“3-р сарын 7–13. Эхлэл 37–41: ‘Эзэн Иосефтой хамт байв,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“3-р сарын 7–13. Эхлэл 37–41,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
3-р сарын 7–13
Эхлэл 37–41
“Эзэн Иосефтой хамт байв”
Эхлэл 37–41 дэх ямар ямар үнэнийг танай ангийн хүүхдүүд илүү сайн ойлгох хэрэгтэй вэ? Заахаар бэлтгэхдээ өөрт төрөх бодол санаандаа анхаарлаа хандуул.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Гэртээ эсвэл сүм дээр сайн мэдээний талаар сурсан ямар нэгэн зүйлээ зурах хэдэн минут хүүхдүүдэд өг. Зургаа хуваалцаж, ярихыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би гэр бүлийнхэндээ эелдэг хандаж чадна.
Иосефын ах нар түүнд атаархаж, түүнд эелдэг бус ханддаг байсан. Бусдад, ялангуяа гэр бүлийнхээ гишүүдэд эелдэг байхын ач холбогдлыг ойлгоход хэрхэн та хүүхдүүдэд тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Та Эхлэл 37 дээрх Иосефын болон түүний ах нарын түүхийг ярихдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав эсвэл “Иосеф Египтэд” ( Хуучин Гэрээний түүхүүд) дэх зургуудыг ашиглаж болно. Уг түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцах боломж хүүхдүүдэд олго. Тэднээс “Иосефын ах нар яагаад түүнд эелдэг бус хандаж байсан бэ?” гэх мэт асуулт асуу. Иосефт хайраа харуулахын тулд ах нарынх нь хийж болох байсан зүйлсийн талаар бодоход хүүхдүүдэд тусал. Бид гэр бүлийнхээ гишүүдэд уурлах юм бол юу хийх ёстой вэ?
-
Гэр бүлийн зураг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 112-ыг үзнэ үү), гэр бүлийнхээ зургийг зурахад хүүхдүүдийг урь. Гэр бүлийнхээ гишүүдэд эелдэг хандаж болох арга замуудыг хуваалцахад тэднийг урь.
-
“Aз жаргалтай гэр бүл” (Хүүхдийн дууны ном, 56) зэрэг гэр бүлээ хайрлах тухай дууг хамтдаа дуул. Бид гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд юу хийж болох вэ?
-
Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг будаад, зориулсан зайд гэр бүлийнхээ гишүүдийг эелдэг байгаагаар зурах боломж олго.
Бурхан муу муухай зүйлс тохиоход надад тусалж чадна.
Олон муу муухай зүйл Иосефт тохиосон ч тэрээр зарлигуудыг сахих сонголт хийсэн ба Их Эзэн түүнтэй хамт байв. Үүнээс үүдэн Бурхан хүнд хэцүү үед нь амьдралд нь туслахыг хүсдэг болохыг бага насны хүүхдүүд сурч мэдэж болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иосефт тохиосон зарим хүнд хэцүү зүйлийг дүрсэл (Эхлэл 37:23–28; 39:20; эсвэл “Иосеф ба түүний зүүд” болон “Иосеф Египтэд,” Хуучин Гэрээний түүхүүд-ийг үзнэ үү). Иосефт тулгарсан хүнд хэцүү зүйл бүрийг хүүхдүүдэд хэлж өгсний дараа “Эзэн Иосефтой хамт байсан” (Эхлэл 39:2) хэмээн дагаж хэлэхэд тэднийг урь.
-
Аврагч зовлон зүдгүүрт унасан хүмүүст тусалж байгаа зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн ном, д. 40–43). Аврагч хэрхэн хүмүүст тусалж байсан талаар хуваалцахад хүүхдүүдийг урь. Хүнд хэцүү зүйл тохиоход Их Эзэн бидэнд туслах тухай гэрчлэлээ хуваалц.
-
“Есүс бидний хайртай найз” (Хүүхдийн дууны ном,д. 37) зэрэг Аврагчийн хайрын тухай дуу дуул. Хүнд хэцүү цаг үед Бурханы хайрыг мэдэрч байсан туршлагаасаа хуваалц. Есүсийн зургийг үзүүлээд, Түүний талаар бодол саналаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
Бурхан намайг аюулаас сэрэмжлүүлж чадна.
Бурхан Фараоны зүүд бол ирээдүйд ирэх хүнд хэцүү цаг үед бэлдэх сэрэмжлүүлэг байсныг ойлгоход Иосефт тусалсан. Бурхан аюулаас, үүнд сүнслэг аюулаас сэрэмжлүүлдгийг хүүхдүүдэд ойлгуулан тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хоолны зургийг өрөөгөөр тараагаад, тэдгээрийг түүж, саванд нөөцлөхөд хүүхдүүдийг урь. Энэ үйл ажиллагааг ашиглан Бурхан хэрхэн хоол олдохгүй байх цагт бэлдэхэд Фараоныг сэрэмжлүүлсэн талаар хүүхдүүдэд ярьж өг (Эхлэл 41:15–36, 47–57-г үзнэ үү). Фараоны зүүдэндээ харсан зүйлсийг хүүхдүүдээр зуруулан, зургаа ашиглан гэр бүлийнхэндээ гэр орондоо заахдаа ашиглахад урь.
-
Өнөө үеийн нэг бошиглогчийн зургийг үзүүл. Түүгээр дамжуулан Бурханы бидэнд өгсөн сургаал эсвэл сэрэмжлүүлгийн талаар хүүхдүүдэд ярь. Бид бошиглогчийг дагаснаар адислагдан, хамгаалагдана гэдгийг тайлбарла. Бошиглогчийн зөвлөгөөг дагахын тулд юу хийж чадахаа үзүүлэхэд хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Хэрэв би итгэлтэй байх юм бол Бурхан хүнд хэцүү үед минь надад тусална.
Хэдийгээр Иосеф олон хүнд хэцүү сорилтой тулгарсан ч итгэлтэй хэвээр үлдсэн ба “Эзэн түүнтэй хамт бай[в]” (Эхлэл 39:3). Сорилт бэрхшээлтэй тулгарах үед нь Бурхан тэдэнд тусална гэдэгт итгэхэд түүний туршлага хүүхдүүдэд тусална.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Бурхан хүнд хэцүү үед нь Иосефтой хамт байсныг харуулсан үг, хэллэгийг Эхлэл 39:1–3, 20–23; 41:38-аас олохыг хүүхдүүдээс хүс. Боломжтой бол, олсон хэллэгээ жижигхэн тэмдэг дээр бичиж хийхэд хүүхдүүдийг урь. Их Эзэн сорилт бэрхшээл тулгарах үед нь тэдэнд тусална гэдгийг сануулах зорилгоор тэмдгээ гэртээ авч очиход тэднийг урамшуул.
-
“Эзэн Иосефтой хамт байсан” гэсэн хэллэг нь ямар утгатай үг гэж бодож байгаагаа хуваалцахад хүүхдүүдийг урь (Эхлэл 39:2). Бурхан тэдэнтэй эсвэл тэдний гэр бүлтэй хүнд хэцүү үед нь хамт байсан туршлагаасаа хуваалцахад тэднийг урь. Үүнтэй адил төстэй амьдралынхаа туршлагаас хуваалц.
Бусдад сайн сайхан зүйл тохиоход би баярлаж чадна.
Атаа жөтөө нь Иосефын ах нарыг аймшигтай сонголт хийхэд хүргэсэн. Тэдний буруу сонголт Иосефын урмыг хугалж, эцгийнх нь зүрх сэтгэлийг эмзэглүүлсэн. Энэ түүх бусад хүн Их Эзэнээр адислагдсан тохиолдолд баярлах сонголт хийхэд хүүхдүүдэд тусалдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Эхлэл 37:3–11-ийг уншаад, Иосефын дээл, хоёр зүүдийг зурахад урь. Иосефын ах нар түүний талаар юу гэж боддог байсан бэ? Тэд хэрхэн өөрөөр хандах байсан бэ? Бусдад сайн сайхан зүйл тохиоход би баярладаг байх нь яагаад чухал болохыг ярилц.
-
Хэн нэгэн ямар нэгэн хүнд атаархаж болох нөхцөл байдлын талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс. “Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 74) зэрэг бусдыг хайрлах тухай дууг хамтдаа дуул. Тэнгэрлэг Эцэг атаархлыг хайраар солиход бидэнд тусалж чадна гэдгийг онцлон хэл.
Их Эзэний тусламжтайгаар би уруу таталтаас зайлсхийж чадна.
Таны заадаг хүүхдүүд амьдралынхаа туршид уруу таталттай тулгарахдаа уруу таталтаас зайлсхийсэн Иосефын үлгэр жишээнээс хүч чадлыг олж авч болно.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иосеф болон Потифарын эхнэрийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 11), Эхлэл 39:7–12 дахь түүхийг хуваалц. Иосеф уруу таталтыг хэрхэн сөрөн зогсож чадсан бэ? Энэ асуултад хариулсан үгийг Эхлэл 39:7–12-оос олоход хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, Потифарын эхнэртэй байх нь “Бурхандаа нүгэл үйлдэ[ж]” (9-р шүлэг) буй хэрэг гэдгийг Иосеф мэдэж байсан.
-
Тэдний насны хүүхдүүд уруу татагдаж буруу сонголт хийж болох нөхцөл байдлын талаар бодоход хүүхдүүдийг урь. Эдгээр нөхцөлд хэрхэн Иосефын үлгэр жишээг дагаж болохыг тэднээс асуу. Жишээлбэл, уруу татагдахдаа бид ямар ямар арга замаар Бурханыг санаж болох вэ?
-
Бурхан, Сатан хоёрын төлөөлсөн хоёр соронзыг мөн цаасны хавчуур гэх мэт биднийг төлөөлсөн зүйлийг үзүүл. Бурхантай илүү их ойртохын хэрээр Түүний бидэнд үзүүлэх нөлөө улам бүр хүчтэй байна мөн Сатантай ойртохын хэрээр Сатаны нөлөөлөл хүчтэй байна гэдгийг харуулахын тулд соронзыг ашигла. Бид Бурхантай илүү ойртохын тулд юу хийж болох вэ? Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
“Би -ээр Иосефын адил байж чадна” гэсэн өгүүлбэрийг гүйцээж хэлэх арга замуудыг хуваалцахад хүүхдүүдийг урь. Уг өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичсэнээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг тэднээс хүс.