“3-р сарын 28–4-р сарын 3. Гэтлэл 7–13: ‘Египетээс гарсан энэ өдрийг дурсан сана!,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“3-р сарын 28–4-р сарын 3. Гэтлэл 7–13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
3-р сарын 28–4-р сарын 3
Гэтлэл 7–13
“Египетээс гарсан энэ өдрийг дурсан сана!”
Гэтлэл 7–13-ыг уншихдаа эдгээр бүлэг дэх үнэнүүд Есүс Христэд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бод. Та заадаг хүүхдүүддээ үүнтэй ижил туршлага өгөхийн тулд хэрхэн тусалж чадах вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Гэтлэл 7–13-т гардаг зүйлсийг төлөөлсөн хэд хэдэн зургийг (мэлхий, ялаа, хурга) ширээний бүтээлгийн дор тавь. Хэд хэдэнд хүүхдийг бүтээлгийн доороос нэг зураг авахад уриад, энэ долоо хоног гэртээ уг зургийн талаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахад ангийнхныг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Их Эзэнд бүх зүйлийг захирах хүч бий.
Израилчууд боолчлолд, өөрсдийгөө чөлөөлж чадахгүй байсан ч Их Эзэн тэдэнд Өөрийн хүчийг үзүүлэн, чөлөөлсөн. Та энэ түүхийг ашиглан хүүхдүүдийн Их Эзэнд болон Түүний хүчинд итгэх итгэлд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 7–11-ээс сонгосон хэдэн шүлгээ уншаад, египетчүүдэд Их Эзэний илгээсэн 10 шийтгэлийн талаар хүүхдүүдэд заа (мөн “Бошиглогч Мосе,” Хуучин Гэрээний түүхүүд-ийг үзнэ үү). Зарим шийтгэлийг үзүүлсэн зураг зурахад хүүхдүүдийг урь. Шийтгэлүүдийг дахин авч үзэх үеэр зургаа өргөхийг хүүхдүүдээс хүс. Гэтлэл 7:5 болон 9:14-өөс зарим хэллэгийг уншаад, Их Эзэн яагаад Египет рүү шийтгэл илгээснийг тайлбарла.
-
Их Эзэн “бүх дэлхийд [Түүнтэй] адил хэн ч байхгүйг” (Эхлэл 9:14) танд хэрхэн харуулсныг хүүхдүүдтэй хуваалц. Их Эзэн хүчирхэг гэдгийг хэрхэн тэд мэддэгийг хуваалцах боломж хүүхдүүдэд олго.
Ариун ёслол Есүсийг санахад надад тусалдаг.
Алгасал нь Аврагчийн тухай мөн хэзээ нэгэн өдөр бидний төлөө хийх Түүний золиослолын талаар израилчуудад заасан. Өнөөдөр бид Есүсийн золиослолыг санахын тулд ариун ёслолоос хүртдэг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 12:1–13-ыг ашиглан, хамгийн сүүлийн шийтгэлээс аврагдахын тулд израилчуудад юу хий хэмээн Их Эзэн айлдсаныг хүүхдүүдэд хэл (мөн “Алгасал,” Хуучин Гэрээний түүхүүд-ийг үзнэ үү). Есүс алдагдсан хургыг тэврэн явж байгаа зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 64-ийг үзнэ үү), Алгасалд ашигласан хурга болон Бурханы Хурга болох Есүс Христ хоёрын хоорондох ижил төстэй зүйлсийг онцол.
-
Төрсөн өдөр, баяр гэх мэт чухал үйл явдлыг санахын тулд бидний хийдэг зүйлсийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Гэтлэл 13:10-ыг уншаад, Их Эзэн израилчуудыг египетүүдээс аварснаа сануулахын тулд жил бүр Алгасалын баярыг тэмдэглэхийг Израилын хөвгүүдээс хүссэнийг тайлбарла. Есүс биднийг нүгэл болон үхлээс аварсан гэдгийг бид ямар арга замаар санаж болох вэ?
-
Боломжтой бол ариун ёслолын ширээн дээр хүүхдүүдтэй хамт очин, ариун ёслол нь хэрхэн бидэнд Есүс Христийг санахад тусалдаг талаар ярь. “The Sacrament” (Children’s Songbook, 72) эсвэл Есүс Христтэй холбоотой өөр дуу дуул. Аврагчийн талаар бодоход тэдэнд төрдөг амар амгалан мэдрэмжээ анзаараад, ариун ёслолоос хүртэхдээ уг мэдрэмжээ эрэлхийлэхэд тэднийг урь.
-
“Би ариун ёслолын үеэр …-ээр Есүс Христийг санаж чадна” гэж дээд хэсэгт нь бичсэн цаасыг хүүхдүүдэд өг. Ариун ёслолын үеэр харж, Есүсийг санахад тэдэнд туслах зураг зурахад тэднийг урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Их Эзэнд намайг чөлөөлөх хүч бий.
Хүүхдүүдэд асуудал тулгардаг бөгөөд тэдэнд Их Эзэний тусламж хэрэгтэй. Израилчуудыг чөлөөлөхийн тулд Их Эзэний илгээсэн 10 шийтгэлийн тухай түүх тэдэнд ч гэсэн туслах хүч Түүнд бий гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхэд бүрд 10 хэсэгт хуваасан цаас өгөөд, дараах шүлгүүдэд өгүүлсэн шийтгэлүүдийг дүрслэн зурахад хүүхдүүдийг урь: Гэтлэл 7:17–18; 8:1–4; 8:16–17; 8:20–22; 9:1–6; 9:8–9; 9:22–23; 10:4–5; 10:21–22; 11:4–7. Шийтгэлүүд нь Бурханы хүчийн талаар бидэнд юу зааж байна вэ? Түүний хүчний талаар мэдэх нь яагаад чухал вэ?
-
Их Эзэний тусламж хэрэгтэй байсан үеийнх нь тухай хүүхдүүдээс асуу. Тэрээр эдгээр нөхцөлд хэрхэн бидэнд тусалж чадах вэ? Тэд болон тэдний гэр бүлийн гишүүн Их Эзэний хүчийг амьдралдаа мэдэрч байсан үеийнхээ талаар ярилцахад тэднийг урамшуулан дэмж. Их Эзэнд бидэнд туслах хүч байгаа тухай гэрчлэлээ хуваалц.
Их Эзэн зүрх сэтгэлээ зөөллөхөд надад тусалдаг.
Их Эзэн Израилын хүүхдүүүдийг чөлөөл хэмээн айлдахад Фараон зүрх сэтгэлээ хатууруулах сонголт хийсэн. Та Их Эзэнд үйлчилж, Түүний тааллын дагуу үйлдэхийн тулд зүрх сэтгэлээ зөөлрүүлэх сонголтыг хийхэд нь заадаг хүүхдүүдээ хэрхэн сүнслэгээр өдөөж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Чулуу гэх мэт хатуу, бие угаагч гэх мэт өөр зөөлөн зүйл ангид авчир. Их Эзэний илгээсэн шийтгэлд Фараон хэрсэн хандсаныг дүрсэлсэн хэдэн шүлгийг хүүхдүүдтэй хамт уншаад (Гэтлэл 8:28–32; 9:7-г үзнэ үү), аль зүйл Фараоны сэтгэл зүрхийг эсвэл хандлагыг хамгийн сайн төлөөлж байгааг хүүхдүүдээс асуу. Зүрх сэтгэл зөөлөн байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? ( Мозая 3:17-г үзнэ үү).
-
Хатуу зүрх сэтгэлтэй болохыг маань харуулсан зарим үйлдлийн жагсаалтыг ангийнхантай хамт гарга (жишээлбэл, ах эгч дүү нартайгаа ам зөрөлдөх, залбирах хүсэлгүй байх). Бид Их Эзэнд зүрх сэтгэл зөөлөн гэдгээ хэрхэн харуулж чадах вэ?
Алгасал нь Есүс Христийн цагаатгагч хүчийг бэлгэддэг.
Алгасал нь Их Эзэн тэднийг Египетээс чөлөөлснийг Израилын хөвгүүдэд заасан. Алгасал нь бас биднийг нүгэл, үхлээс аварсан Есүс Христийн цагаатгагч золиослолын бэлгэ тэмдэг юм. Өнөө үед ариун ёслол нь Есүс Христийн бидний төлөө хийсэн золиослолыг санахад тусалдаг. Алгасалын талаар хүүхдүүдэд заах нь ариун ёслолоор утга учир бүхий туршлага олж авахад нь тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Зарим хүүхдээс Гэтлэл 11:5–6-г уншаад, Их Эзэний египетчүүдэд илгээсэн сүүлчийн шийтгэлийн талаар мэдэж авахыг хүс. Бусад хүүхдээс Гэтлэл 12:3, 5–7, 13-ыг уншаад, Израилын хөвгүүд хэрхэн тэр шийтгэлээс аврагдсан талаар олж мэдэхийг хүс.
-
Аврагч бол биднийг аврах Хурга болохыг хүүхдүүдэд ойлгоход туслахын тулд хурганы зургийг үзүүл. Гэтлэл 12:3–7-г уншаад, Алгасалын үеэр ямар төрлийн хурга ашиглахыг Бурхан хүмүүсээс хүссэнийг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Энэ хурга нь хэрхэн Есүс Христтэй адилхан бэ? (Жишээлбэл, Есүс төгс байсан ба Тэрээр биднийг аврахын тулд цусаа урсгасан.) Өөр ямар ямар бэлгэ тэмдэг Есүс Христийн талаар бодоход бидэнд тусалдаг вэ?
-
Ариун ёслолын залбирлыг хамтдаа унш ( Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү) . Ариун ёслол нь хэрхэн Алгасалтай адилхан бэ? Бид ариун ёслолын үеэр Есүсийг санахын тулд юу хийж болох вэ?
-
Ариун ёслолын тухай дуртай дууллаа хүүхдүүдтэй хамт хуваалцаад (Hymns, nos. 169–96), энэ нь хэрхэн Аврагчийн золислолыг санахад танд тусалдаг тухай ярь. Тэдэнд мөн адил санахад тусалдаг дууллаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдийн хэсгийн хичээлийнхээ үеэр Есүс Христийн талаар сурсан ямар нэгэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.