“2-р сарын 28–6-р сарын 3. Эхлэл 28–33: ‘Эзэн үнэхээр энэ газарт байна,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“2-р сарын 28–6-р сарын 3. Эхлэл 28–33,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
2-р сарын 28–3-р сарын 6
Эхлэл 28–33
“Эзэн үнэхээр энэ газарт байна”
Эхлэл 28–33-ыг уншиж байхдаа эдгээр бүлэг дэх түүх, зарчмууд таны заадаг хүүхдүүдийг хэрхэн адисалж болох тухай тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдийг бие биендээ бөмбөг шидэж эсвэл өнхрүүлж өгөхөд урь. Хүүхдүүдээс бөмбөгийг барьж авахдаа Хүүхдийн хэсэгт эсвэл гэртээ Хуучин Гэрээнээс сурсан ямар нэгэн зүйлээ хуваалцахыг хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Гэрээнүүд нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход надад тусална.
Иаков тэнгэр өөд очиж буй шатыг зүүдэндээ харсан. Шатан дээр хөл тавих нь Бурхантай хийдэг бидний гэрээг төлөөлж болох бөгөөд эдгээр гэрээ нь бидэнд Түүний оршихуйд эргэн очиход тусалдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Эхлэл 28:12–13-ыг хүүхдүүдэд уншиж өг. Шатны гишгүүр нь Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиход бидэнд тусалдаг гэрээнүүдийг төлөөлж байгааг тайлбарла. Баптисм, ариун ёслолоос хүртэж, ариун сүм рүү явах гэх мэт Бурханыг дуулгавартай дагахаар амладаг цаг үеийн талаар ярьж байх хооронд хүүхдүүдийг шатаар өгсөж байгаа дүр үзүүлэхэд урь. Хэзээ нэгэн цагт баптисм хүртэхдээ гэрээнд ороход бэлдэх арга замын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Эхлэл 28:15-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, “Би чамтай хамт байж” мөн “Чамайг орхихгүй” хэмээх үгсийг онцол. Биднийг зөвийг сонгохыг хичээх үед Бурхан бидэнтэй үргэлж байна хэмээн амласан. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй илүү ихээр ойртож байгаагаа мэдрэхийн тулд хийж болох зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал.
Би амлалтуудаа үргэлж сахих ёстой.
Иаков Лабаны охин Рахелтэй гэрлэхийн тулд түүнд 7 жил ажиллахаар болжээ. Иаков амлалтаа биелүүлсэн ч Лабан амлалтандаа хүрсэнгүй. Та энэ түүхийг өгсөн амлалтандаа хүрэхийн ач холбогдлын талаар хүүхдүүдэд заахад ашиглаж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Эхлэл 29:18, 20-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, хэдийгээр урт хугацаагаар ажиллах байсан ч Иаков Рахелтэй гэрлэхийн тулд Лабаны доор 7 жил ажиллах амлалтаа биелүүлснийг тайлбарла (мөн “Иаков ба түүний гэр бүл,” Хуучин Гэрээний түүхүүд-ийг үзнэ үү). Бусад хүмүүст өгч болох амлалтынхаа талаар бодоход хүүхдүүдэд тусал. Яагаад амлалтандаа хүрэх нь чухал байдаг вэ? Гэрээ бол бидний нэг бүрийн болон Бурханы хооронд хийгддэг ариун нандин амлалт гэдгийг ойлгоход тэдэнд тусал. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өгсөн амлалтаа үргэлж биелүүлдгийг гэрчил.
-
“Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 82) зэрэг үнэнч шударга байдлын тухай дууг хамтдаа дуулж, ярилц.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гэр бүлээ хайрлахад минь тусалж чадна.
Ихэнх хүүхэд ах эгч дүүдээ уурлах ямар байдгийг мэддэг. Иаков, Есав хоёр нэг нэгнийхээ талаар сэтгэлдээ тээж явсан уур хилэнгээ ялан дийлсэн тухай түүх тэдэнд сүнслэгээр нөлөөлж болох юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Есав яагаад Иаковт уурласныг санахад хүүхдүүдэд тусал (Эхлэл 27:41 эсвэл “Иаков, Есав хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд-ийг үзнэ үү). Ууртай царай ямар байдгийг танд үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Олон жилийн дараа ч гэсэн Иаков Есавынд очихоос эмээж байсныг тайлбарла. Айсан царай ямар байдгийг танд үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Бид айсан үедээ юу хийх ёстой вэ? Иаков залбиралдаа юу гэж хэлснийг уншиж байх үеэр залбирч байгаа дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс (Эхлэл 32:11-ийг үзнэ үү). Үүний дараа Эхлэл 33:4-өөс Есав Иаковыг харахад яасан талаар унш. Иаков, Есав хоёр бие биенээ дахин харахад тэдний царай ямар байсныг үзүүлэхийг хүүхдүүдээс хүс.
-
Энэ тойм дээрх Иаков, Есав хоёрын зургийг үзүүл. Зураг дээрээс харсан зүйлээ дүрслэх боломжийг хүүхдүүдэд олго. Энэ ах дүү хоёр хоорондоо муудалцсан байсан ч бие биенээ уучлах сонголт хийснийг тэдэнд хэл. Яг Иаков, Есав хоёрын адил гэр бүлийнхээ хэн нэгэнд хайраа хэрхэн илүү ихээр үзүүлж болох талаар бодоход нь хүүхдүүдэд тусал.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Гэрээнүүд нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход надад тусална.
Та хүүхдүүдэд гэрээгээ сахих нь Бурханы оршихуйд ороход биднийг бэлддэг талаар заахдаа тэнгэрт хүрсэн шатны тухай Иаковын зүүдийг ашиглаж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Эхлэл 28:10–15-ыг уншаад, дараа нь Иаковын зүүдийг зурахад урь. Тэднээс зургаа хуваалцахыг хүс. Шат нь Иаковын Бурханд эргэж очих арга замыг төлөөлснийг тайлбарла. Бурхан Өөрт нь эргэж ирэхэд туслах юуг бидэнд өгсөн бэ? (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Хүүхдүүдэд баптисмынх нь гэрээг сануул. Энэ гэрээнийхээ дагуу амьдрах нь хэрхэн биднийг Бурханд илүү ойртуулдаг вэ?
-
Ариун сүмийн зураг үзүүлээд, Эхлэл 28:15–17 дээрх “Би чамтай хамт байж,” “Эзэн үнэхээр энэ газарт байна,” “Энэ бол Бурханы өргөө” эсвэл “Тэнгэрийн хаалга” гэсэн түлхүүр үгсийг самбарт бич. Эдгээр үг хэллэгийг олоход хүүхдүүдийг урь. Ариун сүм болон ариун сүмийн гэрээнүүд танд Их Эзэнтэй илүү ойрхон байгаагаа мэдрэхэд хэрхэн тусалдаг тухай хүүхдүүдэд ярь.
Би шударга байхад итгэдэг.
Иаков Лабаны доор 7 жил ажиллах амлалтаа биелүүлсэн ч Лабан түүнийг хуурдаг. Бусад хүн шударга бус байсан ч зөв шударга хэвээр байхын ач холбогдлыг хүүхдүүдэд ойлгоход нь туслахын тулд та энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Эхлэл 29:16–30-ийг хамтдаа уншаад, эдгээр шүлэгт гарч буй үйл явдлыг товч хураангуйлахад хүүхдүүдэд тусал. Хууран мэхлэгдэх үедээ Иаков хэрхэн хандсан бэ? Бид энэ туршлагаас юу сурч болох вэ?
-
Самбарт Биднийг зөв шударга бус байхад юу болдог вэ? болон Биднийг зөв шударга байхад юу болдог вэ?гэж бич. “Үнэнч шударга байдал” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [2011], 19)-аас хариултаа олоход хүүхдүүдийг урь.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гэр бүлээ хайрлахад минь тусалж чадна.
Есав Иаковт уурлаж байсан бөгөөд 20 жил өнгөрсөн ч Иаков Есавтай дахин уулзахаас эмээж байжээ. Гэвч Иаков тусламж авахаар залбирсан ба Есав уураа ялан дийлж чадсан юм. Гэр бүлээ хайрлах талаар хүүхдүүдэд заахдаа та энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иаков, Есав хоёрын харилцааны талаар юу санаж байгааг нь хүүхдүүдээс асуу (Эхлэл 27:41 эсвэл “Иаков, Есав хоёр,” Хуучин Гэрээний түүхүүд-ийг үзнэ үү). Бараг 20 жил хол газар амьдарсны дараа Иаков Есавтай дахин уулзахаар явжээ. Гэтлэл 32:6–11-ийг хамтдаа унш. Иаковт ямар санагдсан бэ? Тэр тусламж авахын тулд юу хийсэн бэ? Гэр бүлийн маань харилцаа таагүй байхад бид Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэж болно гэдгийг гэрчил. Эхлэл 33:1–4-ийг хамтдаа уншаад, Их Эзэн Иаковын залбиралд хэрхэн хариулсныг олж мэд.
-
Гэр бүлдээ хэрхэн хайраа илүү ихээр үзүүлж болох тухай хувийн туршлагаасаа эсвэл Сүмийн сэтгүүл дээрх түүхийг хуваалц. Хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад мөн урь. Гэр бүлийн гишүүн бидэнд уурлавал бид юу юу хийж болох вэ? Аврагч бидэнд юу хий хэмээн заасныг мэдэхийн тулд Матай 5:43–45-ыг үзнэ үү.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Гэр бүлийнхэндээ Иаковын зүүдний талаар сурч мэдэн, санахад нь туслахын тул энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсаа тэдэнтэй хуваалцахад хүүхдүүдийг урь.