“Санах зүйлүүд: ‘Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ гэж хэлнэ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“Санах зүйлүүд: ‘Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ гэж хэлнэ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022
Санах зүйлүүд
“Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ гэж хэлнэ”
Мосе Синайн цөлд Израилын хүүхдүүдийг уулын бэлд цуглуулсан. Саяхан чөлөөлөгдсөн, боол байсан энэ хүмүүсийг хүчирхэг хүмүүс болгохыг хүсэж байгаагаа Их Эзэн тэнд тунхаглав. “Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно” (Гэтлэл 19:6) хэмээн Тэр хэлжээ. Тэд өөрсдөөс нь том, хүчирхэг дайснуудаар хүрээлүүлсэн байсан ч хөгжин цэцэглэх болно хэмээн Тэр амласан (Дэд хууль 28:1–14-ийг үзнэ үү).
Израилчууд олуулаа эсвэл хүчтэй буюу чадвартай байсан тул энэ бүхэн тохионо гэсэн үгс биш байлаа. Их Эзэний тайлбарласнаар “Хэрэв та нар одоо Миний дууг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахих аваас” (Гэтлэл 19:5) энэ нь болох байв. Тэд өөрсдийн биш, харин Бурханы хүчээр хүчирхэгжих байлаа.
Гэсэн ч израилчууд Түүний дуу хоолойг байнга дуулгавартай дагаж байгаагүй ба цаг хугацааны аясаар Түүний зарлигуудыг сахихаа больжээ. Тэдний дундаас олон хүн өөр бурхдыг шүтэж, тэднийг хүрээлсэн улс орны соёл заншлыг дагах болов. Чухамхүү тэднийг үндэстэн болгосон, бусдаас ялгагддаг тэр зүйлээсээ буюу Их Эзэнтэй байгуулсан гэрээт харилцаанаасаа тэд нүүр буруулжээ. Тэд Бурханы хамгаалалтын хүчийг алдсан тул (2 Хаад 17:6–7-г үзнэ үү) дайснуудыг нь зогсоох ямар ч зүйл байсангүй (2 Шастир 36:12–20-ийг үзнэ үү).
Тараалт
МЭӨ 735-аас 720 оны хооронд ассиричууд хэд хэдэн удаа арван хоёр овгийн арав нь оршдог Умард Израилын хаант улс руу довтлон, мянга мянган израил хүнийг боолчлон, Ассирийн хаант улс руу авч оджээ (2 Хаад 17:1–7-г үзнэ үү).1 Нэг талаас харахад, израилчууд төрсөн нутгаа алдаж, бусад улс үндэстэн дунд тараагдсан тул “алдагдсан овгууд” гэж нэрлэгдэх болов. Нөгөө талаас харахад, илүү гүн гүнзгий утгаараа буюу цаг хугацааны явцад Бурханы хүмүүс гэдэг өөрсдийн мөн чанарыг алдсан тул тэд ийн нэрлэгдэх болжээ.
Иудагийн Өмнөд хаант улс заримдаа Умард хаант улсаас илүү зөв шударга байсан тул арай урт хугацаанд оршин тогтнож чадсан юм.2 Гэвч яваандаа тэд мөн адил Их Эзэнээс нүүр буруулсан. Ассиричууд Өмнөд хаант улсын ихэнх хэсгийг дайрч, эзлэн авсан байсан ба зөвхөн Иерусалим гайхамшигтайгаар үлдсэн байлаа (2 Хаад 19; Исаиа 10:12–13-ыг үзнэ үү). Хожим нь МЭӨ 597-оос 580-аад оны үед вавилончууд Иерусалимыг ариун сүмтэй нь устгаж, хотын ихэнх оршин суугчийг боолчлохоор авч явсан юм (2 Хаад 24–25; 2 Шастир 36; Иеремиа 39; 52-ыг үзнэ үү). Ойролцоогоор 70 жилийн дараа Иудагийн үлдсэн хүмүүсийг Иерусалимд эргэн очин, ариун сүм дахин барихыг зөвшөөрсөн аж. Гэвч олон хүн Вавилонд үлджээ.3
Олон үе өнгөрөхийн хэрээр бүх овгийн израилчууд “салхи шуурганы хамт [өөрсдийн] мэдэхгүй бүх үндэстний дунд тараалган цац[агдсан]” юм (Зехариа 7:14-ийг мөн Амос 9:8–9-ийг үзнэ үү). Зарим нь Их Эзэний мутрын доор бусад газар нутагт аваачигдав (2 Нифай 1:1–5; Омнаи 1:15–16-г үзнэ үү). Харин зарим нь боолчлолоос зугтан эсвэл улс төр, эдийн засгийн шалтгаанаар Израилыг орхин явав (2 Хаад 25:22–26; Иеремиа 42:13–19; 43:1–7-г үзнэ үү).4
Бид энэ үйл явдлыг Израилын тараалт гэж нэрлэдэг. Хэд хэдэн шалтгаанаар тараалтын тухай мэдэх нь чухал. Нэгд, энэ нь Хуучин Гэрээний чухал сэдэв юм. Хуучин Гэрээний олон бошиглогч Израилыг тараахад хүргэсэн сүнслэг уналтыг өөрсдийн нүдээр гэрчлэн харсан. Тэд тараалтыг зөгнөн харж, тэр талаар сэрэмжлүүлж байсан бөгөөд зарим нь тэр цаг үед амьдарч байсан юм.5 Исаиа, Иеремиа, Амос болон Хуучин Гэрээний сүүлд байдаг бусад номыг уншихдаа үүнийг санах нь тустай. Энэ нөхцөл байдлыг марталгүй санаж, Ассири, Вавилон зэргийн талаарх болон хуурамч шүтээнийг шүтэж, боолчлогдож, сүйрэл хоосрол амсаж, эцэст нь сэргээгдэн босох тухай бошиглолуудыг уншихдаа та тэдгээр нь юуны талаар өгүүлж байгааг мэдэх болно.
Мормоны Ном бол тараагдсан Израилын нэг мөчрийн цэдэг тул Израилыг тараасан тухай ойлгох нь Мормоны Номыг илүү сайн ойлгоход тань мөн тусална (1 Нифай 15:12-ыг үзнэ үү). Энэ цэдэг ойролцоогоор МЭӨ 600 онд вавилончуудыг довтлохын өмнөхөн Лихайн гэр бүл Иерусалимаас зугтаж байгаагаар эхэлдэг. Лихай бол Израилын тараалтыг бошиглосон бошиглогчдын нэг байсан.6 Мөн түүний гэр бүл уг бошиглолыг гүйцэлдэхэд тусалсан бөгөөд Израилын гэрийн нэг мөчрийг авч, дэлхийн нөгөө талд буюу Америк тивд суулгасан билээ.
Цугларалт
Гэхдээ Израилын тараалт бол уг түүхийн дөнгөж тал нь юм. Их Эзэн Өөрийн хүмүүсийг мартдаггүй бөгөөд хүмүүс Түүнийг орхисон ч Их Эзэн тэднийг бүрмөсөн орхин явдаггүй. Израил тараагдана гэсэн олон бошиглолыг хэзээ нэгэн цагт Бурхан тэднийг цуглуулна гэсэн амлалт дагалддаг.7
Тэр өдөр бол өнөөдөр юм. Цугларалт аль хэдийн эхэлсэн. 1836 онд Израилын хүүхдүүдийг Синай уулын бэлд цуглуулснаас хойш хэдэн мянган жил өнгөрсний дараа Иосеф Смитэд “дэлхийн дөрвөн зүгээс Израилыг цуглуулах түлхүүрүүдийг” (Сургаал ба Гэрээ 110:11) даатгахаар Мосе Көртландын ариун сүмд иржээ. Өнөө үед тэдгээр түлхүүрийг атгадаг хүмүүсийн удирдлаган доор Их Эзэний үйлчлэгчдийн очиж болох бүх газарт Израилын овгуудыг цуглуулж байна.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон цугларалтыг “өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй. Хэрэв та нар сонговол, хэрэв та нар хүсвэл үүний нэгэн томоохон хэсэг байж чадна”8 хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.
Та үүнийг хэрхэн хийж чадах вэ? Израилыг цуглуулах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь арван хоёр овгийг өмнө нь амьдарч байсан газар нутагт нь эргүүлэн авчрах гэсэн үг үү? Үнэндээ энэ нь түүнээс ч агуу, мөнхийн утга агуулгатай. Ерөнхийлөгч Нэлсон ийн тайлбарласан.
“Бид цугларалтын тухай ярихдаа, энэхүү гол үнэнийг буюу хөшигний хоёр талын аль алинд байгаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм.
Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар урагш алхахдаа та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл.”9
Энэ нь Исаиагийн хэлснээр “нэг нэгээрээ” (Исаиа 27:12) эсвэл Иеремиагийн зөгнөснөөр “Хотоос нэгийг, ургаас хоёрыг ав[ах]” (Иеремиа 3:14) маягаар явагдана.
Израилыг цуглуулах гэдэг нь Бурханы хүүхдүүдийг Түүнд эргүүлэн авчрах гэсэн утгатай. Энэ нь тэднийг Түүнтэй байгуулсан гэрээт харилцаанд эргүүлэн оруулах гэсэн утгатай. Энэ нь мөн зуун зууны өмнө “ариун үндэстэнг” байгуулах гэсэн Түүний санааг сэргээх гэсэн утгатай (Гэтлэл 19:6).
Гэртээ ир
Гэрээг сахигчийн хувьд та Израилын гэрийн нэгэн хэсэг юм.10 Та нарыг цуглуулсан бөгөөд та нар бас цуглуулагчид билээ. Бурхан, Абрахам хоёр хоорондоо гэрээ байгуулснаар эхэлсэн, олон зууны туршид үргэлжилсэн домогт түүх төгсгөлдөө хүрч байгаа бөгөөд та уг түүхийн чухал тоглогч юм. Энэ бол “Есүс бүх Израилд ‘Гэртээ ир’ гэж хэл[эх]”11 цаг үе юм.
Гэртээ ирж, гэрээнд нэгд гэж цуглуулагчдад хандан хэлье. Сионд ир. Гэрт тань, Бурхан Эцэгт тань аваачих, Израилын Ариун Нэгэн Есүс Христэд ир.