Хуучин Гэрээ 2022
5-р сарын 9–15. Тооллого 11–14; 20–24: “Их Эзэний эсрэг бүү тэрсэл. Бүү ай”


“5-р сарын 9–15. Тооллого 11–14; 20–24: ‘Их Эзэний эсрэг бүү тэрсэл. Бүү ай,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“5-р сарын 9–15. Тооллого 11–14; 20–24,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

цөлөн хөндий

5-р сарын 9–15

Тооллого 11–14; 20–24

“Их Эзэний эсрэг бүү тэрсэл. Бүү ай”

Энэ тойм нь мөрдөх заавар байхаар зориулагдаагүй юм. Харин үүнийг ангийнхаа хүүхдүүдийг адислах, сурах үйл ажиллагааг өдөөх, санаа авах зэрэгт ашигла.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдэд энэ тойм дахь зургуудын нэгийг эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх зургуудаас нэгийг үзүүл. Энэ зурган дээр юу болж байгаа талаар мэдэх зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Тооллого 11:4–10

Би Бурханы надад өгсөн бүхэнд талархдаг байж чадна.

Их Эзэн Израилын хүүхдүүдийн төлөө гайхалтай зүйлсийг хийсэн ч тэд ихэнхдээ өөрсдөдөө байхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэг байсан. Бурханы тэдэнд өгсөн зүйлсэд талархаж сурахад нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаа

  • Цөлд байгаа израилчуудыг адислахаар Их Эзэний үйлдсэн зарим гайхамшгийг хүүхдүүд санаж байгаа эсэхийг асуу. (Хэрэв хүүхдүүдэд тусламж хэрэгтэй бол Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын 4-р сарын 4–10-ны тойм дээрх зургуудыг үзүүл; түүнчлэн Гэтлэл 14:21–22; 15:23–25; 16:4-ийг үзнэ үү.) Тэгээд тэдэнд Тооллого 11:4–10-ыг дүгнэн ярьж өгөхдөө израилчуудыг гомдоллож байсанд Их Эзэн дургүй байсан гэдгийг онцлон хэл. Их Эзэнд талархаж байгаагаа үзүүлж болох арга замуудыг бодоход хүүхдүүдэд тусал.

  • “Адислалаа тоол” (Сүмийн дуулал болон Хүүхдийн дууны ном, ду. 8) гэх мэт талархлын тухай дууг хамтдаа дуул. Хүүхэд бүрийг Их Эзэний өөрт нь болон гэр бүлийнхэнд нь өгсөн адислалуудын зургийг зурахад урь. Хүүхдүүдийг өөртөө байхгүй ямар нэг зүйлийн талаар гомдоллохоор уруу татагдах болгондоо зургаа харж эсвэл зургийнхаа талаар бодоход урамшуул.

Тооллого 13:17–33; 14:6–9

Итгэл маань надад айхгүй байхад тусалж чадна.

Мосе амлагдсан нутгийн тухай олж мэдэхээр 12 эрийг явуулахад, тэдний 10 нь уг нутагт амьдардаг аварга хүмүүсээс айсны улмаас буцаж иржээ. Тэдний хоёр нь болох Калеб, Иошуа хоёр итгэлтэй байсан учраас айгаагүй.

Боломжит үйл ажиллагаа

  • Усан үзэм, зөгийн бал, аварга хүмүүс, царцаа зэргийн зургийг ашиглан, амлагдсан нутгийг судлуулахаар Мосегийн явуулсан 12 эрийн талаар хүүхдүүдэд товч хэлж өг (Тооллого 13:17–33-ыг үзнэ үү; мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Цөлд дөчин жил” гэдгийг үзнэ үү). Тэд маш их жимс болон өөр бусад хүнсний зүйлийг (хүүхдүүдийг хоол идэж байгаа дүр үзүүлэхэд урь) олсон боловч хүмүүс нь аварга том, хүчтэй байсан учир тэд айж байсан (хүүхдүүдийг айж байгаа дүр үзүүлэхэд урь) гэдгийг тайлбарла. Есүсийн зургийг үзүүлэн, израил үндэстэн Калеб, Иошуа хоёр Есүс Христэд итгэлтэй байсан учраас айгаагүй гэдгийг онцлон хэл.

  • Тооллого 14:9-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, айж байсан боловч Есүс Христэд итгэх итгэл тань зоригтой байхад танд тусалсан үеийн талаар ярь. Хүүхдүүдийг өөрсдөдөө тохиолдсон ижил төстэй туршлагынхаа талаар бодоход тусал.

    Мосед жимс үзүүлж байгаа хүмүүс

    Израил үндэстэн арван тагнуул айж байсан ба Иошуа, Калеб хоёр итгэлтэй байв. © Lifeway Collection/licensed from goodsalt.com

Тооллого 21:6–9

Би Есүс Христ рүү харж чадна.

Израилын хүүхдүүд хүрэл могой руу хараад эдгээгдсэний адил ангийн тань хүүхдүүд Аврагч руу харснаар авралыг хүлээн авдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг ашиглан, израилчуудын буудалд “галт могойнууд” ирэх үед юу тохиолдсон талаар хүүхдүүдэд ярьж өг (Тооллого 21:6–9-ийг үзнэ үү). Хүрэл могой хэрхэн Есүс Христтэй адил байсныг ойлгоход тэдэнд тусал (Иохан 3:14–15-ыг үзнэ үү). Тэгээд зургийг ашиглан нэг нэгэнд нь уг түүхийг хүүхдүүдээр ээлжлэн яриул.

  • Хүүхдүүдээс нүдээ анихыг хүсээд, Аврагчийн зургийг өрөөний хаа нэгтээ байрлуул. Дараа нь хүүхдүүдийг нүдээ нээж, зургийг олоод, үүнийг харахад урь. Зургийг хаа нэгтээ байрлуулах боломжийг хүүхэд бүрд ээлжлэн олго. Хүүхдүүд зургийг олох бүрд, Аврагч руу харахын тулд хийж чадах ямар нэгэн зүйлийг бодоход нь тэдэнд тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Тооллого 12

Их Эзэн намайг Өөрийнх нь бошиглогчийг дагахыг хүсдэг.

Тооллого 12 нь Их Эзэний бошиглогч эсвэл Сүмийн бусад удирдагчийн талаар хүмүүс таагүй зүйл хэлэхийг хүүхдүүд сонсох үед тэдэнд туслах зарим чухал үнэ цэнтэй сургамжийг агуулдаг.

Боломжит үйл ажиллагаа

  • Нэг удаа Их Эзэн Мосегийн ах, эгч хоёр болох Аарон, Мириам хоёрт уурласан гэдгийг хүүхдүүдэд ярьж өг. Тэднийг Тооллого 12:1–2-ыг уншиж, шалтгааныг нь олж мэдэхэд урь. 5–8-р шүлэгт өгүүлснээр Аарон, Мириам хоёр бошиглогчийг нь эсэргүүцсэн зүйл ярьсан нь Их Эзэнд ямар санагдсан бэ?

  • Судруудад гардаг, бошиглогчийг даган мөн адислагдсан хүмүүсийн жишээг бодоход хүүхдүүдэд тусал (жишээлбэл, Эхлэл 7:7; 1 Нифай 3:7-г үзнэ үү). Амьд бошиглогч бидэнд ямар ямар зүйлийг заасан бэ? Бид түүний зааврыг дагах үедээ хэрхэн адислагддаг вэ?

Тооллого 21:4–9

Есүс Христэд намайг сүнслэг байдлын хувьд эдгээх хүч бий.

Хэрэв хүрэл могой руу харах юм бол Их Эзэн өөрсдийг нь эдгээнэ гэсэн итгэлгүй байсан учраас олон израил хүн нас барсан (Алма 33:18–20-ийг үзнэ үү). Та өөрийн заадаг хүүхдүүдэд Есүс Христийн авралын хүчинд итгэх итгэлтэй байхад нь хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Тооллого 21:4–9 дээрээс уншсан зүйлсийнхээ зургийг зурахад урь. Тэднээр уг түүхийг яриулахдаа эдгээр зургийг ашиглуул. Хүүхэд бүрийг дараах судруудаас нэгийг сонгож, уг түүхийн талаарх бидний ойлголтыг баяжуулж байгаа зүйлийг хуваалцахыг хүс. Үүнд: Иохан 3:14–15; 1 Нифай 17:41; Алма 33:18–20; Хиламан 8:13–15; Сургаал ба Гэрээ 6:36.

  • Самбарт “Бурханы Хүүг итгэлтэйгээр харахын” тулд бид юу хийж чадах вэ? (Хиламан 8:15) гэх мэт асуултыг бич. Хүүхэд бүрд цаас өгөөд, асуултын хариулт болгон аль болох олон хариулт бичихэд урь. Цааснуудыг хураан авч, цөөн хариултыг чанга уншаад, Аврагчийн эдгээх хүч хэрэгтэй байгаа үед эдгээр зүйлийг хийх нь бидэнд хэрхэн тусалж чадах талаар ярилцахад хүүхдүүдийг урь.

Тооллого 22–24

Бусад хүн надад битгий гэж ятгахыг оролдсон ч би Бурханы хүслийг дагаж чадна.

Балак израилчуудыг зүхүүлэхээр Балаамыг ятгахыг оролдсон ч Балаам энэ нь Бурханы хүслийн эсрэг гэдгийг мэдэж байсан. Балаамын жишээ хүүхдүүдийг Бурханд дуулгаваргүй байх шахалт дарамтад орох үед тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд Тооллого 22:1–18-ыг дүгнэн ярьж өгөхдөө, Моабын хаан Балак Балаамд нэр хүнд, эд баялгийг амласан хэдий ч Балаам Бурханы хүмүүсийг зүхэхийг хэрхэн эсэргүүцсэн талаар онцлон ярь. Бурханыг дагах Балаамын шийдвэрийг харуулж байгаа гэж бодож байгаа үгсийг дараах шүлгээс хайхыг хүүхдүүдээс хүс. Үүнд: Тооллого 22:18; 23:26; 24:13. Хүүхдүүдийг өөрсдийн дуртай холбоо үгсийг сонгон, Их Эзэнийг дуулгавартай дагахыг санахад нь туслуулахаар картан дээр бичихэд урь.

  • Балак Балаамыг ятгахыг хичээсэн шиг, найз нөхөд нь эсвэл өөр хүмүүс тэдэнд буруу зүйл хийхийг ятгахыг хичээж болох нөхцөл байдлын талаар хүүхдүүдтэй ярилц. Их Эзэнийг дагах Балаамын шийдвэр Балакийн шахалтыг эсэргүүцэхэд түүнд хэрхэн тусалсан бэ? Хүүхдүүдийг ийм нөхцөлд Балаамын хэрэглэсэнтэй адил үгсийг хэрэглэн хариулах дадлага хийхэд урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Хүүхдийн хэсэгт сурсан зүйлийг нь харуулах зураг, судар, дуу гэх мэт ямар нэгэн зүйлийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Сүнснээс ирэх өдөөлтүүдэд нээлттэй ханд. Хамгийн сайн заах боломжууд нь хэн нэгнийг туршлагаасаа хуваалцах үед эсвэл утга учир бүхий ярилцлага руу хөтөлсөн асуулт тавих гэх зэргийн үед гэнэт гарч ирдэг. … Хүлээн авсан өдөөлтүүдийг дагахын тулд шаардлагатай бол төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн бай (Аврагчийн арга замаар заах нь, 10).