“4-р сарын 18–24. Гэтлэл 18–20: ‘Эзэний айлдсан бүхнийг бид биелүүлнэ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“4-р сарын 18–24. Гэтлэл 18–20,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
4-р сарын 18–24
Гэтлэл 18–20
“Эзэний айлдсан бүхнийг бид биелүүлнэ”
Гэтлэл 18–20-ийг уншихдаа хүүхдүүдийн хувьд хамгийн чухал байж болох зарчмуудын талаар бод. Танд доор санал болгосноос өөр зарчмуудыг онцол гэсэн сүнслэг өдөөлт төрж магад.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Арван тушаалын нэгийг (эсвэл хэдэн тушаалыг тэдэнтэй авч үз) мөн яагаад уг тушаалыг дагах нь чухал болох талаар бодол санаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би гэрчлэлээ хуваалцсанаар бусдыг адисална.
Их Эзэн Израилын хүүхдүүдийн төлөө юу хийснийг Мосе хуваалцахад Иетро баярлав. Энэ түүх нь таны заадаг хүүхдүүдэд үнэн гэдгийг мэддэг зүйлээ бусадтай хуваалцах сэдлийг төрүүлж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 18:8 дээрх “Эзэний үйлдсэн бүхнийг Мосе хадам эцэгтээ ярив” гэсэн үгийг хүүхдүүдэд уншиж өг. Израилын хөвгүүдийг Египетээс зугтан гарахад нь туслахын тулд Их Эзэн юу хийснийг санаж байгаа эсэхийг нь хүүхдүүдээс асуу. (Тэдэнд санахад нь туслахын тулд өмнөх хичээлд ашигласан зургийг эвсэл үйл ажиллагааны хуудсыг үзүүл). Их Эзэн бидэнд туслахын тулд ямар ямар зүйл хийсэн бэ? Бид Мосейн адил бусдад Их Эзэний бидэнд зориулан хийсэн агуу зүйлсийн талаар ярьж болно гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдийн хэсгийн анги нь энгийн гэрчлэлээ хуваалцаж дадлага хийх хамгийн тохиромжтой газар байж болно. Тэдэнтэй гэрчлэлээ хуваалцаад, итгэдэг сайн мэдээний үнэнүүдээ бие биетэйгээ хуваалцахад нь тусал.
Бурхан намайг аз жаргалтай байлгахыг хүсдэг тул зарлигуудыг өгдөг.
Зарлигууд нь энэ амьдралд амар амгаланг, мөнх амьдралд баяр баясгаланг олж авахад зориулсан удирдамж заавар юм. Та Бурханы зарлигуудыг дагахад хүүхдүүдийг хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Арван зарлиг” (Хуучин Гэрээний түүхүүд) дээрх зургуудыг үзүүлээд, уг түүхийн талаар мэдэх зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Уг түүхийн ойлгохгүй байгаа ямар нэгэн хэсгийг ойлгоход нь тэдэнд тусал.
-
Гэтлэл 20:3–17 дээрх хэдэн зарлигийг хүүхдүүдэд уншаад (эсвэл тэдэнд ойлгомжтой болгон ярихдаа), зарлиг нь бидний хийх ёстой зүйлийн тухай бол эрхий хуруугаа дээш өргөж, хийх ёсгүй зүйлийн тухай бол эрхий хуруугаа доош харуулахад хүүхдүүдийг урь. Бурханы зарлигуудыг дагаснаар мэдэрдэг аз жаргалын талаарх гэрчлэлээ хуваалц (Мозая 2:41-ийг үзнэ үү).
-
“Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68–69) зэрэг зарлигуудыг дагахад Тэнгэрлэг Эцэг биднийг адисалдаг тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Дагаснаараа ямар адислалуудыг бид хүртэх боломжтой болохыг олж мэдэхэд хүүхдүүдийг урь.
Би эцэг эхээ хүндэлнэ.
Эцэг эхээ хүндлэхэд зөвхөн тэдний үгэнд орж дагах ордоггүй. Эцэг эхдээ хүндлэлээ үзүүлж болох өөр арга замыг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
“Эцэг эхээ хүндэл” (Гэтлэл 20:12) гэсэн хэллэгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Хэрэгтэй бол хэн нэгнийг “хүндлэх” нь тэдэнд хүндлэл үзүүлэх эсвэл аз жаргал авчрах болохыг тайлбарла. Есүс Тэнгэрлэг Эцэгтээ хүндлэл үзүүлэхийн тулд юу хийсэн бэ? Тэрээр эхдээ хэрхэн хүндлэл үзүүлсэн бэ? (Лук 2:48–51; Иохан 19:26–27-г үзнэ үү). Эцэг эхдээ хүндлэл үзүүлэхийн тулд хийж болох зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд туслаад, уг санааныхаа дагуу үйлдэхэд тэднийг урь.
-
Эцэг эхдээ зориулан баярлан талархсан ил захидал хийхэд хүүхдүүдийг урь. Тэд ил захидлынхаа дотор эцэг эхдээ хүндлэл үзүүлэхийн тулд хийж болох зарим зүйлээ бичиж болно.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Би Их Эзэний ажлыг хийх “ачаанаас үүрэлцэ[н]” тусалж чадна.
Израилын хүүхдүүдийг ганцаараа удирдах гэж хичээх нь “сайн биш” (Гэтлэл 18:17) байсныг Мосе мэдсэн. Нэг нэгнийгээ хайрлаж, үйлчлэх нь удирдагчдын маань ачааг хөнгөвчлөхөд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Тойргийн гишүүдийг төлөөлүүлэн олон дугуй дүрсийг самбарт зурахад хүүхдүүдийг урь. Бишоп хэмээн гарчиглан дугуй дүрс зур. Бишоп дан ганцаараа бүгдэд тусалдаг байсан бол энэ нь яагаад асуудал болох байсан бэ? Гэтлэл 18:13–26-г хамтдаа уншаад, Мосег ганцаараа бүхнийг хийх гэхэд нь Иетро ямар зөвлөгөө түүнд өгснийг олж мэд. Бусдад үйлчлэхэд бишоптоо тусалдаг тойргийн өөр удирдагч, гишүүдийг төлөөлсөн өөр дугуй дүрсүүдийг гарчиглахыг хүүхдүүдээс хүс. Эдгээр болон бусад удирдагч, гишүүд хэрхэн бишопын ачааг хөнгөлдөг вэ? Бид хэрхэн тойргийн удирдагчдад мөн гэрт буй эцэг эхдээ энэ байдлаар тусалж болох вэ?
-
Тойргийн удирдагчдын жагсаалтаа гаргахад нь хүүхдүүдэд тусал. Ангиараа нэгийг нь сонгоод, энэ хүн Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхийн тулд юу хийдэг вэ мөн хүүхдүүд туслахын тулд юу хийж болохыг ярилц.
Их Эзэнийг амьдралдаа нэгдүгээрт тавих нь чухал.
Бидний хүн нэг бүрд Бурханаас дээгүүр тавихад уруу татдаг зүйл бий. Тэнгэрлэг Эцэгийг нэгдүгээрт тавих гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 20:1–7-г хамтдаа уншаад, бидний өөрсдийн амьдралд Бурханаас дээгүүр тавьдаг ямар ч зүйл 3–4-р шүлэгт дурдсан “өөр бурхад,” “шүтээн[үүд]” гэдгийг тайлбарла. Яагаад Тэнгэрлэг Эцэг Өөрийг нь нэгдүгээрт тавихыг биднээс хүссэнийг хүүхдүүдээс асуу. Нэгдүгээрт тавих юм бол Тэрээр ямар ямар адислалыг бидэнд амласан бэ? Бид Тэнгэрлэг Эцэгтээ Тэрээр бидний амьдрал дахь бусад бүх зүйлээс илүү чухал гэдгийг хэрхэн харуулж болохыг хүүхдүүдээс асуу.
-
Идэхийнхээ өмнө гараа угаах, гутлаа өмсөхийнхөө өмнө оймсоо өмсөх гэх мэт эхлээд хийх ёстой чухал алхмын талаар бод. Бид чухал гэсэн зүйлсээ эхлээд хийхгүй бол юу болж болох вэ? Энэ нь Тэнгэрлэг Эцэгийг нэгдүгээрт тавихтай хэрхэн адилхан бэ? Бурханыг нэгдүгээрт тавьсан тань хэрхэн таныг адисалсан талаар гэрчлээд, өөрсдийн гэрчлэлийг хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
“Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном,д. 16–17) зэрэг Тэнгэрлэг Эцэгийн тухай дууг хамт дуул. Бид энэ дуунаас Тэнгэрлэг Эцэгийг өөрийн амьдралд нэгдүгээрт тавих нь яагаад ач холбогдолтой болох талаар юу сурч болох вэ?
Бурхан намайг аз жаргалтай байлгахыг хүсдэг тул зарлигуудыг өгдөг.
Зарлигууд нь Бурханы хайрын илрэл, Түүнд өөрсдийн хайрыг илэрхийлэх боломж гэж харж чадах юм бол хүүхдүүд зарлигуудыг дагах хүсэлтэй байна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 20:3–17 дахь зарлигуудыг бичсэн цааснуудыг бэлд. Самбарт нэгээс арав хүртэлх тоо бичээд, цааснуудыг зөв дарааллаар самбар дээр байрлуулахад хүүхдүүдийг урь. Бид хэрхэн эдгээр зарлигийг дагаж болох талаар ярилц. Санаа авах бол Gospel Topics, “Ten Commandments” (topics.ChurchofJesusChrist.org)-ийг үзнэ үү.
-
Зарлигуудыг цээжлэхэд нь туслах түлхүүр үгнүүдийн зургийг зурахад хүүхдүүдийг урь.
-
Кэрол М.Стэфэнс эгчийн хэлсэн “Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь” (2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113–116) үгэн дээрх Клоуигийн түүхийг ярь. Энэ түүх Их Эзэн яагаад бидэнд зарлигууд өгснийг ойлгоход хэрхэн тусалж байна вэ? Дуулгавартай байх нь Бурханыг хайрлах бидний хайрыг хэрхэн харуулдаг вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангид сурч мэдсэн зүйлээсээ болж ямар зүйл хийхийг хүсэж байгаагаа бодоход хүүхдүүдийг урь. Гэртээ авч явах сануулах энгийн зүйл хийхэд нь тэдэнд тусал.