“8-р сарын 1–7. Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: ‘Гэсэн хэдий ч би түүнд итгэнэ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)
“8-р сарын 1–7. Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022
8-р сарын 1–7
Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42
“Гэсэн хэдий ч би түүнд итгэнэ”
Иовын талаар унших үед танд хэрэгтэй чухал үнэнүүдийг олж мэдэхэд Сүнс тусална. Олж мэдсэн зүйлээ бичиж тэмдэглээд, эдгээр үнэн танд ямар хамааралтай болохыг тунгаан бодно уу.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Сайн хүмүүст яагаад муу зүйл тохиолддог юм бол эсвэл бүр яагаад сайн зүйл муу хүмүүст тохиолддог юм бол гэж гайхах нь зүйн хэрэг. Шударга Бурхан яагаад ийм зүйл болохыг зөвшөөрдөг юм бол? Эдгээр асуултыг муу зүйл тохиолдсон сайн хүмүүсийн нэг Иовт тохиолдсон үйл явдлаар дамжуулан судалдаг. Иовт тохиолдсон сорилт бэрхшээлээс болж найз нөхөд нь түүнийг үнэхээр сайн байсан эсэхэд эргэлзэх болсон. Иов зөв шударга гэдгээ баталж, эцэст нь Бурхан үнэхээр шударга юм болов уу гэж боддог. Иов зовж, эргэлзсэн ч зөв шударга байж, Есүс Христэд итгэлтэй хэвээр үлдсэн юм. Иовын номд, итгэл шалгагдаж, соригддог хэдий ч хэзээ ч бүрэн орхигддоггүй. Гэхдээ энэ нь бүх асуултад хариулсан гэсэн үг биш юм. Хариултаа хүлээн авах хүртэл асуулт, итгэл хоёр нь зэрэг оршиж болох бөгөөд тэр хооронд юу ч болж байсан “Гэсэн хэдий ч би түүнд итгэнэ” (Иов 13:15) хэмээн бид Их Эзэндээ хэлж болно гэдэг талаар Иовын номд заадаг.
Иовын номын тоймыг Bible Dictionary дэх “Job” (scriptures.ChurchofJesusChrist.org)-ээс уншина уу.
Хувиараа судар судлахад зориулсан санаа
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэл маань надад ямар ч байдалд орсон бай итгэлтэй хэвээр үлдэхэд тусална.
Иов номын эхний бүлгүүд Бурхан, Сатан хоёр хоорондоо хэрхэн харилцдаг талаар дүрслэхийн тулд биш, харин бидний дайсны буюу буруутгагчийн хувьд Сатаны гүйцэтгэдэг үүргийг онцлох зорилготой. Та Иовын тухай Сатаны хэлсэн үгийг уншихдаа (Иов 1:9–11; 2:4–5-ыг үзнэ үү), таны талаар адилхан зүйл хэлэх байсан болов уу хэмээн бодож болох юм. Та “Би ямар учир шалтгаанар Бурханд үнэнч хэвээр үлдэх ёстой вэ?” хэмээн өөрөөсөө асууж болно. Иовт ямар сорилт өгснийг мөн түүний өгсөн хариултын талаар тунгаан бод (Иов 1:20–22; 2:9–10-ыг үзнэ үү). Өөрт тулгарсан бэрхшээлийг даван туулахад туслах ямар зүйлийг та түүнээс сурсан бэ?
Хэдийгээр Иов итгэлтэй хэвээр үлдэхийг хичээж байсан ч түүний сорилт, зовлон бэрхшээл үргэлжилсээр байлаа (3-р бүлэг дэх түүний гомдлолыг анхаарна уу). Харин ч түүний зовлон бэрхшээл нэмэгдэж буй мэт санагдаж, найзууд нь Бурхан түүнийг гэсгээж байна хэмээх болов (Иов 4–5; 8; 11-ийг үзнэ үү). 12–13-р бүлэг дэх Иовын хариултыг уншиж байхдаа, Бурханы талаар авсан ямар мэдлэг нь зовж шаналан, асуултынхаа хариуг аваагүй байсан ч түүнд итгэлтэй хэвээр үлдэх боломж олгосон талаар эргэцүүлэн бод. Бурханы талаарх ямар мэдлэг танд зовлон бэрхшээлтэй нүүр тулахад тусалдаг вэ? Та тэдгээр үнэнийг хэрхэн олж мэдсэн бэ мөн тэдгээр нь хэрхэн таны итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
Есүс Христ бол миний Гэтэлгэгч.
Заримдаа хамгийн чухал үнэнүүд хамгийн гүн зовлон шаналлын дунд бидэнд илчлэгддэг. Иов 19:1–22 дахь Иовын дурдсан сорилтууд болон Иов 19:23–27-д тунхагласан үнэнүүдийн талаар тунгаан бод. Дараа нь Гэтэлгэгч амьд гэдгийг та хэрхэн мэддэгээ тунгаан бод. Хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарахад энэ мэдлэг танд хэрхэн туслах вэ?
Мөн Сургаал ба Гэрээ 121:1–12; 122-ыг үзнэ үү.
“Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.”
Иовын зовж шаналсны цаад шалтгааны талаар Иов болон түүний найзуудын дунд өрнөсөн мэтгэлцээнийг үргэлжлүүлэн унших явцдаа мэтгэлцээнийх нь гол сэдэв болох “Яагаад зөв шударга хүмүүс заримдаа зовдог, харин ёс бус хүмүүс шийтгэгдэхгүй өнгөрдөг вэ?” гэсэн асуултад хэрхэн хариулахаа тунгаан бод. Иов 21–24-ийг уншихдаа энэ талаар бодоорой. Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийн талаарх ямар мэдлэг энэ асуултад хариулахад танд тусалж болох вэ? Жишээлбэл, 2 Нифай 2:11–13; Мозая 23:21–23; 24:10–16; Абрахам 3:22–26-г болон Даллин Х.Өүксийн “Бүх зүйлд сөрөг тал байх хэрэгтэй” хэлсэн үгийг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 103–106-аас үзнэ үү.
Мөн Л.Тодд Баджийн “Хувиршгүй бөгөөд бат бөх итгэл найдвар” хэлсэн үгийг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 51–54-өөс үзнэ үү.
Бурханы харах өнцөг минийхээс агуу.
Найзуудынхаа буруутгахыг сонсож бухимдсан (Иов 16:1–5; 19:1–3-ыг үзнэ үү) Иов Бурханд хандаж, өөрийнхөө зовж байгаа шалтгааныг тайлбарлахыг удаа дараа хүсжээ (Иов 19:6–7; 23:1–9; 31-ийг үзнэ үү). Ахлагч Нийл А.Максвэлл бид Иовын адил “бүхнийг мэдэгч Бурханы цаг хугацаанд хэт тэвчээргүй хандах нь цаагуураа бид юу сайн болохыг Түүнээс илүү мэднэ гэж хэлж байгаа хэрэг. Бид бугуйн цаг зүүдэг атлаа огторгуй ертөнцийн цаг, хуанлийг хянадаг Нэгэнд зөвлөгөө өгөхийг завддаг нь сонин байгаа биз?” хэмээн ажигласан байдаг (“Hope through the Atonement of Jesus Christ,” Ensign, Nov. 1998, 63). 38 ба 40-р бүлэг дэх Бурханы Иовт өгсөн хариултыг уншиж байхдаа энэ талаар тунгаан бодоорой. Тэр ямар ямар үнэнийг Иовт зааж байсан бэ? Энэ мөнх бус амьдралд зовлон бэрхшээлийг туулж, асуултынхаа хариултыг эрэлхийлэхэд эдгээр үнэнийг мэдэх нь яагаад бидэнд чухал вэ? Иов 42:1–6-д өгсөн Иовын хариултын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Иов 1:20–22.Эдгээр шүлэгт дүрсэлснээр, Иовт ямар байсныг ойлгохын тулд танайхан гэр бүлээрээ Хуучин Гэрээний түүхүүд номын “Иов” гэсэн бүлгийг уншиж эсвэл Иов 1:13–22-ыг жүжигчлэн тоглож болно. Бид Иовын үлгэр жишээнээс юу мэдэж авч болох вэ?
-
Иoв 14:14.Бид энэ шүлэгт тавьсан Иовын асуултад хэрхэн хариулах вэ? Алма 11:42–44 бидэнд хэрхэн тусалж болох вэ? (Мөн “Есүс Христ амьд – Тэр амьд учраас Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг” гэсэн видео бичлэгийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.)
2:3 -
Иoв 16:1–5.Иовыг тайтгаруулах хэрэгтэй байтал шүүж, зэмлэсэн найзуудтай нь бид ямар нэг талаараа адилхан байна уу? (Иов 16:1–4-ийг мөн Иохан 7:24-ийг үзнэ үү). Бидний хэлсэн үгс уй гашууд автсан хүмүүст хэрхэн урам зориг өгч болох вэ? (Иов 16:5-ыг үзнэ үү).
-
Иов 19:23–27.Гэр бүлийн гишүүд эдгээр шүлгийг уншсаныхаа дараа Гэтэлгэгч амьд гэдгийг хэрхэн мэддэг талаараа хуваалцаж болно. Та нар гэрчлэлүүдээ (эсвэл Аврагчийг дүрсэлсэн хүүхдийн зургуудыг) гэр бүлийн тэмдэглэл гэх мэт номдоо хамтдаа нэгтгэж болох юм (23-р шүлгийг үзнэ үү). Та нар мөн “Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 38) гэх мэт Аврагчийн талаар гэрчилж буй дуу дуулж, Түүнд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэх үг хэллэгийг хуваалцаж болно.
-
Иoв 23:8–11.Сорилт бэрхшээлээсээ “алт мэт” “урагш гарч ирнэ” гэдэг нь ямар утгатай вэ? (мөн “The Refiner’s Fire” гэсэн видео бичлэгийг ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү). Ийнхүү гарч ирж чадсан хэнийг бид мэдэх вэ? Хүүхдүүдэд 10-р шүлгийн үгсээр ямар нэгэн зүйл хийх нь таалагдаж болох юм. Та нар мөн Есүс Христ Өөрийн зовлон шаналлыг хэрхэн даван гарсан талаар ярилцаж болно (Лук 22:41–44; Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг үзнэ үү).
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 38.