“6-р сарын 20–26. 2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11: ‘Чиний хаанчлал мөнхөд үргэлжилнэ,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“6-р сарын 20–26. 2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
6-р сарын 20–26
2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11
“Чиний хаанчлал мөнхөд үргэлжилнэ”
Судруудыг унших үед Ариун Сүнс таныг сүнслэгээр өдөөж мөн зааж байгаа хүүхдүүдэд тань юу хамгийн утга учиртай байж болохыг мэдэхэд урамшуулж чадна.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Судраас уншиж байгаа (хувьдаа, гэр бүлтэйгээ эсвэл сүм дээр) туршлагынхаа талаар ярихыг хэдэн хүүхдээс хүс. Тэд хэзээ, хаана судраа уншдаг вэ? Тэдэнд судраас уншихад ямар санагддаг вэ? Тэд энэ зарлигийг дагаснаар ямар адислалуудыг хүлээн авч байгаа вэ?
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Хэрэв надад удирдамж хэрэгтэй бол би Тэнгэрлэг Эцэгээс асууж чадна.
Эдгээр шүлэг нь Израилын хааны хувьд Давид хэрхэн удирдамж, чиглэл хүсэн залбирсныг харуулдаг. Та хүүхдүүдийг хэрэгтэй үедээ Бурханд хандан залбирахад хэрхэн урамшуулж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Давидад тусламж хэрэгтэй болоход тэр хариу авахаар “лавлан асуусан” буюу залбирсан гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Та 2 Самуел 5:19, 23-ыг уншихдаа, хүүхдүүдийг “лавлан асуух” гэдэг үгийг олж сонсон, энэ үгийг сонсохдоо гараа элгэндээ авахад урь. Бид тусламж хэрэгтэй үедээ үргэлж Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч болно гэдгийг гэрчил.
-
Залбирах үедээ юу гэж хэлэх талаар бодоход нь хүүхдүүдэд туслахын тулд дараахтай адил өгүүлбэрүүдийг хэрхэн гүйцээх талаар тэднээс асууж болох юм. “… төлөө Танд талархаж байна” мөн “… Танаас бид гуйж байна.” Хүүхдүүдээр талархал илэрхийлэх болон гуйх зүйлсийн зургуудыг зуруул.
-
Та тусламж гуйн Тэнгэрлэг Эцэгт залбирсан үеийнхээ талаар хүүхдүүдэд ярь. Тэр таны залбиралд хэрхэн хариулсан бэ? Түүний тусламж ямар өөрчлөлт гаргасан бэ? Хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урь.
Есүс Христ бол бидний Хаан.
Давидыг Израилын хаан байхад түүний “хаан ширээ мөнхөд тогтоно” (2 Самуел 7:16) гэж Их Эзэн түүнд хэлсэн. Энэ амлалт нь Давидын үе удмыг дамжин төрсөн Есүс Христ, бидний Мөнхийн Хааныг хэлж байсан юм.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийн нэгийг хааны эсвэл хатны дүр үзүүлэхэд урь. Боломжтой бол уг хүүхдэд энгийн үзүүлэн бариул. Хаан, хатан гэж хэн бэ? Тэд юу хийдэг вэ? Давид хаан байсан бөгөөд бидний “хаадын Хаад” (Илчлэл 19:16) гэж нэрлэдэг Есүс Христийн өвөг дээдэс байсан гэдгийг хүүхдүүдэд хэл. Есүс Христ бол бидний Мөнхийн Хаан гэдэгт итгэдгээ харуулж болох арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг гүйцээх үед, “He Died That We Might Live Again,” “Үйлчлэхээр дуудагдлаа,” “Rejoice, the Lord Is King!” эсвэл “I Believe in Christ” (Children’s Songbook, 65, Хүүхдийн дууны ном, 174–175; Hymns, д. 66, 134) зэрэг Христ бол бидний Хаан гэсэн утгатай дууг дуул эсвэл дууны бичлэгийг тавь. Хүүхдүүдийг “Хаан” гэдэг үгийг олж сонсон, энэ үгийг сонсохдоо Есүсийн зургийг дээшээ барихыг хүс. Есүсийн тухай дуулах үед бидэнд ямар санагддаг вэ?
Би Бурханы замуудаар алхаж чадна.
Израилчуудын хувьд ариун сүмийг барьж, ариулан адисалсан нь зүрх сэтгэлээ Их Эзэнд хандуулж, “түүний бүх замуудаар алхах” (1 Хаад 8:58)-аар дахин шийдэх боломж өгсөн. Та өөрийн заадаг хүүхдүүдэд “түүний бүх замуудаар алхахад нь” хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Орчин үеийн ариун сүмийн болон Соломоны барьсан ариун сүмийн зургийг хүүхдүүдэд үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Соломон израилчуудад зориулан ариун сүмийг барихдаа тэднийг “[Их Эзэний] бүх замуудаар алхахыг” (1 Хаад 8:58) уриалсан гэдгийг тайлбарла. Их Эзэний замуудаар алхахад ариун сүм танд хэрхэн тусалдаг талаар хүүхдүүдэд ярьж өг. Хүүхдүүдийг ариун сүмийн талаар юу боддогоо хуваалцахад урь. Хүүхдүүдтэй хамт “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) гэх мэт ариун сүмийн тухай дууг дуул.
-
Зарим хүүхдэд цаасан зүрх, заримд нь цаасан хөлийн мөр өг. 1 Хаад 8:58-ыг уншаад, таныг “зүрх” гэж хэлэхэд цаасан зүрхээ өргөж, “түүний бүх замуудаар алхах” гэж хэлэхэд хөлийн мөрөө өргөхийг хүүхдүүдээс хүс. Бид Есүсийг дагаж, Түүнтэй адилхан болохыг хичээх үедээ Их Эзэний замуудаар алхдаг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдээс Аврагчийн замуудаар алхахын тулд юу хийдгийг нь асуу. “Би Есүс шиг байхыг хичээнэ” (Хүүхдийн дууны ном, 40–41) гэх мэт Аврагчийг дагах тухай дууг та нар дуулж болох юм.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христ бол бидний Хаан.
Бидний Хуучин Гэрээн дээрээс уншдаг хаад бүгдээрээ, бүр сайн хаад нь хүртэл сул талтай бөгөөд алдаа гаргадаг байсан. Гэхдээ Давидын удмаас төрөхөөр бошиглогдсон Хаан буюу Есүс Христ төгс бөгөөд мөнхөд хаанчлах болно.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг 2 Самуел 7:16–17 дээрээс бошиглогч Натан Давид хаанд юу гэж хэлснийг уншихад урин, энэ бошиглол ямар утгатай байх гэж бодож байгааг нь асуу. Давидын хаанчлал хэрхэн төгсөхгүй байж болох вэ? Давидын удам Есүс Христ бол Хаан гэдгийг заадаг судрын хэсгийг Лук 1:32–33; Иохан 18:33–37; Илчлэл 19:16 зэрэг судруудаас олж уншихад хүүхдүүдэд тусал. Есүс Христ хэрхэн хаантай адил байдаг вэ? Есүс Христ бол бидний Мөнхийн Хаан гэдгийг харуулж чадах ямар ямар арга зам байдаг вэ?
-
Хүүхдүүдтэй хамт “Come, O Thou King of Kings,” “Rejoice, the Lord Is King!” эсвэл “Jesus, Once of Humble Birth” (Hymns, nos. 59, 66, 196) зэрэг Христ бол бидний Хаан гэсэн утгатай зарим дууллыг хүүхдүүдтэй хамт дуул. Эдгээр дуулал нь Есүс Христийг өөрсдийн Хаан байлгах гэдэг нь юу гэсэн утгатай талаар бидэнд юу зааж байна вэ?
Би уруу таталтыг давж чадна.
Таны заадаг хүүхдүүд өдөр бүр жижиг хэдий ч чухал шийдвэрүүдийг гаргаж байдаг. Хэцүү байсан ч зөвийг сонгохын чухал ач холбогдлыг ойлгоход нь та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдтэй хамт 2 Самуел 11-ийг давтаж, Давидын гаргасан сонголтуудыг онцлон хэл. Давид ямар сайн сонголтуудыг хийх хэрэгтэй байсныг хүүхдүүдээс асуу. Бид уруу татагдаж байхдаа бидэнд зөвийг сонгоход туслах зарим ямар зүйлийг хийж болох вэ?
-
Давид шиг биш, харин уруу таталтыг эсэргүүцсэн хүний жишээг хуваалцахын тулд Иосефын тухай болон Потифарын эхнэрийн тухай түүхийг санаж байгаа эсэхийг нь хүүхдүүдээс асуу (Эхлэл 39:7–12-ыг үзнэ үү). Та энэ түүхийг хүүхдүүдтэй хамт эргэн харж, Давидын түүхтэй харьцуулахад нь тэдэнд тусалж болно. Бид Давид, Иосеф хоёрын түүхээс уруу таталтыг хэрхэн эсэргүүцэх талаар юу сурч чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өнөөдөр сурсан ямар нэгэн зүйлээ хэрэгжүүлэх талаар бодоход нь хүүхдүүдэд тусал. Тэгээд гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэхэд тэднийг урамшуул.