“Санах зүйлүүд: Асар ба тахил,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“Санах зүйлүүд: Асар ба тахил,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022
Санах зүйлүүд
Асар ба тахил
Хуучин Гэрээг уншиж байхад, ялангуяа эхлээд уншихад өнөө үед бидэнд хамаагүй мэт санагдах ч Их Эзэний хувьд яах аргагүй чухал зүйлсийн талаар өгүүлсэн урт хэсгүүд заримдаа гарч ирдэг. Жишээлбэл, Гэтлэл 25–30; 35–40; Леви 1–9; 16–17. Эдгээр бүлэгт цөлд барьсан Израилын асар, тэнд явагдах амьтнаар өргөх тахилын талаар дэлгэрэнгүй дүрсэлсэн байдаг.1 Асар бол зөөдөг ариун сүм мөн Их Эзэн Өөрийн хүмүүсийн дунд оршдог газар байсан.
Манай орчин үеийн ариун сүмүүдэд Израилын асартай төстэй зүйлс байдаг ч тэдгээр нь Гэтлэл номд дүрсэлсэн асартай адилгүй. Бид бас ариун сүмдээ амьтнаар тахил өргөдөггүй бөгөөд Аврагчийн Цагаатгал амьтнаар тахил өргөх зан үйлийг 2000 гаруй жилийн өмнө эцэс болгосон. Хэдийгээр ийм ялгаатай ч эртний Израилын шүтлэг бишрэлийн хэв маяг, ялангуяа тэдгээрийг Мормоны Номон дээрх Бурханы хүмүүсийн үзэж байснаар “Христэд итгэх тэдний итгэлийг хүчирхэгжүүлэх” арга зам гэдэг талаас нь харах юм бол өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр” (Алма 25:16-г мөн Иаков 4:5; Жером 1:11-ийг үзнэ үү). Бид асрын болон амьтнаар тахил өргөхийн бэлгэдлийг ойлгох юм бол Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлэх сүнслэг ойлголтыг мөн адил олж авах боломжтой.
Асар нь Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг
Бурхан Мосед израилчуудын буудалласан газарт асар барихыг зарлиглахдаа “Би тэдний дунд оршихын тулд” (Гэтлэл 25:8) хэмээн зорилгыг нь хэлжээ. Асар доторх Бурханы оршихуйг Өөрийн хүмүүстэй байгуулсан Бурханы гэрээг бичиж цэдэглэсэн, алтаар бүрсэн, гэрчлэлийн модон авдраар төлөөлүүлсэн байв (Гэтлэл 25:10–22-ыг үзнэ үү). Авдрыг хамгийн ариун, асрын гүнд, бусад хэсгээс хөшгөөр тусгаарлан хадгалдаг байжээ. Энэ хөшиг Уналтын улмаас Бурханы оршихуйгаас тусгаарлагдсаныг бэлгэддэг.
“Ариунаас ариун газар” (Гэтлэл 26:34) руу Мосегоос гадна ганцхан тэргүүн тахилч л ордог байжээ. Бусад тахилчийн адил тэргүүн тахилч усаар угаалгаж, тосоор тослуулж ариусгагдан (Гэтлэл 40:12–13-ыг үзнэ үү), албанд нь зориулсан ариун хувцсаа өмссөн байх ёстой байлаа (Гэтлэл 28-ыг үзнэ үү). Жилд нэг удаа, Эвлэрүүлгийн гэх өдөр тэргүүн тахилч асар луу ганцаараа орохын өмнө хүмүүсийн өмнөөс тахил өргөдөг байв. Хөшгөн дээр ирээд, тэр утлага үйлддэг байж (Леви 16:12-ыг үзнэ үү). Тэнгэр өөд уугих утлага нь дээшээ Бурхан руу одож буй хүмүүсийн залбирлыг төлөөлдөг байв (Дуулал 141:2-ыг үзнэ үү). Үүний дараа тэргүүн тахилч амьтны тахилын цусыг авчран, хөшгөөр орж, гэрчлэлийн авдраар төлөөлүүлсэн Бурханы сэнтий руу очдог байжээ (Леви 16:14–15-ыг үзнэ үү).
Есүс Христийн болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үүргийн тухай өөрийн мэдэх зүйл дээр үндэслэхэд, асар биднийг Аврагч руу хэрхэн чиглүүлдгийг та харж байна уу? Асар болон асар доторх авдар Бурханы хүмүүсийн доторх Түүний оршихуйг төлөөлдөг байсантай адил Есүс Христ нь Бурханы хүмүүс дундах Түүний оршихуй байсан (Иохан 1:14-ийг үзнэ үү). Есүс Христ тэргүүн тахилчийн адил Бурхан Эцэг болон биднийг хооронд нь холбодог Зуучлагч юм. Тэрээр Өөрийн золиосолсон цусны ариун байдлаар дамжуулан биднийг өмгөөлөхөөр хөшгөөр нэвтэрсэн билээ (Еврей 8–10-ыг үзнэ үү).
Ялангуяа та нар өөрийн ёслолуудыг хүлээн авахаар ариун сүмд орж байсан бол израилчуудын асрын зарим хэсэг танд танил сонсогдоно. Асрын хамгийн ариун газартай адил, ариун сүмийн селестиел өрөө Бурханы оршихуйг төлөөлдөг. Тийш орохын тулд бид эхлээд угаалгаж, тослогдсон байх ёстой. Бид ариун хувцас өмсдөг. Бид залбирлыг маань Бурхан руу дээш аваачдаг тахилын ширээний дэргэд мөн залбирдаг. Эцэст нь бид хөшгөөр цааш нэвтрэн, Бурханы оршихуй руу ордог.
Зөв ойлгож чадах юм бол, магадгүй орчин үеийн болон эртний ариун сүмүүдийн хоорондох хамгийн чухал ижил төстэй талууд хоёулаа Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлж, биднийг Түүний цагаатгагч золиост талархах талархлаар дүүргэдэг. Бурхан бүх хүүхдээ Өөрийнхөө оршихуйд оруулахыг мөн тэднээс “ариун үндэстнийг” төрүүлээсэй хэмээн хүсдэг (Гэтлэл 19:6-г үзнэ үү). Гэхдээ бидний нүгэл тэр адислалаас хүртэхэд саад болдог. Учир нь “цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурхантай хамт оршиж эс чадна” (1 Нифай 10:21). Тиймээс Бурхан Эцэг Есүс Христийг бидний “ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч” (Еврей 9:11) болгон явуулсан юм. Тэрээр бидэнд зориулан хөшгийг нээж, Бурханы хүмүүст бүгдэд нь “нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгоо[х]” (Еврей 4:16) боломж олгодог.
Өдгөө бид ариун сүмд зөвхөн өөрсдөдөө өргөмжлөл хүлээн авах гэж очдоггүй. Өөрсдийн ёслолыг хүлээн авсныхаа дараа бид өвөг дээдсээ төлөөлөн зогсож, тэдний өмнөөс ёслолуудыг хүлээн авах боломжтой. Өөрөөр хэлбэл, бид эртний тэргүүн тахилчийн адил мөн агуу Тэргүүн тахилчийн адил Бурханы оршихуйд очих замыг нь бусдад нээж өгч чадна.
Золиос гаргах нь Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг
Цагаатгалын болон эвлэрлийн зарчмууд Мосегийн хууль өгөгдөхөөс хэдэн мянган жилийн өмнөөс үйлдсээр ирсэн амьтнаар тахил өргөх эртний зан үйлээр дамжуулан хүчирхгээр заагдсан юм. Сэргээгдсэн сайн мэдээний ачаар бид Адам, Ева хоёр тахил өргөдөг байсныг мөн энэ нь Аврагчийн золиослолын бэлгэдэл болохыг ойлгож, үр хүүхдүүддээ заадаг байсныг мэднэ (Мосе 5:4–12-ыг мөн Эхлэл 4:4-ийг үзнэ үү).
Амьтнаар тахил өргөх зан үйлийн бэлгэдлийг эртний Израилын Эвлэрлийн өдрөөр (еврей хэлээр “ём киппур) илүү тод томруун харж болно. Жил бүр гүйцэтгэдэг энэхүү ёслол ямар хэрэгтэй болох талаар “Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарт энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө бүх нүглээсээ цэвэрших болно” хэмээн Леви 16:30-д илэрхийлсэн байдаг. Тиймээс Бурханы оршихуй Түүний хүмүүсийн дунд үлдэж болох байлаа. Энэхүү цагаатгалыг төрөл бүрийн ёслолоор гүйцэтгэдэг байв. Тэдгээрийн нэгэнд, хүмүүсийн үйлдсэн нүглийн улмаас ухнын амийг таслаад, тэргүүн тахилч цусыг нь хамгийн ариун гэгдэх газар аваачдаг байжээ. Үүний дараа тэргүүн тахилч гараа амьд ухна дээр тавиад, Израилын хүүхдүүдийн нүглийн гэмийг ухамсарлуулж, бэлгэдэл болгон тэдгээр нүглийг ухна руу шилжүүлдэг байв. Дараа нь ухныг Израилын хуарангаас хөөж гаргадаг байжээ.
Энэ зан үйлд ухна нь нүгэлт хүмүүсийн өмнөөс нүглийг үүрэх Есүс Христийг төлөөлдөг. Бурханы оршихуйд нүгэл байх ёсгүй. Гэхдээ нүгэлтнийг устгах юм уу хөөхийн оронд Бурхан өөр арга зам олгож, тэдний өмнөөс ухнын амийг тасалж эсвэл ухныг хөөж зайлуулдаг байж. “Бүх хилэнцийг ухна өөр дээрээ үүрэн яв[даг]” (Леви 16:22).
Эдгээр зан үйлийн бэлгэдэл нь Есүс Христ болон Түүний Цагаатгалыг буюу Өөрийн оршихуйд биднийг аваачихын тулд өгсөн Бурханы арга замыг заадаг. Аврагч “бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрч” мөн “бүгдийн маань хилэнцийг” (Исаиа 53:4, 6) авсан. Тэрээр бидний оронд зогсож, нүглийн маань төлөөсийг төлөхөөр амиа өгч, Амилалтаараа дамжуулан үхлийг ялан дийлсэн юм (Мозая 15:8–9-ийг үзнэ үү). Есүс Христийн золиослол нь “агуу их болоод эцсийн золиослол нь хүмүүний золиослол бус, бас амьтных ч бус” харин “хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол” (Алма 34:10) билээ. Тэрээр эртний тахилуудаар заасан бүхний биелэл байсан.
Иймээс Тэр золиослолынхоо дараа “Та нар цаашид цус урсган надад өргөл өргөхгүй, та нарын тахилууд мөн хайлах өргөл тань зогсоогдох болно.… Мөн та нар харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно” (3 Нифай 9:19–20) хэмээн хэлжээ.
Хуучин Гэрээн дээрээс тахил, асрын (сүүлд ариун сүмийн) тухай судрын олон хэсэг олдох ба тиймээс та тэдгээрийг олохдоо энэ бүхний үндсэн зорилго бол Мессиа буюу Есүс Христийн талаарх таны итгэлийг хүчирхэгжүүлэх явдал болохыг санаарай. Өөрийн зүрх сэтгэл, оюун ухааныг Түүнд хандуул. Тэрээр таныг Бурханы оршихуйд эргүүлэн авчрахын тулд юу хийснийг мөн Түүнийг дагахын тулд та юу хийхээ тунгаан бод.