“6-р сарын 27-оос 7-р сарын 3. 1 Хаад 17–19: ‘Хэрэв Их Эзэн л Бурхан мөн юм бол Түүнийг дага,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“6-р сарын 27-оос 7-р сарын 3. 1 Хаад 17–19,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022
6-р сарын 27-оос 7-р сарын 3
1 Хаад 17–19
“Хэрэв Их Эзэн л Бурхан мөн юм бол Түүнийг дага”
Ихэнх хүүхэд түүх сонсох дуртай. Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлэх, 1 Хаад 17–19 дээрх түүхээс үнэнийг олж тогтооход хүүхдүүдэд тусал.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургуудыг хүүхдүүдэд үзүүл. Зурагт харуулсан түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Бид эдгээр түүхээс юу сурдаг вэ?
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Их Эзэн итгэлтэй хүмүүсийг адисалдаг.
1 Хаад 17-д агуу итгэлийн хэд хэдэн жишээг цэдэглэсэн байдаг. Агуу итгэлтэй байсны үр дүнд Елиа өлсгөлөнгийн үеэр хэрээгээр хооллож, бэлэвсэн эмэгтэй, түүний хүү хоёрын хоол арвижин мөн Елиа бэлэвсэн эмэгтэйн хүүг үхлээс босгосон.
Боломжит үйл ажиллагаа
-
1 Хаад 17 дээрх түүхэнд гарч байгаа шувуу, талх, хөвгүүн гэх мэтийн зургийг авчир эсвэл үзүүл. Эдгээр түүхийг хүүхдүүдэд ярьж өгөн (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Бошиглогч Елиа” тусалж чадна), түүх болгоныг дүрслэн харуулж буй зураг эсвэл үзүүлэнг хайж олоход тэднийг урь. Елиа, бэлэвсэн эмэгтэй хоёр Есүс Христэд итгэдэг байсан бөгөөд агуу адислалуудыг хүлээн авсан гэдгийг онцол.
-
Хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэлтэй гэдгээ харуулж болох арга замуудын талаар бодоход тусал. Энэ нь тэд Тэдэнд итгэж мөн найддаг гэсэн үг юм. “Эцэг минь амьд гэдгийг мэднэ” (Хүүхдийн дууны ном, 58) зэрэг итгэлийн тухай дууг тэдэнтэй хамт дуул.
Би Есүс Христийг дагахаар сонгож чадна.
Елиа Израилын хүмүүсийг Есүс Христийг дагах шийдвэр гаргахад уриалав. Хүүхдүүд ч гэсэн адил сонголт хийж чадна гэдгийг ойлгоход тэдэнд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Елиагийн үеийн хүмүүс Их Эзэнийг дагахыг хүсэхгүй байсан гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Елиа тэднийг Их Эзэнийг дагахаар сонгоход урьсан тухай 1 Хаад 18:17–39 дээрх түүхийг хуваалц (түүнчлэн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Елиа ба Баалын санваартнууд” гэдгийг үзнэ үү). Та яагаад Есүс Христийг дагахаар сонгодог шалтгаанаа хүүхдүүдэд хэлж, яагаад Түүнийг дагахаар сонгосныг тэднээс асуу.
-
Елиагийн “Хэрэв Их Эзэн л Бурхан мөн юм бол Түүнийг дага” (1 Хаад 18:21) гэж хүмүүст хэлсэн зүйлийг хүүхдүүдэд уншиж өг. Есүс Христийг дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Есүс Христийг дагахын тулд хийх тодорхой зүйлийг бодоход хүүхдүүдэд туслаад, өөрсдийгөө эдгээр зүйлийг хийж байгаагаар зурахад урь.
Ариун Сүнс надтай намуухан зөөлөн дуу хоолойгоор ярьдаг.
Бага насны хүүхдүүд удирдамж авснаар амьдралдаа Ариун Сүнсний нөлөөг таньж мэддэг болж чадна. Та тэдэнд хэрхэн тусалж чадахаа бодоорой.
Боломжит үйл ажиллагаа
-
1 Хаад 19:9–12 дээрх түүхийг хүүхдүүдэд дүгнэн ярьж өгөөд, 11–12-р шүлгийг уншиж өг. Тэднийг хүчит салхи, газар хөдлөлт, гал зэргийг төлөөлөх үйлдэл хийхэд урь. Тэгээд таныг “гал гарсны дараа намуун хүнгэнэх дуу гарлаа” хэмээн 12-р шүлгийн төгсгөлийг зөөлөн хоолойгоор унших үед хөдлөхгүй суухад тэднийг урь. Тэднээс намуухан, зөөлөн дуу хоолойгоор ярих гэж оролдож үзэхийг хүс. Та Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрсэн үеийнхээ талаар тэдэнд ярьж өг.
-
Хүүхдүүдэд Ариун Сүнсний нөлөөллийг мэдэрсэн байж магадгүй үеэ танихад тусал. Жишээлбэл, Есүсийн тухай хүндэтгэлтэй дууг дуулж эсвэл тавьж тоглуулан, Түүний тухай бодох үед тэдэнд ямар санагддагийг асуу. Түүнчлэн гэр бүлийнхэнтэйгээ залбирах, ариун ёслолоос хүртэх зэрэг хүндэтгэлтэй үйл ажиллагааны үеэр тэдэнд ямар санагддагийг асуу. Эдгээр мэдрэмж Ариун Сүнснээс ирдэг гэдгийг тайлбарла. Ариун Сүнсний хүч таны амьдралыг хэрхэн адисалсныг хүүхдүүдэд ярьж өг.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Их Эзэн надаас золиос гаргахыг хүсэхэд би итгэлтэйгээр дагаж чадна.
Зарефатын бэлэвсэн эмэгтэй өөрөөс нь агуу золиос гаргахыг хүссэн ч Их Эзэнд болон Түүний бошиглогчид итгэж байсан. Их Эзэн хүүхдүүдээс золиос гаргахыг хүсэх үед энэ түүх тэдэнд туслах болно.
Боломжит үйл ажиллагаа
-
1 Хаад 17:8–16-г хүүхдүүдэд уншиж өг. Та тэдэнд энэ түүхийг хоёр дахь удаагаа уншиж өгөх үедээ тэднийг жүжигчлэн тоглоход урь. Зарим үед түр завсарлан, хэрэв тэд Елиагийн эсвэл бэлэвсэн эмэгтэйн оронд байсан бол ямар санагдах байсныг асуу. Тэднийг энэ түүхээс сурсан зүйлээ хуваалцахад урь.
-
Их Эзэн бэлэвсэн эмэгтэйгээс Елиад юу өг гэж хүссэнийг самбарт зуруулахаар нэг хүүхдийг урь (1 Хаад 17:12–13-ыг үзнэ үү). Өөр нэг хүүхдийг уг бэлэвсэн эмэгтэйн хүлээн авсан зүйлийг зурахад урь (1 Хаад 17:15–16-г үзнэ үү). Их Эзэний биднээс золиос гаргахыг хүсдэг ямар зүйлс байдаг вэ? Хүүхдүүд золиос гаргаснаар хэрхэн адислагдсан талаар хуваалцахыг тэднээс хүс.
Би Есүс Христийг дагахаар сонгож чадна.
Израилчууд Их Эзэнийг дагах эсэхээ шийдэхгүй байв. Хүүхдүүдийг үнэнч шавь байхад хэрхэн уриалахаа тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхэд бүрд 1 Хаад 18:17–39 дээрээс унших хэдэн шүлэг оноогоод, тэдний уншсан шүлгүүдийг дүрслэн харуулж байгаа зүйлийг зуруул. Шаардлагатай бол уг шүлгүүдийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Тэгээд тэднийг зургаа ашиглан уг түүхийг ярихад урь. Энэ түүх Их Эзэний тухай бидэнд юу заадаг вэ?
-
Хүүхдүүдээс хоёр өөр зүйлээс сонголт хийх хэрэгтэй байсан үеийнхээ талаар ярихыг хүс. Шийдвэр гаргахад нь тэдэнд юу тусалсан бэ? Есүс Христийг дагах уу, үгүй юу гэдгээ шийдэх хэрэгцээ гарч болох нөхцөл байдлын талаар бодоход хүүхдүүдэд тусал. 1 Хаад 18:17–39 дээрх түүхээс ямар үнэн нь тэдэнд шийдвэр гаргахад тусалж чадах вэ?
Ариун Сүнс надтай намуухан зөөлөн дуу хоолойгоор ярьдаг.
Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойг сонсоход хэцүү болгодог, анхаарал сарниулах олон зүйлээр дэлхий дүүрэн байдаг. Та үүнийг сонсоход нь хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Таныг 1 Хаад 19:11–12-ыг зөөлхөн унших үед маш анхааралтай сонсохыг хүүхдүүдээс хүс. Тэднийг 1 Хаад 19 дээрээс таны уншсан шүлгүүдийг олж мөн Елиа юу хийж байсныг олж мэдэхэд урь. Таны хэлж байгаа зүйлийг сонсохын тулд тэд яах хэрэгтэй байсан талаар ярилцаж, үүнийг Сүнсний “намуухан, зөөлөн дуу хоолойг” сонсохын тулд тэдний хийх хэрэгтэй зүйлтэй харьцуул. Бусад хүүхдийг эдгээр шүлгийг судраас хайж байх хооронд хүүхдүүдээр 1 Хаад 19 дээрх бусад шүлгийг ээлжлэн зөөлнөөр уншуул.
-
Сүнс бидэнтэй хэрхэн харьцдагийг харуулж байгаа зарим нэмэлт шүлгийг хүүхдүүдтэй хуваалц (Судруудын удирдамж, “Сүнсний өдөөлт, өдөөх,” scriptures.ChurchofJesusChrist.org гэдгийг үзнэ үү). Хүүхдүүдээс Ариун Сүнс өөрсдийг нь удирдаж эсвэл өөрсдөд нь гэрчилж байхыг мэдэрсэн үеүдийнхээ талаар ярихыг хүс. Тэд юу хийж байсан бэ? Сүнсийг ялган танихад бидэнд юу саад болж болох вэ? Moронай 4:3-ыг хамтдаа уншин, тэд “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын” тулд нэг зүйлийг хийхээр сонгоход хүүхдүүдийг урамшуул.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өнөөдөр сурч мэдсэн зүйлээсээ болж ямар зүйл хийхийг хүсэж байгаагаа бодоход хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд Есүс Христтэй илүү адил болохын тулд сүнслэг байдал, оюун санаа, бие махбодын хувьд эсвэл нийгмийн зорилго тавьж болох юм.