“5-р сарын 23–29. Иошуа 1–8; 23–24: ‘Тууштай бөгөөд зоригтой бай,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“5-р сарын 23–29. Иошуа 1–8; 23–24,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
5-р сарын 23–29
Иошуа 1–8; 23–24
“Тууштай бөгөөд зоригтой бай”
Та Иошуа 1–8 болон 23–24-ийг уншихдаа өөрийн хүлээж авсан сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Заадаг хүүхдүүд тань эдгээр бүлгээс юуг сурах хэрэгтэйг олж мэдэхийн тулд та юу хийх вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Самбарт Иошуа 1–8; 23–24 дээрх түүхүүдийн нэгийнх нь тухай зургийг зураад, хүүхдүүд ямар түүхтэй холбоотойг нь тааж чадах эсэхийг үз. Жишээлбэл, та голыг эсвэл хотын хэрэм зурж болох юм.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би өдөр бас шөнө судрын талаар бодож чадна.
Их Эзэн Иошуад хэрэв тэрээр судруудын талаар тунгаан бодож, тэдгээрт байгаа зөвлөгөөнүүдийг дагах аваас израилчуудыг амлагдсан нутаг руу удирдахдаа амжилттай байх болно хэмээн хэлжээ. Судруудаас ирэх агуу адислалуудын талаар хүүхдүүдэд заахын тулд та юу хийж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхэд бүрд нар, сарны зураг өг. Тэдэнд Иошуа 1:8-аас уншиж өг. “Өдөр шөнөгүй [судрыг] бясалга.” Бясалгах гэдэг нь ямар нэг зүйлийг гүн гүнзгий эргэцүүлэн бодох гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Эдгээр үгийг хэдэн удаа давтан хэлээд, таныг “өдөр” гэж хэлэхэд нарны зургийг, “шөнө” гэж хэлэхэд сарны зургийг өргөхөд хүүхдүүдийг урь. Хүүхдүүдтэй хамт эдгээр хэллэгийг давтан хэл.
-
Өдөр, шөнө хийдэг зүйлсээ хэлэхийг хүүхдүүдээс хүс. Иошуад судруудын талаар өдөр бас шөнө бод гэснийг тэдэнд хэл. Өдөр мөн шөнө бодож болох судрын түүх, сургамжийн талаар бодож олоход нь тэдэнд тусал. Өөрсдийгөө эсвэл гэр бүлээ судраас судалж байгаагаар зурахад тэднийг урь. Тэд яагаад судраас суралцах дуртай вэ? Тэд судраас судалснаар хэрхэн адислагддаг вэ?
Би тэнгэрийн хаант улсад орохын тулд баптисм хүртэх ёстой.
Иошуа Иордан голыг гаталж, амлагдсан нутаг руу израилчуудыг удирдсан тухай түүх нь тэнгэрийн хаант улсад орохын тулд бид баптисм хүртсэн байх ёстой гэдгийг хүүхдүүдэд заах боломж олгодог.
Боломжит үйл ажиллагаа
-
Израилын хүүхдүүд амлагдсан нутагт хүрэхээр Иордан голыг гаталж байгаа түүхийн зарим хэсгийг давт (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Бошиглогч Иошуа” гэдгийг үзнэ үү). Тэгээд Есүс Христийн баптисм хүртэж байгаа зургийг үзүүлээд, Есүс яг тэр голд баптисм хүртсэн гэдгийг хүүхдүүдэд хэл. Есүсийн баптисмын талаар мэддэг бусад зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
“Баптисм” (Children’s Songbook, 100–101) гэх зэрэг баптисмын тухай дууг хүүхдүүдтэй дуул. Есүс яагаад баптисм хүртсэн болон яагаад бид Түүний жишээг дагах хэрэгтэй талаар энэ дуу юу заадгийг олж мэдэхэд нь тэдэнд тусал. Баптисм хүртэх талаар юу гэж бодож байгааг хүүхдүүдээр хуваалцуул. Хүүхдүүд найман нас хүрээд баптисм хүртэхийн тулд одооноос юу хийж бэлтгэж болох талаар хүүхдүүдтэй ярилц.
Би Есүс Христэд үйлчлэхийг сонгож чадна.
Иошуагийн өөрийн хүмүүст өгсөн эцсийн захиас Их Эзэнд үргэлжлүүлэн үйлчлэх эсвэл Түүнийг орхих сонголт бий гэсэн захиас байсан. Иошуагийн өөрийн хүмүүсийг хайрлаж байсан тэрхүү хайраар та заадаг хүүхдүүддээ “энэ өдөр” Их Эзэнд үйлчлэхээр сонгоход нь урамшуулж чадна.
Боломжит үйл ажиллагаа
-
Өнөөдрийн зарим сонголтынхоо талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүдэд Иошуа 24:15-аас уншиж өг. “Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог; … Харин би болон манай гэрийнхэн бид Эзэнд үйлчилнэ.” Хүүхдүүд өнөөдөр Их Эзэнд хэрхэн үйлчлэхээр сонгосон бэ? Бидний Түүнд үйлчлэхээр өдөр бүр сонгож болох зарим арга зам юу вэ?
-
“Зөвийг сонго (Хүүхдийн дууны ном, 82–83) зэрэг сайн сонголт хийх тухай дууг дуул. Есүс Христэд үйлчлэхээр сонгоход бидэнд ямар санагддаг вэ? Хүүхдүүдийг Их Эзэнд үйлчлэхээр ямар нэгэн зүйл хийж байгаа зургаа зурахад урь. Өөрийн амьдралаас эсвэл Сүмийн сэтгүүлээс Их Эзэнд үйлчлэхийг сонгох тухай түүхийг хуваалц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
“Тууштай бөгөөд зоригтой бай.”
Иошуаг израилчуудын удирдагч болсны дараа, Их Эзэн түүнийг “тууштай бөгөөд зоригтой бай” (Иошуа 1:6) хэмээн урамшуулсан. Христийн төлөө хэрхэн тууштай бөгөөд зоригтой байх талаар хүүхдүүд Иошуагаас юу сурч чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Иошуа 1:6, 9 болон 18 дээр давтагдсан үгсийг олоход уриад, үүнийг самбарт бич (түүнчлэн 7-р шүлгийг үзнэ үү). Иошуагийн адилаар, энэ захиас бидэнд хэрэгтэй байж болох шалтгаануудыг бодоход хүүхдүүдэд тусал. Ангиараа Иошуа 1–4; 6 дээрх зарим түүхийг давтаад (Хуучин Гэрээний түүхүүд дээрх “Бошиглогч Иошуа,” “Рахаб ба тагнуулууд” зэргийг түүнчлэн үзнэ үү), эдгээр түүхэн дэх хүмүүс хэрхэн тууштай бөгөөд зоригтой байгаагаа харуулсныг хүүхдүүдээс асуу.
-
Есүс Христийн төлөө тууштай бөгөөд зоригтой байдаг, өөрсдийн мэддэг хэн нэгний талаар ярихад хүүхдүүдийг урь. Христийн төлөө илүү тууштай мөн илүү зоригтой байхын тулд хиймээр байгаа нэг зүйлээ бичихэд тэднийг урамшуулан дэмж.
Би өдөр бас шөнө судруудыг бясалган тунгааж чадна.
Тулгарсан бэрхшээлүүдэд бэлтгэхэд нь Иошуад тусалсан Их Эзэний нэг зам бол түүнийг “өдөр бас шөнө” судруудыг “бясалган бодохыг” урамшуулсан явдал юм. Энэ зөвлөгөө таны заадаг хүүхдүүдийг хэрхэн адисалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг ердийн өдөр хэдэн цагийг янз бүрийн үйл ажиллагаанд зарцуулдгаа бичихэд урь. Дараа нь Иошуа 1:8-ыг уншиж, бид бүгдийн өдөр бас шөнө хийх хэрэгтэй нэг зүйлийг олоход тэднийг урь. Судраас судалснаар ирдэг адислалуудын талаар бидэнд заадаг үгсийг энэ шүлгээс олохыг тэднээс хүс. Судруудыг бясалган тунгаах нь өдөр тутам хийдэг бусад зүйлдээ амжилттай байхад бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Дараах судрын хэсгүүдийг хамтдаа уншихад хүүхдүүдийг урь. Үүнд: Иошуа 1:8; 1 Нифай 15:23–24; 2 Нифай 31:20; 32:3; Иаков 4:6; Хиламан 3:29–30. Судраас судлахын хүчийн талаар тэдэнд зааж байгаа үгсийг хэсэг бүрээс олохыг хүүхдүүдээс хүс. Тэд хувиараа судраас суралцах ямар зорилгыг тавьж болох вэ?
Би Есүс Христэд үйлчлэхийг сонгож чадна.
“Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр … сонго” гэдэг нь Иошуагийн израилчуудад хандсан эцсийн гуйлт байсан. Энэ зөвлөгөө таны заадаг хүүхдүүдийг хэрхэн адисалж болох талаар бодож үзээрэй.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Иошуа 24:15 дахь түлхүүр үгсийн заримыг ашиглан үзүүлэн хийхэд урь. Тэднийг үзүүлэнгээ харуулж, эдгээр үгийг сонгосон шалтгааныг тайлбарлуул. Бид Өөрт нь үйлчлэхээр сонгосон гэдгээ Бурханд хэрхэн харуулж чадах вэ?
-
Хүүхдүүдийг бусад зүйлээс илүүтэй Бурханыг сонгож болох нөхцөл байдлуудыг санал болгоход урь. Тэднийг юу хийх талаараа бодохыг хүс. Тийм нөхцөл үүсэхийг хүлээхийн оронд “энэ өдөр … сонгох” нь яагаад чухал вэ? Бид зөв сонголт хийх үедээ хэрхэн адислагдах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүсэж буй, өнөөдөр ярилцсан нэг зүйлээ сонгоход хүүхдүүдийг урь. Ирэх долоо хоногт үүнийг хуваалцах нэг арга замыг бодоход урамшуул.