Хуучин Гэрээ 2022
8-р сарын 15–21. Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: “Миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье”


“8-р сарын 15–21. Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86: ‘Миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“8-р сарын 15–21. Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2022

Дэнлүү барьсан Есүс

Алдагдсаныг аврах нь, Майкл Т.Молм

8-р сарын 15–21

Дуулал 49–51; 61–66; 69–72; 77–78; 85–86

“Миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье”

Энэхүү тойм нь эдгээр дуулалд өгүүлсэн зарим сургаалын сэдвийг тодорхойлно. Суралцах явцад зарим үг, дүр зураг эсвэл санаа таны анхаарлыг татаж магадгүй. Их Эзэн үүгээр танд юу заахыг хичээж байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Дуулал номын бичээчид хувийн гүн гүнзгий мэдрэмжээ яруу найргаараа хуваалцжээ. Тэд урам хугарч, айж, гэмшиж байгаагаа бичсэн. Заримдаа тэдэнд бүр Бурханд хаягдсан мэт санагдаж, зарим дуулал бухимдал, цөхрөлийн өнгө аясыг агуулсан байдаг. Хэрэв танд иймэрхүү мэдрэмж төрж байсан бол Дуулал номыг уншихад танд зөвхөн ийм мэдрэмж төрдөггүй юм байна гэдгийг мэдэхэд тусална. Гэхдээ дууллын бичээчид Их Эзэнийг сайн сайхных нь төлөө магтан алдаршуулж, хүч чадлыг нь гайхан биширч, нигүүлсэлд нь баярлаж байсан тул ийм мэдрэмж төрөх үед таныг урамшуулан зоригжуулах дууллуудыг та мөн олох болно. Тэд хорвоо ертөнц хилэнц, нүгэлд дарагдсан байсан ч Их Эзэн “сайн бөгөөд уучлахад бэлэн” (Дуулал 86:5) гэдгийг мэддэг байв. Их Эзэнд итгэх нь хэзээ ч сэтгэлийн түгшүүр, нүгэл, айдастай тулгарахгүй гэсэн үг биш гэдгийг тэд ойлгодог байсан. Энэ нь ийм зүйл тохиолдоход та Хэнд хандахаа мэддэг гэсэн үг юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаа

Дуулал 49; 62:5–12

Гэтэлгэл зөвхөн Есүс Христээр дамжиж ирнэ.

Дуулал 49-д “баян ядуу аль ал[инд] нь” (2-р шүлэг) зориулсан захиас бий. Тэр нь ямар захиас байсан гэж та бодож байна вэ? Дуулал 62:5–12 нь үүн дээр нэмж ямар захиас өгдөг гэж та бодож байна вэ?

Эдгээр дууллыг унших нь зарим хүнийг гэтэлгэгдэхийн тулд Бурханаас өөр зүйлд найддаг арга замуудын талаар эргэцүүлэн бодоход хүргэж магад (Дуулал 49:6–7-г үзнэ үү). “Бурхан амийг [тань] Үхэгсдийн орны гараас золино” (15-р шүлэг) хэмээх таны гэрчлэл амьдралд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Мөн Дуулал 28:6; Алма 34:8–17-г үзнэ үү.

Дуулал 51; 85–86

Аврагчийн нигүүлслийн ачаар би нүглүүдээсээ өршөөгдөж чадна.

Дуулал 51 дээрх гуйлтууд нь садар самуун, аллага үйлдсэн буруутай Давид хааных гэж үздэг (2 Самуел 11-ийг үзнэ үү). Бидний нүгэл тийм ч ноцтой биш байсан ч энэ дуулалд илэрхийлсэн өршөөл эрэлхийлэх хэрэгцээг ойлгож болно. Бид мөн наманчлах гэдэг нь юу гэсэн утгатайг мэдэж болно. Жишээлбэл, Дуулал 51 дэх ямар үг, хэллэг наманчлахын тулд бидэнд байх ёстой хандлагын талаар зааж байна вэ? Аврагчийн Цагаатгал таны амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар та юу сурч мэдсэн бэ?

Та бас Дуулал 85–86-г уншиж байхдаа энэ асуултыг тавьж болно. Түүнчлэн Их Эзэнийг дүрсэлсэн үг хэллэгийг олж болох юм. Эдгээр хэллэг нь Их Эзэн таныг уучилж өршөөнө гэдэгт итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? (Жишээлбэл, Дуулал 86:5, 13, 15-ыг үзнэ үү).

Мөн Алма 36-г болон Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” хэлсэн үгийг 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 77–80-аас; Кэрол М.Стэфэнсийн “Эдгээгч Эзэн” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 129–132-оос үзнэ үү.

Дуулал 51:13–15; 66:16–17; 71:15–24

Есүс Христийн талаарх миний гэрчлэл бусдыг Түүнд ирэхэд нь тусалж болно.

Есүс Христ, Түүний цагаатгагч хүчийн талаар хэрхэн гэрчлэлтэй болсноо тунгаан бод. Дараа нь Дуулал 51:13–15; 66:16–17; 71:15–24-ийг судалж байхдаа бусдыг хэрхэн “ирээд, Бурханы үйлсийг үз[эхэд]” (Дуулал 66:5) урьж болох тухай бод. “Хэл минь ч өдөржин [Түүний] зөвт байдлыг өгүүлнэ” гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ? (“Дуулал 71:24). Та хэрхэн бусдад “[таны] сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг” ярьж болох вэ? (Дуулал 66:16).

Мөн Moзая 28:1–4; Алма 26-г үзнэ үү.

Харилцан ярилцаж буй хоёр залуу эрэгтэй

Их Эзэний бидний төлөө хийсэн зүйлийн талаарх гэрчлэлийг бид бусадтай хуваалцаж болно.

Дуулал 63; 69; 77–78

Яаралтай тусламж хэрэгтэй үед Их Эзэн надад тусална.

Хэд хэдэн дуулалд Бурханаас холдох нь мөн Түүний тусламж зайлшгүй хэрэгтэй болох нь ямар байдгийг маш тод томруун дүрсэлсэн байдаг. Та ийм дүрслэлийг Дуулал 63:1, 8; 69:1–8, 18–21; 77:1–9-өөс олж болно. Дуулал номын эдгээр бичээчийн санаа амарч, тайтгарсан талаар та Дуулал 63; 69; 77–78-аас юу олж мэдсэн бэ?

Сэтгэл санаагаар унах үед “ЭЗЭНий үйлсийг” мөн “эрт үеийн гайхамшгуудыг” санах нь танд хэрхэн тусалдаг вэ? (Дуулал 77:11.) Тэдгээр гайхамшгийн заримыг Дуулал 78-д дүрсэлсэн байдаг. “Бурханд итгэлээ өг[өхөд]” (7-р шүлэг) танд юу тусалдаг талаар тэдгээрийн тухай уншиж байхдаа тунгаан бод. Танай гэр бүлийн түүхэн дэх ямар үйл явдал таныг сүнслэгээр өдөөдөг вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Дуулал 51:17.Харууссанн зүрхтэй байх гэдэг нь ямар утгатай үг болохыг гэрийнхэндээ хэрхэн заахаа эргэцүүлэн бод. Жишээлбэл, гэр бүлийн гишүүд ээлжлэн өндөг, самар гэх мэт хатуу хальстай ямар нэгэн зүйлийг хагалах гэж үзэж болно. Бидний зүрх сэтгэл яагаад заримдаа хальс шиг байдаг вэ? Бид хэрхэн зүрх сэтгэлээ Их Эзэнд нээж болох вэ? Дуулал 51-ийг хамтдаа унших нь санаа өгч магадгүй.

Дуулал 61:2–3.Эдгээр шүлэгт байгаа бэлгэдлийн зургийг зураад, Есүс Христ хэрхэн өндөр “хад,” “[бидний] хоргодох газар,” “бат бэх цамхаг” болохыг ярилцах нь гэр бүлийн гишүүдэд таалагдаж болох юм.

Дуулал 71:71; 78:5–7.Их Эзэн та нараас юуг “үр хүүхдүүддээ мэдүүлэ[эсэй]” гэж хүсдэг вэ? (Дуулал 78:5). Гэр бүлийн гишүүн бүр “Бурханд итгэлээ өг[өхөд]” тусалдаг судрын түүх, үйл явдал, хувийн гэрчлэл гэх мэт Их Эзэний “гайхамшигт үйлсийн” жишээнүүдийг хуваалцаж болно (Дуулал 71:17; 78:7).

Дуулал 72.Дуулал 72-т Давид өөрийн хүү Соломоны тухай бичсэн ч үүнд бичигдсэн ихэнх зүйл Есүс Христэд бас хамаатай. Гэрийнхэн тань энэхүү дууллыг унших явцдаа Есүс Христийг сануулсан шүлгүүдийг олох тоолонд Аврагчийн зургийг дээш өргөж болно. Бид “бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй” хэмээх хүслийг нь гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж болох вэ? (Дуулал 72:19-ийг мөн Сургаал ба Гэрээ 65:2-ыг үзнэ үү).

Дуулал 85:11.Энэ шүлэг сайн мэдээний Сэргээлтийн үйл явдлын талаар буюу Мормоны Ном “газраас соёол[сон]” нь үнэн талаар мөн тэнгэр элч нар хэрхэн “тэнгэрээс өнгийсөн” тухай яриаг өрнүүлэхэд сүнслэгээр өдөөж болох юм (мөн Мосе 7:62-ыг үзнэ үү). “Preparation of Joseph Smith: Tutored by Heaven” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг нь эдгээр үйл явдлын заримыг дүрслэн харуулдаг.

3:39

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Та надад үргэлж хэрэгтэй,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 12.

Заах чадвараа сайжруулах

Олон төрлийн арга барил ашигла. Сайн мэдээг заах арга барилаа хөгжүүлэх арга замыг хайж ол. Үүнийг хийх нь суралцагчдын туршлагыг баяжуулан, сайжруулна. … Дуу хөгжим, түүх, зураг, урлагийн бусад бүтээлийг ашиглах нь хэрхэн Сүнсийг ур[ихад] … туслах талаар бодож үз” (Аврагчийн арга замаар заах нь, 22).

Есүсийн өмнө өвдөг сөхөрсөн эрэгтэй

Томас, бүү эргэлз, Ж.Көрк Ричардс