“5-р сарын 16–22. Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34: ‘Их Эзэнийг мартахгүйг анхаар,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“5-р сарын 16–22. Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
5-р сарын 16–22
Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34
“Их Эзэнийг мартахгүйг анхаар”
Өөрийн заадаг хүүхдүүдийн хэрэгцээнд энэ тойм дахь үйл ажиллагааг хэрхэн тохируулан өөрчилж болох талаар тунгаан бодоорой. Жишээлбэл, хэрвээ та бага насны хүүхдүүдэд заадаг бол том хүүхдүүдэд зориулсан “Гэрээнүүдээ сахих нь агуу адислалуудыг авчирдаг” хэсэг дэх үйл ажиллагаануудыг өөрчилснөөр тэднийг баптисмд бэлтгэхэд нь тусалж чадна.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид Хүүхдийн хэсэгт эсвэл гэртээ Мосегийн талаар сурсан зүйлсээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Хэрэгтэй гэж үзвэл, тэдэнд санахад нь туслахын тулд Мосегийн амьдралын үйл явдлуудын зургуудыг үзүүл. Та нар өнөөдөр Мосе амьдралынхаа төгсгөлд юуны тухай заасан талаар ярилцах гэж байгааг хэл.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би Есүс Христийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж чадна.
Мосе Израилын хүүхдүүдэд, тэд Их Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүчээрээ хайрлах хэрэгтэй хэмээн заасан. Өөрийн заадаг хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийг болон Аврагчийг хайрлах хайраа нэмэгдүүлэхэд нь туслах арга замуудын талаар бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбарт зүрх, биеийн дүрс, хүчтэй гар зур. Дэд хууль 6:5-ыг уншин, “зүрх,” “сэтгэл,” “хүч” гэдэг үгсийг уншихдаа эдгээр зураг руу заа. Ангийнхныг уг судрыг тантай хамт дахин унших үед зургууд руу ээлжлэн заахад хүүхдүүдийг урь.
-
“Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, д.16–17) зэрэг Бурханы хайрын талаар заадаг дууг дуул. Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай гэдгийг харуулж байгаа үгсийг дууны үгсээс олоход хүүхдүүдэд тусал. Бид Түүнд хайртай гэдгээ харуулах арга замуудыг бодоход тэдэнд тусал.
Судрууд бол Бурханы үг мөн.
Дэд хууль 6:6–9 дэх зөвлөгөө израилчуудад “Их Эзэнийг” болон Түүний үгсийг “мартахгүйг анхаарахад” нь туслах зорилготой (12-р шүлэг). Та хүүхдүүдэд судрыг амьдралынхаа салшгүй хэсэг болгоход нь хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Бусад хүүхдийг нүдээ аньж байх хооронд нэг хүүхдийг өрөөний хаа нэгтээ судрыг нуухад урь. Дараа нь хүүхдүүдэд нүдээ нээж, судрыг олоход урь. Дэд хууль 6:6–9 дээрх түлхүүр үгсийг ашиглан, Мосе израилчуудад судрын захиасуудыг өөрсдийн өдөр бүр харж, сурч байх газарт байрлуул гэж хэлснийг хүүхдүүдтэй хуваалц. Хүүхдүүдэд гэртээ судруудаа өдөр бүр харж болох газарт тавих газрын талаар бодоход тусал.
-
Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой (Хүүхдийн дууны ном, 66) зэрэг судрын тухай дуу дуул. Судрууд бол Бурханы үг гэдэг гэрчлэлээ хуваалцан, тэдгээр нь таны амьдралыг хэрхэн адисалдаг талаар хүүхдүүдэд хэлж өг.
Бошиглогчид бидэнд Есүс Христийн талаар заадаг.
Есүс Христ ирэх болно мөн бид Есүсийн заах үгсийг сонсох хэрэгтэй хэмээн Мосе бошиглосон.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийн нэгэнд Дэд хууль 18:18-ыг уншихад тусалж, Бурханы өсгөх, Мосегийн адил бошиглогч бол Есүс Христ гэдгийг хүүхдүүдэд хэл. Мосе, Есүс хоёр ямар байдлаараа адилхан болохыг харахад нь хүүхдүүдэд туслахын тулд Мосегийн хийсэн зүйлс болон Есүсийн хийсэн зүйлсийн зургуудыг авчирч, хооронд нь тохируулах боломжийг хүүхдүүдэд олго. Жишээлбэл, та Мосе, Есүс хоёрын бусдыг томилж мөн зааж байгаа зургуудыг авчирч болох юм (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 15, 16, 38, 39-ийг үзнэ үү).
-
Өнөө үеийн бошиглогчийн зургийг хүүхдүүдэд үзүүлж, Аврагчийн талаар түүний заасан нэг зүйлийг хуваалц. Гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахын тулд бошиглогчийн зургийг зурахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би Бурханы үгсийг зүрх сэтгэлдээ хадгалж чадна.
Бид Бурханы үгийг зүрх сэтгэлдээ хадгалах хэрэгтэй гэж Мосе заасан бөгөөд Бурханы үгийг хэрхэн үргэлж хадгалах талаар израилчуудад зөвлөгөө өгсөн. Та хүүхдүүдийг өдөр бүр Бурханы үгээс суралцахад хэрхэн урамшуулах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Самбарт Дэд хууль 6:6–9 дээрх, израилчууд Бурханы үгийг хаана, хэрхэн санаж байх ёстойг харуулсан үгсийг бич (сууж, явж, хэвтэж байхдаа, гартаа болон гэртээ гэх мэт). Эдгээр үгийг шүлгүүдээс олоход хүүхдүүдийг урь. Судруудыг өдөр тутмынхаа амьдралын хэсэг хэрхэн болгох талаар эдгээр үг юу зааж байна вэ? Өдөр тутмын амьдралдаа Бурханы үгийг санахын тулд юу хийж чадахыг хүүхдүүдээс асуу.
-
Хүүхэд бүрд цаас өгөөд, тэднийг Дэд хууль 6 дээрээс өөрт нь чухал үгсийг бичихэд урь. Тэднээс яагаад эдгээр үгийг сонгосон талаараа хуваалцахыг хүс. Тэднийг цаасаа гоёж чимэглэн, санаж байхын тулд гэртээ ил тавихыг санал болго. Хүүхдүүдийг судраас олсон өөр үгнүүдээ бичиж, ил тавихад урамшуул.
Би тусламж хэрэгтэй хүмүүст баяр хөөртэй үйлчилж чадна.
Дэд хууль 15:7–11 дээрх сургаал нь бусдад туслах нь зөвхөн үйлдлээс илүү зүйл гэдгийг ойлгоход таны заадаг хүүхдүүдэд тусалж чадна. Үүнийг хүссэн сэтгэлээр хийх хэрэгтэй.
Боломжит үйл ажиллагаа
-
Самбарт хэн, яагаад, хэрхэн гэж бич. Хүүхдүүдийг бид хэнд, яагаад туслах ёстой талаар, мөн туслахдаа ямар мэдрэмжтэй байх талаар олж мэдэхийн тулд Дэд хууль 15:7–11-ийг уншихад урь. Олж мэдсэн зүйлийг нь тэднээр самбарт бичүүл. Эдгээр шүлгэн дээрх захиасыг бататгаж байгаа “Have I Done Any Good?” (Hymns, д. 223) гэх мэт дууг дуул.
-
Өөрсдийн тусалж чадах хэн нэгний талаар, ялангуяа гэр бүлийнхээ хэн нэгний талаар бодохыг хүүхдүүдээс хүс. Түүнд туслахын тулд энэ долоо хоногт юу хийхээ бичих цагийг тэдэнд гаргаж өг. Боломжтой бол, хэрэгцээтэй хэн нэгэнд ангиараа хүрч туслах төлөвлөгөө гарга.
Гэрээнүүдээ сахих нь агуу адислалуудыг авчирдаг.
Израилын хүүхдүүдийн адил, бидэнд гэрээнүүдээ сахих байнгын сануулга хэрэгтэй байдаг. Дэд хууль 30:8–10-ыг унших нь гэрээ гэж юу болохыг илүү сайн ойлгож, гэрээнүүдээ сахихад нь хүүхдүүдийг урамшуулан тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдээс гэрээ гэж юу болохыг асуу (хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол, тэднийг Судруудын удирдамжийн “Гэрээ” дээрх тодорхойлолтыг олохыг санал болго [scriptures.ChurchofJesusChrist.org]). Самбарт хоёр баганатай хүснэгт зураад, Израилчуудын амлалтууд ба Бурханы амлалтууд гэсэн хоёр гарчиг бич. Хүүхдүүдийг Дэд хууль 30:8–10-ыг судалж, хүснэгтийг бөглөхөд урь. (Хэрэв шаардлагатай бол хүүхдүүдэд 9-р шүлэг дэх үгсийн утгыг ойлгоход тусал.) Та гэрээнүүдээ сахиснаар ирсэн адислалуудын талаар гэрчил.
-
Баптисм хүртэхдээ бидний өгдөг амлалтууд болон Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгдөг амлалтуудыг самбарт жагсаан бичихэд хүүхдүүдийг урь (Сургаал ба Гэрээ 20:37, 77-г үзнэ үү). Аврагчийг ямагт санаж мөн гэрээнүүдээ сахихын тулд бид юу хийж чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Та хүүхдүүдийн гэр бүлийнх нь гишүүн мэт дүр эсгээд, тэднээс өнөөдөр ангид сурсан нэг зүйлээ өөрт тань хэлэхийг хүс. Тэднийг гэртээ очоод, танд хэлсэн зүйлээ гэр бүлийнхээ нэг гишүүнтэй хуваалцахад урамшуул.