“5-р сарын 9–15. Тооллого 11–14; 20–24: ‘ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл, [Түүнээс] бүү ай,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“5-р сарын 9–15. Тооллого 11–14; 20–24,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
5-р сарын 9–15
Тооллого 11–14; 20–24
“ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл, [Түүнээс] бүү ай”
Энэ тоймд Тооллого номон дээрх олон үнэт зарчмын заримыг онцлон авч үзнэ. Сүнс танд олж харахад тань туслах өөр бусад зарчимд нээлттэй бай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Явган явсан ч Синайн цөлөөс Канаан дахь амлагдсан нутагт хүрэхэд 40 жил шаардагдахгүй. Гэвч Израилын хүүхдүүдэд газар нутгийн зайг биш, харин сүнслэг орон зайг туулах, тухайлбал гэрээт хүмүүсийн хувьд Их Эзэний хүссэн хүмүүс болох хүртэл тийм цаг хугацаа шаардагджээ.
Амласан нутаг руу орохын өмнө Израилын хүүхдүүдийн авах хэрэгтэй байсан сургамж гэх мэт тэрхүү 40 жилийн хугацаанд болж өнгөрсөн зарим зүйлийг Тооллого номд дүрслэн өгүүлсэн байдаг. Тэд Их Эзэний сонгосон үйлчлэгчдэд итгэлтэй байх талаар сурсан (Тооллого 12-ыг үзнэ үү). Ирээдүй горьдлого тасрам санагдаж байсан ч Их Эзэнд найдах талаар тэд сурч мэджээ (Тооллого 13–14-ийг үзнэ үү). Итгэлгүй эсвэл итгэж найдахгүй байх нь сүнслэг байдалд хор хөнөөлтэй ч наманчилж, Аврагч өөд харах юм бол эдгээгдэнэ гэдгээ тэд мөн олж мэдсэн (Тооллого 21:4–9-ийг үзнэ үү).
Бид зарим талаараа израилчуудтай адилхан. Сүнслэг цөлд байх нь ямар вэ гэдгийг бид бүгдээрээ мэдэх ч тэдний авсан сургамж өөрсдийн амлагдсан нутаг руу ороход буюу Тэнгэрлэг Эцэгтэйгээ мөнхөд амьдрахаар бэлдэхэд бидэнд тус болж болох юм.
Тооллого номын тоймыг Bible Dictionary дэх “Numbers”-ээс уншина уу.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Илчлэлтийг бүгд авах боломжтой ч Бурхан Өөрийн Сүмийг бошиглогчоороо дамжуулан удирддаг.
Тооллого 11:11–17, 24–29-д өгүүлсэн Мосед тулгарсан асуудлыг болон Бурханы өгсөн шийдлийг анзаарна уу. Мосе “ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгч” (29-р шүлэг) болоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлснээр юу хэлэхийг хүссэн гэж та бодож байна вэ? Эдгээр шүлгийг тунгаан бодох зуураа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгсийг эргэцүүлэн бод. “Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ! … Тэнгэр дэх Эцэг тань таныг мэдээсэй гэж хүсэж байгаа асар олон зүйл бий” (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119).
Хүн бүр бошиглогч болж болно гэдэг нь бүгд Мосегийн адил Бурханы хүмүүсийг удирдаж болно гэсэн үг биш. Тооллого 12-т цэдэглэсэн түүх үүнийг тодорхой болгодог. Энэ бүлгийг уншихдаа та ямар ямар сэрэмжлүүлгийг олсон бэ? Хувийн илчлэлт болон бошиглогчийг дагах талаар юуг ойлгоосой хэмээн Их Эзэн танаас хүсэж байна гэж та бодож байна вэ?
Мөн 1 Нифай 10:17; Сургаал ба Гэрээ 28:1–7-г болон Даллин Х.Өүксийн “Харилцааны сувгууд” хэлсэн үгийг 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 89–92-оос үзнэ үү.
Би Их Эзэнд итгэх итгэлээр ирээдүйг найдвар тээн угтаж чадна.
Та Тооллого 13–14-ийг уншихдаа, израилчуудын оронд өөрийгөө тавиад үзээрэй. Тэд яагаад “Египет руу буц[ахыг]” хүссэн бэ? (Тооллого 14:3). Та амлагдсан нутаг руу орохыг баярлан хүлээж аваагүй хүмүүстэй адил сөрөг хандлагатай байж үзсэн үү? Та Калебт байсан өөр ”сүнсийг” хэрхэн дүрслэх вэ? (Тооллого 14:24). Калеб, Иошуа хоёрын итгэлийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Түүнчлэн өөрт тулгарах нөхцөл байдалд тэдний үлгэр жишээг та хэрхэн дагаж болох вэ?
Мөн Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley (2016), 75–76-г үзнэ үү.
Хэрэв би Есүс Христ рүү итгэлээр харах юм бол Тэр намайг сүнслэг байдлын хувьд эдгээж чадна.
Мормоны Номын бошиглогчид Тооллого 21:4–9-д цэдэглэсэн түүхийг мэдэж байсан ба сүнслэг байдлын хувьд ямар ач холбогдолтой болохыг нь ойлгож байсан. 1 Нифай 17:40–41, Алма 33:18–22, Хиламан 8:13–15 нь энэ түүхийн талаарх таны ойлголт дээр ямар зүйл нэмсэн бэ? Та судрын эдгээр хэсгийг судалж байхдаа, сүнслэг байдлын хувьд эдгээгдэнэ гэж найдаж байгаа тухайгаа бод. Израилчууд эдгээгдэхийн тулд “хүрэл могой [руу харах]” (Тооллого 21:9) хэрэгтэй байсан. Та “Бурханы Хүүг [бүрэн] итгэлтэйгээр хар[ахын]” тулд юу хийхэд сүнслэгээр өдөөгдөж байсан бэ? (Хиламан 8:15).
Мөн Иохан 3:14–15; Сургаал ба Гэрээ 6:36-г, түүнчлэн Дэйл Г.Рэнландын “Ерөөл орших нь” хэлсэн үгийг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 81–86-г үзнэ үү.
Бусад хүн намайг битгий хий гэж ятгаж байсан ч би Бурханы тааллыг дагах болно.
Моабын хаан Балак израилчуудын ирж байгааг мэдээд, ерөөл, хараалаараа олонд алдаршсан Балаам гэгч эрийг дууджээ. Балак түүгээр израилчуудыг хараалгаж, тэдний хүчийг бууруулахыг санаархав. Балак Балаамыг хэрхэн ятгах гэж оролдсоныг анхааран (Тооллого 22:5–7, 15–17-г үзнэ үү), Бурханы тааллын эсрэг үйлдэхэд хүргэдэг уруу таталтуудын талаар бодно уу. Тооллого 22:18, 38; 23:8, 12, 26; 24:13 дээрх Балаамын өгсөн хариултын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Харамсалтай нь, эцэст нь Балаам дарамтад орж, Израилаас урвадаг (Тооллого 31:16; Иуда 1:11-ийг үзнэ үү). Бусдын дарамтан доор байсан ч Их Эзэнд хэрхэн итгэлтэй хэвээр үлдэж болох талаар тунгаан бод.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Тооллого 11:4–6.Бидний хандлага Тооллого 11:4–6-т өгүүлсэн израилчуудын хандлагатай адилхан байна уу? Сургаал ба Гэрээ 59:15–21 дээрх зөвлөгөө хэрхэн тус болох вэ?
-
Тооллого 12:3.Тооллого 12-т эсвэл таны уншиж байсан судрын өөр хэсэгт өгүүлснээр Мосе хэрхэн өөрийгөө “маш даруу” гэдгийг харуулсан бэ? Та ахлагч Дэвид А.Бэднарын “Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36–40) захиасаас эсвэл Судруудын удирдамж дээрх “Даруу, даруу байдал”-аас даруу байдлын тайлбарыг уншиж болно (scriptures.ChurchofJesusChrist.org). Хэрхэн даруусах талаар бид юуг сурч болох вэ? Бид даруухан байснаар ямар ямар адислал хүлээн авч болох вэ?
-
Тооллого 13–14.Гэр бүлийнхээ хоёр (эсвэл олон) гишүүнээр гэрийнхээ өөр хэсгийг, хэрэв энэ нь амлагдсан нутаг байсан бол хэмээн үзэж, “тандаж” (Тооллого 13:17) байгаа дүр үзүүлүүл. Дараа нь хүн бүр Тооллого 13:27–33 эсвэл Тооллого 14:6–9 дээр үндэслэн тайлагнаж болно. Бид эдгээр шүлэг дээрх хоёр өөр тайлангаас итгэлийн тухай юу сурч болох вэ? Бид Калеб, Иошуа хоёртой хэрхэн илүү адилхан байж чадах вэ?
-
Тооллого 21:4–9.Тооллого 21:4–9-ийг 1 Нифай 17:40–41; Алма 33:18–22 болон Хиламан 8:13–15-тай хамт уншсаныхаа дараа танай гэр бүлийнхэн цаасаар эсвэл баримлын шавраар могой хийгээд, дээр нь “Бурханы Хүүг итгэлтэйгээр хар[ахын]” (Хиламан 8:15) тулд хийж болох энгийн зүйлсийг бич.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Jesus, the Very Thought of Thee,” Hymns, no. 141.