн тэднийг урамшуулж болно.