Хуучин Гэрээ 2022
2-р сарын 21–27. Эхлэл 24–27: Гэрээ шинэчлэгдсэн


“2-р сарын 21–27. Эхлэл 24–27: Гэрээ шинэчлэгдсэн,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“2-р сарын 21–27. Эхлэл 24–27,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Ребека

Ребекагийн зураг, Диллин Марш

2-р сарын 21–27

Эхлэл 24–27

Гэрээ шинэчлэгдсэн

Та Эхлэл 24–27-г уншиж байхдаа хүлээн авч байгаа сүнслэг өдөөлтдөө анхаарал хандуул. Таны олсон зарчим амьдралд тань хэрхэн хамаатай болохыг мэдэхийн тулд залбир.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Абрахамтай хийсэн Бурханы гэрээ нь Абрахам болон түүний үр удмаар дамжуулан “дэлхийн бүх гэр бүл адислагдах болно” (Aбрахам 2:11) хэмээсэн амлалтыг агуулжээ. Энэ нь нэг үе удамд биелэх боломжтой амлалт биш юм. Библи бол Бурханы амлалтаа олон талаар, тасралтгүй биелүүлж байгаа түүх юм. Тэрээр Исаак болон Ребекагийн гэр бүлүүдтэй байгуулсан гэрээгээ шинэчлэх замаар эхэлдэг. Тэдний туршлагаас бид гэрээний нэг хэсэг болох ямар нэгэн зүйлийг сурч мэддэг. Тэдний үлгэр жишээ нь эелдэг байдал, тэвчээр, Бурханы амласан адислалуудад итгэх итгэлийг бидэнд заадаг. Бид өөрсдөдөө, хүүхдүүддээ мөн хойч үедээ Бурханы адислалуудыг хамгаалан үлдэхийн тулд дэлхийн бүх “шөл” (Эхлэл 25:30)-нөөс салах нь зөв гэдгийг бид мэддэг.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Эхлэл 24

Гэрлэлт бол Бурханы мөнхийн төлөвлөгөөнд хамгийн гол зүйл нь юм.

Өнөөдөр олон хүн гэрлэлтийг нэн тэргүүнд тавих зүйл биш эсвэл бүр дарамт хэмээн үздэг. Абрахам өөр байр суурьтай байсан ба түүний хувьд хүү Исаакийнх нь гэрлэлт нэн чухал зүйл байсан. Энэ нь түүний хувьд яагаад тийм чухал байсан гэж та бодож байна вэ? Та Эхлэл 24-ийг уншиж байхдаа Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд гэрлэлт ямар чухал болохыг бодоорой. Та бас ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–38) захиасыг уншаад яагаад “эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлт дээр үндэслэгдсэн гэр бүл Бурханы төлөвлөгөө амжилттай хэрэгжих орчныг бүрдүүлдэг” талаар бодож үз.

Энэ бүлгийн бусад чухал зарчмыг авч үзэхэд дараах асуултууд танд тусална. Үүнд:

Эхлэл 24:1–14. Абрахам, түүний зарц хоёр Исаакад эхнэр хайх хүчин чармайлтдаа Их Эзэнийг оролцуулахын тулд юу хийсэн бэ?

Эхлэл 24:15–28, 55–60. Ребекагаас даган дуурайхыг хүсэж буй ямар зан чанарыг та олж харсан бэ?

Та өөр ямар ойлголтыг олж мэдсэн бэ?

Мөн Сургаал ба Гэрээ 131:1–4; “Гэр Бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Эхлэл 25:29–34

Бид түр зуурын сэтгэл ханамж болон илүү агуу үнэ цэнтэй зүйлсийн аль нэгийг сонгож чадна.

Абрахамын үеийн ёс заншилд том хүү нь манлайлагч байх мөн давуу эрхтэй байсан бөгөөд үүнийг ууган хүү байх эрх хэмээн нэрлэдэг байв. Энэ хүү нь эцэг эхээсээ илүү өв залгамжлал авахын зэрэгцээ гэр бүлийн бусад хүмүүстээ анхаарал халамж тавих илүү их үүргийг хүлээн авдаг байсан.

Та Эхлэл 25:29–34-ийг Есав яагаад өөрийн ууган хүү байх эрхээ нэгэн хоолоор солиход бэлэн байсан тухай бод. Та энэ үйл явдлаас өөртөө тохирох ямар сургамж авч байна вэ? Жишээлбэл, танд хамгийн үнэ цэнтэй, ач холбогдолтой адислалуудаас сатааруулж буй ямар нэгэн “шөл” байгаа юу? Та эдгээр адислалдаа анхаарлаа хандуулж мөн талархалтай байхын тулд юу хийж байна вэ?

Мөн Maтай 6:19–33; 2 Нифай 9:51; M.Russell Ballard, “What Matters Most Is What Lasts Longest,” Liahona, Nov. 2005-ыг үзнэ үү.

Эхлэл 26:1–5

Абрахамын гэрээ Исаакаар дамжин шинэчлэгдсэн.

Абрахамтай хийсэн Бурханы гэрээ нь олон үе дамжин үргэлжлэх зорилготой байсан тул Абрахам, Сара хоёрын гэрээгээ сахих өв уламжлал нь Исаак, Иаков болон тэдний үе удмын бусад итгэлтэй эрэгтэй, эмэгтэйчүүдэд өвлөгдөн үлдэх ёстой байв. Та Эхлэл 26:1–5-ыг уншиж байхдаа Бурханы дурдсан гэрээний зарим адислалыг олж мэд. Та эдгээр шүлгээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ?

Эхлэл 26:18–25, 32–33

Есүс Христ бол амьд усны худаг мөн.

Худаг, булаг шанд, бусад усны эх үүсвэр Хуучин Гэрээний олон түүхэнд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг та анзаарсан байж магадгүй. Эдгээр түүхийн ихэнх нь маш хуурай газар тохиолдсон тул энэ бүхэн гайхмаар биш юм. Та Эхлэл 26-аас Исаакийн худгийн тухай уншиж байхдаа судар дээр ус нь юуг бэлгэддэг талаар тунгаан бод. “Амьд усны” тухай сүнслэг худгийн талаар та ямар ойлголттой болсон бэ? (Иохан 4:10–15-ыг үзнэ үү.) Та нар сүнслэг худгуудыг амьдралдаа хэрхэн бий болгож байна вэ? Та нарын хувьд Аврагч хэрхэн амьд ус вэ? Филистчүүд худгуудыг “булж битүүлсэн” байгааг анзаар (Эхлэл 26:18-ыг үзнэ үү). Таны амьдралд амьд усны худгийг булж битүүлж байгаа зүйл байна уу?

Эртний худаг

Абрахам, Исаак хоёрын олон худаг ухсан эртний Беершебагийн худаг.

Эхлэл 27

Ребека, Иаков хоёр Исаакийг хуурах нь буруу байсан уу?

Ребека, Иаков хоёр Иаковт адислал авахын тулд хэрэглэсэн арга замын цаад шалтгааныг бид мэдэхгүй. Бидэнд байгаа Хуучин Гэрээ нь бүрэн бус гэдгийг санах нь чухал (Мосе 1:23, 41-ийг үзнэ үү). Бидэнд ойлгогдохгүй байгаа зүйлийг тайлбарлаж өгөх мэдээлэл анхны цэдгээс байхгүй болсон байж болно. Гэсэн хэдий ч Иаков Есавыг захирах болно хэмээх илчлэлтийг Ребека хүлээн авсан учраас Исаакаас адислал хүртэх нь Иаковын хувьд Бурханы хүсэл байсан гэдгийг бид мэддэг (Эхлэл 25:23-ыг үзнэ үү). Есавын оронд Иаковыг адисалснаа Исаак мэдсэнийхээ дараа Бурханы таалал гүйцэлдлээ гээд Иаковыг “гарцаагүй ерөөгдөнө” (Эхлэл 27:33) хэмээн батлан хэлсэн.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Эхлэл 24:2–4, 32–48.Абрахам итгэмжлэгдсэн зарцаасаа Исаакт эхнэр олж өгөхийг гуйхад зарц нь олж өгнө хэмээн Абрахамтай гэрээ хийсэн. Абрахамын зарц гэрээгээ сахин биелүүлэхдээ итгэлтэй байдлаа хэрхэн харуулсан бэ? Бид түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Эхлэл 24:15–28, 55–60.Ребекаг Исаакийн зөв зохистой мөнхийн хамтрагч болгосон зохих шинж чанаруудыг танай гэр бүл эдгээр шүлгээс олж харж болно. Эдгээр зан чанараас өөрсдөдөө хөгжүүлэхийг хүсэж байгаа нэг зан чанарыг сонгоход гэр бүлийн гишүүдээ урамшуул.

Эхлэл 25:19–3427.Есавын ууган хүү байх эрх ба адислал хэрхэн Иаковт очсон тухай түүхийг давтан харахын тулд та “Иаков, Есав хоёр” (Хуучин Гэрээний түүхүүдэд бий)-ын өгүүлбэрүүдээс тусад нь цаасан дээр бичиж болно. Гэр бүлийн гишүүд хамтдаа ажиллаж, өгүүлбэрийг зөв дарааллаар нь байрлуулж болно.

Есавын ууган хүү байх эрхээ зарах тухай ярилцахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй харилцах өөрийн харилцаа гэх мэт гэр бүлд тань хамгийн их хамаатай зүйлүүдийн талаар ярилцаж болох юм. Магадгүй гэр бүлийн гишүүд өөрсдөд нь мөнхийн үнэ цэнтэй хэмээн боддог зүйл эсвэл зургийг хайж олж болно. Тэднээс яагаад эдгээр зүйлийг сонгосон талаараа хуваалцахыг хүс.

Эхлэл 26:3–5.Гэр бүлийнхэндээ Абрахамын гэрээг ойлгоход нь туслахын тулд та тэднийг эдгээр шүлэгт дүрсэлсэн амлалтуудыг олоход урь. Өнөөдөр эдгээр амлалтыг мэдэх нь бидэнд яагаад чухал вэ? (эх сурвалж хэсэгт байгаа “Санах зүйлүүд: Гэрээ”-г үзнэ үү).

Эхлэл 26:18–25, 32–33.Яагаад худгууд чухал байдаг вэ? Есүс Христ хэрхэн усны худагтай адилхан бэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Choose the Right,” Hymns, д. 239.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судар цээжил. Ахлагч Ричард Г.Скотт “Цээжилсэн судар нь цаг хугацаа өнгөрсөн ч холдож хөндийрөхгүй үнэнч анд болдог” (“Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6) хэмээн заасан.

Есав, Иаков хоёр

Есав ууган хүү байх эрхээ Иаковт худалдав, Глен С.Хопкинсон