“5-р сарын 30-аас 6-р сарын 5. Шүүгчид 2–4; 6–8; 13–16: ‘Их Эзэн нэгэн чөлөөлөгчийг босгон гаргав,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“5-р сарын 30-аас 6-р сарын 5. Шүүгчид 2–4; 6–8; 13–16,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
5-р сарын 30-аас 6-р сарын 5
Шүүгчид 2–4; 6–8; 13–16
“Их Эзэн нэгэн чөлөөлөгчийг босгон гаргав”
Шүүгчид 2–4; 6–8; 13–16 дээр урамшуулсан олон түүх байдаг. Та эдгээр түүхийг хүүхдүүдэд Аврагчид ойртож мөн Түүнийг дагах хүсэлтэй болоход нь туслахад хэрхэн ашиглахаа тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхэд бүрийг судраас сүүлд сурсан нэг түүхээ хуваалцахад урь. Тэгээд эдгээр түүхээс сурсан зүйлсээ хуваалцахыг тэднээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс Христ бол миний Аврагч.
Израилчуудыг Их Эзэнд залбирахад Тэрээр тэдэнд зориулан чөлөөлөгчийг төрүүлсэн. Есүс Христ бол бидний төлөө төрсөн, Бурханы өгсөн Чөлөөлөгч гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Израилчууд Бурханы зарлигуудыг сахихаа болих үедээ Түүний хамгаалалтыг алдаж, дайснууддаа ялагдсан гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Шүүгчид 3:9 дээрх “Израилийн хөвгүүд тусламж гуйн Эзэнд хашхирав” гэдэг хэсгийг унш. Израилчууд тусламж хэрэгтэй үедээ юу хийсэн бэ? Та тусламж хүсэн залбирч мөн Бурхан таны залбиралд хариулсан туршлагаас хуваалц.
-
Шүүгчид 3:9 дээрх “Их Эзэн нэгэн чөлөөлөгчийг босгон гаргав” гэдэг хэсгийг уншаад, хүүхдүүдийг тантай хамт хэдэн удаа давтан хэлэхэд урь. Чөлөөлөгч гэдэг нь биднийг авардаг хүнийг хэлдэг гэдгийг тайлбарла. Хүүхдүүдэд хэд хэдэн зургийг, үүний дотор Есүс Христийн зургийг үзүүлээд, тэдгээрийг доош харуулж шалан дээр тавь. Хүүхдүүдээр зургуудыг ээлжлэн дээш харуулж, Есүсийн зургийг олуулаад, бариул. Есүс Христ бол биднийг нүгэл болон үхлээс аврахаар Бурханы босгон гаргаж ирсэн Чөлөөлөгч гэдгийг гэрчил.
Их Эзэн агуу ажлыг гүйцэтгэхдээ жижиг зүйлсийг ашигладаг.
Гидеон өөрийгөө сул дорой, чухал хүн биш гэж бодож байсан боловч Бурхан түүнийг “эрэлхэг хүчит дайчин” (Шүүгчид 6:12) гэж үзэж байлаа. Хүүхдүүд өөрсдийгөө хүчгүй мэт мэдэрсэн ч Бурхан тэднээр дамжуулан чухал зүйлсийг гүйцэтгэж чадна гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал (Алма 37:6–7-г үзнэ үү).
Боломжит үйл ажиллагаа
-
Их Эзэнд израилчуудыг тэдний дайсан болох мидианчуудаас аврахад нь туслах хэн нэгэн хэрэгтэй байсан бөгөөд Тэрээр Гидеоныг сонгосон гэдгийг хүүхдүүдэд ярьж өг. Хүүхдүүдэд Шүүгчид 6:15-ыг уншиж өгөөд, яагаад Гидеоныг Их Эзэний хүссэн зүйлийг хийж чадахгүй гэж бодсоныг асуу. 16-р шүлгийг уншаад, Гидеонд хэн тусална гэж Их Эзэн хэлснийг тэднээс асуу. Их Эзэн танаас хэцүү зүйл хийж Өөрт нь үйлчлэхийг хүссэн бөгөөд Түүнийг өөртэйгөө хамт байсан гэж мэдэрсэн үеийнхээ тухай хүүхдүүдэд ярьж өг.
-
Бурханд үйлчлэн, агуу зүйлсийг хийж байгаа хүүхдүүд эсвэл өсвөр үеийнхний зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 19, 23, 90, 102-ыг үзнэ үү) эсвэл өөрийн харсан жишээнүүдийг тэдэнд ярь. Бурханы ажилд оролцож болох арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусалж, өөрсдийгөө эдгээр зүйлийг хийж байгаагаар зурахад тэднийг урь.
-
Израилчууд Бурханы хүч өөрсдийг нь дайснуудаас аварсан гэдгийг мэдэж болохын тулд Их Эзэн хэрхэн Израилын их цэргийг цөөрүүлсэн талаар хүүхдүүдэд заахдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла. Зөгийнүүд бал үйлдвэрлэхээр нектар цуглуулж байгаа гэх мэт, жижиг зүйлүүд агуу ажил гүйцэтгэж байгаа жишээнүүдийг хуваалц. Бид өөрсдийгөө өчүүхэн гэж мэдэрсэн ч Бурхан агуу ажлыг хийхэд маань тусалж чадна гэдэг гэрчлэлээ хуваалц.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христ бол миний Чөлөөлөгч.
Шүүгчид 3-т Бурхан Аврагч Есүс Христээр дамжуулан биднийг нүглээс чөлөөлдөг гэдгийг хүүхдүүдэд заахдаа ашиглаж болох мөчлөгийг дүрслэн багтаадаг.
Боломжит үйл ажиллагаа
-
Дараах үгсийг самбарт бич. Үүнд: “ёрын мууг үйлдэх,” “Их Эзэнд тусламж гуйн хашхирах,” “чөлөөлөгчийг босгон гаргах.” Зарим хүүхдээс эдгээр үгийг Шүүгчид 3:7–9 дээрээс, харин заримаас нь Шүүгчид 3:12–15 дээрээс олоход урь. Шүүгчид номд израилчууд олон дахин “ёрын мууг үйлдсэн” гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Тэгээд, дайснууд нь дайрахад тэд “Их Эзэнд тусламж гуйн хашхирч” мөн Их Эзэн тэдэнд туслуулахаар “чөлөөлөгчийг босгон гаргасан.” Энэ мөчлөгөөс бид Их Эзэний талаар юу мэдэж авдаг вэ?
-
“Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) зэрэг Есүс Христ бол тэдний Гэтэлгэгч, Чөлөөлөгч гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслах дууг хамтдаа дуул. Аврагч биднийг нүгэл, бэрхшээл зовлон, харамсал гуниг болон үхлээс чөлөөлөхийн тулд хийсэн зүйлийн талаар бодлоо хуваалцахад хүүхдүүдийг урь.
Бусад хүн итгэлгүй байсан ч би Их Эзэнд итгэлтэй байж чадна.
Хэдийгээр олон израил хүн Их Эзэнээс холдсон хэдий ч зарим нь Түүнд үнэнч хэвээр үлдэж мөн олон хүнд зөв шударга байдалд буцаж ороход нь туслах боломжтой байсан. Бусад хүн юу хийж байгаагаас үл хамааран Их Эзэнд үнэнч үлдэхэд нь та хүүхдүүдийг хэрхэн урамшуулж болох вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Израилчуудыг ёсон бус байсан үед Дебора гэдэг нэртэй зөв шударга эмэгтэй, израилчуудын их цэргийн удирдагч Барак хоёр Израилыг дайснаас нь чөлөөлсөн гэдгийг хүүхдүүдэд ярьж өг (Шүүгчид 4:1–15-ыг үзнэ үү). Шүүгчид 4:14-ийг хамтдаа уншаад, Их Эзэнд итгэх итгэл нь баттай байсныг харуулсан, Деборагийн хэлсэн нэг зүйлийг олохыг хүүхдүүдээс хүс. Тэгээд тэднийг Шүүгчид 4:14 дээр байгаа зарчмыг олохоор Сургаал ба Гэрээ 84:88-ыг уншихыг хүс. Их Эзэний “би та нарын нүүрний өмнө явах болно” гэдэг амлалт тэдний хувьд ямар утга учиртай болох талаар хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.
-
“Choose the Right” (Hymns, д. 239) эсвэл “Зөвийг сонго” (Хүүхдийн дууны ном, 82–83) зэрэг зарлигуудыг сахих тухай дууг дуул. Бидний эргэн тойрон дахь хүмүүс дуулгаваргүй байгаа үед бид хэрхэн зөв шударгын төлөө зогсож, зарлигуудыг сахиж чадах вэ?
Бурханы арга зам дэлхийнхний арга замаас өөр.
Их Эзэн Гидеоноос тухайн үед түүний ойлгохгүй байсан зүйлсийг хийхийг хүссэн. Түүний талаарх энэ түүхээс юу нь танд сүнслэгээр нөлөөлдөг вэ? Энэ нь заадаг хүүхдүүдийг тань хэрхэн адисалж болно гэж та бодож байна вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Тулалдаанд орохын тулд их цэргийг цуглуулах шаардлагатай байгаагаар төсөөлөхийг хүүхдүүдээс хүс. Тэд их цэргээ хэдэн хүнтэй байлгахыг хүсэх вэ? Шүүгчид 7:4–7-г ашиглан, Израилыг мидианчуудаас чөлөөлөх их цэргийг сонгоход нь Их Эзэн Гидеонд хэрхэн тусалсныг жүжигчлэн тоглоход хүүхдүүдийг урь. Яагаад Их Эзэн Гидеоны их цэргийг цөөн хүнтэй байлгахыг хүссэн бэ? (Шүүгчид 7:2-ыг үзнэ үү). Гидеон болон түүний их цэрэгт Их Эзэний зарлигийг дагах нь яагаад хэцүү байсан байж болох вэ? Хийхэд хэцүү байсан ч Их Эзэнд итгэн найдаж сурсан туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Хүүхдүүдийг сэлэм, бамбай, бүрээ, дэнлүү болон ваарны зураг зурахад урь. Эдгээр зүйлийн алийг нь тэд тулалдаанд орохдоо авч орох талаар хүүхдүүдээс асуу. Гидеоны их цэрэг өөрсөдтэйгөө юу авч явсныг олж мэдэхээр Шүүгчид 7:16-г уншихад хүүхдүүдийг урь. Үүнийг хийхэд яагаад зориг шаардагдсан бэ? Мидианчуудыг ялахын тулд их цэрэг бүрээ болон ваарыг хэрхэн ашигласныг олж мэдэхээр Шүүгчид 7:19–21-ийг хамтдаа унш. Бид энэ түүхээс Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Тэдэнд зарлигуудыг сахих хүсэл төрүүлсэн, өнөөдөр сурсан ямар нэгэн зүйлээ гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцахад хүүхдүүдийг урь.