Хуучин Гэрээ 2022
Санах зүйлүүд: Хуучин Гэрээний шүлэг, яруу найргийг унших


“Санах зүйлүүд: Хуучин Гэрээний шүлэг, яруу найргийг унших,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Санах зүйлүүд: Хуучин Гэрээний шүлэг, яруу найргийг унших,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022

санах шигтгээ зураг

Санах зүйлүүд

Хуучин Гэрээний шүлэг, яруу найргийг унших

Иов номын өмнөх Хуучин Гэрээний номууд нь ихэвчлэн түүхийн үйл явдлыг сүнслэг талаас нь дүрслэн өгүүлсэн түүхүүд болохыг бид мэдэж болно. Ноа хөвөгч авдар барьж, Мосе Израилыг чөлөөлж, Ханна хүүтэй болохын төлөө залбирсан гэх мэт. Иовын номоос эхлэн тэс өөр бичгийн хэв маяг гарч ирэхийг бид харж болно. Учир нь Хуучин Гэрээний бичээчид гүн гүнзгий мэдрэмж, түүхэн бошиглолыг мартагдашгүй байдлаар илэрхийлэхийн тулд яруу найргийн үг хэллэг ашиглах болсон юм.

Хуучин Гэрээний түүхэн номуудад хааяа хааяа яруу найргийн шигтгээ оруулсан хэдэн жишээг бид өмнө нь харсан. Харин Иов номоос хойш яруу найраг илүү түлхүү орж ирэхийг бид харах болно. Иов, Дуулал, Сургаалт үгс зэрэг нь бараг бүхэлдээ, харин Исаиа, Иеремиа, Амос гэх мэт бошиглогчдын бичвэрүүд хэсэгчлэн яруу найраг хэлбэрээр бичигдсэн байдаг. Яруу найргийг унших нь энгийн түүх уншихаас өөр тул үүнийг ойлгохын тулд ихэвчлэн өөр аргачлалаар унших хэрэгтэй. Хуучин Гэрээн дэх яруу найргийг илүү утга учиртайгаар уншихад туслах хэдэн санааг доор өгөв. Тухайлбал:

Еврей яруу найрагтай танилцах

Нэгд, Хуучин Гэрээн дэх еврей яруу найраг нь бусад яруу найргийн адил толгой холбож бичээгүйг санавал зохино. Хэдийгээр хэмнэл, үгийн тоглолт, авианы давталт нь эртний еврей яруу найргийн онцлог шинж чанар ч гэсэн энэ нь орчуулгын явцад алдагдсан байдаг. Таны анхааралд өртөж болох нэг онцлог шинж бол “параллелизм” гэж нэрлэгддэг ямар нэгэн бодол буюу санааг давтах явдал юм. Доор өгүүлсэн Исаиагийн шүлгээс нэгэн энгийн жишээ татъя.

  • Сион оо, хүч чадлаар хувцаслагтун.

  • Ариун хот Иерусалим аа, үзэсгэлэнт хувцсаа өмс (Исаиа 52:1).

Дуулал 29-д олон давтагдсан мөрүүд орсон байдаг. Нэг жишээ өгье.

  • ЭЗЭНий дуу хоолой хүчтэй,

  • ЭЗЭНий дуу хоолой сүр жавхлантай (Дуулал 29:4).

Мөн хоёр дахь мөрд эхний мөрийн хэсэг давтагдана гэдгийг мэдсэнээр уг судрын хэсгийг ойлгоход илүү амар хялбар болгодгийг харуулсан нэг жишээ дурдъя.

  • Бүх хотод чинь Би та нарт цэвэрхэн шүд,

  • Бүх газар чинь хүнсний гачигдал өгсөн (Амос 4:6).

Эдгээр жишээнд нэг санаа бага зэрэг өөрчлөгдөн давтан орсон байна. Энэ арга барил нь давтагдаж байгаа санааг онцлохын зэрэгцээ өөрчлөлтүүдийг ашиглан бүрэн дүрсэлж, үйл явдлыг өрнүүлдэг.

Өөр нөхцөлд доор жишээнд харуулснаар хоёр давтагдсан хэсэгт ижил төстэй хэллэг ашиглан эсрэг тэсрэг хоёр санааг илэрхийлсэн байна.

Энэ параллелизм нь тохиолдлын шинж чанартай зүйл биш юм. Бичээчид зориуд ийн бичжээ. Энэ нь тэдэнд сүнслэг мэдрэмж, үнэнийг хүчирхэг хийгээд уран яруу байдлаар илэрхийлэх боломж олгосон. Тиймээс Хуучин Гэрээний бичвэрт параллелизм орсон байхыг олж харвал энэ нь бичээчийн захиасыг ойлгоход тань хэрхэн тусалж байгааг өөрөөсөө асуугаарай. Жишээлбэл, Исаиа “үзэсгэлэнт хувцас”-ыг “хүч чадал”-тай, “Сион”ыг “Иерусалим”-тай холбосноор юу хэлэхийг хүссэн бэ? [Исаиа 52:1). Хэрэв “эвгүй үгс” гэдэг нь “эелдэг хариулт” гэсэн хэллэгийн эсрэг агуулгатай гэдгийг мэдэж байвал бид энэ талаар ямар дүгнэлтэд хүрч болох вэ?. (“Сургаалт үгс 15:1).

Хуйлмал номон дээр бичиж буй хүн

Тэр миний бодгалийг сэргээсэн, Волтэр Рэйн

Еврей яруу найраг миний шинэ найзын хувьд

Яруу найргийг шинэ хүнтэй танилцаж байгаа мэтээр харьцуулан бодох нь танд тус болж магад. Жишээлбэл, та Хуучин Гэрээн дэх яруу найргийг уншихыг биднээс өөр хэлээр ярьдаг, алс холын, тэс өөр соёлтой улсын, хоёр мянга гаруй жилийн тэртээгээс ирсэн хүнтэй уулзаж байгаатай зүйрлэж болно. Тэр хүн эхлээд бидэнд ойлгомжгүй зүйл хэлж болох ч энэ нь бидэнд хэлэх үнэ цэнтэй үгс түүнд байхгүй гэсэн үг биш юм. Бага зэрэг тэвчээр гаргаж, нигүүлсэнгүй хандах юм бол шинэ танил маань эцэст нь дотнын найз тань болж болно. Бид зүгээр л арай илүү цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж, нэг нь нөгөөхийнхөө өнцгөөс харахыг хичээх хэрэгтэй. Тэр ч бүү хэл бид зүрх сэтгэлдээ бие биенээ маш сайн ойлгодог болохоо мэдэж болох юм.

Тиймээс Исаиагийн номын хэсгээс анх удаа уншихдаа шинэ танилтайгаа анх удаа уулзаж байна гэж бодоорой. “Миний анхны сэтгэгдэл ямар байсан бэ?” гэж өөрөөсөө асуу. Энэ судрын хэсгийн үг бүрийг ойлгохгүй байсан ч танд ямар мэдрэмж төрсөн бэ? Дараа нь дахин нэг удаа, болж өгвөл хэд хэдэн удаа унш. Зарим нь судрын хэсгийг чанга уншсанаар нэмэлт ойлголт олж авдаг. Исаиагийн сонгосон зарим тодорхой үг, ялангуяа оюун ухаанд тань зураглагдан дүрслэгдэж буй үгсийг олж хар. Эдгээр зураглал танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ? Эдгээр зураглал Исаиад ямар мэдрэмж төрж байсан талаар юу өгүүлж байна вэ? Хуучин Гэрээний эдгээр яруу найрагчийн үгсийг судлахын хэрээр тэд гүн гүнзгий сүнслэг захиасыг хүргэхийн тулд тухайн үгс, хэв маягийг зориуд сонгосон юм байна гэдгийг та мэдэх болно.

Яруу найраг бидэнд мэдрэмж, үйл явдлыг ойлгоход тусалдаг гайхамшигтай найз маань байж болно. Хуучин Гэрээний яруу найраг нь Бурхан болон бидний хоорондын харилцаатай холбоотой, хамгийн чухал мэдрэмж, үйл явдлыг ойлгоход тусалдаг тул эрхэм нандин юм.

Хуучин Гэрээний яруу найргийг судлахдаа судраас суралцах нь Есүс Христ рүү хөтөлж байвал юу юунаас илүү үнэ цэнтэй гэдгийг санаарай. Түүнд итгэх итгэлийг тань хөгжүүлэх бэлгэ тэмдэг, зураглал, үнэнийг хайж ол. Суралцаж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг сонсоорой.

Мэргэн ухаан хайрлах ном зохиол

Эрдэмтэд Хуучин Гэрээний яруу найргийн нэг ангиллыг “мэргэн ухаан хайрлах ном зохиол” хэмээн нэрлэдэг. Иов, Сургаалт үгс, Номлогчийн үгс зэрэг нь энэ ангилалд багтдаг. Дуулал нь магтаал, гашуудал, шүтлэг бишрэлтэй холбоотой мэдрэмжийг илэрхийлдэг бол мэргэн ухаан хайрлах ном зохиол нь хэзээ ч хуучрахгүй зөвлөгөө, гүн ухааны гүн гүнзгий асуултууд дээр төвлөрдөг. Жишээлбэл, Иовын ном нь Бурханы шударга ёс, хүмүүний зовлон зүдгүүрийн учир шалтгааныг шинжлэн судалдаг. Сургаалт үгсэд өвөг дээдсийн цуглуулж, өвлүүлэн үлдээсэн мэргэн үгс зэрэг хэрхэн сайн сайхан амьдрах талаарх зөвлөгөө багтдаг. Номлогчийн үгс нь амьдралын зорилгын тухай, тухайлбал бүх зүйл түр зуурын, эмх замбараагүй мэт санагдах үед бид жинхэнэ утга учрыг хаанаас олох вэ гэсэн асуултуудыг авч үздэг. Мэргэн ухаан хайрлах ном зохиолыг Бурханы болон Түүний бүтээсэн дэлхийн талаар ажиглан харсан зүйлээ эдгээрийг илүү сайн ойлгоход тань туслах хүсэлтэй, сүнслэгээр өдөөгдсөн багштайгаа хуваалцаж, бодол төрүүлсэн яриа өрнүүлж байгаа мэтээр бодож болох юм.