Хуучин Гэрээ 2022
5-р сарын 16–22. Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34: “ЭЗЭНийг чи мартуузай”


“5-р сарын 16–22. Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34: ‘ЭЗЭНийг чи мартуузай,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“5-р сарын 16–22. Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Уулан дээр зогсож буй Мосе

Небо уулан дээрх Мосег дүрсэлсэн зураг, © Providence Collection/licensed from goodsalt.com

5-р сарын 16–22

Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34

“ЭЗЭНийг чи мартуузай”

Мосе Израилын хүүхдүүдэд Их Эзэний үгийг үр хүүхдүүддээ заахыг зарлигласан (Дэд хууль 6:7-г үзнэ үү). Энэ долоо хоногт Дэд хуулийг судлахдаа сурч мэдсэн зүйлээ ямар нэгэн арга замаар гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалц.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Мосегийн дэлхий дээрх тохинуулал уулан дээрээс эхэлсэн бөгөөд тэнд Бурхан түүнтэй шатаж буй бутан дундаас ярьсан (Гэтлэл 3:1–10-ыг үзнэ үү). Түүний тохинуулал 40 гаруй жилийн дараа мөн л уулан дээр дууссан бөгөөд Бурхан Мосед Небо уулан дээрээс амласан нутгийг зэрвэсхэн үзүүлжээ (Дэд хууль 34:1–4-ийг үзнэ үү). Мосе өөрийн бүх амьдралыг Израилын хүүхдүүдийг тэрхүү амласан нутаг руу ороход бэлдэхэд зарцуулсан бөгөөд Дэд хууль номд түүний эцсийн заавар, сануулга, сургамж, гуйлтийг цэдэглэсэн байдаг. Түүний үгийг уншихад Мосегийн тохинууллын буюу хүмүүсийг зохих ёсоор бэлтгэхийн цаад, жинхэнэ зорилго нь цөлийг эсэн мэнд туулах, улс үндэстнүүдийг байлдан дагуулах эсвэл соёлт нийгмийг бүтээхэд оршиж байгаагүй нь тодорхой байдаг. Уг зорилго нь Бурханыг хайрлаж, Түүнийг дуулгавартай дагаж, Түүнд үнэнч хэвээр үлдэхэд суралцах явдал байсан юм. Бид мөнх амьдралын амлагдсан нутаг руу орохын тулд бүгдээрээ ийн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Хэдийгээр Мосе “сүү бал урссан нутагт” (Гэтлэл 3:8) хөл тавиагүй ч итгэлтэй, үнэнч байсан тул Бурханы дагасан бүх хүндээ зориулан бэлдсэн амлагдсан нутагт орж чадсан юм.

Дэд хууль номын тоймыг Bible Dictionary дэх “Deuteronomy”-ээс уншина уу.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Дэд хууль 6:4–7; 8:2–5, 11–17; 29:18–20; 30:6–10, 15–20

Их Эзэн намайг Өөрийг нь бүх зүрх сэтгэлээсээ хайрлаасай хэмээн хүсдэг.

Цөлд өнгөрүүлсэн ч гэсэн “дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй” болохыг эцсийн сургаалдаа Мосе Израилын хүүхдүүдэд сануулсан (Дэд хууль 2:7). Харин одоо израилчууд “өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд, [өөрсдийн] дүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд” (Дэд хууль 6:10–11) бүхий амлагдсан нутаг руу орохдоо зүрх сэтгэлээ хатууруулж, Их Эзэнийг мартана байх гэхээс Мосе эмээж байв.

Мосегийн зөвлөгөөг уншихдаа өөрийн зүрх сэтгэлийн талаар бод. Та дараах шүлгүүдэд анхаарлаа хандуулж, өөрт төрсөн сэтгэгдлийг бичиж авч болно. Үүнд:

Та зүрх сэтгэлээ хатууруулахаас сэргийлж, Их Эзэнийг бүх сэтгэл зүрхээрээ хайрлахын тулд юу хийж болох вэ? Та Дэд хууль 6:5–6, Матай 22:35–40 хоёр хоорондоо ямар холбоотой болохыг харж байна вэ? (мөн Леви 19:18-ыг үзнэ үү).

Түүнчлэн Дийтр Ф.Угдорфын “Гэрийн зүг тэмүүлэх нь” хэлсэн үгийг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 3–7-оос үзнэ үү.

Дэд хууль 6:4–12, 20–25

“ЭЗЭНийг чи мартуузай.”

Амлагдсан нутаг руу орох израилчуудын үеийнхний ихэнх нь Египетийн гай гамшгийг үзээгүй, Улаан тэнгисийг туулаагүй байв. Тэд болон хойч үеийнхэн нь Бурханы хүмүүс хэвээр үлдэхийн тулд Түүний гайхамшгуудыг болон хуулийг санах хэрэгтэй гэдгийг Мосе мэдэж байлаа.

Дэд хууль 6:4–12, 20–25-д Мосегийн өгсөн аль зөвлөгөө таны төлөө хийсэн Бурханы агуу зүйлсийг санахад танд туслах вэ? Та Их Эзэний үгийг өдөр бүр “зүрхэндээ байлгахын” (6-р шүлэг) тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Та өөрийн шашин шүтлэгийг хэрхэн хойч үедээ уламжлуулан үлдээх вэ?

Мөн Дэд хууль 11:18–21-ийг болон Гэррит В.Гонгийн “Түүнийг үргэлж сана” хэлсэн үгийг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 95–98-аас, түүнчлэн Bible Dictionary дэх “Frontlets or phylacteries-ийг үзнэ үү.

Дэд хууль 15:1–15

Тусламж хэрэгтэй нэгэнд туслахад өгөөмөр гартай, хичээнгүй зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй.

Дэд хууль 15:1–15-д өнөө үед дагаж мөрддөггүй зарим нэгэн тодорхой зан үйлийн тухай зэрэг ядуус, тусламж хэрэгтэй хүмүүст туслах зөвлөмжийг өгсөн байдаг. Гэхдээ эдгээр шүлэгт яагаад бид ядууст туслах ёстой болон тэдэнд ямархуу хандлагаар тусалбал Их Эзэний хувьд чухал болох талаар юу заасныг анзаарна уу. Их Эзэн таныг бусдад үйлчлэх талаар эдгээр шүлгээс юу сурч мэдээсэй хэмээн хүссэн бэ?

Мөн Рассэлл М.Нэлсоны “Хоёр дахь агуу зарлиг” хэлсэн үгийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 108–113-аас үзнэ үү.

Дэд хууль 18:15–19

Есүс Христ бол Мосетой адил гарч ирэх эш үзүүлэгч юм.

Петр, Нифай, Моронай болон Аврагч Өөрөө Дэд хууль 18:15–19 дээрх бошиглолын талаар ярьж байсан (Үйлс 3:20–23; 1 Нифай 22:20–21; Иосеф Смит—Түүх 1:40; 3 Нифай 20:23-ыг үзнэ үү). Та эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу мэдэж авсан бэ? Яагаад Аврагч “[Мосетой] адил … эш үзүүлэгч” вэ? (Дэд хууль 18:15).

Есүс нэгэн хүнийг тэврэн, өвдөг сөгдөж байгаа нь

Есүс Христ бол Мосетой адил эш үзүүлэгч юм.

Дэд хууль 34:5–8

Мосед юу тохиолдсон бэ?

Хэдийгээр Дэд хууль 34:5–8 дээр Мосег насан эцэслэсэн хэмээн хэлсэн байдаг ч хожмын үеийн ойлголтод түүнийг амилуулагдах хүртэл өвчин зовлон, үхлийг амсуулахгүйгээр дээш аваачигдсан буюу хувиргагдсан болохыг онцолсон (Алма 45:18–19-ийг болон Bible Dictionary дэх “Moses”; Судруудын удирдамж дахь “Зөөгдсөн хүмүүн биес”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү). Хувиралтын уулан дээр Петр, Иаков, Иохан гуравт санваарын түлхүүрүүдийг өгөхийн тулд Мосе биетэй байх ёстой байсан тул хувиргагдах хэрэгтэй байв (Матай 17:1–13-ыг үзнэ үү).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Дэд хууль 6:10–15.Эдгээр шүлэг нь гэр бүл тань хэрхэн адислагдсан тухай бодоход танай гэр бүлийн гишүүдийг сүнсээр өдөөж магад. Бид “ЭЗЭНийг чи мартуузай” гэсэн зөвлөгөөг хэрхэн дагаж болох вэ? (Дэд хууль 6:12). Та адислалынхаа тухай бодож санаж буй зүйлээ өдрийн тэмдэглэлдээ эсвэл FamilySearch дээр бичиж болох юм.

Дэд хууль 6:13, 16; 8:3.Эдгээр шүлэг Аврагчид амьдралынх нь маш чухал цаг мөчид тусалжээ. Хэрхэн тусалсныг хамтдаа Матай 4:1–10-аас уншицгаая. Хэрэгтэй үед бидэнд ямар ямар судар тусалсан бэ?

Дэд хууль 7:6–9.Гэр бүлийн гишүүддээ дуртай хоолыг нь хийж өгөх зэрэг арга замаар онцгой гэдгийг нь мэдрүүл. Дараа нь Дэд хууль 7:6–9-ийг уншаад, Их Эзэний “өмчийн ард түмэн” (6-р шүлэг) байх талаар бодож санаж байгаа зүйлээ ярилцаарай.

Дэд хууль 29:12–13.Дэд хууль 29:12–13-ын талаар ярилцах нь гэр бүлийн тань гишүүдэд Тэнгэрлэг Эцэгтэй байгуулах эсвэл байгуулсан гэрээнүүдийнхээ талаар ярих боломжийг олгоно. Бурханы “өмчийн ард түмэн” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бидний гэрээ хэрхэн “[биднийг Бурханы] ард түмэн болгодог” вэ? (13-р шүлэг).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Санал болгох дуу: “Би сургаалын дагуу амьдармаар байна,” Хүүхдийн дууны ном, 72.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Та өөрөө сүнслэг ойлголт олж авахаар эрэлхийл. Энэхүү тоймд анхаарлаа төвлөрүүлэх судрын хэсэг, зарчмуудыг оруулсан ч үүгээр хязгаарлаж болохгүй. Суралцах явцдаа та энд дурдаагүй зарчмын талаар суралцаж магадгүй. Сүнсээр удирдуулан хэрэгтэй зүйлээ сурч мэд.

Уулан дээр зогсож буй Мосе

ЭЗЭН түүнд бүх газрыг үзүүлэв, Волтэр Рэйн