“6-р сарын 27-оос 7-р сарын 3. 1 Хаад 17–19: ‘Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“6-р сарын 27-оос 7-р сарын 3. 1 Хаад 17–19,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
6-р сарын 27-аас 7-р сарын 3
1 Хаад 17–19
“Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага”
Судраас уншсанаар та итгэлээ харуулж байгаа хэрэг бөгөөд энэ нь таны зүрх сэтгэл, оюун ухааныг Сүнсний “намуухан хүнгэнэх дуу[г]” (1 Хаад 19:12) сонсоход бэлддэг.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Израилын гэрийн дунд эмх замбараагүй байдал ноёрхож байв. Давид, Соломон хоёрыг хаанчлах үед цогцолсон эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийн цаг үе аль эрт өнгөрөн одож, Их Эзэнтэй гэрээ байгуулсан ард түмнээс дурсамж төдий зүйл л үлдсэн байв. Израилын хаант улс хуваагдаж, арван овог нь Умард Израилын хаант улс, хоёр овог нь Өмнөд Иудагийн хаант улсыг байгуулжээ. Хоёр хаант улсын аль аль нь сүнслэг байдлын хувьд тогтворгүй байсан ба Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ зөрчдөг, бусдыг ч мөн адил зөрчихөд уриалдаг хаадаар удирдуулж байв (1 Хаад 11–16-г үзнэ үү). Ялангуяа хуурамч бурхдыг шүтэхэд Израилыг хөхиүлэн дэмждэг байсан Ахазиа хааны хаанчилсан Умард Израилын хаант улсад урвалт ихэд газар авсан байлаа.
Ийм нөхцөлд бошиглогч Елиа номлохоор дуудагдсан юм. Түүний тохинууллын тухай цэдэг зөв шударга хүмүүсийн Их Эзэнд итгэх итгэл ёс бус орчинд байсан ч хөгжин цэцэглэдэг гэдгийг тод томруун харуулдаг. Заримдаа Их Эзэн ийм итгэлийн хариуг тэнгэрээс гал буулгах гэх мэт сүртэй гайхамшгаар дамжуулан олны нүдэн дээр өгдөг. Гэхдээ Тэрээр бас бэлэвсэн эмэгтэйн болон түүний хүүгийн хэрэгцээг хангах гэх мэт гайхамшгийг чимээгүйхэн, хувь хүнд зориулж үйлддэг. Гайхамшиг нь маш хувийн шинж чанартай байдаг тул зөвхөн та л мэдээд өнгөрөх нь олонтоо. Жишээлбэл, Их Эзэн Өөрийгөө болон Өөрийн тааллыг намуухан хүнгэнэх дууг[аар]” (1 Хаад 19:12) илчилдэг.
Елиагийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Bible Dictionary дэх “Elijah”-ээс уншина уу.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Золиослох урилга бол итгэлээ харуулах боломж юм.
Яагаад бошиглогч Елиа өөрийгөө болон хүүгээ хооллохынх нь өмнө Зерафатын бэлэвсэн эмэгтэйгээс идэх хоол, уух ус өгөөч гэж гуйсныг ойлгоход эхэндээ хэцүү байж болох юм. Гэвч Елиагийн хүсэлтийг энэ жижигхэн гэр бүлд зориулсан адислал гэж бас харж болно. Тэдэнд Их Эзэний адислал хэрэгтэй байсан ба золиос нь ихэвчлэн адислалыг, тэр дундаа илүү их итгэлийн адислалыг авчирдаг.
Энэ түүхийг уншихдаа өөрийгөө тэрхүү гайхалтай бэлэвсэн эмэгтэйн оронд тавиарай. Түүний юу танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Өөрт байгаа итгэлээ харуулах мөн золиослох боломжуудаа бодож үз. Та хэрхэн уг бэлэвсэн эмэгтэйтэй илүү адилхан болж болох вэ?
Мөн Матай 6:25–33; Лук 4:24–26-г болон Lynn G. Robbins, “Tithing—a Commandment Even for the Destitute,” Liahona, May 2005, 34–36-г үзнэ үү.
“Хэрэв ЭЗЭН л Бурхан мөн юм бол Түүнийг дага.”
Их Эзэн “Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй” (Гэтлэл 20:3) хэмээн зарлигласан байтал Баалыг шүтэх үндэслэлтэй шалтгаан байгаа гэж израилчууд бодсон байж болох юм. Баал нь салхи, борооны бурхан байсан бөгөөд гурван жил дараалан ган гачиг болсны дараа тэдэнд салхи шуурга гарцаагүй хэрэгтэй байлаа. Тэр тусмаа Баалыг шүтэх нь олонд зөвшөөрөгдсөн зүйл байсан ба хаан, хатан хоёр ч урамшуулан дэмждэг байв. 1 Хаад 18-ыг уншихдаа израилчуудынхтай адил, өөрийн тань амьдралд тохиож байсан нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бод. Өөр сонголт нь боломжийн, сайхан мэт санагдаж байгаа тул Их Эзэнийг дагах тал дээр эргэлзэж байсан үе танд байгаа юу? (1 Хаад 18:21-ийг үзнэ үү). Энэ бүлэгт өгүүлсэн үйл явдлуудыг харахад, Их Эзэн хүмүүст Өөрийн болон Баалын талаар юу заахыг хичээж байсан гэж та бодож байна вэ? Ямар үйл явдал үүнтэй адил үнэнийг танд заасан бэ?
Энэ бүлэг дэх Елиагийн Их Эзэнд итгэх итгэлийг харуулсан, хэлж мөн хийсэн зүйлийг нь түлхүү анхаарах нь сонирхолтой байж болно. Та Елиагаас итгэлийн талаар юу мэдэж авсан бэ?
Мөн Иошуа 24:15; 2 Нифай 2:26–28-ыг болон D. Todd Christofferson, “Choice and Commitment” (worldwide devotional for young adults, Jan. 12, 2020), ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Их Эзэн ихэвчлэн намуухан, энгийн арга замаар ярьдаг.
Хатан Иезебел нь Кармел уулан дээр тахилч нарт юу тохиолдсоныг сонсоод хөрвөгдөөгүй, харин ч уурласан. Елиа амийг нь авах байх хэмээн айж, цөл рүү зугтан, агуйд нуугджээ. Тэнд тэр ганцаардаж, сэтгэлээр унасан ба Кармел уулан дээр болсноос тэс өөр үйл явдал Их Эзэн тэр хоёрын хооронд болдог. 1 Хаад 19:1–18 дээрх Елиад тохиолдсон үйл явдал хэрэгтэй үед Их Эзэн тантай хэрхэн холбогддог талаар юу зааж байна вэ? Амьдралд Түүний дуу хоолойг сонсож байсан үеэ тунгаан бод. Түүний удирдамж зааврыг ойр ойрхон хүлээн авахын тулд та юу хийх хэрэгтэй вэ?
Дараах шүлгүүдэд Их Эзэн хэрхэн бидэнтэй харилцдагийг дүрслэхэд ашигласан үг, хэллэгийг тунгаан бод. Үүнд: Хиламан 5:30; 3 Нифай 11:3–7; Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:2–3; 9:8–9; 11:12–14; 36:2.
Мөн Дуулал 46:10; 1 Нифай 17:45-ыг болон Рассэлл М.Нэлсоны “Түүнийг сонс” хэлсэн үгийг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 108–112-оос үзнэ үү.
Их Эзэнд үйлчлэхийг дэлхийн асуудлуудаас дээгүүр тавих ёстой.
Елиша 12 хос үхэртэй байсан нь түүний бэл бэнчинтэй байсныг харуулдаг. 1 Хаад 19:19–21-д цэдэглэсэн түүний үйлдлүүдийн аль нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та хэрхэн Елишагийн үлгэр жишээг дагаж болох вэ?
Мөн Матай 4:18–22-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
1 Хаад 17:1–16.“Elijah and the Widow of Zarephath” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг, энэ тойм дээрх зураг зэрэг нь 1 Хаад 17:1–16 дээрх түүхийг гэр бүлийнхэн тань төсөөлөхөд тусалж болох юм. Шүлгүүдийг уншиж, эдгээр эх сурвалжийг харсныхаа дараа гэр бүлийн гишүүн бүр бэлэвсэн эмэгтэйн бахадмаар зан чанарыг жагсаан бичиж болно. Итгэлээ харуулахын тулд юу хийхийг Их Эзэн биднээс хүсдэг вэ?
-
1 Хаад 18.“Елиа ба Баалын санваартнууд” (Хуучин гэрээний түүхүүд дэх) нь 1 Хаад 18 дахь түүхээс суралцахад гэр бүлийнхэнд тань тусалж болно. Бие сэтгэлээ Их Эзэнд илүү бүрэн дүүрэн зориулахад саад болж байгаа зүйлс бидэнд байна уу? Бид Түүнийг сонгоход бэлэн гэдгээ хэрхэн харуулж болох вэ? (21-р шүлгийг үзнэ үү).
-
1 Хаад 19:11–12.Танай гэр бүлийнхэнд “намуухан хүнгэнэх дууг” сонсохын ач холбогдлыг ойлгоход юу тусалж болох вэ? Та нар 1 Хаад 19:11–12-ыг намуухан уншиж эсвэл “Ариун Сүнс” (Хүүхдийн дууны ном, 56) гэх мэт Сүнсний тухай дууг аяархан дуулж болно. Сатан тэрхүү зөөлөн, намуухан дуу хоолойг сонсоход хэрхэн саад болдгийг үзүүлэхийн тулд анхаарал сарниулах дуу чимээ гаргаж болно. Гэр бүлийн гишүүд Сүнсний өдөөлтөд мэдрэг болохын тулд юу хийдэг талаараа хуваалцаж болох юм.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Ариун Сүнс,” Хүүхдийн дууны ном, 56.