“3-р сарын 21–27. Гэтлэл 1–6: ‘Би гэрээгээ саналаа,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“3-р сарын 21–27. Гэтлэл 1–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
3-р сарын 21–27
Гэтлэл 1–6
“Би гэрээгээ саналаа”
Гэтлэл 1–6-г уншсанаар заах бэлтгэлээ эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь эдгээр бүлгийг ойлгоход тань туслан, энэ тойм танд заах санаанууд өгнө.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Жишээлбэл, том сагс эсвэл хүүхдийн хүүхэлдэй гэх мэт эдгээр бүлэг дэх түүхтэй холбоотой хэд хэдэн зүйлийг харуул. Мосегийн түүхийн өөрийн дуртай хэсгийг хуваалцахдаа эдгээр зүйлийг ашиглахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Бурхан Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд надаар дамжуулан ажиллаж болно.
Мосе Израилыг боолчлолоос гаргахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ түүний ээж, эгч, Фараоны охин болон бусад итгэлтэй эмэгтэй түүнийг хамгаалж, асарч халамжлаагүй бол үүнийг гүйцэлдүүлж чадахгүй байх байсан.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг болон “Мириам” (Хуучин Гэрээний түүхүүд)-ийг ашиглан Иохебед (Мосегийн эх), Мириам (түүний эгч) болон Фараоны охин Мосег хэрхэн асарч халамжилсан тухай хүүхдүүдэд хэл. Эдгээр болон өөр итгэлтэй эмэгтэйчүүдийн ачаар Мосе аюулаас хол байж, нэгэн өдөр Израилыг аюулгүй газар руу хөтлөн авчирсныг онцол. Хүүхдүүдийг өөрсдийг нь хайрлан халамжилдаг хүмүүсийнхээ зургийг зурахад урь.
-
“Бяцхан горхи урсаж байна” (Хүүхдийн дууны ном, 116) зэрэг үйлчлэлийн тухай дууг хамтдаа дуул. Гэртээ, сүмдээ болон сургуульдаа бусдад тус болохын тулд хийж болох энгийн зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Есүс сайн зүйлсийг хийхэд надад тусална.
Мосе израилчуудыг Египетээс чөлөөлж чадах эсэхдээ санаа зовж байв. Гэхдээ Их Эзэн Мосед туслахаа амласан. Аврагч тэдэнд ч гэсэн тусална гэдэгт итгэх итгэлтэй болоход нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Их Эзэн хэрхэн Мосед хийх чухал ажил өгснийг хүүхдүүдэд ярьж өг. Гэтлэл 3-аас хэдэн шүлгийг сонгож унш эсвэл “Бошиглогч Мосе” ( Хуучин Гэрээний түүхүүд)-ийг уншина уу. Мосед ямар мэдрэмж төрж байсныг (Гэтлэл 3:6, 11) мөн Их Эзэн түүнд юу гэж хэлснийг хуваалц (12 болон 14-р шүлгийгүзнэ үү). “Би чамтай заавал хамт байна” гэх үгийг таныг дагаж давтаж хэлэхэд хүүхдүүдийг уриад, Их Эзэнд зориулан ямар нэгэн чухал зүйл хийж байхад Тэрээр тантай хамт байсан үеийнхээ талаар хуваалц.
-
Үнэхээр хүнд хэцүү мэт зүйл хийхийг хүсэх нөхцөл байдалд орж байгаа талаар бодоход хүүхдүүдэд тусал. Есүс Мосед тусалсны адил Тэрээр тэдэнд ч бас тусална гэдгийг тайлбарла. “I Will Walk with Jesus” (ChurchofJesusChrist.org зэрэг Есүс хэрхэн бидэнд тусалдаг тухай дуу дуул. Санаа зовж, айх үед Аврагч бидэнд тусална гэдгийг гэрчил.
-
Цаасан зүрх хайчилж хийгээд, Их Эзэний хүүхдүүдэд тусалдаг арга замуудыг дээр нь бич. Цаасан зүрхнүүдийг шалан дээр доош нь харуулан тавь. Хүүхдүүдийг ээлжлэн зүрхнүүд дундаас ээлжлэн сонгоход уриад, дээр нь юу гэж бичсэнийг уншихад тэдэнд тусал.
Би ариун газруудад хүндэтгэл бишрэлтэй байж чадна.
Мосе ба шатаж буй бутны түүхийг ашиглан, яагаад ариун нандин зүйлсэд хүндэтгэл бишрэлтэй хандах ёстойг хүүхдүүдэд ойлгуулан тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 3:1–5-ыг уншаад, Мосе шаахайгаа тайлан хүндэтгэл бишрэлээ үзүүлснийг тайлбарла. Бид сүмд хүндэтгэл бишрэлээ үзүүлэхийн тулд юу хийж болох вэ? “Хүндэтгэл бол хайр” (Хүүхдийн дууны ном,12) зэрэг хүндэтгэл бишрэлийн тухай дууг хамтдаа дуул. Хүндэтгэл бишрэлийг хэрхэн үзүүлэх тухай бидэнд заасан үгсийг тодорхойлоход нь хүүхдүүдэд тусал. Яагаад Их Эзэн биднээс хүндэтгэл бишрэлтэй байхыг хүсдэг вэ?
-
Ариун ёслолыг цуглаан, залбирал, цэцэрлэгт хүрээлэн, төрсөн өдрийн үдэшлэг гэх мэт хүндэтгэл бишрэлтэй байх ёстой мөн байх албагүй нөхцөл байдлуудын зарим зургийг үзүүл. Зургуудыг төрөлжүүлэн ямар нөхцөлд хүндэтгэл бишрэлтэй байх ёстойг харуулахыг хүүхдүүдээс хүс.
-
Өөрсдийгөө зураад, нүд, чих, ам, гар, хөл гэх мэт биеийнхээ өөр өөр хэсгээр хүндэтгэл бишрэлээ үзүүлж болох арга замуудыг ярилцахдаа өөрсдийнхөө зураг руу заахад хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Бурхан Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд бидний хүн нэг бүрээр дамжуулан ажилладаг.
Олон хүн бяцхан Мосегийн амийг хамгаалснаар Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхэд тусалсан. Та заадаг хүүхдүүддээ Бурханы тааллыг гүйцэлдүүлэхэд бидний гүйцэтгэдэг амин чухал үүргийг ойлгуулахад хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Бяцхан Мосегийн талаар мэддэг зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг мөн Гэтлэл 1:22; 2:1–10 дээрх Мосегийн бага насыг хураангуйлан ярь. Үйл ажиллагааны хуудсан дээрх судрын эшлэлийг уншаад, тэр хоёр эмэгтэй Мосегийн амийг аврахын тулд юу юу хийснийг хүүхдүүдээс асуу.
-
Бурханд болон эргэн тойрныхондоо өчүүхэн жижиг арга замаар ч итгэлтэй үйлчилдгийнх нь төлөө хүндэтгэдэг хүмүүсийнхээ талаар хүүхдүүдэд ярь. Бурханд болон бусдад итгэлтэй үйлчилсэн өөрийн мэдэх хүмүүсийн талаар яриад хүүхдүүдийг урь. Бурханы ажилд бид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Их Эзэн надад Өөрийнх нь тааллыг гүйцэлдүүлэхэд надад туслах болно.
Мосе дуудлагаа хийж чадахгүй гэж бодож байсан ч Их Эзэн түүнтэй хамт байж, тусална гэдгээ амласан. Энэ түүх таны заадаг хүүхдүүдийг хэрхэн сүнслэгээр өдөөх вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 3; 4:1–17 дахь түүхийг ашиглан Мосегийн дүрийг хүүхдүүдээр ээлжлүүлэн тоглуул. Боломжтой бол гар чийдэн, ургамал гэх мэт шатаж буй бутыг орлуулан ашиглах эд зүйлсийг тэдэнд зориулан авчир.
-
Гэтлэл 3:11; 4:1, 10-ыг уншаад, Фараонаас израилчуудыг явуулахыг хүсэх талаар Мосе юу гэж бодож байсныг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Хэзээ тэдэнд үүнтэй адил мэдрэмж төрж байсан бэ? Мосед туслахын тулд хүүхдүүд ямар зөвлөгөө түүнд өгөх байсан бэ? Их Эзэн Мосег хэрхэн урамшуулж байсныг олж нээхэд тэдэнд тусал (Гэтлэл 3:12; 4:2–9, 11–12-ыг үзнэ үү).
-
Бурхан дуудлагаа биелүүлэхэд эсвэл ямар нэгэн арга замаар Өөрт нь үйлчлэхэд тусалсныг мэдэрч байсан туршлагаасаа хуваалц. Их Эзэн тэдэнд тусалж байсан үеийнхээ талаар хуваалцахад хүүхдүүдээ урь.
Би ариун газруудад хүндэтгэл бишрэлтэй байж чадна.
Их Эзэн шаахайгаа тайлах замаар хүндэтгэл, бишрэлээ үзүүлэхийг Мосегоос хүссэн. Та хүндэтгэл бишрэлийн талаар хүүхдүүдэд заахдаа энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Гэтлэл 3:1–5-ыг уншаад, эдгээр шүлгийг өөрийн үгээр хураангуйлахыг хүүхдүүдээс хүс. Бид сүм, ариун сүм зэрэг ариун нандин газарт хүндэтгэл бишрэлээ үзүүлэхийн тулд юу хийж болох вэ? Хэрхэн хүндэтгэл бишрэлтэй байх санаануудыг бичсэн цааснуудтай гэртээ авч явах уут хийхэд хүүхдүүдэд тусал. Эдгээр санаагаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.
-
“Хүндэтгэл бол хайр” (Хүүхдийн дууны ном,12) зэрэг хүндэтгэл бишрэлийн тухай дууг хамтдаа дуулж, дууны үгэнд үндэслэн хүндэтгэл бишрэлийн тодорхойлолтыг бичихийг эсвэл хуваалцахыг хүүхэд бүрээс хүс.
-
Есүс ариун сүмийг цэвэрлэж байгаа зургийг (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 51) үзүүлээд, Maтай 21:12–13 дахь түүхийг ярьж өг. Гэтлэл 3:1–5 дахь Мосегийн хандлага хэрхэн мөнгө солигчийн хандлагаас өөр байсан бэ? Яагаад Аврагч биднийг ариун нандин зүйлсэд хүндэтгэл бишрэлтэй хандахыг хүсдэг бэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэтлэл 1–6-аас сурч мэдсэн зүйлээ хуваалцахад хүүхдүүдэд туслахын тулд тэднийг ангид сурсан хэн нэгэн хүнийхээ зургийг зураад, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урамшуул.