“3-р сарын 21–27. Гэтлэл 1–6: ‘Би гэрээгээ саналаа,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“3-р сарын 21–27. Гэтлэл 1-6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
3-р сарын 21–27
Гэтлэл 1–6
“Би гэрээгээ саналаа”
Суралцах цагаа залбирлаар эхэлж, Гэтлэл 1–6 дээрээс таны амьдрал болон Бурханы хаант улс дахь таны үйлчлэлтэй холбоотой захиасуудыг олоход тусламж хүс.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Египетэд амьдрах урилга нь Иаковын гэр бүлийг үнэхээр аварсан юм. Гэвч хэдэн зуун жилийн дараа “Иосефыг мэдэхгүй” шинэ фараон (Гэтлэл 1:8) тэдний үр удмыг боолчилж, айлган сүрдүүлсэн. Бурхан Өөрийн гэрээт хүмүүст яагаад ийм зүйл тохиолдохыг зөвшөөрсөн талаар израилчууд гайхах нь гарцаагүй байсан. Тэрээр тэдэнтэй байгуулсан гэрээгээ санаж байсан уу? Тэд Түүний хүмүүс хэвээр байсан уу? Тэд ямар их зовж шаналж байгааг Тэрээр харж байсан уу?
Магадгүй танд ч бас үүнтэй ижил төстэй асуултыг асуумаар үе тохиолдсон байх. Бурхан миний юу туулж өнгөрүүлж байгааг мэддэг болов уу хэмээн та бодож байж магадгүй. Тэр тусламж гуйж буй миний үгийг сонсож байна уу? Гэтлэл номон дахь Израилын чөлөөлөгдсөн түүх нь иймэрхүү асуултуудад Бурхан Өөрийн хүмүүсийг мартдаггүй хэмээн тодорхой хариулдаг. Тэрбээр бидэнтэй хийсэн гэрээгээ санаж, тэдгээрийг Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар биелүүлэх болно (Сургаал ба Гэрээ 88:68-ыг үзнэ үү). “Сунгасан мутраар Би та нарыг аварна” хэмээн Тэр тунхагладаг. “Би ЭЗЭН, та нарын Бурхан, та нарыг [та нарын] хүнд ачаан дороос гаргасан” (Гэтлэл 6:6–7).
Гэтлэл номын талаарх тоймыг Bible Dictionary дэх “Exodus, book of” хэсгийг уншина уу.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Есүс Христ бол миний Чөлөөлөгч.
Гэтлэл номын гол сэдвүүдийн нэг бол Бурхан ард түмнээ дарамтаас ангижруулах хүч чадалтай юм. Гэтлэл 1-д дурдсанчлан Израилчуудын боолчлолыг нүгэл, үхлийн улмаас бид бүгдэд тулгарч байдаг боолчлолын бэлгэдэл гэж үзэж болно (2 Нифай 2:26–27; 9:10; Aлма 36:28-ыг үзнэ үү). Израилын гэтэлгэгч Мосег Есүс Христийн нэг төрөл буюу төлөөлөл гэж үзэж болно (Дэд хууль 18:18–19; 1 Нифай 22:20–21-ийг үзнэ үү). Гэтлэл 1–2-ыг уншиж байхдаа эдгээр харьцуулалтыг бод. Жишээлбэл, Мосе ба Есүс хоёр хоёулаа багадаа үхлээс хамгаалагдаж байсныг та анзаарч болох бөгөөд (Гэтлэл 1:22–2:10; Матай 2:13–16-г үзнэ үү) тэд хоёулаа тохинууллаа эхлэхийн өмнө аглаг буйдад цагаа өнгөрөөсөн (Гэтлэл 2:15–22; Матай 4:1–2). Гэтлэл номоос сүнслэг боолчлолын талаар та өөр ямар ойлголт авсан бэ? Аврагчийн чөлөөлөлтийн талаар юу сурч мэдэж авсан бэ?
Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129-ийг бас үзнэ үү.
Их Эзэн Өөрийнхөө ажлыг хийлгэхээр дуудсан хүмүүст хүч чадлыг өгдөг.
Өнөөдөр бид Мосег агуу бошиглогч, удирдагч гэдгийг мэддэг. Гэхдээ Мосе Их Эзэн түүнийг анх дуудахад өөрийгөө ийм байдлаар хараагүй. “Фараон руу очих “Би хэн бэ?“ хэмээн Мосе гайхан бодсон” (Гэтлэл 3:11). Их Эзэн харин Мосе хэн бэ гэдгийг мөн түүний хэн болж чадахыг мэдэж байсан. Та Гэтлэл 3–4-ийг уншихдаа Их Эзэн Мосег хэрхэн тайтгаруулаад түүний асуудалд хэрхэн хариулсныг тэмдэглэ. Та эдгээр бүлгээс өөрийгөө хангалтгүй хэмээн бодох үед таныг урамшуулах юуг олж мэдэх вэ? Тэр Өөрийн хүслийг гүйцэлдүүлэх нэмэгдсэн хүч чадлаар Өөрийн үйлчлэгчдийг хэрхэн адислах вэ? (Moсе 1:1–10, 24–39; 6:31–39, 47-г үзнэ үү). Их Эзэн Өөрийн ажлыг танаар мөн бусдаар хийлгэж байхыг та хэзээ харж байсан бэ?
Мосегийн амьдрал болон номлолын талаар илүү ихийг мэдэхийн тулд “Moсе”-г Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж-аас үзнэ үү.
Их Эзэний зорилго Түүний Өөрийн цаг хугацаанд биелэгдэх болно.
Мосе Бурханы тушаасан ёсоор Фараоны өмнө зоригтой очиж, израилчуудыг сулла хэмээн хэлсэн ч тэр татгалзсан юм. Үнэндээ тэр израилчуудын амьдралыг илүү хүнд байдалд оруулсан. Бурханы тушаасан зүйлийг хийж байхад яагаад энэ бүх зүйл бүтэлгүйтэж байгаа юм бол хэмээн Мосе болон израилчууд гайхсан байх (Гэтлэл 5:22–23-ыг үзнэ үү).
Танд Бурханы хүслийг биелүүлсэн ч өөрийн хүсэж байсан амжилтыг хараагүй юм шиг санагдах үе байсан уу? Гэтлэл 6:1–8-ыг дахин давтаад, Их Эзэн Мосед зорьсондоо хүрэхэд нь туслахын тулд юу гэж хэлснийг олж мэд. Их Эзэн Өөрийн хүслийг биелүүлэхэд тууштай байхад танд хэрхэн тусалсан бэ?
Иехова гэж хэн бэ?
Иехова нь Есүс Христийн олон нэрийн нэг бөгөөд мөнх бус байдлын өмнөх оршихуйн Аврагчийг хэлдэг. Иосеф Смитийн орчуулга нь Абрахам, Исаак, Иаков зэрэг бошиглогчид Их Эзэнийг энэ нэрээр нь мэддэг байсныг тодорхой хэлсэн байдаг (Гэтлэл 6:3, зүүлт тайлбар c). Хуучин Гэрээнд “Эзэн” гэсэн үг гарахад, энэ нь ихэвчлэн Иехова гэсэн утгатай байдаг. Гэтлэл 3:13–15, “БИ БАЙГАА” гэдэг нь мөн Иеховаг төлөөлж байгаа (мөн Сургаал ба Гэрээ 38:1; 39:1-ийг үзнэ үү).
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Гэтлэл 1–2.Израилчуудад чөлөөлөгч гаргаж ирэх Бурханы төлөвлөгөөнд хэд хэдэн эмэгтэй чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэр бүлээрээ эх баригч Шифра, Пуа (Гэтлэл 1:15–20); Мосегийн ээж Иохобэд, түүний эгч Мириам (Гэтлэл 2:2–9; Тооллого 26:59); Фароаны охин (Гэтлэл 2:5–6, 10); мөн Мосегийн эхнэр Зиппора (Гэтлэл 2:16–21) нарын талаар та уншиж болно. Эдгээр эмэгтэй Бурханы төлөвлөгөөнд хэрхэн тусалсан бэ? Тэдний туршлага бидэнд Есүс Христийн тохинууллыг хэрхэн сануулж байна вэ? Мөн та эмэгтэй хамаатан садан, өвөг дээдсийнхээ зургийг цуглуулж, тэдний түүхийг хуваалцаж болно. Бид хэрхэн зөв шударга эмэгтэйчүүдээр адислагдаж байсан бэ? Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсоны, “Эгч нараасаа гуйх гуйлт,” (2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85) хэлсэн үгийг та ярилцлагадаа нэмж болно.
-
Гэтлэл 3:1–6.Мосег шатаж буй бут руу дөхөж очиход Их Эзэн хүндэтгэлийн шинж тэмдэг болгон гутлаа тайл хэмээн түүнд хэлсэн. Бид ариун газруудад хэрхэн хүндэтгэл бишрэлээ үзүүлж болох вэ? Жишээ нь, бид өөрсдийн гэр орноо Их Эзэний Сүнсний орших ариун газар болгохын тулд юу хийж болох вэ? Бид бусад ариун газар хүндэтгэлтэй байдлаа хэрхэн харуулж болох вэ?
-
Гэтлэл 4:1–9.Их Эзэн Мосег илгээснээ Израилын хүүхдүүдэд харуулахын тулд Мосед гурван гайхамшгийг тэмдэг болгон үзүүлэх хүчийг өгсөн. Эдгээр тэмдэг нь Есүс Христийн талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Гэтлэл 5:2.Их Эзэнийг “мэдэх” гэдэг нь бидний хувьд юу гэсэн үг вэ? Бид Их Эзэнийг хэрхэн таньж мэдэх вэ? (жишээлбэл, Aлма 22:15–18-ыг үзнэ үү). Түүнтэй харилцах харилцаа Түүнийг дагах бидний хүсэлд хэрхэн нөлөөлдөг вэ? (мөн Иохан 17:3; Moзая 5:13-ыг үзнэ үү).
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: Хүндэтгэл бол хайр,” Хүүхдийн дууны ном, 12.