“7-р сарын 25–31. Естер: ‘Энэ цагийн төлөө ч юм бил үү,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“7-р сарын 25–31. Естер,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
7-р сарын 25–31
Естер
“Энэ цагийн төлөө ч юм бил үү”
Естер номыг уншихдаа, танд зориулсан сүнслэг өдөөлтийг Сүнснээс эрэлхийлж, хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Естер ном дээрх олон үйл явдал аз эсвэл санамсаргүй тохиолдол мэт санагдаж магад. Өнчин еврей охин ард түмнээ аврахын тулд яг цагаа олж Персийн хатан болсон явдлыг өөрөөр яаж тайлбарлаж болох вэ? Естерийн үеэл Мордехаи нь хааны аминд хүрэхээр завдаж байгаа талаар санамсаргүй олж сонсох боломж хэр олон гарч ирэх бол? Эдгээр нь тохиолдол байсан уу эсвэл бурханлаг төлөвлөгөөний нэг хэсэг байсан уу? Ахлагч Роналд А.Расбанд “Тохиолдлын зүйл гэж санагдаж болох зүйл үнэндээ Тэнгэр дэх Эцэгээр хийгдэж байдаг.… Их Эзэн бидний амьдралын хамгийн жижиг хэсгүүдэд ч оролцож байдаг” болохыг онцлон тэмдэглэжээ (“Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 49). Бид эдгээр “жижиг хэсгүүдэд” Их Эзэний нөлөөлснийг үргэлж ялган таньж чаддаггүй. Гэхдээ бид Естерт тохиолдсон үйл явдлаас Тэрээр бидний замыг зааж, Түүний зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд Түүний мутар дахь зэмсэг болохоор “энэ цагийн төлөө” биднийг (Естер 4:14) бэлддэг гэдгийг мэдэж авдаг.
Естер номын тоймыг Bible Dictionary дэх “Esther, book of” хэсгээс уншина уу.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Их Эзэн намайг бусдыг адислах зэмсэг болгож чадна.
Анн М.Пингри эгч “Бурханы мутар дахь зэмсэг болох нь асар том аз завшаан, ариун нандин үүрэг юм. Хаана амьдарч, ямар нөхцөлд байгаа, гэр бүлийн байдал, нас зэргээс үл хамааран бидний хүн нэг бүр энэхүү эцсийн эрин үед Түүний хаант улсыг байгуулахад гүйцэтгэх өөр өөрийн өвөрмөц үүргийг биелүүлэх нь Их Эзэнд хэрэгтэй” хэмээн заасан (“Knowing the Lord’s Will for You,” Liahona, Nov. 2005, 112).
Естерийн түүхийг уншихдаа, энэ мэдэгдэл хэрхэн түүнтэй холбогдож байгааг тунгаан бод. Их Эзэн түүнд ямар арга замаар еврейчүүдийг аврах боломж олгосныг олж мэднэ үү (жишээлбэл, Естер 2:21–23; 3:10–14; 4:14–16-г үзнэ үү). Үүний дараа Тэрээр таны амьдралд бусдыг адислах боломжийг хэрхэн олгож байсныг тунгаан бод. Ямар нөхцөл эсвэл харилцаа холбоонд Тэрээр таныг “энэ цагийн төлөө” удирдан чиглүүлсэн гэж та бодож байна вэ? (Естер 4:14). Хэрэв танд патриархын адислал байдаг бол Их Эзэнд танаар хийлгэх ямар ажил байгааг илүү сайн мэдэхийн тулд адислалаа уншина уу.
Бардамнал, уур хилэн уналтад хүргэдэг.
Естерийн номоос бид Естер, Мордехаи хоёрын итгэл, Хаманы бардамнал, уур хилэнгийн талаар мэдэж авдаг. Естер 3; 5:9–14-ийг уншихдаа, Хаманы бодол санаа, үг хэл, үйлдлийг анхаарна уу. Энэ нь түүний хэн болох талаар мөн түүний сэдэл юу байсан тухай ямар зүйлсийг хэлж байна вэ? Ямар үр дагавар түүнийг хүлээж байсан бэ? (Естер 7-г үзнэ үү). Хаманы тухай унших нь бодол санаа, үйлдэлд тань юу нөлөөлж байгааг дүгнэх сэдэл төрүүлж болох юм. Ямар нэгэн өөрчлөлт хийх сэдэл танд төрсөн үү? Та хэрхэн Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсэж болох вэ?
Мөн Сургаалт үгс 16:32; Алма 5:28-ыг үзнэ үү.
Мацаг барих нь намайг Их Эзэнээс хамааралтай гэдгийг харуулдаг.
Естерийг болон бусад еврей хүнийг мацаг барихад хүргэсэн нөхцөл байдалд анхаарлаа хандуулна уу (Естер 3:13; 4:1–3, 10–17-г үзнэ үү). Мацаг барих нь тэдний хувьд хэрхэн адислал болсон бэ? (Естер 5:2–3; 8:11–12-ыг үзнэ үү). Их Эзэн яагаад биднээс мацаг барихыг хүсдэг вэ? (Судруудын удирдамж, “Мацаг, мацаг барих,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Мацаг барихыг өөрийн амьдралын чухал адислал болгохын тулд юу хийж болохоо эргэцүүлэн бод.
Мөн Исаиа 58:6–12; Матай 4:1–4; 17:14–21-ийг болон “Fasting: Young Single Adult Ward, Amanda” (видео бичлэг)-ийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
Зөвийг үйлдэхэд ихэвчлэн асар их зориг шаардагддаг.
Мордехаи, Естер хоёр өөрсдийн итгэл үнэмшлийн төлөө зогсохдоо амиараа дэнчин тавьсан. Бидний сонголтын үр дагавар тэднийх шиг хүнд байхгүй байж болох ч зөвийг үйлдэхэд зоригтой байх шаардлагатай. Естер 3:1–4; 4:10–17-оос зөвийг үйлдэх зоригтой байх талаар та юу сурч мэдсэн бэ? Естер, Мордехаи хоёрын эр зориг гаргасны дараах үр дагавар өөр өөр байсныг анхаарна уу (Естер 3:5–11; 5:1–4-ийг үзнэ үү). Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Естер, Мордехаи хоёр шиг зөвийг сонгон үйлдэхийн тулд хувь хүн Бурханы талаар ямар мэдлэгтэй байх ёстой вэ?
Дараагийн удаа зөвийг үйлдэхийн үр дагаврын талаар эргэцүүлэн бодохдоо та Естер 4:16 дахь Естерийн зоригт үгсийг өөрийн нөхцөл байдалд ашиглаж болох юм. Жишээлбэл, та өөртөө “Хэрэв би зөвийг сонгоод, [найзаа алдах] ёстой бол [найзаа алдана]” гэж өөртөө хэлж болно.
Мөн Томас С.Монсоны “Зоригтой бай” хэлсэн үгийг 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 89–92-оос үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Естер 1–10.Естерийн түүхийг уншсаны дараа (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Естер”-ийг эсвэл “For Such a Time as This”-ыг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү), гэр бүлийнхэнд тань зарим дүрээр энгийн хүүхэлдэй хийх нь таалагдаж болох юм (Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав дахь энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Тэд дараа нь хүүхэлдэйнүүдээ ашиглан уг түүхийг дахин ярьж өгч болно. “Зөвийг чи хий” (Хүүхдийн дууны ном, 79–80), “Зөвийг хийгтүн” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 34) зэрэг зоригтой бөгөөд үнэнч байх тухай дууг хамтдаа дуул. Дууны ямар ямар үг бидэнд Естерийг санагдуулж байна вэ?
-
Eстер 2:5–7.Мордехаин үлгэр жишээнээс гэр бүлийн гишүүддээ хүнд хэцүү цагт нь туслах талаар бид юу сурч болох вэ? Гэр бүлийн маань хэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна вэ? Тэдэнд туслах төлөвлөгөө гарга.
-
Eстер 4:15–17.Естерийн эр зориг цаг нь болоход үнэний төлөө зогсох зоригийг хэрхэн хөгжүүлж болох талаар ярилцахад танай гэр бүлийнхнийг сүнслэгээр өдөөж болох юм. Естер “Хэрэв би үхэх ёстой бол үхнэ” гэснээрээ юу ойлгуулах гэсэн бэ? Зоригтой байх шаардлагатай үед түүний хэлсэн үг бидэнд хэрхэн тусалж болох вэ? “Courage” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг дээр зарим жишээг өгсөн.
-
Eстер 9:26–32.Еврейчүүд Пуримын баярыг Естерийн түүхийг санах зорилгоор тэмдэглэдэг. Энэ долоо хоногт хоолны цагаараа танай өвөг дээдэс зэрэг гэр бүлийн гишүүд тань Естерийн адил зөвийг хийснээр бусдыг адисалж байсан талаарх түүхийг хуваалцаарай.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Зөвийг чи хий,” Хүүхдийн дууны ном, 79–80.