“3-р сарын 28-аас 4-р сарын 3. Гэтлэл 7–13: ‘Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана!,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“3-р сарын 28-аас 4-р сарын 3. Гэтлэл 7–13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
3-р сарын 28-аас 4-р сарын 3
Гэтлэл 7–13
“Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана!”
Гэтлэл 7–13-ыг уншаад, тунгаан бодохдоо өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Үүнийг байнга хийснээр таны Ариун Сүнсний шивнээг таних чадавх тань нэмэгдэх болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Дахин дахин тахал болсноос Египет зовж шаналж байсан хэдий ч Фараон израилчуудыг чөлөөлөн явуулахаас татгалзсаар байв. Гэсэн хэдий ч Бурхан Өөрийн хүч чадлыг үргэлжлүүлэн харуулж, “Би бол Эзэн” мөн “бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүй” (Гэтлэл 7:5; 9:14) гэдгийг хүлээж авах боломжийг Фараонд олгож байсан. Энэ хооронд Мосе болон израильчууд Бурханы тэдний өмнөөс гаргаж буй хүч чадлын энэ бүх илэрхийллийг гайхан биширч байсан байх. Эдгээр үргэлжилсэн тэмдэг нь тэдний Бурханд итгэх итгэлийг баталж, Бурханы бошиглогчийг дагах хүслийг нь бэхжүүлсэн нь лавтай. Тэгээд есөн аймшигт тахал израильчуудыг чөлөөлж чадалгүй бүтэлгүйтсэний дараа арав дахь тахал болох ууган хүүгийн, үүний дотор Фараоны ууган хүүгийн үхэл эцэс сүүлд нь боолчлолыг дуусгавар болгосон юм. Энэ нь таарч байгаа мэт санагдаж магадгүй, учир нь сүнслэг боолчлолын бүхий л тохиолдолд үүнээс зугтан гарах ганц л арга зам байдаг. Өмнө нь бид юу туршиж үзсэнээс үл хамааран Израилын хүүхдүүдэд тохиолдсон зүйл бидэнд ч бас тохиолддог. Ууган Хүү болох Есүс Христийн—гэм зэмгүй Хурганы цусны золиосоор л—бид аврагдах болно.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би зөөлөн зүрх сэтгэлтэй байх сонголтыг хийж чадна.
Таны хүсэл хэзээ ч Бурханы хүслийг эрс эсэргүүцсэн Фараоны хүсэлтэй адилхан байхгүй байна хэмээн найдаж байна. Гэхдээ, бид бүгдэд зүрх сэтгэл маань хатуурах үе байдаг тул Гэтлэл 7–10-т бичигдсэн Фараоны үйлдлээс сурч авах зүйл байгаа. Тахлуудын тухай эдгээр бүлгээс уншихад Фараоны хариу үйлдлийн талаар юу нь та нарт онцгой санагдаж байна вэ? Та тийм хатуурхах хандлагатай ижил төстэй хандлагыг өөрөөсөө олж хардаг уу? Эдгээр бүлгээс зөөлөн зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг болох талаар сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодоорой.
Гэтлэл 7:3, 13; 9:12; 10:1, 20, 27; 11:10-ын Иосеф Смитийн орчуулга нь Их Эзэн Фараоны зүрх сэтгэлийг хатууруулаагүй гэдгийг мөн Фараон өөрөө зүрх сэтгэлээ хатууруулсан гэдгийг тодруулсныг анхаараарай.
Зөөлөн зүрх сэтгэлийг хөгжүүлэх талаар та дараах судруудаас юу мэдэж авдаг вэ? 1 Нифай 2:16; Moзая 3:19; Aлма 24:7–8; 62:41; Ифер 12:27.
Мөн Michael T. Ringwood, “An Easiness and Willingness to Believe,” Liahona, Nov. 2009, 100–102-ыг үзнэ үү.
Алгасал баяр нь Есүс Христийн Цагаатгалын бэлгэдэл юм.
Гэтлэл 11:4–5-д дүрсэлснээр израилчуудын хувьд арав дахь тахлаас аврагдах цорын ганц арга зам бол Гэтлэл 12 дээр Их Эзэний Мосед өгсөн заавар болох Алгасал баяр хэмээх зан үйлийг ягштал дагаж мөрдөх явдал байв. Алгасал баяр нь бэлгэдлээр дамжуулан Их Эзэн израилчуудыг Египет дэх боолчлолоос чөлөөлсөнтэй адил биднийг нүглийн боолчлолоос чөлөөлж чадна гэдгийг бидэнд заадаг. Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг танд сануулах ямар ямар заавар болон жишээнүүдийг та Алгасал баяраас олж болох вэ? Эдгээр заавар болон бэлгэдлүүд нь Түүний Цагаатгалын адислалыг хэрхэн хүлээж авах талаар танд юу санал болгож байна вэ? Жишээ нь, хурганы цусыг хаалганы тотгон дээр тавих нь юуг төлөөлж байна вэ? (7-р шүлэг). “Бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай” (11-р шүлэг) байх гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?
Мөн Сургаал ба Гэрээ 89:21-ийг үзнэ үү.
Гэтлэл 12:14–17, 24–27; 13:1–16
Ариун ёслол надад Есүс Христээр дамжуулан ирсэн чөлөөлөлтийг санахад тусалдаг.
Боолчлолыг санахаа больсон ч боолчлолоос өөрсдийг нь хэн чөлөөлснийг үргэлж санаасай хэмээн Аврагч израилчуудаас хүсдэг. Тиймээс Тэр жил бүр Алгасал баярыг тэмдэглэхийг тэдэнд тушаасан юм. Гэтлэл 12:14–17, 24–27; 13:1–16 дээрх Түүний заавруудыг уншиж байхдаа танд өгсөн Бурханы адислалуудыг санахын тулд юу хийж байгаагаа эргэцүүлэн бод. Та хэрхэн “үе удмынхаа турш” (Гэтлэл 12:14, 26–27-г үзнэ үү) ингэж дурсан санасаар байх вэ?
Алгасал баяр болон ариун ёслолын зорилгуудын хооронд ямар ямар адил шинж байгааг та харж байна вэ? Алгасал баярын талаар унших нь хэрхэн ариун ёслолын талаар танд сануулж мөн энэхүү ёслолыг илүү утга учиртай болгодог вэ? Есүс Христийг “үргэлж санахын” тулд та юу хийж чадахаа бодож үз (Moронай 4:3; 5:2; мөн Лук 22:7–8, 19–20-ийг үзнэ үү).
Их Эзэн таныг санаасай хэмээн хүсдэг бусад зүйлийг та бас бодож болох юм; жишээ нь, Хиламан 5:6–12; Moронай 10:3; Сургаал ба Гэрээ 3:3–5, 10; 18:10; 52:40-ийг үзнэ үү.
Мөн Иохан 6:54, “Always Remember Him” (видeo), ChurchofJesusChrist.org; “The Sacrament of the Lord’s Supper,” in Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter (2015), 197–206-г үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
-
Гэтлэл 7–12.Их Эзэн Өөрийн хүч чадлын тэмдэг болгон египетчүүдэд тахлуудыг илгээсэн тухай уншсаны дараа танай гэр бүл Их Эзэн Өөрийн хүчийг өнөөдөр хэрхэн харуулж байгаа талаар хуваалцаж болно.
-
Гэтлэл 8:28, 32; 9:27–28, 34–35.Эдгээр шүлгийг бид хэлсэн үгэндээ хүрэхийн ач холбогдлын талаар ярилцлага өрнүүлэхдээ ашиглаж болно. Гэр бүлийн зарим гишүүн бусдын хийнэ гэснээ хийхийг харсан туршлагаасаа хуваалцаж болно.
-
Гэтлэл 12:1–42.Гэтлэл 12:1–42-ыг хамт уншсаны дараа гэр бүлээрээ Есүс Христийн Цагаатгалыг санахад тус болох зүйлсийг цаасан дээр бичиж болно. Хаалганы тотгон дээрх цус (23-р шүлгийг үзнэ үү) Аврагчийг төлөөлдөг учраас та эдгээр цаасыг хаалганыхаа эргэн тойронд тавьж болно. Алгасал баяраар эсгээгүй талх (жигнэмэг эсвэл хавтгай бин) эсвэл гашуун ногоо (яншуй эсвэл тунхуу) гэх мэт зарим хоолыг идэж мөн Бурхан Өөрийн хүмүүсийг хэрхэн яаж чөлөөлснийг санахад Алгасал баяр бидэнд хэрхэн тусалдаг талаар ярилцаж болно. Жишээлбэл, эсгээгүй талх нь боолчлолоос зугтахаас өмнө тэдэнд талхаа эсгэх цаг хугацаа байгаагүйг сануулдаг. Гашуун ногоон нь боолчлол нь ямар хэцүү байсныг сануулж болох юм.
-
Гэтлэл 20:14, 24–27.Дараагийн ариун ёслолын цуглаанаас өмнө та эдгээр шүлгийг гэр бүлээрээ эргэцүүлэн бодож болох юм. Эдгээр шүлэг ариун ёслолтой хэрхэн холбогдож байна вэ? Бид ариун ёслолыг хэрхэн Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсийн илүү бүрэн дүүрэн “дурсах дурсамж” болгож болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.
Санал болгох дуу: “In Memory of the Crucified,” Hymns, д.190.