Хуучин Гэрээ 2022
4-р сарын 25-аас 5-р сарын 1. Гэтлэл 24; 31–34: “Миний оршихуй чамтай хамт явна”


“4-р сарын 25-аас 5-р сарын 1. Гэтлэл 24; 31–34: ‘Миний оршихуй чамтай хамт явна,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“4-р сарын 25-аас 5-р сарын 1. Гэтлэл 24; 31–34,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Иехова Мосед болон Израилын ахлагчдад үзэгдсэн нь

Иехова Мосед болон Израилын 70 ахлагчид үзэгдэж байгаа тухай зураг, Жэрри Харстон

4-р сарын 25-аас 5-р сарын 1

Гэтлэл 24; 31–34

“Миний оршихуй чамтай хамт явна”

Мосег Израилын хүүхдүүдийг амлагдсан нутаг руу удирдахаар бэлтгэх үед Их Эзэн “Миний оршихуй чамтай хамт явна” (Гэтлэл 33:14) гэж хэлжээ. Та ангийнхаа хүүхдүүдэд заахаар бэлтгэхдээ Их Эзэний оршихуйг “[өөртэйгөө] хамт явахад” урих талаар бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Дугаарласан цааснаас нэгийг сонгохыг хүүхэд бүрээс хүс. Хүүхдүүдийн гэртээ эсвэл Хүүхдийн хэсэгт судраас суралцаж байгаа аль нэг зүйлээ хуваалцах дараалал болгон, эдгээр дугаарыг ашиглаарай.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Гэтлэл 31:13, 17

Хүндэтгэлийн өдрийг сахих нь Их Эзэнийг хайрладгийн илрэл юм.

Израилын хүүхдүүд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих үедээ, Их Эзэний хүмүүс байхыг хүсэж байгаагаа Түүнд үзүүлсэн хэмээн Их Эзэн Мосед хэлсэн юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Самбарт зүрх зураад, энэ бэлгэ тэмдэг ямар утга учиртай байж болохыг хүүхдүүдээс асуу. Хайрын илэрхийлэл байж болох, тэврэх, үйлчлэл үзүүлэх гэх мэт бусад зүйлийн талаар бодоход тэдэнд тусал. Тэдэнд Гэтлэл 31:13-ыг уншиж өг. Бид Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь Их Эзэнийг хайрлаж буйн илэрхийлэл болдог гэдгийг ойлгоход тэдэнд тусал.

  • Хүндэтгэлийн өдөр Их Эзэнийг хайрлах хайраа харуулахыг хичээдэг зарим арга замаа хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдийг гэр бүлийнхэнтэйгээ үүнийг хэрхэн хийдэг талаар хуваалцахыг хүс. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсаа ашиглан илүү олон санааг хуваалцахад тэднийг урь.

    Гэртээ байгаа хүүхдүүд болон эцэг эх

    Хүндэтгэлийн өдрийг сахиснаар бид Их Эзэнд хайраа үзүүлдэг.

Гэтлэл 32:1–8, 19–24

Би Их Эзэнийг амьдралдаа нэгдүгээрт тавьж чадна.

Мосег Синаи уулан дээр Их Эзэнтэй ярьж байх хооронд Израилын хүүхдүүд Түүнийг биш, харин алтан шүтээнийг шүтэхээр сонгосон. Энэ түүх нь таны заадаг хүүхдүүдэд бид Их Эзэнээс бусад зүйлийг илүү чухалчлах ёсгүй гэдгийг сануулж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Эхний хоёрыг онцлон, Арван зарлигийг хүүхдүүдтэй товч ярилц (Гэтлэл 20:3–6-г үзнэ үү). Гэтлэл 32:1–8, 19–24 дээрх түүхийг тэдэнтэй хуваалцахын тулд “Арван зарлиг”-ийг (Хуучин Гэрээний түүхүүд) ашигла. Боломжтой бол, уг түүхийг ярьж өгөхдөө хүүхдүүдээр туслуул. Энэ түүхэнд израилчууд юуг буруу хийснийг олж харахад нь хүүхдүүдэд тусал (та хүүхдүүдэд Арван зарлигийн эхний хоёр зарлигийг сануулахыг хүсэж болох юм). Израилчууд оронд нь юу хийх хэрэгтэй байсан бэ?

  • Есүс Христийн зургийг бас хүүхдүүдийн цаг зарцуулж болох тоглоом гэх мэт бусад зүйлийн зургуудыг бас үзүүл. Бидэнд хамгийн чухал байх ёстой зүйлийг харуулж байгаа зургийг олохыг хүүхдүүдээс хүс. Их Эзэнийг амьдралдаа нэгдүгээрт, бүр бусад сайн зүйлийн өмнө тавьснаар хэрхэн адислагдсан талаараа хүүхдүүдтэй хуваалц.

Гэтлэл 33:11

Их Эзэн Мосетэй нүүр тулан ярьсан.

Мосе алтан тугалыг устгасны дараа “хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт Их Эзэн, Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьсан.” Үүнийг мэдэх нь Их Эзэн өөрсдөд нь хайртай жинхэнэ бодит хүн юм гэх хүүхдүүдийн итгэлийг хөгжүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Сайн найзтайгаа ярилцах нь танд ямар санагддаг талаар хүүхдүүдэд ярьж өгч мөн тэдэнд ямар санагддагийг асуу. Гэтлэл 33:11-ийн эхний өгүүлбэрийг тэдэнд уншиж өг. Бошиглогч Мосед ямар санагдсан байж болох талаар юу бодож байгааг нь хүүхдүүдээс асуу. Хэдийгээр та Түүнийг өөрийн нүдээр хараагүй ч Их Эзэнд ойр байгаагаа мэдэрсэн үеэ хүүхдүүдэд ярьж өг.

  • Есүс бидний хайртай найз” (Хүүхдийн дууны ном, 37) гэх зэрэг Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс бидний талаар ямар бодолтой байдгийг илэрхийлсэн дууг хамтдаа дуул. Аврагчийн бусдад хайраа үзүүлж байгаа зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 36, 41–43, 46–47-г үзнэ үү). Хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын талаар ямар бодолтой байдгаа хуваалцахад урамшуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Гэтлэл 31:12–17

Хүндэтгэлийн өдрийг сахих нь Их Эзэнийг хайрладгийн илрэл юм.

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь Их Эзэнд өөрийгөө зориулж буй хэрэг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд илүү амархан ба илүү их баяр хөөрийг авчрах болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдэд тэмдэг гэж юу болохыг ойлгоход нь туслахын тулд хэдэн асуулт тавь. Жишээлбэл, “Хавар болж байгааг эсвэл ханиад хүрч байгааг ямар ямар шинж тэмдэг илтгэн харуулдаг вэ?” Тэднийг Гэтлэл 31:13, 16–17-г уншиж, “тэмдэг” гэдэг үгийг олоход урь. Их Эзэн болон бидний хоорондох тэмдгийг Тэр юу гэж хэлсэн бэ? Энэ тэмдэг яагаад тийм чухал вэ?

  • Хүүхдүүд яагаад Хүндэтгэлийн өдрийг сахихыг сонгодог талаар ээлжлэн тайлбарлахад тэднийг урь. “The Sabbath Is for You” эсвэл “Upon My Holy Day—Honoring the Sabbath” (ChurchofJesusChrist.org) гэх мэт видео бичлэгүүд тусалж чадна.

  • Их Эзэнд хайртайгаа харуулахын тулд ням гарагт юу юу хийж болохоо жагсаан бичихэд хүүхдүүдийг урь. Жагсаалтаасаа хэдэн зүйл хуваалцахад тэднийг урамшуул. Жагсаалтаа гэртээ авч очин, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, Хүндэтгэлийн өдөр хийх сайн зүйлсийн санааг хэрэгтэй үедээ эргэн харахад тэднийг урь.

Гэтлэл 32:1–8, 19–24

Би Их Эзэнийг амьдралдаа нэгдүгээрт тавьж чадна.

Гэтлэл 32 дээрх түүхийн нэг захиас нь Арван зарлигийн эхний хоёр буюу Их Эзэнээс өөр хэнийг ч эсвэл юуг ч бүү шүт гэдэг зарлиг хэр чухал болох тухай юм.

Боломжит үйл ажиллагаа

  • Аарон израилчуудад шүтэн бишрэх алтан тугалыг хийж өгч байгаа түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Тэдэнд тусламж хэрэгтэй бол Гэтлэл 32:1–8, 19–24-ийг үзүүл эсвэл тэдэнтэй “Арван зарлиг”-ийг (Хуучин Гэрээний түүхүүд) хуваалц. Израилчуудын хувьд шүтээнийг шүтэн бишрэх нь яагаад буруу байсан бэ? (Та Гэтлэл 20:3–6 дээрх Арван зарлигийн эхний хоёрыг хүүхдүүдэд үзүүлж болох юм.)

  • Их Эзэнийг шүтэн бишрэхийн оронд өөр зүйлд хүмүүсийг уруу татаж болох буюу Түүнээс бидний анхаарлыг холдуулдаг зарим жишээг бодоход хүүхдүүдэд тусал. Тэгээд тэднээс Аврагчид анхаарлаа төвлөрүүлж, Түүнийг шүтэн бишрэхэд тусалдаг зүйлсийн жишээг хуваалцахыг хүс.

Гэтлэл 32:1–5, 21–24

Би шударга ёсны төлөө зогсож чадна.

Израилчууд Аароныг алтан тугал бүтээ гэхэд тэр буруу байсан ч зөвшөөрсөн (Дэд хууль 9:20-ийг үзнэ үү). Бусдын шахалтад автсан ч шударга ёсны төлөө зогсохыг хүүхдүүдэд хэрхэн уриалж болох талаар бодож үз.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг Гэтлэл 32:1–5, 21–24-ийг ганцаараа юм уу, хамтрагчтайгаа хамт уншиж мөн израилчуудыг Аароноос алтан тугал хийхийг хүсэхэд тэр юу хийх хэрэгтэй байсан талаар бодлоо хуваалцахад урь. Аарон хүмүүст яаж тусалж болох байсан бэ?

  • Хүмүүс буруу гэж мэдэж байгаа зүйлээ хийхийг хүүхдүүдээс хүсэхэд тулгарч болох нөхцөл байдлын талаар бодоход тэдэнд тусал. Эдгээр нөхцөлд юу хийх талаар бие биетэйгээ саналаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих талаар өнөөдөр сонссон санаануудаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийг гэрчлэлээ хуваалцахад урь. Таны асуух асуултууд Аврагчийн талаарх бодлоо болон сайн мэдээний дагуу амьдрах нь тэднийг хэрхэн адисалсан талаар хуваалцахад хүүхдүүдийг урамшуулж чадна. Тэд үүнийг хийхдээ гэрчлэлээ хуваалцаж байдаг. (Аврагчийн арга барилаар заах нь, 11, 32-ыг үзнэ үү.)